Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0213/Э |
Дугаар | 2022/ШЦТ/317 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029240059 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн ... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл өрлөг хийдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод түр оршин суух, урьд
-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан,
-Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 351 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
-Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, ялаа эдэлж дуусган 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа эдэлж дуусган 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан, Б овогт Н-ын Б (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн С.Н-гийн монгол гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, 8 инчийн делл маркийн нөтебүүк, эрэгтэй хүний хар өнгийн юүдэнтэй куртик, ээмэг бөгжний сав, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн, одоо нэмж ярих зүйл байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч нь “шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Н-гийн гэрт гэрт эд зүйл хулгайлахаар нэвтэрч орсноор гэмт хэрэг төгсөж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...хулгай хийхээр нэвтэрсэн асуудал дээр маргахгүй. Харин хууль хэрэглээний хувьд мэтгэлцэж оролцоно. Шүүгдэгч Н.Б нь тухайн айлд хууль бусаар нэвтэрч орсон, эд зүйлийг авсан ч гэрийн эзэн орж ирснээр таслан зогсоогдсон, захиран зарцуулах бодит боломж бүрдээгүй тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн С.Н-гийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, 8 инчийн делл маркийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний хар өнгийн юүдэнтэй куртик, ээмэг бөгжний сав, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг авч гарахаар зэхэх үед нь гэрийн эзэн С.Н гэртээ ирснээр таслан зогсоогдсон, туйлдаа хүрээгүй, эд зүйлийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Н.Б-гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Н-гийн эзэмшлийн монгол гэрээс эд хөрөнгө хулгайлахаар завдсан үйлдэл нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон, Тухайлбал,
1. Хохирогч С.Н-гийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо .... тоотод эхнэр Х-ын хамт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө би эхнэр Х-ыг эмнэлэгт үзүүлэх гээд гэрээсээ 07 цаг 40 минутын үед дүүргийн эмнэлэг рүү явсан. Тэгээд буцаад 09 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай гэрийн хаалга эвдэрхий харагдахаар нь гүйгээд ортол үл таних хүн манай гэрээс юм аваад гарч байхаар нь барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хүн цүнхтэй Dell брэндийн нөүтбүүк 1 ширхэг, ээмэг бөгжтэй сав, хар өнгийн куртик зэрэг эд зүйлийг авсан байсан. Мөн манай монгол гэрийн хаалгыг эвдэлсэн байсан ба 500,000 төгрөг, цоож 20,000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй. Харин эвдэрсэн монгол гэрийн хаалга, цоожоо төлүүлмээр байна. ...Эд зүйлийн үнэлгээний төлбөрийг би төлсөн, уг мөнгийг нэхэмжилнэ. Би гэрийн хаалга цоожоо шинээр нь аваад тавьчихсан. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн хаалга, цоожныхоо мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал, 27 дахь тал),
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
3. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...шүүгдэгч Н.Б-гаас Dell маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн юүдэнтэй куртик 1 ширхэг, ээмэг бөгжний сав 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн ээмэг 1 хос зэргийг хураан авч хохирогч С.Н-д хүлээлгэн өгсөн” (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
4. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “8 инчийн делл брэндийн нөүтбүүк-1,500,000 төгрөг, эрэгтэй хар өнгийн юүдэнтэй өвлийн куртик-50,000 төгрөг, ээмэг бөгжний сав-25,000 төгрөг, эмэгтэй мөнгөн гинж-25,000 төгрөг, Монгол гэрийн улаан хүрэн өнгийн модон хаалга-500,000 төгрөг, хар, цагаан өнгийн цоож-12,000 төгрөг, нийт-2,162,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
5. Шүүгдэгч Н.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байх Далан дагаад 5-н шар луу алхах үед замд хүрэн савтай тал пиво байхаар нь уугаад явж байгаад гэр хороолол руу ороод гудмаар алхаж байсан. Тухайн үед надад хоолны мөнгө хэрэг болохоор нь ... дугаар хороо ... дүгээр гудамжинд байх ногоон өнгийн хаалгатай, банзан хашаатай айл байхаар нь хашааны хаалгаар нь дотогш ороод амбаарын хаалгыг нь төмрөөр хөшөөд ортол монгол гэрийн дотор талын хаалга нь түгжээтэй байхаар нь нөгөө төмрөөрөө хаалгыг нь цохиж эвдлээд гэрт нь ортол ширээн дээр нь нөүтбүүк, жижиг хайрцагтай ээмэг бөгжний сав, хөх өнгийн куртик байхаар нь аваад үүдээр нь гарах гэтэл эзэнтэй нь таарахаар нь би “намайг уучлаарай миний буруу” гэж хэлтэл тэр хүн намайг барьж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд намайг цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Н.Б-гаас хохирогч С.Н-гийн эд зүйлийг тухайн үед нь хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэгдсэн, шүүгдэгч нь хаалганы эвдрэлд зориулж 560,000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч С.Н нь “хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлснийг шинжлэн судалсан байх тул шүүгдэгч Н.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Н.Б нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлсөн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын оногдуулахаар санал гаргасан хорих ялын хэмжээг багасгаж оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдахаар завдсан, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу ар гэрийн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Н-ын Б-г бусдын эд хөрөнгийг авахаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 17 (арван долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ