Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/353

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ж-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000312 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... аймагт ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сум ... дүгээр баг, ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ж-ын Н (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зочид буудлын өрөөнөөс хохирогч Б.Н-ийн өмчлөлийн Самсунг А-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, хохирогчийн эд зүйлийг авсан нь үнэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зочид буудлын өрөөнөөс хохирогч Б.Н-ийн өмчлөлийн Самсунг А-52 маркийн гар утсыг хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Цагаан өнгийн хайрцагтай Цэнхэр өнгөтэй гадуураа Самсунг А-52 гэсэн бичиглэлтэй Самсунг А-52 маркийн гар утас 1 ширхэг байсныг Б овогт Н-т хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн тухай” (хавтаст хэргийн 9 дэх тал),

4. Хохирогч Б.Н-ийн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ажил руугаа явж байхад үл таних Н гэх залуутай танилцаад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц-ын ресторанд орж бид хоёр ширээн дээр сууж хоол захиалж идсэн. Тэгээд бид хоёр тухайн ресторанаас гараад Ц-ын ард байрлах нэрийг нь мэдэхгүй буудалд ороод 17 номерын өрөөнд орж 2 цаг орчим болохдоо 0,5 литртэй архи хувааж уусан. Тэгээд миний нойр хүрээд орон дээр хэвтэж байхад Н нь босоод нойл орчоод ирье гээд гарсан ба гарахдаа ширээн дээр байсан миний самсунг А-52 маркийн гар утсыг аваад явсан байсан. Тэгээд би утас руугаа тухайн буудлын жижүүрийн утсаар залгахад холбогдох боломжгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

5. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 174 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...Samsung a52 гар утас-800,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

6. Шүүгдэгч Ж.Н-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ө аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Би Улаанбаатар хотод ирсэн даруйдаа Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Х-ын хойд талын автобусны буудал дээр явж байхад нэг хөгшин хүн Хаан банк руу дөхүүлээд өгөөч гэхээр нь дөхүүлж өгөх гэж байхад хажуугаас бас нэг үл таних эмэгтэй надтай хамт тэр хөгшин хүнийг Хаан банк руу дөхүүлж өгсөн. Тэр үл таних эмэгтэй надтай танилцаад өөрийгөө Н гэж хэлсэн. Н-тэй танилцаад нэг пабад орж хоол захиалж идээд архи уусан. Пабаас Н бид хоёр гараад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо цагаан дэглий нэртэй зочид буудалд орохдоо дэлгүүрээс 1 шил архи аваад орсон. Н зочид буудалд орсны дараа дэлгүүрээс авсан архиа хувааж дуусгасны дараа Н согтоод зочид буудалд амарсан. Харин би ширээн дээр байсан Н-ийн эзэмшлийн Самсунг а-52 маркийн гар утсыг хулгайлаад гараад явсан. Би гар устыг бүрэн бүтэн Н-т хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч нь хохирогчтой танилцаж, хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар зочид буудалд орсон хойноо ахин нэмж согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогч нь согтсон, түүний энэ байдлыг ашиглан хохирогчийн гар утсыг шүүгдэгч авч гарсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хохирогчоос хэрхэн өөртөө шилжүүлэн авч байгаа байдлаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших ... гэмт хэрэг болж хоорондоо ялгагддаг байна. Хулгайлах гэмт хэрэг нь бусад ойролцоо төрлийн гэмт хэргүүдээс нууц далд аргаар үйлдэгддэг, хохирогч /мансуурсан, согтуурсан, орчин тойронд нь юу болж байгааг мэдэх сөгөөгүй байдлыг ашиглан үйлдсэн үйлдлийг оруулах/-д мэдэгдэхгүйгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан үйлдлээр ялгагдахаар тусгажээ.

Шүүгдэгч Ж.Н нь бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан түүнд мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авч гаран өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон дээрх үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан ба уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-т 800,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Ж.Н-оос Самсунг А-52 маркийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол саналгүй, хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-т Б аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... аймгийн ... сум ... дүгээр баг, ... гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Н нь “...прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Н-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, мөн шүүгдэгч Ж.Н-ын хувийн байдал (өмнө ял шийтгэлгүй), мөн шүүгдэгч нь Ө аймагт оршин суух хаягтай ч одоо Б аймагт ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Ө аймгийн ... сум ... дүгээр баг, ... гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ж.Н нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ж-ын Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-т Б аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Ө аймгийн Ц сум Ө ... дүгээр баг, ... гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 7 (долоо) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Н-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ