Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1975

 

     “С к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01503 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.А, М.А нарт холбогдох    

Зээлийн гэрээний үүрэгт 10 198 135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л

Хариуцагч Х.А-ийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч "С к БСББ" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А нь өөрийн төрсөн охин М.А байгууллагын хөрөнгөнөөс хууль бусаар авч зарцуулсан 22 900 000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцож 20 000 000 төгрөгийг нь тухайн үедээ төлсөн. Нэгэнт төлбөрийг барагдуулж эхэлсэн тул тэдний гуйлтын дагуу цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл М.А өөр зээлдэгч нараас бэлнээр хүлээн авсан 2 653 330 төгрөгийг хувьдаа авч завшсан нь дахин баримтаар тогтоогдсон, цагдаагийн байгууллагаар шалгуулах үед Х.А нь өмнөх үлдэгдэл 2 900 000 төгрөг, шинээр илэрсэн дутагдал 2 653 330 төгрөг нийт 5 553 330 төгрөгийн төлбөрийг 1 жилийн хугацаанд хуваан төлөхийг хүссэний дагуу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 5 553 330 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр төлөхөөр ЗГ-80 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт  зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд байгуулагдсан бөгөөд төлбөл зохих төлбөрийг төлөх тодорхой хугацааг Х.А-ийн хүссэнээр олгож, түүнийхээ хариуд хүү авахаар харилцан тохиролцсон, талууд сайн дурын үндсэн дээр байгуулж, гэрээг хүлээн зөвшөөрсөн хэлцэл учир зээлийн гэрээгээр олгох мөнгийг олгосонтой адил болно.

Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно" гэж заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, мөнгийг зээлдэгчид өмнө нь хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцогдох юм. Иймд Х.А-ээс үндсэн зээл 5 553 330 төгрөг, хүү 3 870 671 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 774 134 төгрөг нийт 10 198 135 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүү гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр мөнгө шилжүүлэн аваагүй. Охин М.А "С к ББСБ"-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 22 900 000 төгрөгийн дутагдал гаргасан гэдэг бөгөөд миний бие тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй, охиныг маань айлган эрүүгийн хэрэгт шалгуулж байсан зэргээс шалтгаалан зээлийн гэрээ байгуулж хүүгийн хамт ББСБ-д төлж, гэрээний үлдэгдэл төлбөр 2 900 000 төгрөгийг төлөөгүй. Гэтэл "С к ББСБ"-аас охин М.А-г байгууллагын хөрөнгөнөөс хууль бусаар авч зарцуулсан 2 653 330 төгрөгийг төл гэж үндэслэлгүйгээр ямар нэг нотлох баримтгүйгээр охин бид хоёроос нэхэж, цагдаад дахин өгнө гэх мэтээр дарамталсан. Нэхэмжлэгч 2 653 330 төгрөгийг нэмж нийт 5 553 330 төгрөг төлүүлэхээр зээлийн гэрээ байгуулахыг шаардаж, хуулийн мэдлэггүйг далимдуулан гарын үсэг зуруулсан.  Уг гэрээ Иргэний хуульд заасан зээлийн гэрээ биш учир хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. М.А ямар хохирол, яаж гарсныг мэдэхгүй байгаа бөгөөд хохирлыг хүлээн зөвшөөрч байгаагүй. Үүнээс гадна тус байгууллага охин М.А-ийн дээд сургууль төгссөн дипломыг өгөхгүй барьцаалж байгаа бөгөөд үүнээс өөр ажилд орж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлйин 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.А, М.А нараас 10 198 135 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч "С к ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2017 оны 7 дугаар еирын 6-ны өдрийн шүүх хуралдаанд 25 хуудас баримт гаргаж өгснийг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэж байна. Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан баримтууд байсан. Төрийн байгууллагаас гаргаж өгсөн "Хуулбар үнэн" тэмдэгтэй баримтыг нотариатаар батлуулах шаардлагагүй, боломжгүй юм. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагатай нотлох баримтаа Сонгинохайрхан дүүргийн Прокурорын архиваас гаргаж өгсөн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд М.А-д холбогдох эрүүгийн хэргээс М.А-ийн өгсөн мэдүүлэг, бусад холбогдох баримтыг өөрөө олж авах боломжгүй тул нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “С к ББСБ” ХХК хариуцагч Х.А, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 198 135 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

          Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч  “С к ББСБ” ХХК нв тус байгууллгад нягтлан бодогчоор ажиллаж байсан М.А нь зээлдэгч нараас 2 653 330 төгрөгийг бэлнээр хүлээн авч, завшсан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах үед эх  Х.А түүний өмнөх төлбөрийн үлдэгдэл 2 900 000 төгрөг, шинээр илэрсэн дутагдал 2 653 330 төгрөгийн хамт нийт 5 553 330 төгрөгийн төлбөрийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй төлөхөөр төлөхөөр  2015 оны 06  дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан  үйл баримт тогтоогдсон байна.

        Хариуцагч нар мөнгө бэлнээр аваагүй байхад  айлгаж дарамтлан гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ байгуулагдаагүй учир хүү, нэмэгдүүлсэни хүү төлөхгүй гэж маргажээ.

         Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас М.А-д холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлт, түүнчлэн 25 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд уг хүсэлтүүдийг тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШТ2017/00202 дугаар тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэлд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 25 хуудас нотлох баримт гаргаж өгснийг буцаав” гэж заасан байх тул үүнийг хэргээс нотлох баримт хассан гэж үзэх үндэслэлтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримт хасах тохиолдолд хэргийн оролцогч энэ талаар гомдол гаргах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар олгосон байна.

Мөн хариуцагч Х.А-ээс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр С.А-ийн дээд боловсролын диплом гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ажиллагаа хийсэн нь тодорхойгүй буюу хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн зохигчдын тайлбараар нэхэмжлэлийн шаардлагад өмнөх өр төлбөрийн асуудлаар зээлийн гэрээ байгуулагдсан, энэ нь өмнө үүссэн гэм хорын хохирлоо зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн эсэх, хэрэв шилжүүлсэн бол банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаатай холбоотой зээлд хамаарах эсэх нөхцөл байдлууд буюу нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасуай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА