| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00280/И |
| Дугаар | 102/ШШ2017/00934 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 байрны 116 тоотод оршин суух, 44 настай, эмэгтэй, Хаан боржигон овогт Бямбаренчингийн Болороо /РД:ЧК72111701/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67-45 тоотод оршин суух, 36 настай, эрэгтэй, Хулууд овогт Баярмандахын Сайнзаяа /РД:ХА80011076/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Болороо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав /1300/, хариуцагч Б.Сайнзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /0668/ нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Болороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2006 онд Б.Сайнзаяатай танилцаад 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 5 дугаар сарын 17-нд хүү С.Билгүүн, 2013 оны 3 дугаар сарын 07-нд охин С.Ундрам нар төрсөн. Бид 2007-2009 онд манай гэрт ээжийн хамт амьдарч байгаад бид Авсрали улс руу 2009-2011 оны хооронд магистр хамгаалахаар нөхрийн хамт явсан. Шинэ газар амьдарч эхэлсэн тул би хамгийн бага интернэт багцыг худалдаж авч ирэхэд нөхөр маань “чи татганаж үхлээ юу, би хэрэглэхээ хэрэглэж, ууж идэхээ чамаар хориулахгүй” гэж загнаж эхэлсэн. Би нөхөртөө “ийм боломжтой газар давхар ажил хийж мөнгө олоод нутагтаа очоод өөрийн гэсэн орон сууц худалдаж аваад сайхан амьдарья” гэж хэлэхэд тэрээр “чам шиг мундаг хүн биш, 2 ажил хийж чадахгүй” гэсэн учир би суралцахын хажуугаар 2 ажил хийж хадгаламжинд мөнгөө хадгалсан. Нөхөр маань нэг ч удаа мөнгөө нийлүүлж, хадгалж байгаагүй. Харин гэрийнхэндээ мөнгө, бэлэг явуулдаг байсан. Эх орондоо ирээд хуримтлуулсан мөнгөөрөө 2 өрөө орон сууц худалдаж авсан. Мөн Гачууртад газар худалдаж авч, дүүтэйгээ хөрөнгө оруулан байшин барьсан. Нөхөр маань Австрали улсад амьдарч байхдаа цаг хугацаа, боломжийг ашиглан боломжийн орлого олж амьдралдаа нэмэрлэхийг огт бодоогүй. Харин би өглөө 7 цагт гэрээсээ гараад сүргуулиасаа шууд ажилдаа явж, шөнийн 11, 12 цагт гэртээ ирдэг байсан. Орон сууц авах, машинаа дулаан зогсоолтой байлгах, газар худалдаж авах, байраа тохижуулах, байшин барих бүх хуримтлалыг би бараг ганцаараа олж зохицуулж байсан учраас намайг “бүх гол шийдвэрүүдийг чи л ганцаараа гаргадаг” гэж дургүйцэх болсон. 2011 онд анхны хүү төрж нөхөр маань эцэг хүний хувьд ажилд ороод гэр бүл үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэнэ гэж итгээд өөрийнхөө чадах бүгдээр хичээж байсан боловч Б.Сайнзаяа байнга гадуур зугаа цэнгэл хөөж, гэртээ ирэхгүй байх нь ихэссэн тул сэтгэл санааны дарамтанд орох болсон. Энэ байдал байнга давтагдах болсон тул хүү охин хоёрынхоо ирээдүйг бодож тэвчээртэй хүлээцтэй хандаж, ямар ч буруу зүйл хийж хэлж байсан уучилж, өнгөрөөдөг байтал 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр балкон дээр байсан зүйлүүдийг цэгцэлж хаясанаас болж 400 шахам айл оршин суудаг, хотхоны хөгшид, хүүхдүүд тоглож амардаг талбай дээр хүүхдүүдээ салхилуулаад явж байхад ирээд намайг барьж авч, чирч гулдран уурлаж загнан, чамайг би яаж ч мэдэхээр байна гэж заналхийлсэн. Олон хүмүүсийн дундаас гаргаж гэрт оруулаад яаж ч мэдэхийн байна гэсэн аймшигтай байдалд оруулсан тул хүүхдүүдээ авч ирэх хооронд нь ах руугаа залгаж, анх удаа гэрийнхнээсээ тусламж гуйсан. Б.Сайнзаяа маргааш нь хүүхдүүдээ унтуулаад хэвтэж байтал хүрч ирээд секс хийхийг хүссэн. Миний хувьд урд өдрийн доромжлол, айдас арилаагүй, надаас уучлалт гуйна гэсэн ойлголт хэзээ ч байгаагүй тул би татгалзсан. Гэтэл байн байн шаардаж “чи өөр хүнтэй хүслээ хангадаг учраас чи намайг ингэж зовоож байна. Хүн тамладаг хүн өөрөө үз, бос, өнөө шөнө чи унтахгүй наанаа суу, чи эхнэрийнхээ үүргийг биелүүлэх ёстой, надтай ярилц” гэх мэтээр харгис хэрцгий харьцан сэтгэл санааны хувьд дарамтлан хүчирхийлсэн. Би уйлж “...Сайнаа би хүүхдүүдээ аавтай ээжтэй сайхан амьдарч сайн хүн болоосой л гэж хүсэж байна. Надад өөр ямарч бодол алга өөр дотно харьцаанд ороод байх хүн байхгүй. Чи намайг хүүхдүүдийнхээ асрагч гэж бодоод зүгээр орхиоч, хүсээгүй зүйлийг минь хийлгэх гэж битгий шахаач. Би чиний хүссэнээр чинь байя. Хүсвэл чи найз хүүхнээ эсвэл эхнэр болох хүнээ авч ирсэн ч би юу ч хэлэхгүй тэвчинэ. Би зүгээр л өт хорхой шиг амьдаръя” гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 11-ний шөнө унтаж байтал сэрээгээд, чирч гулдарч өөрийнхөө хажууд хэвтүүлээд хүчээр бэлгийн ажил хийх гэж оролдсон. Эмэгтэй хүний хувьд энэ гутамшигт байдлыг тэвчиж амьдрах боломжгүй болсон. Б.Сайнзаяагийн огцом уур, надтай харьцаж байгаа дарангуйлсан өнгө аяс хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон учир цаашид энэхүү хүчирхийллийг тэвчиж амьдрахыг хүсэхгүй. Иймд Б.Сайнзаяа бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү С.Билгүүн, охин С.Ундрам нарыг миний асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэтгэмж гаргуулж өгнө үү. Бид 2011 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 16-6а (14а) 700м2 талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших 000441447 дугаартай эзэмшил газар, мөн дүүргийн 20 дугаар хороо Туулын 16-66 (146) 000414448 дугаартай 471м2 эзэмшил газар, эдгээр газрууд дээрээ 151.1м2 тайлбайтай амины сууц, авто гаражуудыг барьсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ авч амжаагүй байгаа. Уг газар дээр хашаа байшин авто гражуудыг барихад миний дүү Б.Байгальхүү 15,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Зорилго нь уг газрыг хамтран эзэмшиж барилга авто гаражуудыг хамтран өмчлөх байсан. Дээрх газруудыг эзэмших эрхийн гэрчилгээг Б.Сайнзаяа өөрийнхөө нэр дээр гаргуулсан. Мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан “Пруис-20” маркийн 71-30 УНТ улсын дугаартай машиныг бид худалдаж авсан. Иймд бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих боломжийг нь харгалзан орон сууцыг эх, хүү, охин бид гуравт үлдээж, бусад гэр бүлийн хөрөнгийг хуулийн дагуу хуваан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Болороо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав нар шүүх хуралдаанд тайлбартаа: Гэрлэгчид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзаж, гэрлэлтийг цуцалж өгнө үү. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэр бүлийн дарамт, хүчирхийлэл байсан учраас Б.Болороо эвлэрүүлэн зуучлалд хандалгүй, шууд шүүхэд нэхэмжлэлээ өгсөн байгаа. Гэрлэгчид 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сард шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Бид хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай байсан асуудал дээрээ харилцан ярилцаад эвлэрлийн гэрээ байгуулсан. Харин эвлэрлийн гэрээн дээр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээнээс доогуур тогтоосон байгааг шүүх анхаараад өөрийн эрх мэдлийн хэмжээнд тогтоож өгөх байх. Мөн Б.Сайнзаяагийн хуваарьт хөрөнгийг Б.Болороо өгнө гэсэн гэрээний заалт тодорхой бус учир уг заалтыг батлах шаардлагагүй. Б.Сайнзаяа өөрийн гэсэн эд хөрөнгөө өөрөө очоод авахад нэхэмжлэгчийн зүгээс ямар ч саад учруулахгүй. Мөн Б.Сайнзаяа хүүхдүүдтэйгээ уулзахад Б.Болороо ямар нэг байдлаар саад болохгүй, угаасаа ч хуулиараа саад болох хориотой байдаг. Харин Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын гудамжны 16/6а тоотод байрлах улсын бүртгэлийн 000414447 дугаар бүхий 700 м2 талбайтай газар, Туулын гудамжны 16/6б тоотод байрлах улсын бүртгэлийн 000414448 дугаар бүхий 471 м2 газрын хаягууд өөрчлөгдсөн байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Иймд талуудын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тал дээр тохирсон гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сайнзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2006 онд Б.Болороотой танилцаж 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас хүү С.Билгүүн, охин С.Ундрам нар төрж, бид сайхан амьдарч байсан. Би өглөө босоод хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж, орой бүр авдаг. Б.Болороо бол хүүхдүүдээ үнсдэг ч үгүй, эрхэлж болохгүй гэсээр хүүхдүүд эсрэгээрээ гөлгөр хатуу болж, ээж нь том хүн шиг харьцдаг. Би ажилдаа яваад, ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад харьдаг, надад зугаа цэнгэл хөөцөлдөх зав ч байхгүй. Эхнэр Б.Болороо Австрали улсын засгийн газрын тэтгэлэгээр 2009-2011 оны хооронд магистр хамгаалахаар болж, бид хоёр хамт явсан. Австралид очоод эхнэр цагийн ажил, би гэрээтэй бүтэн цагийн ажил хийж хэдэн төгрөг цуглуулснаараа 2011 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 59 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 16-6А /14а/ 700 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Туулын 16-6Б эзэмшил газрууд миний нэр дээр байдаг ба өвлийн байшин, 2 авто гаражийг би 3 сар тасралтгүй ажиллаж байж барьсан. Б.Болороо “дүү Байгальхүүгээс 15 сая төгрөг зээлээд барья аа, дараа нь ханиндаа байхад ч зүгээр” гэсээр байгаад Б.Байгалхүү нь 15 орчим сая төгрөг оруулсан нь үнэн. Бусад мөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөр барьсан юм. Хүүгээ төрсний дараа намайг “өөрсдийнхөө авсан байранд амьдарья” гэтэл эхнэр “тэр байранд амьдрахгүй, хорооллын байранд хадам ээж болон Б.Болороогийн нэр дээр байдаг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51-116 тоотод амьдарна” гээд бид тэнд амьдарч байхад 2014 оны зун “Зүүн хүрээ хотхон”-ы байрыг дүү Б.Байгальхүүгийн хамт нууцаар худалдан авсан байсан. Би өөрийнхөө эрх ашгийг ямагт 2 дугаарт тавьж, эхнэр хүүхдээ дээдэлдэг. Би эхнэрээ ажилд орсноос нь хойш цалингаа юунд зарцуулдаг болохыг нь ч мэддэггүй. Эхнэрээ дэлгүүрээс хүнсээ цуглуулаад ирж байхыг нэг ч удаа хараагүй. Гэрийнхээ хүнс, байр, цахилгаан, СӨХ, интернет, эхнэр бид хоёрын утасны төлбөр гэх мэт бүхий л зардлыг би ганцаараа өөрийнхөө цалингаар төлсөөр ирсэн. Би цалингаасаа гадна Япон улсаас автомашин импортлон оруулж ирж, худалдаж олсон ашигаа зөвхөн гэр бүл, үр хүүхэддээ зориулдаг байсан. Гэтэл намайг Б.Болороо цалингаа аав ээж рүүгээ зөөдөг, бэлэг сэлт авч өгдөг гэх мэтээр байнга хэлдэг байсан. Миний аав ээж хоёулаа тус тусын бизнесийн орлоготой, хэзээ ч хүүхдүүдийнхээ гарыг харах хүмүүс биш. 2015 оны 10 дугаар сард намайг гэрээс минь хөөж явуулснаасаа хойш эхнэрээ гэрийнхээ амьдралыг авч явна гэдэг ганц хүнд хир зэрэг ачаа болдгийг ойлгож авч байгаа байх гэж найдаж байна. Б.Болороогийн бичээд байгаа шиг дүүрсэн эцэг би биш. Би эхнэр хүүхдүүдээ хайрлахын дээдээр хайрлаж, эхнэрээ санаа зовох зүйлгүй амьдруулахын төлөө бүх бололцоогоороо зүтгэсээр ирсэн. 2013 оны 3 дугаар сарын 07-нд охин Ундрамыг төрснөөс хойш эхнэр надаас хөндийрч бид 2 тус тусдаа өрөөнд унтдаг болсон. Зарим үед би залуу хүний хувьд тэвчээр алдаж эхнэртээ хүсч байгаагаа илэрхийлдэг үе байсан, гэхдээ хэзээ ч хүч хэрэглэж байгаагүй. Би Б.Болороогийн хэлж байгаа шиг хүүхэн эргүүлж зугаа цэнгэл хөөцөлдөж байгаагүй. Надтай хамт унтах нь гутамшигтай хэрэг байсан бол би цаашдаа яаж хамт амьдрах юм бэ. Би 2 хүүхэд ойрхон гаргасан гээд эхнэрээ хайрлаад, ядарч байгаа байх гээд тусдаа унтаад л өдий хүрсэн. Би бусадтай адил шоудаад тэнээд явдаггүй. Хүнийг ингэж хэлсдүүлж болохгүй байх. Эхнэр хүн ямар үүрэгтэй байх ёстой вэ гэдгийг Б.Болороо ерөөсөө ойлгохгүй явж ирснийг өөрийнх нь гаргасан нэхэмжлэлээс харж байна. Намайг гэрээс минь хөөж явуулахдаа Болороогийн ах Баяраа нь “Би чамайг гэрчгүйгээр ална” гэж хоолой боож элэгдэж унаган, хутга тулган намайг элдвээр дарамталсан. Миний эрх чөлөөнд халдаж байхад нь би аав ээжээсээ нуугаад хэлээгүй өнгөрч байсан. Хариуагч миний бие нь нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрвөл хүүхдийн асрамж тэтгэлэг, эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзахгүй. Хэрвээ зөвшөөрөхгүй бол шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Сайнзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ үзэл бодол таарахгүй учраас гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Яаж ч хичээгээд нэхэмжлэгч нь надтай эвлэрэхгүй юм байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын хөрөнгийг хэрхэн хуваахыг бид гэрээгээр тохиролцсон. Би хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хугацаа, хэмжээгээр нь төлнө. Хэдийгээр хүүхдийн тэтгэлгийг хэрхэн төлөх талаар тохирсон боловч хуульд нийцэхгүй бол би тэтгэлгийг төлөхөд бэлэн байна. Угаасаа би тэтгэмжээс ч их зүйлийг үр хүүхэддээ зориулна. Хүүхдүүдийн асрамжийг эхэд нь үлдээж байгаа учраас Б.Сайнзаяа уулзах гээд очиход нь Б.Болороо саад болохгүй байх. Бидний байгуулсан гэрээнд “Б.Сайнзаяагийн хуваарьт хөрөнгийг Б.Болороо нь хүлээлгэн өгөхөд маргах зүйлгүй” гэж заасан байгаа. Энэ заалт тодорхойгүй болсон байна. Б.Сайнзаяа нь Б.Болороогийнд очоод өөрийн гэсэн зүйлээ авахад нэхэмжлэгч саад болохгүй байх гэж найдаж байна. Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын гудамжны 16/6а тоотод байрлах улсын бүртгэлийн 000414447 дугаар бүхий 700 м2 талбайтай газар, Туулын гудамжны 16/6б тоотод байрлах улсын бүртгэлийн 000414448 дугаар бүхий 471 м2 газрын хаягууд өөрчлөгдсөнийг анхаарна уу. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тал дээр тохирсон гэрээг баталж өгнө үү гэжээ.
Гэрлэгчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Болороо нь хариуцагч Б.Сайнзаяад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч Б.Болороо хариуцагч Б.Сайнзаяа нарын гэрлэлтийг цуцлана. 2. Хүү С.Билгүүн /6 настай/, охин С.Ундрам /4 настай/ нарыг эх Б.Болороогийн асрамжинд үлдээнэ. Эцэг Б.Сайнзаяа нь хүү, охинтойгоо хүссэн үедээ уулзана. Уулзах эрхийг Б.Болороо хязгаарлахгүй байна. 3. Хүүхдийн тэтгэлэг төлөх. Гэхдээ хавсралтанд заасан хүүхдийн тэтгэлэг тооцсон тооцооны дагуу 28,721,500 төгрөгөөс гараж зарсан 13,500,000 төгрөг, засварын зардалд гарсан 12,000,000 төгрөг, н.Байгальхүүд байр авахад өгсөн 10,000,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөгөөс Б.Сайнзаяад оногдох хувь болох 8,875,000 төгрөгийг хасч тооцоод 19,846,500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба ингэхдээ сард төлөх төлбөрийн хэмжээг 185,300 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр цаг хугацаанаас эхэлж төлөх ба 19,846,500 төгрөг хүрч төлөгдөх хүртэл төлөх үүргийг Б.Сайнзаяа хүлээж байгаа ба нэхэмжлэгчийн Голомт банкны төгрөгийн 1105115377 тоот дансанд шилжүүлэхээр тохиров. 4. Б.Сайнзаяагийн хуваарьт хөрөнгийг Б.Болороо нь хүлээлгэн өгөхөд маргах зүйлгүй. 5. Гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг зохигчид дараах байдлаар хуваахаар тогтов. Үүнд: а. Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 3-59 тоотод орших хоёр өрөө орон сууцыг Б.Болороо, хүү С.Билгүүн, охин С.Ундрам нарын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Билгүүн, С.Ундрам нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ. б. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Туулын гудамжны 16/6а-д байрлах улсын бүртгэлийн 0004414447 дугаар бүхий 700 м2 талбайтай газар эзэмших эрх болон Туулын гудамжны 16/66-д байрлах улсын бүртгэлийн 0004414448 дугаар бүхий 471 м2 эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Сайнзаяад шилжүүлж, түлхүүрийг хүлээлгэн өгнө. в. Гэр бүл цуцлуулах хэрэг маргаан хянан шийдвэрлэх хугацаанд Б.Болороо, Б.Байгальхүү нарын өмчлөлд айх Баянзүрх дүүргийн 14 хороо Зүүнхүрээ хотхон 207 байр 4 тоотод орших 79 м2, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртэлийн Ү-2204065297 дугаар бүхий гэрчилгээтэй, 3 өрөө орон сууц гарч ирсэн ба энэ орон сууцны хувьд Б.Болороо нь зээлийн батлан даагчаар оролцсон учир энэ байрыг Б.Байгальхүүд маргаангүйнгээр үлдээж.Б.Байгальхүүд төлөх 15000000 төгрөгийг Б.Болороо төлж энэ байрны талаар ахин маргахгүй байхаар талууд тохирсон гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Болороо нь хариуцагч Б.Сайнзаяад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд ханджээ.
Гэрлэгчид “...бид гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн ба хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар харилцан тохирсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Тодруулбал, хүү С.Билгүүн, охин С.Ундрам нарыг эх Б.Болороогийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэгийг тохирсон хуваарын дагуу төлөх, хариуцагч Б.Сайнзаяа нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 3 дугаар байрны 59 тоот, хоёр өрөө орон сууцыг Б.Болороо, хүү С.Билгүүн, охин С.Ундрам нарын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Билгүүн, С.Ундрам нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, нэхэмжлэгч Б.Болороо нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын гудамжны 16/6а тоотод байрлах улсын бүртгэлийн 000414447 дугаар бүхий 700 м2 талбайтай эзэмшлийн газар, Туулын гудамжны 16/6б тоотод байрлах улсын бүртгэлийн 000414448 дугаар бүхий 471 м2 эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Сайнзаяад шилжүүлж, түлхүүрийг хүлээлгэн өгөх, Б.Болороо, Б.Байгальхүү нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 хороо, Зүүнхүрээ хотхон 207 байр 4 тоотод орших 79 м2, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-2204065297 дугаар бүхий гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцны талаар ахин маргаан гаргахгүй байхаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээг байгуулснаа шүүхэд ирүүлжээ.
Харин талууд эвлэрлийн гэрээнд “Б.Сайнзаяагийн хуваарьт хөрөнгийг Б.Болороо нь хүлээлгэн өгөхөд маргах зүйлгүй” гэж заасныг тодорхой бус байгаа тул батлуулахаас татгалзсан.
Б.Болороо болон хариуцагч Б.Сайнзаяа нар 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү С.Билгүүн, 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр охин С.Ундрам нар төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гэрлэлт цуцлах тухай асуудалд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам үйлчилж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зайлшгүй хийгдэхээр, хэрэв тухайн ажиллагаа амжилтгүй болвол гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг шүүх иргэний хэрэг үүсгэн ердийн журмаар шийдвэрлэхийг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд заасан.
Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ гэр бүлийн хүчирхийлэл, дарамт байгаа талаар дурдсан тул шүүх Б.Болороогийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Талууд хоорондын таарамжгүй харьцаанаас болж цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа, мөн харилцан тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар дээр дурдсан байдлаар харилцан тохирсныг баталгаажуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасантай харшлахгүй.
Харин талууд хүүхдийн тэтгэлгийг гэрээний дагуу хуваарь гарган төлөхөөр тохирсон байдал нь тэтгэлгийг хуульд зааснаас доогуур хэмжээгээр тогтоох нөхцөл байдлыг үүсгэж байна гэж шүүх үзлээ. Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул гэрчлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохирсон явдал тэднийг хуулийн дагуу тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхгүй тул хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоох нь хүүхдүүдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг болон эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан нь тэдний хуулиар хүлээсэн эрх, үүрэгт нөлөөлөхгүйг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Хулууд овогт Баярмандахын Сайнзаяа, Хаанборжигон овогт Бямбаренчингийн Болороо нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Билгүүн, 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Ундрам нарыг эх Б.Болороогийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Сайнзаяагаас гаргуулж 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Билгүүн, 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Ундрам нарт тус тус олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Сайнзаяа нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 3 дугаар байрны 59 тоот, хоёр өрөө орон сууцыг Б.Болороо, хүү С.Билгүүн, охин С.Ундрам нарын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Билгүүн, С.Ундрам нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, нэхэмжлэгч Б.Болороо нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын гудамжны 16/6а /16-14а/ тоотод байрлах улсын бүртгэлийн 000414447 дугаар бүхий 700 м2 талбайтай газар, Туулын гудамжны 16/6б /16-14б/ тоотод байрлах улсын бүртгэлийн 000414448 дугаар бүхий 471 м2 газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Сайнзаяад шилжүүлж, түлхүүрийг хүлээлгэн өгөх, Б.Болороо, Б.Байгальхүү нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 хороо, Зүүнхүрээ хотхон 207 байр 4 тоотод орших 79 м2, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-2204065297 дугаар бүхий гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцны талаар ахин маргаан гаргахгүй байхаар харилцан тохирсныг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |