Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч М.Бямбасүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн               *****************холбогдох эрүүгийн 2138002340554 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Корнер стөүн” спорт заалны арын замд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч *****************гудамжид хог хаясан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамар хэсэгт зүүн гарын тохойгоор цохиж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Корнер стөүн” спорт заалны арын замд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч *****************гудамжид хог хаясан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамар хэсэгт зүүн гарын тохойгоор цохиж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002340554  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би иргэн хүний хувьд тухайн эмэгтэйг машиныхаа цонхоор хогоо хаяхаар гүйцэж түрүүлээд, машиныхаа цонхоор толгойгоо гаргаж хойшоо хараад наад хогоо авчаач ээ гэж хэлсэн...Тэгээд би машинаасаа бууж очоод тэр хүмүүст хандаж та нар одоо наад хогоо авчаач дээ гэж хэлсэн чинь чадахгүй чи өөрөө ав энэ тэр гээд шаардлага тавихад дургүйцлээ илэрхийлэхээр нь баримтжуулах зорилгоор бичлэг хийсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй нүүрээ дараад машин нь хөдлөөд явчихсан. Тэр хооронд нь би машиндаа суугаад бичлэгээ зогсоож байсан. Тэгсэн чинь нөгөө машин урд талд гараад зогссон байсан. Нөгөө эмэгтэй машинаасаа бууж гүйж ирээд миний утсыг авах гэж оролдохоор нь би лайв хийж байна шүү гээд дахин бичлэг хийсэн. Тэгээд тэр эмэгтэй миний утсыг булаах гээд хоёр гартай ноцолдоод гараас татаад байсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Корнер заалын ард талын замд гараа ариутгасан цаасаа цонхоороо унагаачихсан. Урагшаа явж байтал араас ланд 80 маркийн хар өнгийн 74-02 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс нэг хүн цонхоороо лайв хийж байна, арчаагүй пиздаанууд хогоо хаяж байна гэж өндөр дуугаар хашхираад байсан. Би өөрийн тээврийн хэрэгслээ зогсоогоод очоод наад утсыг чинь харья” гээд утсыг нь үзэх зорилгоор утсыг нь авах гэтэл намайг хөлөөрөө өшиглөх гээд байхаар нь хөлийг нь нэг гараараа дартал хэсэг зай гартал албаар зүүн гарын тохойгоороо тохойлдож цохисон. Тухайн үед миний хамраас цус гоожоогүй талаар хэлэхэд үзлэг хийсэн эмч гайхаж байсан. Тэгээд хамрыг чинь тэгшлэх үед цус гарч магадгүй шүү гээд хамар руу савх чихэж тэгшилсэн. Тэгэхэд хамраас нэг их цус гарч гараагүй хөвөн л цус болсон байсан. Тэгээд дараа нь шинжээч эмчид үзүүлэхдээ хамрын үзүүр чимчигнээд хүрэхээр мэдрэгдэхгүй байх юм гэхэд мэдрэлийн судас дарагдсан учраас цус гардаггүй юм байна даа гэж ойлгосон. Тухайн үед бол илтэд харагдахаар хамар хонхойсон байсан. Тэнд надтай хамт явж байсан залуу миний хамрыг хараад хүүе хамар чинь чихэгдчихсэн байна шүү дээ гэж хэлээд яваад эгчийг гэрээс нь авч ирсэн... Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал 178,950 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямбасүрэн эгч гараа ариутгасан цаасаа цонхоор хаясан. Уулзвар хүрэх гэж байтал хар өнгийн Ланд 80 загварын машин зүүн талаас гүйцэт түрүүлээд ирж зогссон. Дотроос нь гар утсаа урдаа барьсан нэгэн залуу буугаад ирсэн. Миний машины урд ирээд лайв хийж байна, 0282 ХӨҮ зам дээр хог хаяад байна гэж хэлж байсан. Тэгээд миний машин тулаад зогссон байсан болохоор ухраад гүйцэд түрүүлээд замаа чөлөөлөөд зогссон. Бямбасүрэн эгч буугаад хойд талын машин руу явсан. Тэгээд тэр хоёрын хоорондох яриаг надад сонсогдохгүй байсан. Тэр залуу машин дотроо гар утсаараа бичлэг хийж байгаа бололтой барьчихсан Бямбасүрэн эгч гар утсыг нь авах гээд оролдож байсан. Тэр залуу Бямбасүрэн эгчийг тохойлдож цохиод түлхсэн. Бямбасүрэн эгч            хойшоогоо унах шахсан. Би очоод тэр залуугийн гар утсыг нь аваад Бямбасүрэн эгчийн маскийг нь доошлуулаад хартал хамар нь мурийгаад чихэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-35-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****************биед үүссэн хамар ясны хугарал нь гарын шууны гадна хэсэг рүү мөргөсний улмаас үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр далайцтай цохих үед үүснэ. Энэ нь хамрын нуруу цус хурсан шинж байдлаар батлагдаж байна. Онолын үүднээс авч үзэхэд хамрын яс хугарч байгаа тохиолдолд хамрын салстын хялгасан судаснууд гэмтэж их бага хэмжээгээр цус гарна. Гэхдээ бодит амьдрал дээр нөхцөл байдал яаж өрнөснийг нарийн тодорхойлж мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хамраас цус гарахгүй байх боломжтой. Хамрын яс нь мурийлт үүсээгүй, таславч далийгаагүй, хугарал тэгшхэн, хамрын таславч тэгш байсан тул цус гарахгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 124-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 328 дугаартай:

 1. *****************биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, О.Болороо нарын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай       

     1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №328 үндэслэлтэй байна. Хамрын хугарал нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг Дүрс оношилгооны тасгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны ба 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн толгойн КТГ, чих, хамар хоолойн эмчийн үзлэг, хамрын нурууг зассан мэс ажилбараар батлагдаж байна.

      2. *****************биед хамрын нурууны хугарал гэмтэл учруулсан байна. Энэ гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Хамрын нурууны хугарал нь хэрэг болсон хугацаанд үүссэн байж болно.

      З. Хамрын нурууны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэл буюу нэг удаа цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

       4. *****************хамрын хугарал нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг Дүрс оношилгооны тасгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны толгойн КТГ, чих, хамар хоолойн эмчийн үзлэгээр хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хугарсан байж болно.

 5. М.Бямбасүрэнд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 134-135-р хуудас),

 Холбогдогч М.Бямбасүрэнг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10,000 төгрөгөөр торгосон №0003203 дугаартай шийтгэлийн хуудас  (хх-ийн 68-р хуудас),

Холбогдогч М.Нямсүрэнг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 100,000 төгрөгөөр торгосон №0003202 дугаартай шийтгэлийн хуудас  (хх-ийн 84-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87-89-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2138002340554 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Корнер стөүн” спорт заалны арын замд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч *****************гудамжинд хог хаясан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамар хэсэгт зүүн гарын тохойгоор цохиж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч *****************(хх-ийн 33-35-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн (хх-ийн 52-р хуудас), шинжээч эмч Б.Цолмонгийн (хх-ийн 124-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 328 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, О.Болороо нарын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай      дүгнэлт (хх-ийн 134-135-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Идэрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч *****************нь шүүгдэгчээс 178,950 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.

Төрийн банкны 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 36,000 төгрөгийн, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 36,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (хх-ийн 72, 76-р хуудас), Монос эмийн сангийн 17,500, 23,900, 2050 төгрөгийн Е баримт, Их-Отгон тэнгис эмийн сангийн 13,500 төгрөгийн Е баримт (хх-ийн 78-81-р хуудас) нийт 128,950 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *****************гаргуулж хохирогч М.Бямбасүрэнд олгох нь зүйтэй байна.

Хохирогч *****************нь 50,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *****************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Идэрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 89-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138002340554 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  *****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *****************128,950 (нэг зуун хорин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч М.Бямбасүрэнд олгосугай.

      5. Эрүүгийн 2138002340554  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч *****************нь 50,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *****************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР