Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108019101713 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн А (...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогч болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө иргэн Г.Д-ыг “Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар гудамжны ... тоотод 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн баруун гарын шуун тус газарт ширээгээр цохиж, миний биед баруун шуу ясны далд хугарал гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, иргэн Г.Д-ыг гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тус өдөр салсан нөхөр Д орж ирээд бензиний мөнгө нэхэхээр нь хоёр хүүхдэдээ өгөх байтал мөнгө нэхлээ, үр хүүхдүүдээ хаяж явчхаад ичээч гээд маргалдаад Д-ыг гараад явахтай зэрэгцээд араас нь явтал ус асгарсан байсан хулдаас дээр халтираад унахдаа баруун гараа ширээний ирмэг дээр цохисон, тэгээд гар эвгүй болчихсон. Тухайн үед би жаахан юм уусан байсан болохоор, бас манай нөхөр морь унадаг хүүхдийнхээ эгчийг 2 хүүхдийнх нь хамт авчраад гэрт байлгаж байгаад тэгээд дотносоод салаад явсан нь бодогдоод уур хүрээд намайг ширээгээр цохиод гар хугалсан гэж худал мэдүүлэг өгсөн. Түүнээс намайг цохиж зодоогүй, гар хүрээгүй юм. Ийм байдалд хүрнэ гэж бодсонгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.А нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Харин өмгөөлөгч миний хувьд хэргийн зүйлчлэлийн асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй гэж мэтгэлцэж оролцоно” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэргийн шинж нь гэмт хэрэг гараагүй байхад гарсан гэж, түүнийг тодорхой хэн нэгэн этгээд үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн шууд санаатай үйлдэл байдгаас гадна хууль, шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлэгдсэн, гүтгэгдсэн хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөө зэрэг давхар объектод халддаг нийгэмд аюултай, хор уршигтай тул хууль тогтоогч хэрэг шалган хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь санаатайгаар худал мэдээлэх, эсхүл зориуд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мөрдөгч урьдчилан тайлбарлаж, тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.

Тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба бусдын эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл буюу хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гүтгэснээр “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинж хангагддаг тул шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон.

Тухайлбал, Шүүгдэгч Б.А нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр, мөн оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд мэдүүлэг өгөхдөө “2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар гудамжны ... тоотод иргэн Г.Д нь миний баруун гарын шуун тус газарт ширээгээр цохиж, баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:

1. Б.А-ийн 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ ганцаараа унтаж байтал  салсан нөхөр Ганболдын Д ирээд намайг архи уусан байна гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би Д-тай 20 жил хамт амьдраад салаад 2 жил гаран болж байна, хааяа хүүхэдтэйгээ уулзах гэж орж гардаг юм. Тэгээд архи уулаа гэх шалтгаанаар над руу дайраад үснээс зулгаагаад ширээгээр цохиход  би баруун гараараа хаасан чинь баруун гарын шуу хэсэг хугарч гэмтсэн. Д нь намайг ширээгээр цохичхоод гараад явчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

2. Б.А-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би нөхөр Д-тай танилцаад 2001 оноос хамт амьдарч эхэлсэн, нөхөр 2019 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаа тогтоогоод Номинбаяр гэх хүүхэнтэй хамт амьдраад байсан учир албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 2019 оны 07 дугаар сараас эхлэн салсан. Би охин А-ийн Б (19 настай), хүү Д-ын Х (9 настай) нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо ... тоот хашаандаа нүүж ирээд одоог хүртэл амьдарч байгаа. Түүнээс хойш Д зарим үед гэрт ирээд хүүхдүүдтэйгээ уулзаад элдэв янзын хэрүүл маргаан гаргахгүй яваад өгдөг байсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед ганцаардаад сэтгэл тогтворгүй болоод байхаар нь гэрт байсан 200 граммын Хараа нэртэй архи ганцаараа уучхаад хэвтэж байж байхад Д орж ирээд надаас 10,000 төгрөг өгөөч бензин хийх гэсэн юм гэхээр нь би түүнд хандан “чи надад мөнгө өгөх ёстой байж надаас мөнгө нэхлээ” гэж хэлээд уурлаад элдвээр хэлж загнасан. Тэгтэл намайг архи уугаад согтуу гэртээ байсан гээд гэрийн баруун талын орны урд байсан жижиг ширээгээр цохих гэхээр нь би гараараа хамгаалсан чинь гарын шуу хэсэгт цохигдсон чинь Д гараад явчихсан. Тэгэхээр нь би гэртээ сууж байхад баруун гар шуу хэсгээрээ өвдөөд байхаар нь охин Б-ийг дуудаад ирүүлсэн. Тэгээд болсон зүйлийг хэлээд хамт гэмтлийн эмнэлэг явсан чинь гэмтлийн цагдаа бүртгэж аваад харьяа цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Бид хоёртой хамт хэн нэгэн байгаагүй болохоор харсан хүн байхгүй гэж бодож байна. Салсан нөхөр Д цэнхэр өнгийн жижиг ширээгээр нэг удаа баруун гарын шуу хэсгийг цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

3. Гэрч А.Б-ийн: “...Аав Д зарим үед гэрт ирж дүүтэй уулзаад явчихдаг байсан. Би 3 жилийн өмнөөс найз залуутай болсон болохоор тэдний Баянхошуунд байдаг гэр лүү нь зарим үед явж тэндээ хонодог юм. Тэгээд намайг 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр найз залуугийнхаа гэр лүү явсан хойгуур ээж 19 цаг өнгөрч байхад миний гар утас руу залгаад аав чинь ширээгээр миний гар луу цохисон чинь гар өвдөөд байна. Чи хүрээд хүрээд ирэх үү гэхээр нь би тэр даруй гэртээ ирсэн чинь ээж гэртээ ганцаараа гараа барьчихсан сууж байсан. Харин дүү гадаа тоглоод явчихсан байсан болохоор дүүг дуудаж ирүүлээд ээжийг аваад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь баруун гарын шуу нь хугарсан байна гэж хэлсэн.

...ээж эмнэлэгт 3 бил үү 4 хоног хэвтээд гарсан. Тэрнээс хойш энэ асуудлаа ээжтэй ярилцаагүй байж байхад хэсэг хугацааны дараа 2021 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй ээж надад “аав чинь миний гарыг ширээгээр цохиогүй, би өөрөө халтираад уначихсан юм, цагдаад аавыг чинь ширээгээр цохисон гээд хэлчихсэн, яана” гэж хэлэхэд би ээжид хандан та намайг ч гэсэн цагдаад худлаа хэлүүлчихлээ гээд уурласан. Тэрнээс хойш энэ асуудлыг дахиж ээжтэй ярилцаагүй. ...Ээж ааваас салсандаа гомдоод цагдаад худал мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Өөр юм надад хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 181-182 дахь тал),

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 124 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (хавтаст хэргийн 147-153 дахь тал)

5. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Ат гэрчийн эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа (хавтаст хэргийн 23 дахь тал),

6. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.А-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг хууль сануулсан баталгаа (хавтаст хэргийн 12, 13-15 дахь тал) зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А-ийн бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.А-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Иймд шүүгдэгч Б.А-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Б.А-т эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч нь “би бага насны хүүхэдтэйгээ амьдардаг, хүүхдээ ганцаараа тэнжээн тэтгэдэг, ТҮЦ-нд сууж сардаа 200,000-300,000 орчим төгрөгийн л орлого олдог тул торгох ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.А-т ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх,...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” юм.

Шүүгдэгч Б.А нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүний ТҮЦ-нд сууж орлогождог, орлого нь тогтвортой бус, сардаа 200,000-300,000 орчим төгрөгийн хооронд орлогоосоо шалтгаалан авдаг, бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүүхдээ тэжээн тэтгэдэг, торгох ял оногдуулбал биелүүлэх боломж нөхцөл байхгүй гэж илэрхийлсэн бөгөөд түүнийг орлого олдог эсэхийг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй байхад торгох ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй, шүүгдэгч Б.А-т торгох ялыг биелүүлэх боломжгүй байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өрх толгойлсон, бага насны хүүхдээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.А нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.А-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ