| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00965/И |
| Дугаар | 102/ШШ2017/00983 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00983
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 47В байр, 20 тоотод оршин суух, Их Тугчин овогт Буяндэлгэрийн Батсүрэн /РД:чп72040320/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8 дугаар байр, 85 тоотод оршин суух, Боржигин овогт Мамбаренчингийн Ганхуяг /РД:ус73121551/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсүрэн, хариуцагч М.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батсүрэн миний бие М.Ганхуягтай 2003 онд гэр бүл болж, 2007 оны 3 дугаар сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан юм. 2005 оны 01 дүгээр сарын 19-нд хүү Г.Төгсжаргалыг төрүүлсэн. Бид хоорондоо таарамжгүй байсны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Г.Төгсжаргал надтай хамт амьдардаг. Энэ хугацаанд М.Ганхуягаас ямар нэгэн тусламж, мөнгө төгрөг авч байгаагүй. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлалаар орж, уг ажиллагааг дуусгавар болгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй байхгүй. Хүүхдийн тэтгэвэр нэхэмжлэхгүй болно гэжээ.
Хариуцагч М.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батсүрэнгийн нэхэмжлэл болох гэр бүл цуцлуулах тухай өргөдөл нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2003 онд танилцаж, улмаар хамт амьдарсан. 2005 онд дундаасаа 1 хүүтэй болсон бөгөөд 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. 2009 оноос хойш хоорондоо таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байна, одоо бол эргэж нийлэх ямар ч боломжгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөх боломжтой гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсүрэн нь хариуцагч М.Ганхуягт холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Батсүрэн, хариуцагч М.Ганхуяг нар нь 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага албан ёсоор 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж №0020270 дугаар гэрлэлтийн гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Г.Төгсжаргал төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэгчдийн гэр бүлийн гэрчилгээний болон хүүхдийн №0090446 /Г-291/ дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна /хх1-10 хуудас/.
Гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, талууд 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Мөн шүүх гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү Г.Төгсжаргалыг эх Б.Батсүрэнгийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасантай харшлахгүй. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Батсүрэн нь хариуцагч М.Ганхуягаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэх боловч Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Их Тугчин овогт Буяндэлгэрийн Батсүрэн, Боржигин овогт Мамбаренчингийн Ганхуяг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Г.Төгсжаргалыг эх Б.Батсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Г.Төгсжаргалд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Ганхуягаас гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |