Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00982

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00982

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, наран 21А байр, 58 тоотод оршин суух, Сартуул овогт Санжаагийн Гансэлэм /РД:дю71072418/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 13/1 тоотод оршин байх, “Тайгам Алтай” ХХК /РД:2658011/-д холбогдох

 

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 18 дугаар байр, 114 тоот 57.87 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

 

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 18 дугаар байр, 114 тоот 57.87 м.кв орон сууцны үлдэгдэл төлбөр 9,945,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гансэлэм нь 2012 оны 11 дүгээр сарын 12 ны өдөр “Тайгам алтай” ХХК-тай орон сууц худалдаж авахаар захиалга өгч, амаар гэрээ байгуулсан. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй “Алтай” хотхон, 18 дугаар байрны 114 тоот 64.5 м2 талбайтай хоёр өрөө байрыг 1м2 талбайг нь 1,500,000 төгрөгөөр буюу нийт 96,750,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож, мөн өдрөө 70,000,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13,805,000 төгрөг, нийт 86,805,000 төгрөгийг “Тайгам алтай” ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш ямар нэгэн төлбөрийг хийгээгүй. “Тайгам алтай” ХХК-ийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч С.Гансэлэмд холбогдуулан “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот 64.5 м2 талбайтай 2 өрөө байрыг С.Гансэлэмийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан маргаан бүхий орон сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 57.87м2 байсан. Өөрөөр хэлбэл “Тайгам алтай” ХХК-иас нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгийг шилжүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч С.Гансэлэм нэгэнт 86,805,000 төгрөгийг “Тайгам алтай” ХХК-д төлсөн ба уг төлбөрийн хэмжээ нь “Тайгам алтай” ХХК-иас нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 57.87м2 талбайн хэмжээнд дүйцэж байгаа тул С.Гансэлэм нь орон сууц захиалгын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот 57.87 м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. Хэдийгээр талууд ямар нэг бичгийн гэрээ байгуулаагүй хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтууд болон тайлбараар үйл баримт нь тогтоогдсон гэж үзэж байна. Байрыг улсын комисс хүлээж аваад нэхэмжлэгч байранд амьдарч эхэлсээс хойш нэхэмжлэгч одоо хүртэл 60.6 м2 талбайн хэмжээгээр ашиглалтын зардлыг төлж байгаа. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-д түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч гэж заасан. Тухайн үед гэрээ хийх боломж байхгүй байсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр гомдлын шаардлага гаргах хугацаа байдаг. Барилгын обьекттой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй байгаа. Маргаан 2015 оноос хойш явж байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2012 онд захиалсан маргаан бүхий орон сууцыг хүлээж авсан байдаг. “Тоонто гранд” ХХК-ийн MNS:60582009 стандартын дагуу хийсэн хэмжилтээр маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ 57.87 м2 гэж тогтоогдсон байна. Нэхэмжлэгч уг хэмжилтийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зохигчдын хооронд  амаар байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг баригдаж эхэлж байхад нь буюу 2012 онд захиалга өгсөн ба 2013 онд байрыг хүлээн авснаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзнэ.  Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнгээ 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээж авсан. Тиймээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар ажлын үр дүнг хүлээж авахдаа орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг буюу бага хэмжээний доголдол байсан гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Тухайн үед талбайн хэмжээг илрүүлэх боломжгүй байсан, хариуцагч уг доголдлыг нуун дарагдуулсан гэж үзэхгүй. Талбайн хэмжээ бол ямар нэг далд нуугдсан, шугам, сүлжээний ч юм уу доголдол биш. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авсан өдрөө хэмжилт хийлгэх ч боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар доголдлыг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан боловч уг доголдлын талаар гомдол гаргаагүй тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна. Тэгээд ч нэхэмжлэгчийн оршин сууж байгаа байрыг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй, учир нь нэхэмжлэгч уг байрандаа оршин сууж, хэвийн байдлаар амьдарч байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Гансэлэм нь манай компаниас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот 2 өрөө байрыг 96,750,000 төгрөгөөр авахаар тохирсон. Түүнээс үлдэгдэл 9,945,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэтэл С.Гансэлэм нь тус байрны талбайн хэмжээ тохирсноос дутсан гэсэн үндэслэлээр үлдэгдэл мөнгийг төлөхгүй байгаа нь үндэслэлгүй. Учир нь манай компани нь тус байрыг талбайн хэмжээ нь хэд байхаас үл шалтгаалан багцын үнээр бодож бүхэлд нь 96,750,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Иймд С.Гансэлэм нь орон сууцны талбайн зөрүү гэж өөрийн төлөх ёстой мөнгөнөөс суутгах нь үндэслэлгүй тул Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот 2 өрөө байрны үлдэгдэл төлбөр 9,945,000 төгрөгийг С.Гансэлэмээс гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч бидэнд угаасаа доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн. Ийм талбайн хэмжээ дутуу, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн ашиглалтын зардлыг 60.6 м2 талбайд тохирох хэмжээгээр төлөөд явж байгаагаас харагдана. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах талаар заасан байгаа тул манайх байрны төлбөрийг “Тайгам алтай” ХХК-д бүрэн төлж дуусгасан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Гансэлэм нь хариуцагч “Тайгам алтай” ХХК-д холбогдуулж Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч компани гэрээний дагуу 64.5 м.кв хэмжээтэй орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой ч 57.87м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн 86,805,000 төгрөг нь 57.87 м.кв хэмжээнд таарсан тул маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй” гэжээ.

 

Тодруулбал, Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцны үнийг бүрэн төлж дууссан учир уг байрны өмчлөгч нь С.Гансэлэм мөн гэсэн агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг “...бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу С.Гансэлэмд гэрээний зүйл болох байрыг түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн байхад тэрээр төлбөрийг бүрэн төлөөгүй” гэж эс зөвшөөрөх ба энэхүү үндэслэлээрээ 9,945,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

С.Гансэлэм нь хариуцагч “Тайгам алтай” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, “Алтай” орон сууц, үйлчилгээний цогцолбор хотхонд шинээр баригдаж байсан барилгаас 64.5м2 талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,500,000 төгрөгөөр буюу нийт 96,750,000 төгрөгөөр захиалж, энэ талаар хариуцагчтай амаар тохирчээ.

 

Нэхэмжлэгч С.Гансэлэм 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13,805,000 төгрөг, нийт 86,805,000 төгрөгийг хариуцагч “Тайгам алтай” ХХК-д шилжүүлсэн байна /хх3-5 хуудас/.

 

Дээрх орон сууцны барилга байгууламж нь 2011-18-ТК дугаартай зураг төслөөр 2011 оны 3 дугаар сараас баригдаж эхлэн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дууссан ба 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орсон болох нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 065/2013 актаар тогтоогдож байна. Шүүхээс “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт”, “Алтай” хотхонд байр захиалагчдад байр, түлхүүр хүлээлгэн өгсөн тухай акт, гэрээ үргэлжилсэн хугацаа, зохигчийн тайлбар зэргийг үндэслэж талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан “Алтай” хотхонд байр захиалагчдад байр, түлхүүр хүлээлгэн өгсөн тухай актаас үзэхэд нэхэмжлэгч С.Гансэлэм байрыг 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч С.Гансэлэм гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой 9,945,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

“Тайгам алтай” ХХК-иас С.Гансэлэмийн эзэмшилд шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээ нь талуудын тохирсон 64.5 м.кв хэмжээнд хүрэхгүй болох нь “Тоонто гранд” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 170 дугаар “сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-ээр тогтоогдож байхаас гадна хариуцагч “Тайгам алтай” ХХК-иас маргаан бүхий орон сууцны талбай нь анх тохирсон хэмжээнд буюу 64.5 м.кв хэмжээнд хүрэхгүй байгаа тал дээр маргаагүй.  

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүнг доголдолтой гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргах үүрэгтэй ба нэхэмжлэгч энэ талаар гомдлын шаардлага гаргаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гансэлэмийн Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гансэлэмээс 9,945,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Тайгам алтай” ХХК-д олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 174,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Гансэлэмээс 174,100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Н.ХАНГАЛ