Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 115/ШШ2020/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: “ХХАТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: ДГА-ийн Д сумын ЗДд холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: ДГА-ийн Д сумын Засаг дарга, “Ф Р” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ-ын тэргүүн Н.Б, нэхэмжлэгч хуулийн этгээдийн өмгөөлөгч О.А, Б.Б, хариуцагч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийн тэргүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ДГА-ийн Д сумын ЗД нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Ф Р” ХХК-тай “Хамтран ажиллах  гэрээ”-г 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулжээ.

           Энэхүү Хамтран ажиллах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1. “төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах харилцааг”, 52.2.3-т заасан дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцааг” зохицуулсан захиргааны гэрээ мөн.

          ДГА-ийн Д сумын ЗД нь дээрх захиргааны гэрээг байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ф Р” ХХК-ийн нүүрс олборлолт явагдаж буй талбай байрлах Даланжаргалан сумын иргэд, нөлөөллийн бүсийн Элдэв багийн иргэд буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах ёстой боловч явуулалгүй, захиргааны гэрээ байгуулах талаар сумын иргэдэд мэдээлэлгүй Дорноговь аймгийн Засаг даргын баталсан загвараар гэрээ байгуулсан байна.

          Ийнхүү Д сумын иргэдэд сонсох ажиллагаа явуулаагүй гэрээ байгуулснаас иргэд “Ф Р” ХХК-ийн эрхлэн явуулж буй уурхайн үйл ажиллагаа өөрсдийнх нь амьдарч буй орчинд хэрхэн нөлөөлж буй талаар цаг тухай бүр мэдэх, мэдээлэл олж авах эрх нь зөрчигдөж тус компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдөж буй эсэх, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд заасны дагуу хуулийн үүргээ биелүүлж буй эсэхийг хянах боломжгүй мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон түүний байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгон ажиллуулж болно” гэсэн заалт хэрэгжих боломжгүй, зөвхөн тайланг сонсох төдийгөөр иргэдийн эрх нь хязгаарлагдаж байгаа нь алсдаа хүрээлэн буй орчны доройтолд хүргэж болзошгүй байх бөгөөд энэ тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй байна.

           Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус гэрээг байгуулсан гэх атлаа уурхай ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гэрээний үүрэг тусгагдаагүй, “Ф Р” ХХК нь уурхайгаас засмал зам хүртэл 20 км зайд тээвэрлэлт хийж байх атлаа засмал зам тавилгүй нүүрсээ зөөсөөр байна.

          Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалд “Ф Р” ХХК ямар хувь нэмэр оруулах, уурхайд ажиллах хүчний хэдэн хувийг тухайн сумаас авч ажиллуулах нь тодорхойгүй, туслан гүйцэтгэгч компаниар Д сумын иргэд, компанийг ажиллуулах эсэх, “Ф Р” ХХК-д зайлшгүй шаардлагатай ямар худалдан авалтыг сум, багаас хангаж болох талаарх асуудалд иргэдийн санал огт тусгагдаагүй өөрөөр хэлбэл, сумын иргэд, нөлөөллийн бүсийн иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ажлын байр нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах асуудалд иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж чадаагүй тул амьжиргаанд нь эерэг нөлөөллийг бий болгосонгүй.

        Д сумын ЗД энэхүү захиргааны гэрээг байгуулахдаа Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг ашиглаагүй ба ийнхүү ашиглаагүйгээс Хамтын ажиллагааны хороог байгуулаагүй нь иргэдийн дуу хоолойг сонсох, гэрээнд санал, тайлбар авах үүргийг хуульчилсан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг санаатайгаар явуулаагүй үйлдэл болж байна.

           Нийтийн эрх зүйн харилцааг үүсгэсэн захиргааны гэрээг байгуулахдаа сонсох ажиллагаа явуулалгүй байгуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан захиргааны үйл ажиллагаанд тавигдах “үр нөлөөтэй байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим зөрчигдсөн.

           Захиргааны гэрээ байгуулахад сонсох ажиллагаа явуулаагүй нь тухайн орон нутаг дахь уул уурхайн үйл ажиллагааны талаар хэрэгжүүлэх засаглалын үйл ажиллагаанд  иргэдийн оролцох оролцоог хязгаарлаж, уул уурхайн үйл ажиллагааны үр ашгаас шууд ба шууд бус хэлбэрээр нийгэм, эдийн засгийн үр өгөөж хүртэхээр гэрээнд тусгуулах эрхийг нь хөндөж байгаа тул ийнхүү тухайн сумын иргэдийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна.

         “ХХАТ” НҮТББ-ын дүрмийн 2-т тодорхойлсноор тус төрийн бус байгууллагын зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бүтээх үйл явцад иргэдийн оролцооны эрхийг хангах, чадавхийг бэхжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө тогтвортой ажиллах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 онд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан бөгөөд дүрмийн дагуу 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангана.

          Сонсох ажиллагаа явуулалгүй байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгож, цаашид энэ төрлийн захиргааны гэрээ байгуулахад сонсох ажиллагаа явуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэдийн зүгээс хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх, тухайн сумын ажиллах хүчний нөөцөд тулгуурлан ажлын байрыг нэмэгдүүлэх, уурхай ашиглах дэд бүтэц нь сумын иргэдийн эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх талаар иргэдийн тайлбарыг сонсож, саналыг нь гэрээнд тусгаснаар иргэд хяналт тавих, сөрөг нөлөөлөл хамгийн байх хэлбэрээр уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэж, ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь хэрэгжих, улмаар уул уурхайн үйл ажиллагаа орон нутагт үр ашиг өгөхөөр тусгасан дээрх хуулийн заалт бодит амьдрал дээр хэрэгжих, иргэдийн төлөөлөл хооронд орж ажиллах замаар уул уурхайн үйл ажиллагаанаас эдийн засгийн үр ашгийг бодитоор хүртэх эрх нь нээгдэнэ гэж үзэж байна.

           Дорноговь аймгийн төвшинд байгуулагдсан 2017, 2018, 2019 оны гэрээнүүд бүгд сонсох ажиллагаа хийгдээгүй явж ирсэн. Бид 2019 оны 7, 8, 9 дүгээр саруудад  С.Уранцэцэг даргад өөрт нь албан бичиг өгсөн,  хариу ирээгүй. Уул уурхай ихтэй Дорноговь аймгийн 5 сумын Хурлын дарга, сумын Засаг дарга нар, аймгийн Хурлын дарга,  аймгийн Засаг даргад  албан тоот хүргүүлсэн. Та бүхэн энэ гэрээг байгуулахдаа сонсох ажиллагаа хийсэн үү энэ ийм учиртай гэрээ юм гээд явуулахад 2 газраас  хариу  албан тоот ирсэн. Мөн аймгийн 2 даргаас ирсэн хариунд тухайн сумын Засаг даргаас мэдээлэл ав гэсэн байна. Ингээд Даланжаргалан сумын иргэдийн Хурлаас “Ф Р” ХХК-тай байгуулсан гэрээний талаарх мэдээлэл бүрэн эхээрээ ирсэн учраас, мөн өнгөрсөн зун тус компанийн орчмын овоолго нүүрс шатаж химийн хорт бодис үнэртэж нутгийн иргэд сошиалаар шуугисан зэргээс бид “Ф Р” ХХК,  ДЗ-ын хооронд байгуулсан гэрээг жишиг болгож авсан.

          Бид үндэсний төвшинд нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллагын хувьд ер нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, Газрын тосны тухай хууль, Цөмийн Энергийн тухай хуульд байгаа захиргааны гэрээг байгуулахдаа сонсох ажиллагааг явуулдаг жишиг тогтоох гээд байгаа юм.

            Ийм учраас бид нийтийн эрх ашгийн өмнөөс  ДГА-ийн Д сумын ЗД, “Ф Р” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 15/2019 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “Захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж зааснаар илт хууль бус гэрээ болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Захиргааны гэрээ илт хууль болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах журам хамаарахгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасны дагуу уг хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа энэхүү нэхэмжлэлд хамаарахгүй гэдгийг шүүх анхаараасай гэж хүсэж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5 дахь хэсэгт заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй гэдэг дээр тайлбар хэлье.

            Захиргааны гэрээ гэдэг дээр аль нэг тал маргаагүй гэж үзэж байна. Захиргааны гэрээ нь байгуулж байгаа талуудын төдийгүй тэр гэрээний үндсэн дээр нөлөөлөлд нь өртөж байгаа, дурдагдаад байгаа үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд байгаа этгээдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа ямар ашиг сонирхол байгааг нь сонсож, оролцоог нь хангаж байж гэрээг байгуулах ёстой байсан. Гэтэл энэ гэрээ ингэж байгуулагдаагүй нь өөрөө хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд заасан дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудал мэт харагдаж байгаа боловч цаана нь байгаль орчинтой холбоотойгоор нийтийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөх мөн байгаль орчны тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрх нь зөрчигдөж болзошгүй учир энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

            Яагаад энэ үндэслэлээр гаргасан гэхээр өнөөдрийн байдлаар тийм эрх зөрчигдсөн байна гэж шүүхийн ажиллагаанд тодорхойлох боломжгүй ч  хэрэгт авагдсан материалаас харахад хариуцагч нь тухайн асуудлыг тодорхой мэдэж байгаа, өөрөө бас уул уурхайн компаниудад албан бичгээр явуулсан байдаг. Нүүрс тээвэрлэж байгаа, жонш тээвэрлэж байгаа байгууллагуудаас гэрчээр оролцсон болон бусад нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн амьжиргаа болон эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар хангалттай нотлох баримт авагдсан байгаа.                      

            Бид уг гэрээний агуулга болон гэрээний хэрэгжилтийн талаар маргаагүй. Гэрээг байгуулахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийх ёстой байсан боловч хийгээгүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн байна гэж маргаж байгаа.  Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 оны 03 дугаар сард хийгдсэн гэрээний өмнө яг энэ гэрээний драфтаар заагдсан нөхцөл, эрх, үүрэг, гэрчүүдийн мэдүүлгээр сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг нь нотлогддог. Хэрвээ сонсох ажиллагааг эхэлж явуулсан байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан.

            Энэхүү гэрээ нь иргэдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй үндэслэлүүдийг дурдсан байна. Эдгээр үндэслэлүүдийн аль  нэг нь үүсээгүй учраас үүнийг сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэхгүй нөгөө талаар сөрөг нөлөөлөл эсвэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд сонсох ажиллагаа явуулахыг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар зохицуулах боломжтой бөгөөд үүнд заасан нөхцөл үүсээгүй. Тийм учраас сонсох ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байсан гэж үзнэ. Гэрээг сонсох ажиллагаа явуулаагүй хийснээр ямар нэгэн иргэний эрх нь зөрчигдсөн талаар гомдол ирээгүй, хохирсон гомдол гаргаагүй нь нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

            Хариуцагчийн өөрийнх нь хэлж байгаа тайлбараас иргэдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн эсвэл орхигдуулсан нэг ч заалт байхгүй, “Ф Р” ХХК-ийн хувьд манай суманд цэцэрлэг, ногоон байгууламж барьсан илүү их ажил хийж байгаа компани гэж хэлж байна. Тэрийг үгүйсгэхгүй, таны болон тухайн компанийн хийсэн үйл ажиллагааны тайлантай маргаагүй.

            Гэрээний заалтаас авч үзэхэд энд иргэдийн эрх ашгийг суулгасан нэг ч заалт байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Засаг даргын эрх үүргийг харахад гэрээний 3 дугаар зүйлд компанийн үйл ажиллагааг дэмжинэ гэж байна. Компани нь өөрөө ямар үүрэг хүлээж байгаа талаар тодорхойгүй. Ажиллах хүчний тодорхой хувийг багийн нөлөөллийн иргэдээс бүрдүүлнэ гэсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар ердөө 3 хүнийг ажлын байраар хангасан байна. Шүүх өөрөө үзлэг хийсэн. 22 километр замд 7 аж ахуйн нэгж нүүрс зөөж байгааг шүүх өөрөө гар зургаар гаргасан байна. Нүүрс зөөж байгаа замаасаа гол уурхай руу явж байгаа 1,5 километр замаа цардмал зам болгож чадаагүй. Гэтэл иргэд юуг хүсэж байгаа вэ гэхээр тоосгүй болгоод өгөөч гэж хүсэж байгаа. Тэгвэл энэ яагаад энд тусахгүй байгаа вэ. Хэрвээ та сонсох ажиллагаа хийсэн бол энд аль хэдийн суух ёстой байсан.

            Байгаль орчныг хамгаалах чиглэл рүү оръё. Тэгвэл байгаль орчныг хамгаалах чиглэлд иргэдийн оролцоог хангах ёстой байсан. Хариуцагч Засгийн газрын 179 дүгээр тогтоолын дагуу нэг ч зүйл заалт өөрчлөхгүйгээр гэрээ хийсэн гэж байна. Гэтэл хамгийн гол заалт болох Хамтын ажиллагааны хороо байгуулах талаарх заалтыг орхигдуулсан. Энд иргэд оролцож байгальд үзүүлж байгаа нөлөөллийг хянаж явах ёстой байсан. Гэтэл энэ хороог хэзээ байгуулж байна гэхээр 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан байна. Цаашлаад авч үзэх юм бол 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудад “замын тоосжилт хэт их хэмжээтэй байгаа болон нүүрсний овоолго шатаж агаарын бохирдолтой байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд хор хөнөөлтэй байдлыг үүсгэж байна” гэж өөрөө  шаардлага хүргүүлсэн байна. Хэрвээ та гэрээгээ байгуулахдаа энэ асуудлаа тусгаад тухайн компанийн зөвхөн эрх, ашгийг хамгаалах биш үүргийг нь өгч иргэдэд хянах боломжийг олгосон бол ийм асуудал үүсэхгүй байсан.

            Мөн удаа дараа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа иргэдийн бүлгийн даргад мэдэгдэж түүний санал болгосон иргэдийн төлөөллийг байнга оролцуулж ирсэн, 2019 оны 05 дугаар сард Элдэв багт үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн шийдвэр гаргах төвшний захирал эзэдтэй орон нутагт тулгамдаж буй ойлголтын зөрүү арилгах зорилгоор зөвшилцөх уулзалтыг хийсэн гэж байна. Эдгээр нь гэрээ байгуулагдсанаас өмнөх болон хойших асуудал учир сонсох ажиллагаа хийгдсэн гэх үндэслэлд хамаарахгүй.

            Эцэст нь ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн гомдолтой байгаа, үл ойлголцол үүслээ гэж нээлттэй хэлэлцүүлэг хийгээд байгаа гол шалтгаан нь сонсох ажиллагаа явуулаагүйтэй холбоотой. Өнөөгийн энэ нөхцөл байдал өөрөө сонсох ажиллагаа явуулаагүйн үр дагавар юм гэж дүгнэж байна.

            Сонсох ажиллагаа явуулах гэдэг маань албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх эсвэл цахим мэдээллийн хэрэгслээр иргэдэд хандаж  зарлахыг шаардаж байдаг. Түүнээс би тэрэнд хэлсэн гэдэг нь сонсох ажиллагаа явуулсан гэсэн үг биш. Сонсох ажиллагаагаар иргэдийн эрхийг өөрсдөд нь мэдүүлдэг. Зөвхөн тэр хүмүүсийн саналыг сонсох биш та бүхэн энэ талаар ямар эрхтэй юм бэ гэдгийг мэдүүлж, тэрний үндсэн дээр тайлбар, саналыг нь сонсдог.  Саналыг нь сонсоод өнгөрөх биш яагаад сонсох ажиллагаа явуулж байгаа гэхээр өөрийн гаргах гээд байгаа шийдвэртээ тайлбар саналыг нь оруулж тусгахын тулд энэ сонсох ажиллагааг явуулж байгаа юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд сонсох ажиллагааг явуулаагүй, иргэдийн саналыг тусгаагүй байна. Иргэдийн эрх, ашгийг хамгаалж байх ёстой Засаг дарга маань өөрөө иргэдийн эрх, ашгийн эсрэг ажиллаад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрвээ сонсох ажиллагаа явуулаад иргэдийн саналыг тусгасан байсан бол нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах арга зам, хэрэгжүүлэх арга хэрэгслийг гэрээнд тусгаснаар нөхцөл байдлыг өөрчилдөг учраас сонсох ажиллагааны ач холбогдол нь энэ байгаа юм. Тийм учраас бидний зүгээс сонсох ажиллагааг явуулж өгөөч, сонсох ажиллагааг явуулахаар заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж өгөөч, хэрэгжүүлээгүй байгаа нь илт хууль бус байна. Үүний дагуу гарсан захиргааны гэрээ нь өөрөө илт хууль бус гэдэг үндэслэлийг гаргаж байна гэв.

          Хариуцагч ДГА-ийн Д сумын ЗД-ын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж улмаар нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж ажиллах үйл ажиллагааг 2017 оноос эхлүүлж анхны зөвлөлдөх уулзалтыг Айраг суманд зохион байгуулахад тус сумаас ИТХ-ын дарга*******, АИТХ-ын төлөөлөгч******* болон иргэдийн төлөөлөл 7 хүний хамт оролцож Байгаль хамгаалах иргэдийн бүлгийн дарга *******, гишүүн*******,******* нар үзэл бодлоо илэрхийлэн саналаа хэлж иргэдийн төлөөллийн оролцоог хэрэгжүүлэн ажилласан бөгөөд нийгмийн хариуцлагын гэрээг аймгийн Засаг даргын түвшинд байгуулан ажилласан. Мөн 2018 онд Дорноговь аймгийн төвд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж аймгийн Засаг даргын түвшинд гэрээг байгуулсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сумдын Засаг дарга нар гэрээг байгуулж, аймгийн Засаг даргаар батлуулан 3 талт хэлбэрээр 1 жилийн хугацаатай байгуулсан ба тус сумын хэмжээнд 2019 онд нийт 24 аж ахуйн нэгж байгууллагатай Засгийн газрын 179 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан гэрээний загварыг ашиглан нийгмийн хариуцлагын гэрээг байгуулан ажиллаж байна.

          Уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлох тусгай зөвшөөрлийг сумаас олгодоггүй төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хайгуулын үйл ажиллагааг хуулийн дагуу хугацаанд нь хийж байгалийн баялгийн нөөцийг тогтоож уг нөөцийг ашиглах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж дүгнэгдсэн нөхцөлд холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж хянасны үндсэн дээр олгогддог харилцаатай бөгөөд тусгай зөвшөөрөл олгогдсоноор үйл ажиллагаа эхлүүлэх бүх үйл ажиллагаа нь Мэргэжлийн хяналт, Байгаль орчин зэрэг холбогдох чиг үүргийн байгууллагууд тогтмол хяналтаа тавьж ажилладаг, гэхдээ орон нутгийн зүгээс бүх талын хяналт шалгалтыг тогтмол хийж иргэд, орон нутгийн нийтлэг эрх ашгийг хангаж, аливаа хяналт шалгалт, уулзалт зөвлөгөөн, иргэд олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар иргэдтэй тогтмол хамтран ажиллаж ирсэн.

          Хамтран ажиллах гэрээг 2019 онд байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд нийцүүлэн, Засгийн газрын 179 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан загварын дагуу байгуулсан ба аймгийн Засаг даргаар батлуулсан нь гэрээний загварыг бус талуудын байгуулсан гэрээ дээд шатны эрх бүхий албан тушаалтан /байгууллага/-аар батлагдсан байх зарчимд нийцүүлсэн гэж үзэж байна.

         Энэхүү гэрээ нь иргэд хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Уг гэрээ яавал хуулийн хүрээнд иргэд, орон нутагт ашигтай байх вэ гэдгийг илүү анхаар ач холбогдол өгч байгуулсан харин ч эерэг нөлөөлөл бүхий акт гэдгийг гэрээнд тусгагдсан зүйл, заалтууд нотолно. Энэхүү гэрээг сонсох ажиллагаа явуулалгүй байгуулснаар эрх нь зөрчигдсөн хэн нэгэнд шууд болон шууд бусаар хохирол учирсан гэх гомдол санал иргэд хуулийн этгээдээс төрийн болон холбогдох аль ч шатанд гараагүй байна.

          Нэхэмжлэлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр манай суманд уул уурхайн компаниуд хамгийн багадаа 50, 60 жилийн түүхтэй уул уурхайн компани байна. Зөвхөн нүүрстэй холбоотой 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын алт ХХК-иас эхлүүлээд олон жилийн түүхтэй, орон нутгийн өгсөн үүрэг даалгаврыг сайн, муу, огт биелүүлдэггүй, дунд гэх мэтээр янз бүрээр биелүүлдэг компаниуд байдаг.

         “Ф Р” ХХК нь 2008 оноос үйл ажиллагаа явуулсан бөгөөд харьцангуй бага талбайтай, үйл ажиллагааны насжилтын хувьд богино компани юм. Уг компанийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүс нь нийгмийн хариуцлагын хүрээнд маш сайн ажилладаг. Тус компани үйл ажиллагаа эхлэхдээ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд буюу газар зүйн байрлалаараа өөрийн байгууллагын байршиж буй газрын хаягаар компаниа байгуулж, орон нутгаас иргэдээс бэлтгэн нийлүүлж цаг хугацаандаа төлбөр тооцоог нь хийж орон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн дугаарыг Дорноговь харьяалалтай болгож харьяаллын дагуу төлдөг бүх татвар, хураамж, нийгмийн даатгалыг орно нутагт төвлөрүүлж, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн махны хэрэгцээгээ зөвхөн нутгийн бизнес эрхлэгчид болон нутгийн малчин өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагаас гадна шинээр болон ажлын байранд орон гарсан тохиолдол бүрт орон нутгийн удирдлагад мэдэгдэж ажиллах хүч орон нутгаас авч ажиллуулах шаардлагатай мэдээллээ өгч ажилладаг 2019 онд үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэдэг байгууллага нь өөрчлөгдөж тодорхой хугацаанд огт үйл ажиллагаагүй байсантай холбогдуулан ажиллаж буй албан хаагчид цөөн байгаа ч тус сумаас 3 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж ажилласан байна. Энэ байгууллага нь 2018 онд тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 75 хүүхдийн ортой цэцэрлэгийг  шинээр барьж төрд хүлээлгэн өгсөн ба 2019 онд уг цэцэрлэгийн гадна тохижилт, ногоон байгууламжийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж цэцэрлэгийн байгууллагад бүрэн хүлээлгэн өгсөн.

         Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн замын арчилгаа, үйлчилгээний байдал ашиглалтад Мэргэжлийн хяналтын болон байгаль орчны холбогдох чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж ажилладаг ч орон нутгийн зүгээс давхар хяналт шалгалтыг хийж аль болох иргэд олон нийтэд аюулгүй байлгах тал дээр шаардлага хүргүүлж засвар үйлчилгээ хийлгэж, шаардлагатай үед тээвэрлэлтийг зогсоох хүртэлх арга хэмжээг авч зөрчил дутагдлыг тухай бүр нь арилгуулж ажилладаг.

           Тус суманд байгаль хамгаалах иргэдийн бүлэг 2017 оноос байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд төр захиргааны байгууллагын хувьд уул уурхайн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт, уулзалт зөвлөгөөн хийх тухай бүрт мэдээлэл өгч шалгалтын бүрэлдэхүүнд иргэний төлөөллийг оролцуулж хамтран ажиллаж иргэдийн оролцоог хангаж ирсэн.

         Өнгөрсөн хугацаанд нутаг дэвсгэр дээр уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлийн бүхий л үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа иргэдийн бүлгийн даргад мэдэгдэж түүний санал болгосон иргэний төлөөллийг оролцуулан хяналт шалгалтын болон бусад зохион байгуулж буй ажлын талаар тогтмол мэдээлэл хүргэж, оролцуулж хамтран ажиллаж ирсэн.

          Элдэв багийн нутаг дэвсгэр дээр нүүрсний 7 уул уурхай үйл ажиллагаа явуулдаг учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээтэй холбоотой санал авах үйл ажиллагаанууд тухайн баг дээр олон явагддаг. Энэ багт сонсох ажиллагаа хангалттай хийгдэж тэнд иргэд санаагаа ярьж энэ гэрээг байгуулахад иргэдэд юу тулгарч байдаг иргэд юу хүсдэг, иргэдийн эрх ашиг хохирох вий гэж үүнээс урьдчилан сэргийлж байнгын мэдэгдэл гаргаж албан шаардлага хүргүүлж аль болохоор хуулийг хэрэгжүүлж ажиллах аль болохоор эрх ашгийг хамгаалах  тэнд амьдарч байгаа иргэдийн амь  нас эрүүл мэндийг хамгаалахын тулд явж байдаг учраас сонсох ажиллагаа хийгдээгүй гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Дорноговь аймгийн хэмжээнд 67 компанитай гэрээ байгуулснаас  24 нь манай сумын компани байсан. Яагаад энэ гэрээг илт хууль бус гэж үзэж байгаа нь гайхалтай бөгөөд Фриендшип ресурсис ХХК-ийг сонгосонд гайхаж байна. Энэ үйлдвэр дээр угаах үйлдвэр байхгүй, баяжуулдаггүй.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хэлж байна. Болзошгүй гэдгийг өнөөдөр энэ хүмүүс олж хараад бид нар үүнийг шүүхээр илт хууль бус гэж шийдүүлчихээд дараа нь цаашдаа урьдчилан сэргийлж өшөө сайжруулах гэж байгаа юм гэж ярьж байна. Ер нь уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явагдах гэж байгаа бол хөрсийг гэмтээж тэрийг зам дээр явуулдаг, ачдаг буулгадаг, тэсэлж дэлбэлдэг. Энэ үндсэн үйл ажиллагаа нь ирээдүйд иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг бий болгох юм гэдгийг Монгол Улсын бүх хууль тогтоомжид дурдагдсан. Зөвхөн Фриендшип ресурсис  ХХК биш ямар ч байгууллагын уул уурхайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гарсантай уялдаж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ тодорхой хугацаанд хийгддэг.  Жишээ нь 2017 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлагдахдаа энд замын хувьд эрсдэл үүснэ, хөрсний хувьд эрсдэл үүснэ, агаарын бохирдол үүснэ, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлнө, орчин тойронд нь нөлөөлнө, ус нь багасна зэрэг бүх зүйлийг дурдаад ирээдүйд ийм зүйл болзошгүй гэдгийг тэртээ тэргүй дурдаж өгсөн байгаа. Аймгийн түвшинд хуралдаад хөгжлийн бодлогын мэргэжилтэн ахлаад зураг төслийг нь хийлгээд бид нар үүнийг улам сайжруулах гээд явж байгаа. Жилийн жилд хариуцлагыг нь нэмэгдүүлэх гээд явж байгаа. Үүнийг илт хууль бус гэж үзсэн ч үзээгүй ч өнөөдөр төр засгийн байгууллага өдөр тутамд үйл ажиллагаагаараа сайжруулах гээд Монгол Улсын ерөнхий сайдаас эхлээд багийн Засаг дарга хүртэл хийж байгаа ажил байхгүй юу. Түүнээс энэ 3 эмэгтэй энд орж ирээд ирээдүйн эрсдэлийг нь олж харчихаад болзошгүй юм гэдэг байдлаар яваад байгаа юм биш. Тэгэхээр үүнтэй холбогдуулж би юу гэж хэлэх гээд байна гэхээр 1-т бидний чиг үүрэг. 2-т уул уурхайн байгууллага үйл ажиллагаа явуулахаас эхлүүлээд эрсдэл үүсэх нь тодорхой байдаг. Энэ ирээдүйн эрсдэлийг бууруулахын тулд бодлогын бичиг баримтыг  өдөр тутамд нь хуульд хүртэл нэмэлт өөрчлөлтийг нь оруулаад сайжруулж явж байгаа юман дээр ийм асуудал ярьж байгаа нь ач холбогдолтой биш байна гэдгийг хэлье. Манай иргэдэд   2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоосноор хэн нэгэн Доржид, Долгорт, магадгүй С.Уранцэцэгт, Долгормаад ямар ач холбогдол байгаа юм бэ, ямар нэгэн ач холбогдол байхгүй.

            Тэгвэл бид газар дээрээ өнөөдөр энэ суманд оршин сууж ажлаа хийж явж байгаагийн хувьд өнөөдөр яг Доржийн төлөө Долгормаагийн төлөө бид нар энэ ажлаа хийгээд явж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.

            Гуравдагч этгээд “Ф Р” ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн  тайлбарт: Засгийн газрын тогтоолыг үндэслэн өмнө нь уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг дарга байгуулдаг байсныг 2019 оноос аймгийн Засаг дарга баталж, сумдын Засаг дарга нарын зүгээс орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, төсөл арга хэмжээг цогц хэлбэрээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нийгмийн хариуцлага бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, хэрэгжилтийг хангуулж хяналт тавьж өнөөдрийг хүрсэн.

            Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төрийн зарим чиг үүргийг нийгмийн хариуцлагын хүрээнд бие даан шийдвэрлэж нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж олгон цэцэрлэг байгуулах, зам атвих зэрэг ажлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээний тал болох манай компани хийж гүйцэтгэсэн.

             2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээний үүргээ “Ф Р” ХХК  бүрэн дүүрэн биелүүлж, 88 хүүхэд хүлээн авч хүмүүжүүлэх цэцэрлэгийг бие даан санхүүжүүлж ашиглалтад хүлээлгэн өгсөн ба орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутгаас ажиллах хүчний нөөцийг бүрдүүлж ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн.

            Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ДГА-ийн Д сумын ЗД, “Ф Р” ХХК-тай  байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2015 оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020 оны хөтөлбөрүүдийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын хүрээнд байгуулагдаж, хэрэгжиж байгаа захиргааны  гэрээ бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн илт хууль бус шинжийг агуулаагүй.

          Засгийн газрын тогтоолд үндэслэн төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагыг аймаг, сум, багийн Засаг дарга, харьяа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хэрэгжүүлж, иргэдийн саналд тулгуурлан боловсруулагдаж нутгийн өөрөө удирдах байгууллагаар батлагдсан Дорноговь аймгийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020 оны хөтөлбөрүүдийг боловсруулан батлах явцад иргэдийн амьдрах орчин, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах талаарх тайлбар, санал гаргах, иргэдийн боломж бололцоо олгогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчөөгүй.

         Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэсэнтэй холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн зорилт оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор хуульчилжээ.

          “ХХАТ” ТББ, ДГА-ийн Д сумын ЗД, “Ф Р” ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хууль зөрчсөн, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус байна.

          Хуулийн шаардлага хангасан төрийн бус байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр хуулиар харьяалан тогтоосон эрх зүйн харилцаа биш, захиргааны гэрээний хэрэгжилтээс үүсэх эдийн засгийн үр өгөөж, гэрээнээс иргэдийн уул уурхайн үйл ажиллагаанаас бодитойгоор хүртэх эрхийг нээлгэх зэргээр нэгэнт үүссэн захиргааны гэрээний хэрэгжилттэй холбоотой буюу эд хөрөнгийн эрхтэй холбоотой асуудлаар шүүхээс дүгнэлт өгөх, шийдвэр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломжгүй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан заасан “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх”-д хамаарах асуудлууд, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь “нийтийн ашиг сонирхол”-д хэрхэн холбогдож байгаа нь эргэлзээтэй тул нэхэмжлэгчийн эрх болон чадавхи нь хуулийн шаардлагад нийцэж буй эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж байна.

           Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тухайд: “ХХАТ” ТББ-ын нэхэмжлэл, түүний үндэслэлд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй  нөхцөл байдал нь нийтийн эрх ашиг, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдах уу эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанаас эдийн засгийн үр өгөөж хүртэх шаардах эрх зөрчигдөж болзошгүй буюу зөрчигдсөн ашиг сонирхлыг төлөөлж гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж буй үндэслэл нь тодорхой бус байна.

         Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан заасан “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх”-д хамаарах асуудлууд, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь “нийтийн ашиг сонирхол”-д хэрхэн холбогдож байгаад дүгнэлт хийж, шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.

          Захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаарх үндэслэл нь тодорхой бус тул нийтийн зөрчигдсөн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах асуудаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй.

           Захиргааны гэрээ хууль зөрчөөгүй тухайд: Газар түүний хэвлийн баялаг нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар төрийн өмч учир ашигт малтмал эрэх, хайх, олборлох харилцаа Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн байх төрийн захиргааны төв байгууллагаас, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулах учиртай.

          Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч Засаг даргын зүгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан эсэхэд хяналт тавьж биелэлтийг хангуулж ирсэн.

           Захиргааны гэрээ нь нийтлэг эрх ашгийн төлөө төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бөгөөд нэхэмжлэгч нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчиж болзошгүй гэдгээ үндэслэл бүхий баримтаар нотлоогүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл шүүхээр хангагдан шийдвэрлэгдсэн нөхцөлд захиргааны гэрээ болох Хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон хөрөнгө болон үүссэн эд хөрөнгийн хариуцлага, хохирлын асуудалтай холбоотой бүтээн байгуулалт хийгдсэн ихээхэн хэмжээний эд хөрөнгийн маргаан үүсэх, иргэний хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх нөхцөл үүсэх бөгөөд нэгэнт хуулийн шаардлага хангасан гэрээгээр иргэд орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээг авч буй иргэдийн нийтийн эрх ашигт ноцтой үр дагавар учрах эрсдэлтэй.

         Нэгэнт байгуулагдсан захиргааны гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн зүгээс 100 хувь бие даан өөрийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлж бүтээн байгуулсан цэцэрлэг болон дэд бүтэц сумын хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлсэн гэрээг мушгин тайлбарлаж орон нутгийн иргэдийн нийтлэг эрх зөрчигдсөн, иргэдийн байгаль орчны тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хөндөгдсөн гэх мэтээр маргаж гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Иймд ДГА-ийн Д сумын ЗД, “Ф Р” ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргасан үйл ажиллагаа тул илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ /цаашид “нэхэмжлэгч ТББ” гэх/-аас ДГА-ийн Д сумын ЗДд холбогдуулан тус Засаг дарга, “Ф Р” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...гэрээ байгуулах талаар иргэдэд мэдээлээгүй, тэднээс тайлбар, санал  авч сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалт, 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн, Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг ашиглаагүй буюу хороог байгуулаагүйгээс уул уурхайн компанийн явуулж буй үйл ажиллагаа өөрсдийнх нь амьдарч буй орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдэх, мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, алсдаа хүрээлэн буй орчны доройтолд хүргэх улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй тул тухайн гэрээ Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан  хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн илт хууль бус үндэслэлд хамаарна” гэж,

         Хариуцагч ДГА-ийн Д сумын ЗД /цаашид “Даланжаргалан сумын Засаг дарга” гэх/-аас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ “...гэрээ сөрөг нөлөөлөл бүхий акт биш тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, ...гэрээ байгуулах талаар байгаль хамгаалах иргэдийн бүлэгт мэдэгдэж тус бүлгээр дамжуулж иргэдийн оролцоог хангаж ирсэн, ...гэрээ иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж байгаагаас гадна гуравдагч этгээд “Ф Р” ХХК-ийн тайлбарт дурдсантай ижил агуулгаар буюу “нэхэмжлэгчийн эрх болон чадавхи хуулийн шаардлагад нийцэж буй эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь нийтийн ашиг сонирхолд хэрхэн холбогдож байгаа нь эргэлзээтэй, ...захиргааны гэрээний хувьд хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр маргаж байна.

          Нэг. Хэргийн оролцогчдын маргаж буй “Хамтран ажиллах гэрээ” хууль, хэм хэмжээний актыг зөрсөн эсэх тухайд:

         Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай байрших нутгийн захиргааны байгууллагатай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар гэрээ байгуулж ажиллахаар, 9 дүгээр зүйлийн 9.1.10-т Засгийн газар уг гэрээний загварыг батлахаар тус тус заасан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор “Байгаль хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний загварыг баталжээ.

           Хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргаас хуулийн дээрх заалтын хүрээнд тус сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ф Р” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоолууд, Дорноговь аймгийн хөгжлийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үндэслэн 15/2019 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” /цаашид “гэрээ” гэх/ байгуулж, аймгийн Засаг дарга уг гэрээг баталсан байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараахь хэлбэртэй байна”, 11.1.2-т “захиргааны гэрээ” гэж, 52 дугаар зүйлийн 52.1-д  “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болох”-оор, 52.2.1-д захиргааны гэрээг “...байгаль орчныг хамгаалах...” зэрэг харилцаанд хэрэглэж болох-оор” тус тус зааснаас гадна захиргааны гэрээг бичгээр байгуулахыг мөн хуулиар шаардсан байна.

            Хэргийн оролцогчдын маргаж буй “Хамтран ажиллах гэрээ”-ний тухайд захиргааны байгууллага /албан тушаалтан/-аас нийтийн эрх зүйн хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль  хамгаалах, уурхай ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг харилцааг үүсгэж бичгээр байгуулсан захиргааны гэрээ мөн байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, харин гэрээ байгуулах үйл явцтай тодруулбал, гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулсан эсэх, энэ нь нийтийн ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлаар маргаж байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан 26.2-т энэхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж  тодорхойлсон байна. Мөн 27 дугаар зүйлд “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах тухайн захиргааны байгууллага өөрөө тодорхойлж сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлэх ингэхдээ хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг холбогдох этгээд тус бүрд шууд хүргүүлэх, хорин нэг болон түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол тухайн орон нутагт хүргэх боломжит хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх боломжит бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэхээр тус тус зааснаас гадна сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэр /гэрээ/-т хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах хэрэв тусгаагүй бол шалтгааныг тайлбарлах үүргийг тус тус захиргаанд хүлээлгэсэн байна.

            Хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа  “Энэхүү гэрээ иргэд хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй...” хэмээн дурджээ. Тухайн этгээдээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулсан энэхүү “Хамтран ажиллах гэрээ” нь нэг талаар “захиргааны акт” биш захиргааны үйл ажиллагааны өөр нэг хэлбэр бөгөөд нөгөө талаар уг шийдвэрийн тухайд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй орчны бүсэд амьдарч буй иргэдэд тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэх боломжгүй.

            Нөгөөтэйгүүр хариуцагч нь “тухайн гэрээг байгуулахдаа байгаль хамгаалах иргэдийн бүлгээр дамжуулж иргэдийн оролцоог хангасан” гэх тайлбарыг гарган, Засаг даргаас сумын байгаль хамгаалах иргэдийн бүлгийн ахлагчид хүргүүлж байсан “тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулах Нийгмийн хариуцлагын гэрээнд тусгуулах санал ирүүлэх талаар болон уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хийх уулзалтад бүлгийн гишүүдээсээ хамруулах талаарх” албан бичгүүдийг нотлох баримтаар ирүүлжээ.

            Гэтэл дээрх баримтууд нь тухайн маргаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-тэй хамааралгүй тодруулбал, 2018 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргын түвшинд уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээнд тусгуулах санал авахтай холбоотой болон 2018 оны 05 дугаар сар, 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан үйл баримтуудтай хамааралтай байх бөгөөд хариуцагчийн зүгээс эдгээрээс өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй, эх сурвалжаа заагаагүй зэргээр холбогдох тайлбараа нотлоогүй тул түүний “иргэдийн оролцоог хангасан” гэх тайлбар няцаагдаж байна.  

            Дээрхээс үзвэл хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга, гуравдагч этгээд “Ф Р” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулахдаа захиргааны байгууллагын хувьд хуулиар хүлээсэн сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ нь тухайн этгээдээс нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж гэрээ байгуулах замаар шийдвэр гаргахдаа захиргааны үйл ажиллагаанд заавал баримтлавал зохих Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

            Мөн хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга тус “Хамтран ажиллах гэрээ”-г Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загвараар   байгуулсан гэх боловч түүнийг нь холбогдох гэрээний загвартай харьцуулахад  гэрээнд зайлшгүй тусгавал зохих “гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Хамтын ажиллагааны хороо”-г тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахтай холбоотой Дөрөв дэх хэсэг”-ийг огт тусгаагүй орхигдуулсан, түүнчлэн загварын 5.1-д “Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд холбогдох баримт бичгийг талуудын цахим хуудсан ажлын 3 хоногийн дотор байршуулна” гэж заасныг гэрээний нэг тал болох сумын Засаг даргаас хэрэгжүүлээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгч ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан “Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг ашиглаагүйгээс ...хороог байгуулаагүй энэ нь иргэдийн тухайн шийдвэрийг гаргахад оролцох эрхийг хязгаарласан” гэх тайлбар үндэслэлтэй болох нь батлагдаж байна.

           Ийнхүү хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга тус “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд “...захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэснийг болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан холбогдох журмыг зөрчсөн нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул уг  “Хамтран ажиллах гэрээ”-г мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар “...хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн” илт хууль бус захиргааны гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

         Хоёр. “Хамтран ажиллах гэрээ” буюу илт хууль бус тухайн гэрээний улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсэх тухайд:

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хүрээлэн байгаа орчин, .../-г/ хамгаалах зэрэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тодорхой байх”-ыг шаарджээ.

           Нэхэмжлэгч ТББ нь “хүрээлэн байгаа орчныг хамгаалах” асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “...сонсох ажиллагаа явуулалгүй байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгож, цаашид энэ төрлийн захиргааны гэрээ байгуулахад сонсох ажиллагаа явуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэдийн зүгээс хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх, уурхай ашиглах дэд бүтэц нь сумын иргэдийн эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх талаар иргэдийн тайлбарыг сонсож, саналыг нь гэрээнд тусгаснаар иргэд хяналт тавих, сөрөг нөлөөлөл хамгийн байх хэлбэрээр уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэж, ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь хэрэгжих, улмаар уул уурхайн үйл ажиллагаа орон нутагт үр ашиг өгөхөөр тусгасан дээрх хуулийн заалт бодит амьдрал дээр хэрэгжих, иргэдийн төлөөлөл хооронд орж ажиллах замаар уул уурхайн үйл ажиллагаанаас эдийн засгийн үр ашгийг бодитоор хүртэх эрх нь нээгдэнэ” гэх зэргээр тодорхойлсон нь маргаж буй асуудлаар хангалттай сонирхол илэрхийлсэн  гэж үзнэ.

           Хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга тус сумын хэмжээнд нийт 24 компанитай Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан үүнээс гуравдагч этгээд “Ф Р” ХХК-ийг оролцуулаад нийт 7 уул уурхайн компани нь Элдэв багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрийн 5 нь нүүрсний, 2 нь нүүрс угааж баяжуулах үйлдвэртэй бөгөөд бүгд нэг замаар буюу нүүрс тээврийн сайжруулсан 22 км орчим шороон замаар тээвэрлэлт хийж төмөр замын 25 дугаар зөрлөг болох тус сумын Олон-Овоо багт буулгадаг, шүүхээс явуулсан үзлэгээр нүүрс тээврийн сайжруулсан шороон зам нь дэржигнүүр ихтэй, олон салаа зам үүссэн, уг замаар явж буй нүүрс тээврийн том тэрэгнээс их хэмжээний тоос манарсан, дуу чимээ ихтэй улмаар гуравдагч этгээд “Ф Р” ХХК-ийн уурхайгаас 1.5 км орчимд байрлах “Штайнколе” ХХК-ийн уурхайгаас нүүрсний хар тоос дэгдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд тэдгээр 7 уул уурхайн компанийн болон нүүрс тээврийн сайжруулсан шороон замын ойролцоо нутагладаг айл өрхийн иргэд, тус Элдэв багийн эрх бүхий албан тушаалтнуудаас авсан мэдүүлгээр уурхай орчмын зарим худаг шандны усны түвшин багассан, уурхайн олборлолт болон нүүрс тээврийн шороон замаас дэгдсэн тоос тоосонцор зэргээс шалтгаалан малын үс ноос, ноолуурын чанарт өөрчлөлт орсон, бог малын зарим дотор эрхтэнг /голдуу уушиг/ хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон, зарим үед уурхайн отвол буюу нүүрсний овоолго шатаж нүүрсний угарын хий ихээр гарснаар түүний ойр орчмын иргэдийн хувьд дотор муухайрах, толгой дүйрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг гэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

           Хариуцагчийн зүгээс дээр тогтоогдож буй нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан тайлбартаа уул уурхайн компаниудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сумаас олгодоггүй, холбогдох мэргэжлийн байгууллага нь хянасны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллагаас олгодог, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэх нь тодорхой, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа сонсох ажиллагаа явуулаагүйгээс эрх нь зөрчигдсөн, хэн нэгэнд шууд болон шууд бусаар хохирол учирсан гэх гомдол санал иргэд, хуулийн этгээдээс төрийн болон холбогдох аль ч шатанд гараагүй, харин ч уг гэрээг яавал хуулийн хүрээнд иргэд, орон нутагт ашигтай байх вэ гэдгийг илүү анхаарч ач холбогдол өгч байгуулсан эерэг нөлөөлөл бүхий акт гэдгийг гэрээнд тусгагдсан зүйл, заалтууд нотолно гэж,

           Мөн “Ф Р” ХХК-ийн хувьд нүүрс угаах баяжуулах үйлдвэр байхгүй,  тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагаас гадна сумаас 3 иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд 2018 онд Олон-Овоо багт 75 хүүхдийн цэцэрлэгийг  шинээр барьж төрд хүлээлгэн өгсөн, 2019 онд уг цэцэрлэгийн гадна тохижилт, ногоон байгууламжийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж цэцэрлэгийн байгууллагад нь бүрэн хүлээлгэн өгсөн гэж маргаж байна.

          “Хамтран ажиллах гэрээ”-тэй холбоотой энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч ТББ-аас тухайн нэг компанитай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-тэй холбогдуулан маргасан, уг гэрээний нэг тал “Ф Р” ХХК –ийн хувьд нүүрс угааж баяжуулдаггүй,  уурхай орчмын нөлөөллийн бүсэд нь тодорхой тооны хэдэн малчин өрх нутагладаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа боловч нэгэнт тухайн орон нутагт уул уурхайн компаниуд нүүрс олборлох, угааж баяжуулах, тээвэрлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд түүний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь уурхайн орчимд нутагладаг хэдхэн малчин өрхөөр хязгаарлагдахгүй хүрээлэн байгаа орчны асуудал учир энэ нь иргэдийн нийтлэг сонирхол буюу нийтийн ашиг сонирхолтой шууд холбоотой юм.

          Түүнчлэн тус гэрээг байгуулсны улмаас бусдад бодитоор учирсан хохирол байхгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд түүнээс үүдсэн сөрөг нөлөөлөл зайлшгүй зэрэг нөхцөл шалтгаанууд байгааг үгүйсгэх аргагүй ч тухайн тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааг явуулж ялангуяа нөлөөллийн бүсийн иргэдэд тухайн гэрээг байгуулах гэж байгаа талаар мэдэгдэж, тэднээс гаргасан тайлбар, саналыг холбогдох гэрээнд тусгах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд тулгараад буй хүндрэл бэрхшээлийг буюу уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон агаарын бохирдол тоос тоосонцор, угарын хий, усны хомсдол, дуу чимээ зэргээс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байжээ.

          Гэтэл хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга захиргааны байгууллага болохынхоо хувьд шийдвэр гаргахдаа ийнхүү хуулиар хүлээсэн сонсох ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж буй иргэдийн цаашилбал уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудын байршиж буй Элдэв болон бусад багийн иргэдийн шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, саналаа гаргах замаар оролцох хуулиар олгогдсон боломжийг хязгаарлаад зогсохгүй цаашлаад иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           Гурав. Нэхэмжлэгч НҮТББ-ын нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

            Нэхэмжлэгч хуулийн этгээд болох 8198691 регистрийн дугаартай “ХХАТ” НҮТББ нь анх 2006 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс “Хүмүүнлэг-Ардчилсан холбоо”, 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс “Хил хязгааргүй алхам хөдөлгөөн”, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс “ХХАТ” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байх бөгөөд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Хөдөөгийн хөгжлийг дэмжих, сурталчлах, нийгэмд шударга ёс хэвшүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, судалгаа хийх, сургалт явуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах”-аар улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан, үүсгэн байгуулагчдын анхдугаар хуралдаанаас /2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн/ баталсан дүрмийн Хоёр. Зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл гэсэн хэсгийн 2.2.6-д “Иргэдийн оролцоотой байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бүх төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн Хоёр: Үйл ажиллагааны чиглэл: гэсэн хэсэгт Эрхэм зорилго: Зорилго: “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бүтээх үйл явцад иргэдийн оролцооны эрхийг хангах, чадавхийг бэхжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө тогтвортой ажиллах явдал” хэмээн тус тус тодорхойлсон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6/9620 тоот албан бичигт “Хил хязгааргүй алхам” НҮТББ 2016-2019 оныг хүртэлх хугацаанд үйл ажиллагааны тайлангаа тус газарт ирүүлсэн” талаар тодорхойлсон  бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус ТББ-ын 2017, 2018, 2019 оны үйл ажиллагааны тайлангаар нотлогдож байгаагаас үзэхэд нэхэмжлэгч НҮТББ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагуудыг хангасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

            Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч ДГА-ийн Д сумын ЗД, гуравдагч этгээд “Ф Р” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” илт хууль бус байх бөгөөд энэхүү илт хууль бус гэрээний улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй онцгой ашиг сонирхол байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           Шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу хэргийн болон бусад оролцогчдод мэдэгдсэн боловч гуравдагч этгээд “Ф Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаснаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “...гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болох”-оор заасныг үндэслэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ба өмнөх шүүх хуралдааныг гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт ирүүлсэнтэй холбоотойгоор хойшлуулж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ДГА-ийн Д сумын ЗД, “Ф Р” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 15/2019 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар “ХХАТ” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.СИЙЛЭГМАА