Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0245

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “И” ХХК.

      Хариуцагч: ЗТХЯ.

    Нэхэмжлэлийн шаардлага: “ЗТХС-ын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “И” XXК нь 2019 оны 6 дугаар сараас олон улсад хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд цаашид нислэгийн чиглэл, давтамж, сүлжээгээ өргөтгөх, гадаадын авиакомпаниудтай коммерийн буюу арилжааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын ЗТХЯ-нд хандан БНТУ-ын Истанбул хот руу Монгол Улсын талаас нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилуулах тухай хүсэлтийг гаргасан байдаг.

       Дээрх хүсэлтийн дагуу Монгол Улсын ЗТХС-ын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тушаалаар Улаанбаатар - Истанбул - Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “И” ХХК-д хуваарилж, нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон. Гэвч уг тушаалын 2 дахь хэсэгт   “Улаанбаатар - Истанбул - Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэхийг “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т-т үүрэг болгосугай” гэж заажээ.

     Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /ЗТХЯ/-ын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд ЗХТЯ-наас нислэгийн шугам хуваарилж агаарын тээвэрлэгчээр томилохдоо аль нэг талд давуу эрх олгосон, эсхүл хязгаарлалт тогтоосон, хориглосон зохицуулалт хийх бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 250 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3 /Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох, олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах/, 7.1.11 /иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, агаарын хөлгийг хамтран эзэмших буюу түрээслэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах/ дэх заалтууд нь зөвхөн нислэгийн шугам хуваарилж, агаарын тээвэрлэгчээр томилох эрх олгосон заалтууд байх бөгөөд ийнхүү томилохдоо агаарын тээвэрлэгч компаниуд хоорондын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарлах, хориглох эрх хуулиар олгогдоогүй.

      Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 2.2.1.3-д “Агаарын харилцааны тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхээр томилогдсон агаарын тээврийн компанийг агаарын тээврийн компаниудын эвсэлд нэгдэх, нислэгийн шугамыг хоёрдогч талын, зарим чиглэлд гуравдагч талын аяллын сугаар хуваан эзэмших хэлбэрээр ашиглахыг дэмжих "талаар тусгайлан заасан байдаг. Мөн ЗТХС-ын 19 оны 250 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол асуудлаар хууль, Улсын Их хурлын  тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.” гэж заасан байна. Гэтэл ЗТХС-ын 2019 оны 250 дугаар тушаалын 2 дахь заалт нь үндэслэх хэсэгтэйгээ зөрчилдөж, мөн Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тусгайлан аяллын дугаар хуваан ашиглахыг дэмжихээр заасантай нийцэхгүй, зөрчилдөж байна.

       Олон улсын нислэг үйлдэх нь дан ганц нэг улсын хууль тогтоомжоор зохицуулагддаггүй бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг. БНТУ-ын Анкара хотноо 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын агаарын тээвэрлэгч компаниуд аяллын дугаар хуваан ашиглахыг хязгаарласан, хориглосон зохицуулалт байдаггүй. Мөн Монгол улс болон Бүгд Найрамдах Турк улсын  иргэний нисэхийн эрх бүхий байгууллагуудын хооронд 2012 онд байгуулсан Санамж бичгээр аяллын дугаар хамтран эзэмших боломжийг хоёр улсын агаарын тээвэрлэгч компаниудад нээлттэй болгосон.

        Аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт нь агаарын тээвэрлэгч компанийн хувьд шинэ чиглэл нээхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг тул олон улсад авиа компаниуд шинэ чиглэл нээхдээ аль болох зардал багатайгаар нэвтэрч, тухайн зах   зээлийг бойжуулахдаа ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн коммерийн олон талт хамтын ажиллагааны жишиг зохицуулалт юм.

        ЗТХС-ын 2019 оны 250 дугаар тушаалын 2 дахь заалт нь “И” ХХК-ийн олон улс дахь бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарласан, боймолсон зохицуулалт бөгөөд компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон агуулгатай заалт болно.

         Зам тээврийн хөгжлийн яамнаас “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалыг “И” ХХК-д албан ёсоор мэдэгдэж, хүргүүлээгүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан тушаалыг “И” ХХК-ийн холбогдох албан тушаалтан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамнаас  очиж авсан. Тушаалын хуулбарыг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан нь Зам тээврийн хөгжлийн яамны  414 бүртгэлийн дугаартай “Хуулбар үнэн" тэмдгээр баталгаажсан.

        Дээрх тушаалын хуулбартай “И” ХХК-ийн удирдлагууд танилцаад 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 01/781 тоот албан бичгээр Зам тээврийн хөгжлийн сайдад гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй тул шүүхэд хандаж хууль ёсны эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

        Иймд “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” ЗТХС-ын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “И” ХХК нь 2019 оны 6 дугаар сараас олон улсад хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд цаашид нислэгийн чиглэл, давтамж, сүлжээгээ өргөтгөх, гадаадын авиакомпаниудтай коммерийн буюу арилжааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын ЗТХЯ-нд хандан Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хот руу Монгол Улсын талаас нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилуулах тухай хүсэлтийг гаргасан байдаг.

      Дээрх хүсэлтийн дагуу Монгол Улсын ЗТХС-ын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 250 тоот тушаалаар Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “И” ХХК-д хуваарилж, нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон. Гэвч уг тушаалын 2 дахь хэсэгт “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэхийг “И” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Т-т үүрэг болгосугай” гэж заажээ.

       Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамнаас нислэгийн шугам хуваарилж агаарын тээвэрлэгчээр томилохдоо аль нэг талд давуу эрх олгосон, эсхүл хязгаарлалт тогтоосон, хориглосон зохицуулалт хийх бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2019 оны 250 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах”, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх хэсэгт  “иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, зохицуулах” гэх заалтууд нь зөвхөн нислэгийн шугам хуваарилж, агаарын тээвэрлэгчээр  томилсон эрх олгосон заалтууд байх бөгөөд ийнхүү томилохдоо агаарын тээвэрлэгч компаниуд хоорондын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарлах, хориглох эрх хуулиар олгогдоогүй.

      Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан.“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын 2.2.1.3-д “Агаарын харилцааны тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхээр томилогдсон агаарын тээврийн компанийг агаарын тээврийн компаниудын эвсэлд нэгдэх, тухайн нислэгийн шугамыг хоёрдогч талын, зарим чиглэлд гуравдагч талын аяллын дугаар хуваан эзэмших хэлбэрээр ашиглахыг дэмжих” талаар тусгайлан заасан байдаг. Мөн ЗТХС-ын 2019 оны 250 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.” гэж заасан байна. Гэтэл ЗТХС-ын 2019 оны 250 дугаар тушаалын 2 дахь заалт нь үндэслэх хэсэгтэйгээ зөрчилдөж, мөн Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тусгайлан аяллын дугаар хуваан ашиглахыг дэмжихээр заасантай нийцэхгүй, зөрчилдөж байна.

        Олон улсад нислэг үйлдэх нь дан ганц нэг улсын хууль тогтоомжоор зохицуулагддаггүй бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг. Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотноо 1995 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын агаарын тээвэрлэгч компаниуд аяллын дугаар хуваан ашиглахыг хязгаарласан, хориглосон зохицуулалт байдаггүй. Мөн Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагуудын хооронд 2012 онд байгуулсан Санамж бичгээр аяллын дугаар хамтран эзэмших боломжийг хоёр улсын агаарын тээвэрлэгч компаниудад нээлттэй болгосон.

       Аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт нь агаарын тээвэрлэгч компанийн хувьд шинэ чиглэл нээхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг тул олон улсад авиакомпаниуд шинэ чиглэл нээхдээ аль болох зардал багатайгаар нэвтэрч, тухайн зах зээлийг бойжуулахдаа ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн коммерийн олон талт хамтын  ажиллагааны жишиг зохицуулалт юм.

       ЗТХС-ын 2019 оны 250 дугаар тушаалын 2 дахь заалт нь “И” ХХК-ийн олон улс дахь бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарласан, боймолсон зохицуулалт бөгөөд компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон агуулгатай заалт болно.

        Зам тээврийн хөгжлийн яамнаас “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалыг “И” ХХК-д албан ёсоор мэдэгдэж, хүргүүлээгүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан тушаалыг “И” ХХК-ийн холбогдох албан тушаалтан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамнаас очиж авсан. Тушаалын хуулбарыг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан нь Зам тээврийн хөгжлийн яамны 414 бүртгэлийн дугаартай “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан.

       Дээрх тушаалын хуулбартай "И” ХХК-ийн удирдлагууд танилцаад 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 01/781 тоот албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яамны сайдад гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй тул шүүхэд хандаж хууль ёсны эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

        Иймд "Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай" ЗТХС-ын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн байр суурийг ерөнхийд нь Б.Д дарга илэрхийллээ. Тус тушаалыг үндэслэсэн заалтууд  болох Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 болон 7.1.3 дахь заалтыг үндэслэн гаргасан гэж байгаа.  Томилогоо 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарсан.  Бид нарт албан ёсоор мэдэгдээгүй. Явц  ямар шатанд байгаа вэ гэдгийг тодруулах гээд Зам тээврийн хөгжлийн яаманд манай ажилтан 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр холбогдоход тушаалтай ирээд танилцаарай гэсэн. Тушаалтай танилцах гээд  очиход   өмнө ямар нэгэн байдлаар иргэний нисэхийн салбар практикт байхгүй, стандарт бус томилогоо олгогдсон байсан. Үүнтэй уялдуулаад 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яаманд гомдол гаргасан. Тухайн гомдолд 250 тоот тушаалын 2 дахь заалт хэр их хуулийн үндэслэлтэй вэ? Энэ асуудлыг сайн нягталж үзээд нааштай арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг Зам тээврийн хөгжлийн яамны Б.Э сайдад хүргүүлсэн. Үүний хариу 30 хоног дотор ирээгүй тул шүүхэд хандсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас нууцын дардастайгаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төрийн нарын бичгийн даргын гарын үсэгтэй тайлбар ирүүлсэн. Уг тайлбарт уг нислэгийн шугамд танай компани нислэгийн үйл ажиллагаа эхлүүлж, тогтворжуулсны дараа аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байсан.  Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Чикагогын конвенцэд дурдсан практик зөвлөмжийн эсрэг тайлбар бичиг ирсэн. Мөн Зам тээврийн хөгжлийн яам нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж чиглэлийг Бүгд Найрамдах Турк улстай байгуулсан 2 талын агаарын харилцааны хэлэлцээрт баримталж байгаа үед болно гэсэн тайлбартайгаар өгсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар зөвлөмж гаргуулсан юм бэ? Тухайн улстай байгуулсан гэрээ хэлэлцээртэй холбоотой зөвлөмж ирүүлсэн юм уу? Эсхүл арилжааны хамтын ажиллагаатай холбоотой тусгайлан зөвлөмж өгөгдсөн байдаг юм уу гэдэг асуудал хөндөгдсөн байгаа. Үүнтэй уялдуулан Зам тээврийн хөгжлийн яам нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүргүүлсэн зөвлөмжийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн байдаг.  Тухайн зөвлөмжийн агуулга нь Монгол улс болон Бүгд Найрамдах Турк улстай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн санамж бичиг, өөрчлөлт оруулах болон 7 хоног тутам нислэгийн суудлын багтаамжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл авч ажиллах нь зүйтэй. Иймд Бүгд Найрамдах Турк улстай хийх хэлэлцээрийг түр хойшлуулна уу гэсэн. Өөрөөр хэлбэл 2 талын агаарын харилцааны хэлэлцээрт тээвэрлэлтийн эрхтэй болон багтаамжтай холбоотой асуудал дээр зөвлөмж өгсөн болохоос биш 2 тээвэрлэгч хооронд арилжааны хамтын ажиллагаа буюу хэлэлцээрээс тусдаа зөвлөмж өгөөгүй.

        Манай гаргасан нэхэмжлэлд Зам тээврийн хөгжлийн  яамнаас тайлбар ирүүлсэн. Тухайн тайлбарт энэ тушаалыг үндэслэлтэй, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дах хэсэг мөн Салбарын бодлого баримт бичгийн 2.2.1.4 дэх хэсгийг үндэслэсэн гэж байгаа. Тушаал гаргахдаа 2.2.1.4 дэх хэсгийг үндэслэж гэсэн үг үсэг байдаггүй. Энэ агуулгыг Салбарын бодлого баримт бичгээс өөрөөр тайлбарлаж оруулсан байгаа. Салбарын бодлого баримт бичиг нь агаарын харилцаатай холбоотой бүлэгт 2.2.1.3 дахь хэсэгт тусгайлан дэмжинэ, тусгайлан дэмжихдээ тухайн улсын зах зээлийн нөхцөл байдал, агаарын тээвэрлэгчдийн эдийн засгийн хүчин чадал зэргийг үндэслэн ялгавартай тогтооно гэсэн агуулгыг мушгисан. Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын тайлбар бичигт тодруулга өгсөн.  Өрсөлдөөний тухай хуулиар хамтын ажиллагааг үйл ажиллагаа өргөжүүлэх эрх нь зөрчигдсөн байна гэдэг тайлбар өгсөн байгаа” гэв.

       Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд:

   1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ЗТХЯ-аас нислэгийн шугам хуваарилж агаарын тээвэрлэгчээр томилохдоо аль нэг талд давуу эрх олгосон, эсхүл хязгаарлалт тогтоосон, хориглосон зохицүулалт хийх бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна ...”  гэж дурдсан байна.

      Нэхэмжлэгч “И” ХХК-ийн ЗТХС-д хандан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/538 тоот “Нислэгийн томилолт хүсэх” тухай албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд “....Төрөөс авиа компаниудыг ижил тэнцүү орчинд өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлийг баримталж, агаарын тээврийн зах зээлийг үндэсний агаарын тээвэрлэгчдэд нээлттэй болгосон гэж ойлгож байна” гэж дурдсан.

       Нэхэмжлэгч талын нислэгийн томилолт хүссэн хүсэлтийг харгалзан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах хөгжлийн бодлоготой уялдуулан, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд Монгол талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх, үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтлан, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нисэхэд хамаарах асуудлыг зохицуулан удирдах, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх” гэж, 7.1.11-т “иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох... холбогдсон асуудлыг зохицуулах" гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 2.2.1.4-т “олон улсын нислэгийн шугамын багтаамж, давтамж, томилогдох тээвэрлэгчийн тоог тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай           гэж заасантай нийцүүлэн аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр нислэг гүйцэтгэхээр дотоодын агаарын тээвэрлэгч “И” ХХК-ийг дэмжиж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тушаалыг баталсан нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль эрх зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.

       2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... тухайн нислэгийн шугамыг хоёрдогч талын, зарим чиглэлд гуравдагч талын аяллын дугаар хуваан эзэмших хэлбэрээр ашиглахыг дэмжихээр заасантай тус тушаал нийцэхгүй, ... 2012 онд байгуулсан санамж бичгээр аяллын дугаар хамтран эзэмших боломжийг хоёр улсын агаарын тээвэрлэгч компаниудад нээлттэй болгосон ...” талаар дурджээ.

    Гэтэл Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын агаарын тээврийн удирдах байгууллагын төлөөлөгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ойлголцлын санамж бичгийн Аяллын дугаар хуваан ашиглах 2 дугаар хавсралтад Аяллын дугаар хамтран эзэмших боломжийг нээлттэй болгосон хэдий ч нисэхийн салбарын бодлоготой уялдуулан шийдвэр гаргах эрх нь хэлэлцэгч бүрэн эрхэд хадгалагдаж байна.

       Тус бүрэн эрхийн хүрээнд Гадаад харилцааны сайдад 2019 оны 07 дугаар сарын 26-ны 02/4038 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр"... ЗТХС-ын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тушаалаар тээврийн “И” ХХК-ийг Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар нислэг гүйцэтгэх       агаар  тээвэрлэгчээр Туркийн талд томилгооны талаар дипломат шугамаар мэдэгдэх хүргүүлсэн. Ингэснээр Монголын талаас 500 суудлыг зах зээлд нийлүүлэх бүрдэж, суудлын тоо долоо хоногт хоёр талаас нийтдээ 1000 болон нэмэгдэх мэдэгдэх талаар байр сууриа Бүгд Найрамдах Турк Улсад илэрхийлэхийг уламжилсан.

      3. Нэхэмжлэгчийн ЗТХС-д 2019 оны 05 дугаар сарын 24-ний “Нислэгийн томилолт хүсэх тухай” 01/538 тоот албан бичгээр БНТУ-ын Истанбул, БНХАУ-ын Чонг Чинг, Тиэнжинь ...” гэх зэрэг хотууд руу хуваарьт нислэгээр төлөвлөж байгаа талаар дурдсан.

       Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан “И” ХХК-ийн Олон улс бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарласан, боомилсон зохицуулалт бөгөөд компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон агуулгатай заалт ...” гэсэн нь “И” ХХК-ийн агаарын тээвэрлэгчийн томилгоо хүссэн  дагуу ЗТХС-ын 2019 оны 07 дугаар сарын 25-ны Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай 250 тушаал хүчин төгөлдөр болсноор тус компанийн хууль ёсны эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

         “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д “нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ЗТХС-ын гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 250 тоот тушаалыг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тухай хууль болон Иргэний нисэхийн тухай хуулийн холбогдох хүчин төгөлдөр заалтыг үндэслэн гаргасан.  Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасан. Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох, олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах” гэж заасан ба тус зүйлийн  7.1.11 дэх хэсэгт иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, агаарын хөлгийг хамтран эзэмших буюу түрээслэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах” гэж заасан хуулийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр тушаал гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2  дахь хэсэгт бичгээр гаргасан актын шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тушаал юм. Мөн Турк улс болон Монгол улсын хооронд  байгуулсан 1995 оны Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор баталсан агаарын харилцааны хэлэлцээр олон улсын гэрээний тухай хуулийн дагуу хэрэв хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулаад,  хүчин төгөлдөр болох асуудал нь олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Засгийн газраар батлах асуудал яригдана. Гэвч өнөөдөр хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай Засгийн газраа баталгаажуулсан буюу нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн зохицуулалт үйлчилж эхлээгүй, 1995 онд 39 дүгээр тогтоолоор баталсан хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 250 дугаар тушаал төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогод нийцэж байгаа. Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах 2020 он хүртэл баримтлах бодлогод 2.2.1.4 дэх хэсэгт  олон улсын нислэгийн шугамын багтаамж, давтамж томилогдох тээвэрлэгчийг тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох гэсэн хуулийн хүрээнд үндэслэсэн тушаал. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар мушгисан зүйл байхгүй. Сүүлд ирсэн орчуулгад мөн адил “хэлэлцээрт өөрчлөлт орох асуудлыг 2 тал харилцан тохиролцов”  гэсэн орчуулга гарсан нь өмнөх орчуулгаас агуулгын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Нотлох баримтаар гаргаж өгсөн Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажил албан ёсоор хүчин төгөлдөр үйл ажиллагаа хийгдээгүй гэж ойлгож байна.

      Нэхэмжлэгчийн асууж байгаа асуултын хувьд Зам тээврийн хөгжлийн яамнаас нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн буюу “И” ХХК нь эхлээд  тогтворжуулах хүртэл аяллын дугаар хуваан эзэмшихгүй байх зарчим баримтална гэж албан бичгэн хариу өгснөөр хариулагдаж байгаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн хөгжлийн сайд 205 дугаар тоот тушаал нь Монгол улсын хууль, Олон улсын гэрээний дагуу соёрхон баталсан буюу Засгийн газраар баталсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу  суудал хуваах  эрхийг хязгаарласан тушаалыг гаргасан нь талуудын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээр болон санамж бичигт дурдсан  зохицуулалттай нийцэж байгаа. Энэ нь 3 удаагийн орчуулгаар агуулга нь адилхан ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

       Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т ЗТХС-ын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэн хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч “И” ХХК маргаан бүхий 250 дугаар тушаалын “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэх..” гэсэн 2 дахь заалт нь агаарын тээвэрлэгч компаниудын хоорондын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарласан хууль бус шийдвэр гэж, харин хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд хууль, тогтоомжоор өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль эрх, зүйн үндэслэлтэй шийдвэр гэж тус тус маргажээ.

      Хариуцагч ЗТХС “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалыг гаргахдаа Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11 дэх заалт болон Бүгд найрамдах Турк улсын Анкара хотноо 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 3 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн байна.

        Монгол улс 1944 онд Чикаго хотноо гарын үсэг зурсан Олон улсын Иргэний нисэхийн конвенцид 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон оролцогчийн хувьд дээрх Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1995 онд Анкара хотноо гарын үсэг зурж мөрдүүлсэн төдийгүй 2012 оны 04 дүгээр сард хоёр орны Засгийн газрын түвшинд агаарын үйлчилгээний гэрээтэй холбоотой 2 хавсралт бүхий “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулжээ.

          Харин энэхүү маргааны хувьд эрх зүйн үндэслэл нь дээрх  Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, түүний үзэл санааны дагуу байгуулсан 2012 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн хүрээнд тодорхойлогдохоор байна.

          Өөрөөр хэлбэл хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд Иргэний нисэхийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх баримт бичгүүдийн үзэл санааг зөрчихгүйгээр, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргах үүрэгтэй.

          Гэтэл хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа “...Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэх..” гэсэн 2 дахь заалт оруулсан нь Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай шийдвэрт урьд өмнө байгаагүй оролцогчийн эрхийг хязгаарласан акт болсон гэж үзсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

          Учир нь Бүгд найрамдах Турк улсын Анкара хотноо 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн салшгүй хэсэг болсон 2012 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр талын аяллын дугаар хамтран эзэмших талаар зохицуулж хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэж үзэхээр байна.

          Энэхүү “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгт эхний удаа Иргэний нисэхийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/3558 дугаар албан бичгээр албан бус орчуулгын хэлбэрээр[1],  2019 оны 11 дүгээр сарын 25 –ны өдөр шүүхийн бичиг хэрэг хүлээн авсан тэмдэглэгээтэй орчуулгын эрхтэй “O” ХХК-ийн орчуулсан дардас бүхий орчуулга[2], үүний дараа тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орчуулга хийлгэх тухай 2094 дүгээр захирамжийн дагуу томилогдсон этгээдээс орчуулж ирүүлсэн[3] зэрэг хэлбэрээр тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

          Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичигт аяллын дугаар хамтран эзэмших талаар хэрхэн туссаныг авч үзвэл: Шүүгчийн захирамжаар томилогдсон этгээдийн орчуулж ирүүлсэн санамж бичгийн[4] “Код харилцан эзэмших талаарх зохицуулалтууд” гэсэн 3 дахь хэсэгт “Гэрээлэгч талууд Агаарын үйлчилгээний гэрээнд (хавсралт II) код харилцан эзэмших талаарх заалтыг тусгах талаар харилцан тохиролцов. Тус санамж бичгийн хавсралт II[5]-т “Гэрээлэгч талууд код харилцан эзэмших үйлчилгээ нь маркетинг хариуцаж байгаа агаарын тээвэрлэгч компанийн зөвшөөрсөн хүчин чадлын хүрээнд тооцогдох талаар харилцан ойлголцсон байна.”, “O” ХХК-ийн орчуулж ирүүлсэн санамж бичгийн[6] “Аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалт” гэсэн 3 дахь хэсэгт “Хоёр тал энд Хавсралт II болгон хавсаргасан аяллын дугаар хамтран эзэмших заалтыг Агаарын харилцааны хэлэлцээрт оруулахаар тохиролцлоо. Тус санамж бичгийн хавсралт II-т[7] “Аяллын дугаар хамтран ашиглаж буй үйлчилгээг маркетинг хийж буй агаарын тээвэрлэгчийн багтаамжийн зохицуулалтад оруулан тооцно гэж хэлэлцэн тохирогч хоёр тал нийтлэгээр ойлгосон байна.”, Иргэний нисэхийн ерөнхий газрын ирүүлсэн албан бус орчуулга гэх санамж бичгийн[8] Аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт гэсэн 3 дахь хэсэгт “Хоёр тал аяллын дугаар хамтран эзэмших заалтыг Агаарын харилцааны хэлэлцээр хавсарган Хавсралт 2 болгон оруулахаар тохиролцлоо гэсэн агуулгаар тус тус орчуулсан бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын ирүүлсэн энэхүү санамж бичигт хавсралт 2-ыг нотлох баримтаар ирүүлээгүй байна.

          Харилцан ойлголцлын санамж бичгийн маргаан бүхий аяллын дугаар ( код)-ыг хамтран эзэмших (ашиглах) тухай зохицуулалтыг энэхүү санамж бичгийн 3 дахь хэсэгт заахдаа хавсралт II болгон оруулж тодруулсан бөгөөд агуулгын хувьд энэхүү хавсралт II-т заасан байдлаар дагаж мөрдөхөөр тохирсон гэж үзэхээр байна.

          Өөрөөр хэлбэл Монгол улс Бүгд найрамдах Турк улсын агаарын тээврийн удирдах байгууллагын төлөөлөгчид хоёр орны хоорондын агаарын харилцааны асуудлыг хэлэлцэн тохирч санамж бичиг байгуулахдаа аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтыг уг санамж бичгийн хавсралт II-т тусгах замаар мөрдөхөөр харилцан тохиролцсон  энэхүү санамж бичиг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

           Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хоёр талын аяллын дугаар хамтран эзэмших талаар санамж бичигт зааснаар Засгийн газрын түвшинд хэлэлцэж шинэ баримт бичиг гаргах бөгөөд одоо хир шийдвэрлээгүй байгаа гэх тайлбар үндэслэлгүй.

          Учир нь 2012 оны Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга оролцсон энэхүү санамж бичиг хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт[9] заасан уг хэлэлцээрийн салшгүй хэсэг болохын тухайд уг хэлэлцээрийн энэ зүйлийн “а”-ийн /”Аэронавтикийн захиргаа” гэдэгт Монгол улсын хувьд Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайд буюу эсвэл тухайн сайдын эрхэлж байгаа аливаа ажлыг гүйцэтгэх эрх олгогдсон аливаа байгууллага буюу бие хүнийг ойлгоно.....” гэж заасантай нийцэж байгаа бөгөөд Засгийн газрын түвшинд хэлэлцээ байгуулсан гэж дүгнэхээр байна.

          Иймд 2 тал аяллын дугаар хамтран эзэмших асуудлыг 2012 оноос энэхүү санамж бичигт тохиролцож тодорхойлсон байдлаар харилцан мөрдөж байгаа  бөгөөд шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн орчуулгын хувьд агуулгын зөрүү байхгүй байна.

          Түүнчлэн хариуцагч ЗТХС-ын “И” ХХК-ийн хүсэлт гаргасан чиглэлд олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон атлаа тус чиглэлийн шугамд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр нислэг гүйцэтгэхийг үүрэг болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн 2 дахь хэсгийн 2.2.1.3-д “Агаарын харилцааны тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхээр томилогдсон агаарын тээврийн компанийг агаарын тээврийн компаниудын эвсэлд нэгдэх, тухайн нислэгийн шугамыг хоёрдогч талын, зарим чиглэлд гуравдагч талын аяллын дугаар хуваан эзэмших хэлбэрээр ашиглахыг дэмжих;” гэсэнтэй тус тус нийцээгүй гэж дүгнэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх УИХ-аас баталсан бодлогын баримт бичгийн 2.2.1.4-д “олон улсын нислэгийн шугамын багтаамж, давтамж, томилогдох тээвэрлэгчийн тоог тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох;” гэж заасантай нийцүүлж захиргааны актыг гаргасан гэж тайлбарлах боловч энэ талаар маргаан бүхий 250 дугаар тушаалдаа үндэслээгүй, тус баримт бичгийн 2.2.1-д “Үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадвартай уялдуулан олон улсын агаарын шугамд чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналттай, үе шаттайгаар нээлттэй болгох бодлогыг баримтална.” гэсэн агаарын харилцааны зохицуулалттай хэрхэн нийцэж байгаа талаар хангалттай нотлоогүй байна.

          Өөрөөр хэлбэл энэхүү маргааны хувьд олон улсын нислэг үйлдэх нь дан ганц нэг улсын хууль тогтоомжоор зохицуулагддаггүй хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн коммерийн олон талт хамтын ажиллагааны жишиг зохицуулалттай нийцсэн байхыг шаарддаг бөгөөд маргаан бүхий тушаалын 2 дахь заалт нь нэхэмжлэгчийн олон улс дахь бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарласан, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх тайлбар үндэслэл бүхий гэж дүгнэв.

          Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагчийн гаргасан 250 тоот тушаалын 2 дахь заалт Иргэний нисэхийн тухай хууль, төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, 2 талын хэлэлцээр, санамж бичгийн холбогдох зохицуулалттай нийцээгүй гэж үзэж хүчингүй болгон шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

          1.Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ЗТХС-ын  2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

      2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг  төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ЗТХС-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 41-51 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 223-227 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 223 дугаар хуудас

[5] Хавтас хэргийн 226 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 132 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас