Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч  И.Ганбат,даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Ганчимэг

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан, 

Улсын яллагч Б.Энэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэл, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

Иргэний нэхэмжлэгч Г.Шинэцэцэг, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Товуудоржийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 201626010835 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 35-63 тоотод оршин суух бүртгэлтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын 101-28 тоотод оршин сууж байсан гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Товуудоржийн Жаргалсайхан /РД:ЧТ73060919/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Яллагдагч Т.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 21-22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 101-28 тоотод байх гэртээ архи ууж согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хамт архи уусан Г.Ганбаатарын баруун мөр, баруун бугалга, цээжин тус газруудад хутгалж бие махбодид нь олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Юуны өмнө хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Санамсаргүй ийм хэрэг болсныг ойлгоно уу. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 дүгээр хороололд ээжтэйгээ хамт байж байгаад тамхи авах гээд гэрээсээ гарсан. Гэтэл том Жаргалсайхан, Ганчөдөр нартай таарсан. Тэд нартай мэнд мэдээд дэлгүүр ороход Дэлгэрбаттай таарсан. Содон хороолол хүргээд өгөөч гэхэд эхлээд миний машиныг тавиад явъя гэсэн. Тэгээд таньдаг дэлгүүрээсээ нэг шил архи зээлээр авсан. Удалгүй том Жаргалсайхан, Ганчөдөр хоёр ирээд Дэлгэрбатын гарааш руу явж байхад Ганбаатар ахтай таарсан. Тэгээд бид нар Дэлгэрбатын гарааш дээр очоод нэг шил архиа уусан. Тэндээсээ Содон хороололд очоод би Ганчөдөрийг нэг шил архи авахуулахаар дэлгүүр рүү гаргасан. Тэр үед талийгаач намайг дуу дуул гэсэн. Би түүний хүсэлтээр хэд хэдэн дуу дуулсан. Урд нь талийгаач бид хоёрын хооронд бага зэрэг үл ойлголцох байдал байсан. Хааяа хамт архи уухаараа “чам шиг” гэж намайг хэлдэг. Түүнийг нь би гаргүй болохоор л ингэж хэлж байна гэж ойлгодог байсан. Тэгээд авч ирсэн архиа ууж дуусаад Дэлгэрбатыг явах гэхэд нь би таксины мөнгө өгсөн. Дэлгэрбат удалгүй яваад өгсөн. Архи ууж байхдаа талийгаачтай машины талаар ярьсан. Хэрэг болохын урд өдөр нь талийгаачийг гудамжинд согтуу хэвтэж байхад нь Ганчөдөр бид хоёр оруулж өгч байсан. Тэр үед талийгаач охиноороо архи авахуулсан. Тэгээд өөрөө унтаад өгсөн. Бид хоёр үлдсэн архийг нь аваад гарсан. Түүнээс болоод уурласан байх. Бид хоёрын хооронд зодоон болохоор маргаан болоогүй. Би тэр хэдийг явж байна гэж бодож байгаад унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад талийгаач намайг нүүр нүдгүй цохиж зодсон. Энэ хэрэг маш бага хугацаанд болсон. Хамгийн сүүлд миний гарт яагаад хутга байсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л хутга байсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 22 цаг өнгөрч байхад цагдаагаас над руу яриад аавыг чинь эмнэлэг рүү аваад явсан. Бие нь муу байгаа, хүнд хутгалуулсан байна гэсэн. Би гэрээсээ гараад эмнэлэг рүү явсан. Намайг очиход аав хагалгаанд орох гэж байсан. Хагалгаанд орох гэж байхад нь аавын хоёр дүүг дуудсан. Аав маань хагалгаанд ороод шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан, гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү ” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Шинэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаачийн ажиллаж байсан байгууллагын хамт олноос нь 1,500,000 төгрөг өгсөн. Мөн дээр нь талийгаачийн тэтгэврийн 2 сарын мөнгө нь орж ирсэн. Бид ажил явдалд зориулж Сарангэрэлээс 100 төгрөг ч аваагүй. Сарангэрэл талийгаачийн ажил явдалд ч оролцолгүй алга болсон. Оршуулгын зардлыг би өөрөө гаргасан. Баримтаар 5,579,720 төгрөг байгаа. Баримтгүй 3,130,000 төгрөг байгаа. Нийт 8,709,720 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.

 

Гэрч Г.Ганчөдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Жаргалсайхан манайд ирж “шартаад байна, ганц юм уучихъя” гээд бид 2 дэлгүүрээс 0.5 граммын, 1 шил архи аваад Отгонбаярыг дуудаад, Жаргалсайханы машин дотор уг архийг хувааж уугаад, ахиад 0.75 граммын архи аваад тэндээ хувааж уусан. Тэгээд Отгонбаяр ах яваад өгсөн ба Ганбаатар ахыг гадаа явж байхаар дуудаж уулзаад ахиад 0.75 граммын архи аваад “Содон хорооллын 101 дүгээр байрны 28 тоотод байрлах Жаргалсайханы байр эзэнгүй байгаа гэхээр нь тэнд очиж тэр архийг уучихаад, дахиад 0.75 граммын архи авч түүнийгээ хувааж уугаад сууж байтал Жаргалсайхан, Ганбаатар 2 юунаас болсон нь тодорхойгүй хоорондоо муудалцаад, бие биенийгээ хараагаад байхаар нь би “одоо боль” гэж хэлчихээд 00 ороод гараад ирсэн чинь шалан дээгүүр нэл цус болчихсон, Ганбаа ах шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь “яасан бэ, гайгүй юу” гээд очоод дээш нь харуулахад “гайгүй ээ” гэхээр нь би түргэн дуудсан. Тэгээд Жаргалсайхан ахыг “та яаж байгаа юм бэ” гэхэд “наад муу чинь өөрөө эхлээд өдөөд байсан шүү дээ” гэсэн. Тэнд бид 3 байсан ба Жаргалсайхан ах хутгалсан нь тодорхой. Тэгээд 103 удалгүй ирсэн, бас цагдаа нар ирсэн. Тэгээд үзлэг шалгалт хийгээд, Жаргалсайхан ахыг цагдаа аваад явсан. Тэр 2-ын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байгаагүй” гэжээ. /хх-51-52-р тал/

 

Гэрч Г.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байсан байх орцноосоо гараад явж байгаад Гангаа /Ганчөдөр/-тэй таараад, юм яриад зогсож байхад Жаргалсайхан гарч ирээд Дэлгэрбаттай уулзаж байгаад бид 2 дээр ирээд Жаргалсайхан, Гангаа 2 дэлгүүрээс архи аваад, машинд суугаад хөдлөхөд Ганбаатар /талийгаач/ 26 дугаар байрны хажуугаар алхаад явж байсан чинь Жаргалсайхан дуудаж машинд суулгаад Дэлгэрбатын машины гарааш дээр ирээд Жаргалсайхан, Гангаа, Ганбаатар, Дэлгэрбат нар гадаа 1 шил архи хувааж уусан. Би уг архинаас уугаагүй учир нь машин жолоодоод “Содон” хорооллын Жаргалсайханы гэрт очсон. Жаргалсайхан мөнгө өгөөд Гангааг архинд гаргаж 0.75 граммын архи авчирсныг бүгд хувааж уугаад сууж байхдаа Жаргалсайхан “байраа түрээслүүлэх гэж байгаа” талаар яриад Эхний архи дуусахад Дэлгэрбат яваад, Жаргалсайхан дахин мөнгө гаргаад Гангааг архинд явуулахад 0.75 граммын архи авчирч задлаад Жаргалсайхан, Ганбаатар, Гангаа бид 4 ууж байхдаа Жаргалсайхан согтож агсам тавих гээд Ганбаатарыг “муу хошного, лалар, пизда, наахуу” гэх мэт үгээр хэлээд дайраад байсан. Жаргалсайхан Ганбаатар луу дайрч агсам согтуу тавьж байхад Ганбаатар ямар нэгэн юм хэлэлгүй “залуу хүн байж яасан муухай үг хэлдэг юм, больж үз” гээд суугаад байсан. Энэ үед надад эвгүй санагдаад, би босоод Ганбаатарыг “явъя” гэж хэлээд гарнаас нь татаж босгоод үүдэнд тайлсан байсан гутлаа өмсөөд үдэж байхад Гангаа ариун цэврийн өрөө рүү орж байх шиг байсан. Харин би хаалганы гадна хүлээж байхдаа хаалгыг онгорхой байлгаж байтал Гангаа “яанаа хатгачихсан байна ш дээ” гэхээр нь буцаад ортол Ганбаатар том өрөөний хивсний захад доош хараад, 4 мөчөө тэлсэн байдалтай хэвтэж байсан ба хаанаас гараад байгааг мэдэхгүй, их хэмжээний цус гарч дуугарахгүй хэвтээд байсан. Жаргалсайхан том өрөөнийхөө цонхны харалдаа их гэмшсэн байдалтай сууж “би яана аа” гээд байсан. Тэгээд Жаргалсайхан гэнэт сэргээд, гар утсаа Гангаад өгөөд “түргэн дууд” гээд түргэн дуудсан. Тухайн үед унтсан хүн нэг ч байхгүй.Жаргалсайхан Ганбаатар руу дайраад байхаар нь би голоор нь орж хэрүүлийг зогсоогоод шууд Ганбаатарыг авч гарахыг завдсан. Тэгэхээр энэ хугацаанд унтах боломж байгаагүй. Учир нь маш хурдан хугацаанд болсон. Тухайн үед Ганбаатар Жаргалсайханы нүүрэнд цохиогүй. Ганбаатар хүний өөдөөс гар далайх хүн биш юм” гэжээ. /хх- 56-59-р тал/

 

Гэрч Б.Мөнх-Од мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 54 минутад “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт хүмүүс архидаад, зодолдоод байна” гэсэн дуудлага Цэрмаа гэх хүнээс ирсэн гэхээр нь яаралтай очиход орцны жижүүр эмэгтэй “28 тоотод хүмүүс зодолдоод байх шиг байна” гэхээр нь уг тоотод ороход 40 гаруй насны 3 залуу байсан ба 1 нь байрны том өрөөний шалан дээр доошоо хараад, хувцас нь нэл цус болсон байдалтай хэвтэж байсан. Харин өрөөний хоймор хэсэгт хиймэл баруун гартай, халзан толгойтой залуу газар завилаад доошоо хараад суусан, өрөөнд байрлах ширээний орчим сандал дээр мөн 1 залуу сууж байсан. Газар унасан, хувцас нь цус болсон залуу амьд байсан боловч юм ярих чадваргүй, баруун гарын булчин, цээж хэсгээс нэлээн цус гарч тогтсон байдалтай болохоор нь яаралтай түргэн тусламж дуудсан. Харин нөгөө 2 залуугаас “хэн газар хэвтэж байгаа залууг ийм байдалтай болгосон”-ыг асуухад гаргүй, халзан залуу доошоо хараад суугаад байсан, сандал дээр сууж байсан залуу нөгөө халзан залуу руу толгойгоороо “энэ тэгсэн” гээд байгаа бололтой заагаад байсан. Дээрх 28 тоотод байсан хүмүүс нэлээн халамцуу, бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Том өрөөний хана зэрэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон, шалан дээр хэвтэж байсан хүн хутгалагдсан гэхээр байдалтай байсан” гэжээ. /хх-60-р тал/

 

Гэрч Л.Ундрахмөрөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 54 минутад “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт хүмүүс архидаад, зодолдоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиход 28 тоот айл нь 2 өрөөний зохион байгуулалттай байр байсан ба том өрөөний шалан дээр доошоо харж хэвтсэн, их хэмжээний цус алдсан бололтой хувцас нь цус мэт зүйлээр бохирлогдсон, 45 орчим насны эрэгтэй байсан. Мөн өрөөний хоймор хэсэгт халзан толгойтой, хиймэл баруун гартай, 40-45 орчим насны эрэгтэй хүн завилж суусан, ширээний ойролцоо сандал дээр Ганчөдөр гэх залуу сууж байсан. Тухайн үед яаралтай түргэн тусламж дуудахад газар хэвтэж байсан хүн юу гээд байгаа нь мэдэхгүй дуу авиа гаргаад байсан. Нөгөө 2 хүнээс “юу болсон” талаар асуухад халзан толгойтой хиймэл гартай хүн дуугараагүй, доошоо тонгойгоод, тамхи татаад суугаад байсан. Харин Ганчөдөр гэх хүн юм дуугараагүй, толгойгоороо халзан залуу руу “тэр ийм болгосон” гээд дохиод байсан. Удалгүй түргэн тусламжийн эмч ирээд газар цус алдсан байдалтай байсан хүнийг үзээд “шарх нь уушгиндаа нэвтэрсэн байна” гэж хэлээд цэргийн эмнэлэг авч явсан. Хэрэг болсон газар байсан Ганчөдөр гэх залуу, халзан залуу, газар хэвтэж байсан хүн бүгд согтууруулах зүйл хэрэглэсэн болох нь илт мэдэгдэж байсан” гэжээ. /хх-62-р тал/

 

Гэрч С.Дэлгэрбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын үед би гэрийнхээ гадаа автомашины зогсоол дээр бага Жагаатай таарахад бага зэрэг халамцуу байдалтай надад “та миний машинаар намайг Содон хороолол хүргээд өг, буцах таксины мөнгийг чинь өгье” гэж гуйхаар нь би түүнд зөвшөөрөөд бага Жагаа, том Жагаа, Ганчөдөр, талийгаач Ганбаатар нартай 0.5 литрийн 1 шил архитай ирээд уухад би уугаагүй. Тэгээд архиа дуусгаад бид нар бага Жагаагийн машинтай “Содон” хороололд 18 цаг өнгөрч байхад ирээд бага Жагаа Ганчөдөрт мөнгө өгч явуулахад 0.75 литрийн 1 шил архи авчираад надад хийж өгөхөөр нь би 1 татчихаад дахиж уугаагүй. Тэгээд би тэднийхээс явах гэхэд бага Жагаа “та байж бай, Ганчөдөр, Ганбаатар, том Жагаа нартай явчих” гэхээр нь хүлээхэд тэр 4 дахин 1 шил архи авахаар нь би ажилтай байсан учир тэднийхээс гарч явсан. Намайг байхад тэд нар хоорондоо муудалцаж маргаагүй, хоорондоо янз бүрийн зүйл ярьж, дуу дуулцгааж байсан” гэжээ. /хх-64-р тал/

 

Гэрч Ц.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед гэртээ амарч байхад манай хөрш айл болох 28 тоотод хүмүүс маргаад, пижигнээд зодолдоод байх шиг болохоор нь хаалгыг тогшиход 45 орчим насны, бордуу царайтай залуу хаалгаар шагайхаар нь би “та нарын наад дуу чимээнээс болоод амарч чадахгүй байна” гэхэд тэр залуу “за ойлголоо” гэж хэлчихээд хаалгаа хаасан. Тэгээд буцаж гэртээ ороод дахиад дуу гараад байхаар нь би байрны жижүүрт “хүмүүс архидаад, зодолдоод байна” гэж хэлсэн. Надад хаалга онгойлгож өгсөн хүнд хүнтэй зодолдсон шинж харагдаагүй. Ямар ч байсан хөрш айлын хүмүүс архидаад байгаа бололтой орилоод, дуулаад байснаа сүүлдээ пижигнээд байсан” гэжээ. /хх-ийн 67-р тал/

 

Гэрч Б.Цэрмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үйлчлэгчийнхээ өрөөнд байхад манай байрны 27 тоотод байдаг эмэгтэй 21 цаг 30 минутын орчим орж ирээд “манай хажуугийн 28 тоотод хүмүүс зодолдоод байх шиг байна, цагдаа дуудаач” гэхээр нь өөрийнхөө утаснаас цагдаа дуудахад удалгүй цагдаа ирсэн” гэжээ. /хх-68-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 669 тоот актад:

Талийгаач Ганбаатарын цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун, мөр, баруун бугалганд булчин зөөлөн эдэд нэвтэрч гүрээний хураагуур судас, баруун бугалганы хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, голтын эрхтэнд цус хуралт, цээжинд шарх, бүсэлхий, баруун хацар, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Талийгаачийн биед учирсан шарх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Талийгаач нь гүрээ болон бугалганы хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ.

Талийгаачийн цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь дунд зэргийн согтолтыг илэрхийлнэ.

Талийгаач 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02 цаг 55 минутад нас баржээ.

Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжыг зохих журмын дагуу хийсэн ч амь насыг аврах боломжгүй байсан байна” гэсэн дүгнэлт /хх-76-81-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжилгээ хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3047 дугаартай

Т.Ганбаатарт гэж хаягласан цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харъяалалтай байна гэсэн дүгнэлт/хх-ийн 82-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжилгээ хийсэн 20163 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3046 дугаартай

Шинжилгээнд ирүүлсэн Ганбаатарын гэх цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн” гэсэн дүгнэлт /хх-61-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээ хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн М/141 дугаартай

“Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороолол 101-28 тоотод хүн хутгалуулсан” хэргийн газраас бэхжүүлж ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд нь павилон санд бүртгэгдсэн Товуудоржын Жаргалсайханы зүүн гарын долоовор хурууны хээгээр үүссэн байна” гэсэн дүгнэлт /хх-86-89-р тал/

Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 508 дугаартай

Жаргалсайхан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /хх-ийн 139-140-р хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн хамт /хх-7-13/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-17/, амь хохирогчийн өвчний түүх /хх-28-41/, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх-42/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-169/  ял шийтгэлийг шалгах хуудас /хх-143/ хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-170-172/, оршуулгын зардалтай холбоотой хохирлын баримтууд /хх-186-199/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцлээ.

Прокуророос шүүгдэгч Т.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 21-22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 101-28 тоотод байх гэртээ архи ууж согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хамт архи уусан Г.Ганбаатарын баруун мөр, баруун бугалга, цээжин тус газруудад хутгалж бие махбодид нь олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Учир нь:

Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2016.04.04-ний өдөр шүүгдэгч Т.Жаргалсайхан, амь хохирогч Г.Ганбаатар, Г.Жаргалсайхан, Г.Ганчөдөр нар нь архи ууж согтуурсан үйл баримт хэрэгт тогтоогдож байна.

 

Тухайн хэрэг учрал болсон талаар гэрч Г.Ганчөдөрийн “...Жаргалсайханы байр эзэнгүй байгаа гэхээр нь тэнд очиж тэр архийг уучихаад, дахиад 0.75 граммын архи авч түүнийгээ хувааж уугаад сууж байтал Жаргалсайхан, Ганбаатар 2 юунаас болсон нь тодорхойгүй хоорондоо муудалцаад, бие биенийгээ хараагаад байхаар нь би “одоо боль” гэж хэлчихээд 00 ороод гараад ирсэн чинь шалан дээгүүр нэл цус болчихсон, Ганбаа ах шалан дээр доошоо хараад хэвтэж байсан” гэх мэдүүлгийг /хх-51-52-р талд/,

 

Гэрч Г.Жаргалсайхан “...Жаргалсайхан Ганбаатар руу дайрч агсам согтуу тавьж байхад Ганбаатар ямар нэгэн юм хэлэлгүй “залуу хүн байж яасан муухай үг хэлдэг юм, больж үз” гээд суугаад байсан. Энэ үед надад эвгүй санагдаад, би босоод Ганбаатарыг “явъя” гэж хэлээд гарнаас нь татаж босгоод үүдэнд тайлсан байсан гутлаа өмсөөд үдэж байхад Гангаа ариун цэврийн өрөө рүү орж байх шиг байсан. Харин би хаалганы гадна хүлээж байхдаа хаалгыг онгорхой байлгаж байтал Гангаа “яанаа хатгачихсан байна ш дээ” гэхээр нь буцаад ортол Ганбаатар том өрөөний хивсний захад доош хараад 4 мөчөө тэлсэн байдалтай хэвтэж байсан” /хх- 56-59-р тал/ гэх  мэдүүлгийг өгсөн нь тухайн үеийн үйл явдалыг харах боломжгүй байжээ.

 

Гэтэл хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гэрч Ц.Батцэцэг “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед гэртээ амарч байхад манай хөрш айл болох 28 тоотод хүмүүс маргаад, пижигнээд зодолдоод байх шиг болохоор нь хаалгыг тогшиход 45 орчим насны, бордуу царайтай залуу хаалгаар шагайхаар нь би “та нарын наад дуу чимээнээс болоод амарч чадахгүй байна” гэхэд тэр залуу “за ойлголоо” гэж хэлчихээд хаалгаа хаасан” гэх мэдүүлгээс үзвэл тухайн үед хэрүүл зодоон болсныг гэрчилж байна.

 

Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь баруун гараа тайруулсан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын шийдвэрээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Жаргалсайханы биед гэмтэл тогтоогдоогүй ч түүний биед зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон талаар шинжээчийн №4788 тоот дүгнэлтэд дурдсан байна.

Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь мөрдөн байцааалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Нэг ухаан ороход намайг хоёр хацар руу цохиод байхаар сэргэтэл Ганбаатар ах миний урд гараа зангидаад зогсчихсон намайг цохиж байсан, тэгэхэрээ миний уур хүрээд зүүн гартаа барьсан хутгаараа 2-3 удаа хатгачих шиг болсон” гэх мэдүүлгийг өгчээ.

 

Иймд дээрх хэргийн нөхцөл байдлын талаар хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд  болон, шинжээчдийн дүгнэлтүүдийг үнэлж, Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг удирдлага болгон шүүгдэгч Т.Жаргалсайханыг шалтаг шалтгаангүйгээр, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэснийг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан харицлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.      

 

 “Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдэлийг хамааруулна.” гэж Улсын дээд шүүх тайлбарлажээ. Олон тооны шарх учруулсан хэрэг болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Жаргалсайхан өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж, санаатайгаар үйлдсэн гэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /талийгаачийг оршуулахдаа холбогдон гарсан зардал/-д баримтаар гарсан зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.600.000 төгрөгийг төлсөн байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Г.Шинэцэцэг нь талийгаачийг оршуулахдаа холбогдон гарсан зардалд 5.579.720 төгрөг болон баримтгүйгээр 3.130.000 төгрөгийг нийт 8.709.720 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүх хэрэгт цугларсан баримтаар 5.600.000 төгрөгийг төлсөнд тооцож, харин баримтгүйгээр нэхэмжилсэн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Жаргалсайханд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, 56.1.10-т согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөлд, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 69 хувиар тогтоосон байх тул түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, 0.75 литрийн “Хараа” архины шил 2 ширхэг, дөрвөлжин шоон хээтэй улаан эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хагас ханцуйтай фудволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн ботинк 1 хос, бор өнгийн оймс 1 хос, хөх өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амь хохирогчийн өмсөж байсан гэх хар хөх өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн марль 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн фудволж 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэлийн хүсэлтээр буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.