Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2017/01861/и |
Дугаар | 1900 |
Огноо | 2017-08-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 1900
Г.Б-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01767 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.П-т холбогдох
Гэм хорын хохиролд 160 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Х.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу хагас сайн өдөр 4 дүгээр хорооллын эцэст Говь сауны баруун талд хувь хүнээр машинаа угаалгасан. Би хашааны сүүдэрт зогсож байтал н.П машины шил арчигчийг босгож угаагаад буцааж буулгахдаа тасхийсэн дуу гарахаар нь харсан чинь машины урд шил хагарсан байсан. Чи шил хагалчихлаа гэж хэлээд бид маргалдсан, цагдаа дуудсан ч ирээгүй. Бид 2 хамт угаадаг гээд нэг эгч хажууд нь байсан. Тэр эгч хариуцагчийг "одоо чи яанаа, их үнэтэй байхдаа" гээд хоорондоо ярьж байсан. Машины шил 250 000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг боловч би 160 000 төгрөгөөр шилээ солиулсан. Иймд Т.П-оос 160 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Т.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Говь сауны баруун талд машин угаадаг хүмүүстэй машин угаагаад зогсож байхад 13-14 цагийн хооронд энэ залуу ирж машинаа угаалгасан. Би тухайн үед тэр шилийг анзаараагүй хөөсдчихөөд шил арчигчийг буулгасан. Хуруу орохооргүй хэмжээний зайн дээр алдсан. Шил хагарахаар хэмжээний алдаагүй. Тэгээд хойд талыг нь арчиж байхад намайг шил хагалчихлаа гэсэн. Энэ залуу өмнө нь машиныхаа шил арчигчийг хулгайд алдсан гэж байсан бөгөөд хулгайд алдаад шил арчигч нь төмрөөрөө байсан гэж бодож байна. Шил арчигч хулгайлсан хүн нь олдохгүй, цагдаад өргөдөл өгсөн байсан. Би 80 000 төгрөг өгье гэхэд зөвшөөрөөгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.П-оос 160 000 гөгрөг гаргуулж Г.Б-т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.П-оос 5 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2017 оны 5 дугаао сарын 30-ны өдөр приус-30 маркийн машин угаасан. Уг машин нь надаар угаалгасныхаа өмнө хагарсан байсныг би анзааралгүй байж байгаад угааж дууссаны дараа жолооч “чи миний шил угааж байхдаа хагалчихлаа” гээд би хэсэг маргалдсан бас эвлэрэх гэж оролдсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэн шил арчигч хагалсан талаар үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Т.-т холбогдуулан гэм хорын хохиролд 160 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Т.П- 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Г.Б-ын эзэмшлийн Приус-30 маркийн автомашиныг угааж байх үед уг автомашины урд шил хагарсан үйл баримт тогтоогдсон, үүний улмаас уг шилийг 160 000 төгрөгөөр солиулсан гэх үнийн дүнд хариуцагч маргаагүй. Харин өмнө нь шил хагарсан байх, мөн шил арчигч зөөлөвчгүйгээс хагарсан байх магадлалтай гэж маргасан.
Хэргийн баримт, зохигчийн тайлбараар хариуцагч Т.П нь нэхэмжлэгч Т.Б-ын автомашиныг угааж байх явцад түүний болгоомжгүй үйлдлийн улмаас уг автомашины урд шил хагарч 160 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Гэм хор учруулсан этгээд өөрийн буруугаас гэм хор учруулаагүй гэдгээ нотолсон нөхцөлд тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны хариуцлагаасчөлөөлөгдөх учиртай.
Хариуцагч нь уг автомашиныг угаахдаа шил хагалах үйлдэл хийгээгүй, өмнө нь шил хагарсан байсан, мөн шил арчигч зөөлөвчгүйгээс хагарсан байх магадлалтай гэж маргасан боловч шил арчигч нь хохирол учруулахад нөлөөлсөн, шил өмнө нь хагарсан байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул тэрээр гэм хор учруулсны хариуцлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа учирсан хохирлыг мөнгөөр тооцож барагдуулна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул хариуцагч Т.П-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.П-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА