Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0299/Э |
Дугаар | 2022/ШЦТ/319 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Д.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Д.Ширэндэв,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000336 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, харуул хийдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн Б (РД:...);
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах “...” хүнсний дэлгүүрт иргэн Э.Г-ийн эзэмшлийн Philips загварын 32 инчийн зурагтыг газар шидсэний улмаас гэмтэж, 360.000 төгрөгийн хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Т.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), шүүгдэгч Т.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах “...” хүнсний дэлгүүрт иргэн Э.Г-ийн эзэмшлийн Philips загварын 32 инчийн зурагтыг газар шидсэний улмаас гэмтэж, бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Г-ийн: “... 2022 оны 02дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед ганцаараа дэлгүүр дотроо сууж байтал үл таних 50 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн орж ирээд ахтайгаа унтах уу мөнгийг нь өгнө гээд янз бүрийн юм яриад бахаар нь би та одоо настай хүн байж юу яриад байгаа юм та согтуу байна гээд түлхээд гаргах гэтэл үл таних хүн намайг чи ямар сүртэй гэж уурлаад дэлгүүрийн лангууны тавцан дээр байсан филипс маркийн 32 инчийн зурагтыг авч шидээд эвдэлчихсэн юм. Тэгээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Philips маркийн 32 инчийн телевизор -360,000 төгрөгөөр үнэлсэн. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Шүүгдэгч Т.Б-ын: “... Увс хүнс дэлгүүр ороход үл таних 30 орчим насны эмэгтэй хүн байсан санагдаж байна тэрнээс хойш юу болсон гэдгийг би санахгүй байна. Хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Г-ийн эзэмшлийн зурагтыг шалтгаангүйгээр авч газар шидсэний улмаас эвдэрсэн, уг эвдэрсэн зурагт нь 360,000 төгрөгөөр үнэлэгдсэн, тус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Т.Б-ыг тус зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ийн эд хөрөнгө гэмтсэн бөгөөд хохирлын 360,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ширэндэв нь Т.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Т.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Т.Б-ын хувийн байдал, тэрбээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ