Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0266

 

Д.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.М-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүлжүүлэх байрны цагдаагийн ээлжид гараад маргааш өглөө 10 цагт буусан. Ээлж хоорондын хугацаа 48 цаг байдаг. Намайг ээлжид гараагүй амарч байхад 2013 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагт надтай хамт ажилладаг жолооч цагдаа О.Х ирээд “Түргэн дуудаад байна, хурдан явъя” гэсэн. Дуудагдаад очиход Цагдаагийн ерөнхий газраас ирсэн гэх хүн жагсаалын үзлэг хийж байсан ба намайг согтуу байна гэж Ховд аймгийн Цагдаагийн газрын боловсон хүчин хариуцдаг дэд дарга харьж амар гэсэн.

Би хэдийгээр цагдаагийн албан хаагч боловч ээлжгүй, албан үүргээ гүйцэтгэхгүй үедээ гэртээ пиво уусан нь хүний эрхийн асуудал гэж ойлгож байна. Харин албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

Иймд Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Эрүүлжүүлэх байрны цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

-

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Манхан сумын иргэн Д.М нь тус Цагдаагийн газарт 2013 оны 04 дүгээр сарын 09- ний өдрөөс Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар томилогдон ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Цагдаагийн газрын ажлыг иж бүрэн шалгах явцад Ц-111 дуудлагаар албаны бэлэн байдлыг шалгаж, түргэн цугларалт зарлахад согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үндэслэлээр Цагдаагийн газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар албанаас дутагдлаар халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураасан байна.

Д.М-н гаргасан нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэсэн нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн явдал юм гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10, 32 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Д.М-г тус цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Цагдаагийн газрын санхүүгээс 6679855 /зургаан сая зургаан зуун далан есөн мянга найман зуун тавин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд иргэн Д.М-н гаргасан нэхэмжлэлийн хариуцагч, Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Б.Г миний бие Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй танилцаж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Цагдаагийн газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаал гаргахдаа “Цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 19 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэм, хэмжээнд тохирч байх ёстой...”, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4.5-д “.... Ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж

 

 

 

Ж

 
   


явахдаа болон дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэж шийдвэр гаргасан байна.

 

Д.М нь амарч байх хугацаандаа, гэртээ, дүрэмт хувцасгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн боловч албаны бэлэн байдлыг шалгах үед согтуурсан үедээ цагдаагийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

“Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 11-д “Ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх” гэсэн заалт нь архидан согтуурсан үедээ цагдаагийн дүрэмт хувцсыг хэрэглэж болно гэсэн утга санааг илэрхийлээгүй ба харин Цагдаагийн алба хаагчийг иргэдэд үйлчлэхдээ, албан үүргээ гүйцэтгэхдээ, цагдаагийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтуурсан байхыг хориглосон заалт болов уу гэж үзэж байна.

2. “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 19 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэм, хэмжээнд тохирч байх ёстой” тухай заасан заалтыг зөрчиж Цагдаагийн газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг гаргасан гэж үзсэн байна. “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 20 дугаар зүйлд гаргасан зөрчил нь эргүүл жижүүрлэгчийн үе болон согтуурсны улмаас, эсвэл бүлэглэн үйлдсэн байвал шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болно” гэж заасан байна. Д.М нь албаны бэлэн байдлыг хангаагүй, түргэн цугларалтаар хоцорсон, алба хаагчаар гэрээс нь дуудуулсан, согтуурсан үедээ дүрэмт хувцас хэрэглэсэн, цаашид үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан зөрчил нь согтуурсны улмаас үйлдсэн байх тул хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн үүссэн байна. Иймд Цагдаагийн газрын дарга 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг гаргахдаа “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 19 дүгээр зүйлийг зөрчөөгүй, харин энэхүү заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэгч Д.М-н “Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Албанаас халах тухай” Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга маргаан бүхий 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын

 

 

 
   


даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг тус Цагдаагийн газрын үйл ажиллагааг иж бүрэн шалгах явцад Ц-111 дуудлагаар албаны бэлэн байдлыг шалгах түргэн цугларалтад согтууруулах ундааны зүйл. хэрэглэн ирж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-г Хэв журмын тасгийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэд ахлагч цолыг нь хураасан байна.

 

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.3-т “Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халж, цолыг хураах үндэслэл болно”, 4.4, 4.4.5-т “Ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх” ёс зүйн хэм хэмжээг цагдаагийн алба хаагч дагаж мөрдөхөөр заасан.

Нэхэмжлэгч Д.М нь 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүлжүүлэх, баривчлах байрны эргүүлээр ажиллаад, ажлаасаа бууж, Цагдаагийн ерөнхий газрын иж бүрэн шалгалт хийх үед буюу 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө албан үүрэг гүйцэтгээгүй буюу ажлын цагаар, ажлын

байранд бус, амралттай, гэртээ байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Ч.Б, Х.Ц, Ж.Д нарын мэдүүлэг, Ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилолт зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх “Д.М нь ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай байх үедээ бус гэртээ, жижүүрийн амралттай байсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 19-д “Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээнд тохирч байх ёстой” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Д.М-н ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгээгүй байхдаа согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа дүрэмт хувцас өмссөнийг ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актаар түүнд ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж, гэм буруугийн хэмжээнд тохироогүй талаар анхан шатны шүүх "... зөрчлийг ноцтойд тооцож, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

 

 

 
   


Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.М нь албаны бэлэн байдлыг хангаагүй, түргэн цугларалтаар хоцорсон, алба хаагчаар гэрээс нь дуудуулсан, согтуурсан үедээ дүрэмт хувцас хэрэглэсэн, цаашид үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан зөрчил нь согтуурсны улмаас үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн үүссэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Д.М нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу эргүүл жижүүрийн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байхад “архидан согтуурсан үедээ цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, хэрэглэсэн” гэж буруутгаж, улмаар уг зөрчлийг нь хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, түүнчлэн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн түргэн цугларалтад дуудсан ирцийн бүртгэлд Д.М-г дуудсан болон түүний ирсэн цаг нь “00.45”[1] гэж тус тус тэмдэглэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “түргэн цугларалтад хоцорсон” гэж маргаж байгаа нь баримтаар тогтоогдохгүй, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 20-д заасан хүндрүүлэх нөхцөл үүсээгүй байна.

Иймд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

                    ШҮҮГЧИД                                                 Э.ЗОРИГТБААТАР

 

                                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

[1]Хавтаст хэргийн 36 дахь тал