| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0237/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/316 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-ын Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108024661558 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Н-ын Ш (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байрлах автозасварын газар ажиллаж байхдаа сейфнээс нь Хувай В-4 маркийн гар утас, калибр буу, 5 ширхэг сум зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 870,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөө явж хадлан хадах болчхоод тэгээд маргааш нь сейфэнд байсан буу, сум, гар утас, бэлэн 20,000 төгрөг байсныг авсан, бууг нь грашийн ард талд байрлах эд зүйлийн доор нуусан. Бусдыг нь аваад явсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байрлах өөрийн ажиллаж байсан автозасварын газрын сейфнээс Хувай В-4 маркийн гар утас, 8.2х66 мм-ийн калибрьтай КО-8.2 загварын карабин буу, 5 ширхэг сум зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 870,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-13 дахь тал),
2. Хохирогч Д.Д-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний орой харанхуй болж байх үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байрлах ажлын байрнаасаа гарч явсан. Манай ажил дээр Ш гэх манай ажилчин залуу үлдсэн. Тэр өдөр хэдэн машины мотор боосон ба Ш манай ажлын байранд жижүүр хийж хонодог байсан юм. Ш-тэй анх 2009 онд танилцаж байсан ба 7 хоногийн өмнө над руу гудамжны утаснаас залгаад ажил олоод өгөөч, эсхүл танай дээр ажил хийе гэхээр нь зөвшөөрсөн ба ажлын хувцас бэлдэж өгөөд ажиллуулж байсан юм. Ш нь ажиллах үед ямар нэгэн утас байхгүй байсан тул гар утас өгнө гэж хэлээд Хувай маркийн гар утас авсан байсан юм. Тэгээд өчигдөр орой ажил дээр ирэхэд гараашны хаалга түгжээгүй хаагаад орхисон байсан ба Ш байгаагүй. Тэгээд гараашаа цоожлоод явсан. Өнөөдөр ирээд багажаа хураагаад сейфээ шалгаж үзсэн чинь сейфэнд байсан калибр маркийн буу, 5 орчим ширхэг сум, 20,000 орчим төгрөг алга болсон байсан, мөн өрөөнд байсан Хувай маркийн гар утас алга болсон байсан. Манай ажил дээр Ш-гээс өөр хүн хонодоггүй байсан. Н.Ш нь гараашны өргөтгөл, 2 машины мотор боож угсарч өгвөл Хувай 4 маркийн гар утас өгөхөөр тохиролцсон, гэвч уг ажлаа хийж өгөөгүй тул ажлын хөлсөнд өгөөгүй юм. Би бууг 2018 онд Одсүрэн гэх хүнээс 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан, тухайн үед бичиг баримтыг нь шилжүүлж өгнө гэж ярьж байсан ч ахиж холбогдоогүй. Бууг нэг ч удаа ашиглаагүй гэртээ сувинер болгон ашиглах гэж байсан. Бичиг баримтгүй тул улсын бүргэлд бүртгүүлж амжаагүй байсан юм. Сейфний түлхүүр 1 хувь байдаг ба надаас өөр хүн эзэмших эрхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 19, 21-22, 23-24 дэх тал),
3. Гэрч Д.Б-гийн: “...Би яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. 10 дугаар сарын эхээр байх. ... эцэст байрлах гутал засварын газарт ажил дээрээ байх үед орой 18 цагийн үед үл таних 40 орчим насны ажлын хувцастай хувцас нь засварчин юм уу нүүрс зардаг хүнийх гэмээр хар болсон, эрэгтэй орж ирээд зарах ажлын гутал байна уу гэхээр нь байна гээд хагас түрийтэй гутал гаргаж өгсөн. Үнийг нь асуухаар нь 40,000 төгрөг гэхэд авъя гээд мөнгөө бэлэн өгөөд авсан. Тэгээд гутлаа аваад гараад явсан, ахиж орж ирээгүй. Тухайн хүнээс архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
4. Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...Бууг 300,000 төгрөгөөр, Huawei Y-4 загварын гар утсыг 500,000 төгрөгөөр, бууны сум 50,000 төгрөг, нийт 850,000 төгрөгөөр үнэлсэн. ” (хавтаст хэргийн 37 дахь тал),
5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...Бор хүрэн модон гэртэй, модон гэр нь цуурсан, бууны цохны арын бариулын хэсэгт ногоон өнгийн цахилгааны лентээр ороосон, оосоргүй, гол төмөр нь 6909 USSR, замаг нь 1756 дугаартай карабин бууг Н.Ш-гээс хураан авсан.” (хавтаст хэргийн 69 дэх тал),
6. Шүүгдэгч Н.Ш-гийн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 73-82 дахь тал),
7. Шүүгдэгч Н.Ш-гийн: “...Би зүс таних Д ахын гэрт ирж автозасварын ажил хийдэг байсан. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дэлгүүрээс 0,75л архи авч Д ахын засварын газар орж ганцаараа ууж байгаад унтсан. Тэгээд 18 цагийн орчимд сэрээд Д ахын сейфэнд байсан калибр буу, Хувай гар утас, 5 ширхэг сум зэргийг авсан, бууг гараашны хойд талын буланд байсан эвдэрсэн майхны доор нуусан. Гар утсыг нь үл таних хүнд 50,000 төгрөгөөр зарсан ба 40,000 төгрөгөөр нь гутал авч өмсөөд Сэлэнгэ аймгийн Түнхэл сум руу ээжийнхээ хадланг хийж өгөхөөр явсан. Надад тухайн эд зүйлийг авах, захиран зарцуулах эрх байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжилгээний лабораторийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3178 дугаартай шинжилгээгээр хулгайд алдагдсан галт зэвсгийн гол төмөр нь N6909 дугаартай, замаг “1756” дугаартай, ЗХУ-д ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн, 8.2х66 мм-ийн калибрьтай, КО-8.2 загварын карабин буу, уг буу нь галт зэвсэг мөн” гэж дурдагдсан байх тул талуудаас гаргасан “калибрь буу, винтов буу” гэсэн тайлбарыг зөвтгөн дүгнэсэн болохыг дурдав. (хавтаст хэргийн 41-42 дахь тал)
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Н.Ш нь засварын эзэн болон бусад ажилчдыг явсан хойгуур эзэнгүй, сул чөлөөтэй байдлыг ашиглан өөрийн ажилладаг автозасварын газарт байрлуулсан сейфнээс нууц, хууль бус аргаар буу, сум, бэлэн мөнгө, гар утас зэргийг авч өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс Н.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Н.Ш-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-д 870,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Ш-гээс карабин бууг цагдаагийн байгууллагаас хураан авч шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад шилжүүлсэн, бусад хохирлыг шүүгдэгч нь хохирогчид төлж барагдуулсан буюу 570,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Н.Ш-г хохирогч Д.Д-д төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “шүүгдэгч Н.Ш нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулж, эдэлсэнд тооцон дүйцүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Ш-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-д 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 42 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 42х8=336 цагийг эдлэх ялаас хасаж, ял эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Ш-д Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 336 (гурван зуун гучин зургаа) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-гийн цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар /42х8=336/ тооцож, түүний эдлэх 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, ял эдэлсэнд тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ