Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00022

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1138 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Ч.Бм-, Б.А- нарт холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б-, өмгөөлөгч О.С, хариуцагч Ч.Бм-, хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 хороолол 13-78 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцандаа ганцаараа амьдардаг байсан. Тухайн үед байрандаа байхад өвчний улмаас нойр хүрдэггүй, их зовиур шаналгаатай, ганцаараа байж чадахгүй байсан тул ахдаа Хас банкинд зээлтэй байгаа, тэрийг та төлөөд манай байранд суу гэж бид хоёр тохиролцсон. Тэгтэл эхнэр нь удалгүй ирсэн гэж дуулдсан. Тэгээд байж байтал ах маань том хүүдээ байрны урьдчилгаа хэрэгтэй байна, байрыг чинь худалдаж авч байгаа мэтээр гэрээ хийж банкнаас зээл авъя гээд 23.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд мөнгийг нь ах, бэр хоёр аваад хот явсан. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Ахыг байрандаа байгаа гэж бодож байтал саяхнаас уг байрандаа байхгүй, мөн охиноо өмчлөгчөөр оруулсныг мэдлээ. Энэ талаар ахтайгаа уулзаж асуухад байрыг чинь өгнө өө гэдэг. Иймд би байраа огт худалдаагүй, ахаас байрны мөнгө гэж ер аваагүй, тэрээр байрны урьдчилгаа мөнгө олж өгөх гэж надтай дүр үзүүлэн гэрээ хийсэн. Иймд бидний хооронд байгуулсан гэх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон, орон сууцны өмчлөх эрхийг сэргээн, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ч.Б-ын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Б- намайг нэг өдөр дуудаж би танд байраа бэлэглэе гэсэн, ах дүү нар ч хэлсэн дүү чинь чамд байраа өгч байна гэсэн, 2008 оны 05 дугаар сард би байрандаа орсон өөрөө түлхүүрийг нь өгч оруулсан, 2008-2010 он хүртэл би байранд байсан, энэ байр миний эзэмшилд байсан гэж би бодсон, гэтэл Ч.Б- байрыг зээлд тавьсан байсан, тавихдаа 2008 оны 06 дугаар сард эхнэр маань 2,3 удаа урагшаа явж барилгын материал авчирч байранд засвар хийсэн хаалганаас эхлээд бүгдийг сольсон. Тэгээд байрыг банкны зээлд тавьсан. Гэтэл Ч.Б- байрыг банканд үзүүлээд 2008 онд өндөр хүүтэй зээлийн барьцаанд тавьж зээл авсан байсан. Зээлийг төлж байгаад дараа нь төлөхгүй орхиод Дашням гэдэг хүн төлсөн байгаа, тэр хүнийг би танихгүй, дараа нь манай дүү Ч.Баярцэнгэл төлсөн. 2010 онд миний дүү Ч.Баярцэнгэл манай эхнэр лүү утасдаж банк энэ байрыг зээлийн төлбөрт авах гээд байна гэсэн, эхнэр бид 2 энэ байрны зээлийг төлж авъя гээд зээлийг төлсөн. Манай хүүхэд оюутан, би 2 банканд зээлтэй байсан. Нэгэнт бидний эзэмшилд байгаа юм чинь зээлийг төлье гэхэд Ч.Б- зөвшөөрсөн хэн ч албадаагүй, зээлийг хамт очиж хаагаад гэрээ хийсэн, худалдах-худалдан авах гэрээ хийсэн. 2010 онд зээлд 3, 4 сая төгрөг бараг төлсөн. Бид 2010 онд худалдах-худалдан авах гэрээ хийж мөнгийг авсан баримт нь байгаа, албан ёсоор гэрээ хийж 2010 онд өөрийн эзэмшилд аваад охиноо хамтран өмчлөгчөөр оруулсан. 1 өрөө байрыг тухайн үеийн үнэлгээгээр 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Баримт нь байгаа тиймээс би байраа охиндоо 2 өрөө байр авахын тулд Монгол банканд барьцаанд тавьж зээл авсан 9.000.000 төгрөг байршуулсан, 14.000.000 төгрөг зээлсэн, худалдах-худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн, нотариат дээр очиж энэ гэрээг хийсэн бөгөөд гэрээ хийхэд Ч.Б-, Ч.Бм-, Б.А- бид гурваас өөр хүн байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж байгаа бөгөөд миний өмчлөх эрх хөндөгдөж байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын согоот баг 6 дугаар хороолол 13-р байрны 78 тоот 1 өрөө байрны хамтран өмчлөх эрхийг намайг шударгаар олж авсан, дээрх орон сууцны шударга хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Бм- нь өөрийн охиныг хамтран өмчлөгчөөр оруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.3-т зааснаар Амалиг хариуцагчаар татан оролцуулсан байгаа,үүнийгээ охиндоо байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд хамтран өмчлөгчөөр оруулсан гэж Ч.Бм- тайлбарладаг. Үүнээс үндэслэн хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүх санаачлагаараа хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэгчийн зүгээс Б.А-д холбогдуулан шаардлага гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1138 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан Ч.Б-, Ч.Бм- нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Ч.Бм-гаас 45.166.327 төгрөгийг гаргуулж Ч.Б-д олгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.А-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 110.831 төгрөг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ч.Бм-гаас улсын тэмдэгтийн хураамжид 383.781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.950 төгрөг, хариуцагч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Баянжаргалын хариуцагч Ч.Бм-, Б.А- нарт холбогдуулан гаргасан 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байхыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоот 6 дугаар хорооллын 13-78 тоот байрны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3--т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 383.781 төгрөгийг, төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч Ч.Бм-д намайг байраа түр эзэмшүүлж байгаад дараа 2010 онд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 23 сая төгрөгийг Ч.Бм-д өгсөн гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогдоогдохгүй байна гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэхдээ зөвхөн хариуцагч Бяармагнай, түүний өмгөөлөгч М.Ганзориг гэгч болон, гуравдагч этгээдийн төлөөлөгч Баярмагнайгийн тусдаа амьдардаг эхнэр М.Энхтуяагийн хэлсэн үг, тайлбарт автаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан “...хэргийг бүхэлд нь хянана...” гэсэн хуулийн заалтыг зөрчлөө. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох талуудын диспозитив болон мэтгэлцээний зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг харин ч давж заалдах шатны шүүх өөрсдөө хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1; 40.2; 40.3 дах заалтуудыг зөрчиж, хуулийн өмнө тэгш байх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, 1 талд илтэд үйлчилсэн үндэслэл муутай дүгнэлт хийлээ. Давж заалдах шатны шүүх 23 сая төгрөгийг Ч.Бм- надад өгөөгүйг сүүлд өмгөөлөгч гэх Ганзоригийн хүсэлтээр 2017 оны 5 дугаар сард хийгдсэн гэрчийн мэдүүлгийг яагаад онцлон түүвэрлэж авах болсон нь ойлгомжгүй байна. Үүнээс өмнө 2015.09.19-ний өдөр шүүх хуралд оролцсон гэрчийн мэдүүлгүүд, 2015.11.24-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралд оролцсон хариуцагч Ч.Бм-н тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн 2016.05.06-ны шаардлага зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлсэн байсныг юу нь алдаатай болсон талаар дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх харин ч нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр, бодитоор үнэлсэн анхан шатны үнэлгээ хууль зөрчсөн гэж үзэхдээ зөвхөн гомдол гаргагчийн байр сууринаас хандаж, анхан шат нотлох баримтыг хэрхэн судалсныг ер анхаарч судлаагүй. Миний бие ах Ч.Бм-г өөрийн 1 өрөө байрандаа (орон гэргүй, айл айл дамжиж ганцаараа явж байхад нь) байлгаж байсан. Энэ байрыг би УБҮ-т ажиллаж байгаад авсан байр бөгөөд тухайн үед эрүүл мэндийн байдлаас болж байрандаа байж чадахгүй байсан. Ахыг манай байранд байх үед эхнэр Энхтуяа нь ирж амьдрах болсон. Тухайн үед “Хүүгээ гэр оронтой болгоно гэж зээл авахдаа байр барьцаална. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй, тэгэхээр байрыг худалдан авч байгаа мэтээр гэрээ хийе” гээд уг худалдах, худалдан авах гэрээг хийж 23 сая төгрөг авч Улаанбаатар хот явсан юм. Эхнэр хүүхэддээ юу гэж хэлснийг мэдэхгүй. Охин Б.А- нь уг байрыг худалдаж авсан талаар мэдэхгүй гэж ярьдаг. Мөн шүүх хуралд Баярмагнай ах ...Би хүүхдийнхээ зээлийг төлөөд л байрыг чинь эргүүлэн өгнө... гэдэг байсан. Харин 2014.07.21-ний өдөр төлж дуусгаад 2014.07.21-ний өдөр охиноо хамтран өмчлөгчөөр оруулсныг нь мэдээд би Сум дундын шүүхэд хандсан. Одоо энэ байрыг 4 жил бусдад түрээслэн, ах өөрөө Эрдэнэтэд эхнэр Энхтуяа гэгч нь хотод тусдаа амьдардаг. 6-13-78 тоот байрны дулаан, цэвэр бохир усны ашиглаптын зардлыг мөн төлөөгүй хуримтлал үүсгэсэн байсан. Би одоо өөрөө 4 хүүхэдтэй, 1 хүүхэд оюутан, 1 хүүхэд ахлах ангийн 12 дугаар анги, өөрөө хүнд хортой нөхцөлд ажилладаг билээ. Нэгэнт ах өөрийг нь гэсэн миний сэтгэлийг ийнхүү хуурч мэхлэн эхнэр хүүхдийнхээ үгээр орж, ашиглаж намайг хохироож байгаад их гомдож байгаа. Ядахдаа тэр байрны зарагдах зах зээлийнх нь мөнгийг авъяа гэж би нэхсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шударга бус байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Ч.Б- нь Ч.Бм-, Б.А- нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэл, хариуцагч Б.А- орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг гаргасныг зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

           Нэхэмжлэгч Ч.Б- нэхэмжлэлийн үндэслэлээ, “...худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, ах зээл авах зорилгоор надтай гэрээ байгуулсан, банкнаас олгосон зээлийн мөнгийг ахад хүлээлгэн өгсөн” гэж, хариуцагч Ч.Бм- нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа “...2008 онд бэлэглэж байна гээд уг байранд оруулсан, орон сууц нь барьцаанд хураагдах гэхэд зээлийн үлдэх төлбөрийг төлсөн, дараа нь худалдан авахаар болж гэрээ байгуулж, би 9.000.000 төгрөг банкинд урьдчилан байршуулж, 14.000.000 төгрөг зээлсэн, нийт 23.000.000 төгрөгийг Ч.Б- банкнаас хүлээн авсан...” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар Ч.Б-, Ч.Бм- нарын хооронд байгуулагдсан 2010.06.11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Ч.Бм-гаас 45.166.327 төгрөг гаргуулж Ч.Б-д олгон, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч болохыг тогтоолгох хариуцагч  Б.А-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Б.А- “орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч болохыг тогтоолгох”-ыг хүссэн нь сөрөг нэхэмжлэл бус, нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гэж дүгнээд, Ч.Б-ын Ч.Бм-д холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

            Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна “45.166.322 төгрөг” гаргуулах нэхэмжлэл гараагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байхад мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна.

            Зохигчийн хооронд үүссэн маргааны талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзлээ. Харин давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо магадлалын тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагыг зөрчсөн тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.5-д “хэлцэл хүчин төгөлдөр бус бол талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

            Орон сууц худалдах-худалдан авах гэрээний талууд болох Ч.Б-, Ч.Бм- нар анхнаасаа тухайн гэрээгээр эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан нь бүрэн тогтоогдсон нөхцөлд л уг гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус  болох бөгөөд хэргийн баримтаар ийм үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

           Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан байна.

            Маргааны зүйл болсон орон сууцанд хариуцагч Ч.Бм- 2008 оноос амьдарсан, зохигчийн хооронд 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдан уг гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх Ч.Бм-н нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Б.А- 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх гэрээний зүйл болсон орон сууцны өмчлөх эрх болон бодит эзэмшил хариуцагч Ч.Бм-д шилжсэн байдал, банкнаас олгосон зээлийн мөнгийг нэхэмжлэгч Ч.Б- хүлээн авсныг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

           Нэхэмжлэгч Ч.Б-, хариуцагч Ч.Бм-д зээлийн мөнгийг буцаан өгсөн гэх боловч энэ тайлбар нотлогдоогүй байна. Гэрч нарын мэдүүлэгт  “...Ч.Б-, Ч.Бм-д зээлийн мөнгийг өгсөн” гэх агуулга тусгагдаагүй атал анхан шатны шүүх эдгээр гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн өмнө гаргасан тайлбарыг маргааны зүйлд ач холбогдолтой баримт гэж үзэн нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай болсон талаарх давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

              Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар магадлалын 1 дэх заалтад ” ...шийдвэрийг хүчингүй болгож, ...” гэсний дараа “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.                      

          2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 383.781 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ