Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Э-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002160176 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчин хийдэг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө овогт Э-н Н (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан Н.Э-ын халааснаас Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар пост машинд уншуулан 845,000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хохирогчийг танихгүй, хамт архи уусан асуудал байхгүй. Би энэ хохирогчийн картыг аваагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн өдөр энэ шүүгдэгч Э.Н болон гэрч Г.М гэх эмэгтэй нартай хамт архи уусан. Энэ шүүгдэгч нь миний картыг авсныг мэдээд картаа нэхэхэд аваагүй гээд өгөөгүй юм. Яг авахад нь бол мэдээгүй. Миний картаас 845,000 төгрөг уншуулж авсан байсан. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Э, гэрч Г.М нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан халааснаас нь Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, пост машинд уншуулан данснаас нь нийт 845,000 төгрөгийг авсан үйл баримт нь:

1. Хохирогч Н.Э-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 08-нд Баянхошууны эцэс дээр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй таараад хамт архи ууя гээд би дэлгүүр ороод нэг шил архи нэрийг нь санахгүй байна ямар ч байсан худалдаж аваад тэр хоёртой гудамж руу явж уусан. Тэгээд ууж дууссаны дараа дахиад би хамт архи уусан эрэгтэй хүнтэй нь хамт дэлгүүр орж хоёр шил архи аваад дэлгүүрийн касс дээр картаа өгөөд нууц дугаараа худалдагчид хэлээд тооцоогоо хийгээд гарсан. Бид гурав авсан архиа хувааж уучхаад тарцгаасан ба би гэр лүүгээ явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан ба зарим зүйлээ сайн санахгүй байна. Гэртээ очоод халаасандаа картаа байна уу гээд шалгаж үзтэл миний хаан банкны карт байхгүй байсан. Тухайн үед хамт архи уусан эрэгтэй авсан байх гэж бодож байна. Маргааш нь хаан банк дээр очоод дансны хуулгаа аваад үзтэл 2021 оны 11 дүгээр сарын 08-нд буюу миний үл таних хоёр хүнтэй архи уудаг өдөр 17 цаг 36 минутад 500,000 төгрөг болон 345,000 төгрөг тус тус авсан байсан. Би кодоо хэлж өгөөгүй, намайг дэлгүүрт архи худалдаж авах үед эрэгтэй нь миний хажууд зогсож байсан, тэгээд мэдэж авсан байх гэж бодож байна.

...Надтай хамт архи уусан эрэгтэй нь 180 см өндөр, бүлтгэр нүдтэй, богино үстэй, улаан өнгийн монгол даавуун дээл өмссөн, дээлээ шар өнгийн дурдан бүсээр бүсэлсэн, цагаан шаргал өнгийн ноосон малгай өмссөн, цэнхэр өнгийн маск зүүсэн байсан. Тухайн үед өмссөн дээл нь мөн байна, энэ дээлтэйгээ явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 12-13 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч Г.М-гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-нд зүс таних Н-тай Б эцэс дээр таараад уулзаж байтал үл таних эрэгтэй 50 орчим насны хүн ирээд хамт архи ууя гэж хэлээд Н тэр хоёр дэлгүүр орж нэг шил архи авч ирээд гудамжинд хамт хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад дахиад ууя гээд Н үл таних эмэгтэй хүн хоёр дахиад дэлгүүр явж хоёр шил Шим нэртэй архи авч ирсэн. Бид гурав архиа хувааж ууж дуусаад нэлээн согтуурсан байдалтай байсан. Би удалгүй гэр лүүгээ яваад өгсөн. Намайг явсны дараа тэр хоёрыг юу хийсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

3. Хохирогч Н.Э-ын Хаан банкны ... дугаар данснаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 36 минутад 500,500 төгрөг, 17 цаг 37 минутад 345,500 төгрөг тус тус гарсан талаар Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59 дэх тал),

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “хохирогч Н.Э нь шүүгдэгч Э.Н-г заасан” (хавтаст хэргийн 69-70, 71-73, 74-75, 76-78 дахь тал),

5. Шүүгдэгч Э.Н-гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Б-ын хуучин эцэс дээр архи уучихсан явж байсан чинь нэг үл таних хүн над дээр ирээд ганц юм хувааж уух уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгсэн нөгөө танихгүй ах дэлгүүрээс 0,75-ын архи худалдаж аваад бид хоёр гудамжинд хувааж уусан. Тэгсэн нөгөө архиа хувааж ууж дуусахаар нь дахиад нэг шил архи хувааж уух уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамтдаа дэлгүүр орж нөгөө ах өөрийнхөө Хаан банкны виза картаа дэлгүүрт уншуулахаар нь би нууц кодыг нь цээжлээд авчихсан. Тэгээд бид хоёр гудамжинд хувааж уугаад би нэг хэсэг муудчихсан байсан. Тэгээд сэргэж босож ирсэн чинь нөгөө ах хүү нэлээн согтуу байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн ахын өмдний халааснаас нь виза карт нь цухуйж байхад нь авчихсан. Тэгээд Баянхошууны эцэс дээр ирээд Хаан банкны АТМ ороод виза картыг нь машинд хийж уншуулахад карт дотор нь мөнгө байхаар нь 500,000 төгрөгийг эхэлж уншуулаад дараа нь 345,000 төгрөгөөр уншуулсан. Тэгээд би картыг нь хаячихсан. Би тухайн мөнгийг аваад ганцаараа архи аваад уучихсан. ...Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Н нь мөрдөн байцаалтад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ч шүүхийн хэлэлцүүлэгт уг мэдүүлгээ өөрчлөн хохирогчийн эд зүйлийг аваагүй гэж мэдүүлснийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч Г.М нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн болно.

Учир нь, хохирогч Н.Э нь тухайн өдөр шүүгдэгч Э.Н-тай нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи дэлгүүрээс авах үед нь шүүгдэгч Э.Н нь хамт явж, картны нууц дугаараа худалдагчид хэлэх үед нь Э.Н хажууд сонсоод зогсож байсан болохыг хохирогч Н.Э нь мэдүүлсэн бөгөөд тэдгээрийг хамт архи уусан асуудлыг гэрч Г.М давхар гэрчилсэн, улмаар хохирогчийг согтуурсан байдалтай байхад нь шүүгдэгч Э.Н хохирогчийн халаасанд байсан картыг хохирогчид мэдэгдэлгүй авч, өөрийн сонсож мэдсэн нууц дугаарыг ашиглан пост машинд уншуулан картад байсан 845,000 төгрөг авч өөртөө захиран зарцуулсан нь хохирогчийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон байна.  

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Э.Н нь хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан банкны кредит картыг түүнд мэдэгдэлгүйгээр сэм, нууц аргаар, хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлэн авч улмаар 2 удаагийн давтамжтайгаар гүйлгээ хийн өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон дээрх үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Э.Н-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эд 845,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Н-гаас 845,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Эд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Н нь “...би одоо хэргээ хүлээе, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Н-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль алин нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн асуудал маргасан байдал, хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймээс прокурорын санал болгосон зорчих эхийг хязгаарлах ялын саналыг хүлээн аваагүй болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Э-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-гаас 845,000 (найман зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Э-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ