| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2018/0634/Э |
| Дугаар | 1001 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1001
Д.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1306 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806 0033 20652 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Г, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “.....” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;
Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээх станцын орчим иргэн Ц.Ж-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
мөн хохирогч Ц.Ж-д хөнгөн хохирол учруулсныхаа дараа, хохирогч Ц.Ж нь зодооныг салгах явцад түүний куртикний энгэрийн халаасанд байсан гар утас газарт унахад гар утсыг нь авч зугтаан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.Г урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Ц.Ж-д 1.750.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие эхтэйгээ хамт амьдардаг бөгөөд “---------------” ХХК-д ажилладаг, тогооч мэргэжилтэй. Миний бие хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ухаарч ойлгож, гэмшиж байна.
Иймд хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.
Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээх станцын орчим иргэн Ц.Ж-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
мөн хохирогч Ц.Ж-д хөнгөн хохирол учруулсныхаа дараа, хохирогч Ц.Ж нь зодооныг салгах явцад түүний куртикний энгэрийн халаасанд байсан гар утас газарт унахад гар утсыг нь авч зугтаан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Ж /хх 7-10, 126-127/, Ц.Ж /хх 11-15, 124-125/, гэрч М.М /хх 16, 24-25, 122-123/, Ж.С /хх 20-21/, Г.Г /хх 22-23, 143-144/, Г.А /хх 128-129/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ц.Ж-гийн биед зулайн няцарсан шарх, хацрын арьсны зулгаралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 788 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26-31/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Д.Отгонбаярын бичсэн илтгэх хуудас /хх 6/, хохирогч Ц.Ж-гийн томографикийн шинжилгээ /хх 62/, хохирол төлсөн баримт /хх 67, 161/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
хохирогч Ц.Ж-ийн “... би куртикээ тайлах гэтэл миний энгэрийн халаасанд байсан гар утас газарт унахад уг залуу аваад зүүн хүрээ хотхоноос баруун зүгт зугатаахад үл таних 2 залуу гэнэт гарч ирээд том биетэй залуу нь миний гар утсыг булааж авсан залууг барьж авсан. ...” /хх 7-10/, Ц.Ж-ийн “... “Петровис” шатахуун түгээх станцын хойно явган хүний зам дээр 2 залуу мөрлөхөөр нь нээх их юм бодолгүй цааш явтал араас нэг нь ирж миний зүүн мөрнөөс зулгаан эргүүлж, миний нүүр лүү цохиход нь би хэн цохисоныг нь харж чадалгүй унасан ба тэр залуу учир зүггүй миний толгой руу өшиглөж, гараараа цохиж байсан. ...” /хх 11-15/ гэх мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтууд авагдаагүй болно.
Давж заалдах шатны шүүхээс Д.Г-ын үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримтыг өөрчлөхдөө анхан шатны шүүхээр хэлэлцсэн, тогтоогдсон, нөхцөл байдал, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан болно. Ингэж хэргийн үйл баримтыг илүү тодорхой болгож өөрчлөхдөө ялллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан хэргийн үйл баримтын агуулга, хүрээ, хязгаараас гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Г нь “... хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сараар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн үзэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Г-ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэхдээ торгуулийн 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, /450 нэгж : 15 нэгж = 30 хоног/ буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэх нь хуульд нийцэх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулав.
Иймд шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1306 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, /450 нэгж : 15 нэгж = 30 хоног/ 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Ш.БАТ-ЭРДЭНЭ