Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/02294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, *гудамж, Х төв албаны байранд байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, *******,* тоотод оршин суух, 40 настай, эрэгтэй, Товогт С Э /*******/ холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн төлбөрт 12 756 231,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Э******* нь тус банктай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ----------- дугаартай овердрафтын буюу зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 30 хоногт 2.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

----------- дугаартай овердрафтын буюу зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 12 756 231,26 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Бидний зүгээс овердрафтын буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагчаас ----------- дугаартай овердрафтын зээлийн гэрээний үүрэгт 12 756 231,26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

С.Э би Х банктай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ----------- дугаартай овердрафтын буюу зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 30 хоногийн 2,5%-ийн хүүтэй зээлж авсан.

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Зээл зээлийн хүүг хугацаанд нь төлж явсан боловч 2014 оны 04 дүгээр сараас цалин мөнгө хугацаандаа буухгүй, бусад орлого саатаж зээлээ төлж чадахгүй байдалд орсон.

Банк нь гэрээний 2.1.6-д зааснаар гэрээг түдгэлзүүлэн хааж 5 800 409,73 төгрөг нэхэмжилж болох байсан гэтэл 2017 оны 06 дугаар сарыг дуустал 3 жилийн хүү бодож намайг хохироож байна.

Мөн 2013 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс хойш орлого илт буурч байхад банк гэрээний 3.3-г зөрчиж ямар нэг арга хэмжээ аваагүй. Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг нь 2017 оны 06 дугаар сарын 13-нд надтай эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан боловч би татгалзсан.

2015, 2016 онд ийм санал тавиагүй байж 3 жилийн дараа ийм санал тавьж байгаа нь банк зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байна. Миний хувьд 5 800 409,73 мөнгийг төлж барагдуулахад бэлэн байна.

Банкны зүгээс 8 750 068 төгрөгийн хувьд эвлэрэх санал тавьсан миний хувьд 7 750 068 төгрөгийн хувьд эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа гэв.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч С.Эт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 12 756 231,26 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 7 750 068 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК болон хариуцагч нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Овердрафтын буюу зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нэг талаас 5 000 000 төгрөгийн овердрафтыг зээлдэгчийн ----------- дугаартай харилцах дансанд нээх, тус зээлийг нэг сард 2,5 %-ийн хүүтэйгээр буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээлэх гэрээг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 13-15 дахь талд/ тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээний агуулга, зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Гэрээний 1.2.1-т зааснаар, овердрафт гэж Банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд зээлдэгч өөрийн харилцах /төлбөрийн картын/ дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, тухайн дансанд хийсэн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн эрхийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд гэрээнд дурдсан тус нөхцөл нь дурдсан хуулийн зохицуулалттай нийцнэ гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Тус зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй зөрчил гарсан талаар зохигчид маргаагүй байна.

Хариуцагч талаас гэрээ байгуулсан болон гэрээний үүргийн зөрчил гарсан талаар маргаагүй, гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын хувьд маргаж байна. Учир нь, тус гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сард дуусгавар болох тухайн хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр зээлийн гэрээний 1.4-т, Зээлдэгч зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд Банк зээлийн үлдэгдэл хүү тооцож хуримтлуулахаар... тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нийцэх боловч тухайн хуримтлагдсан хүүнд хүүг үргэлжлүүлэн тооцохоор мөн гэрээний 1.3, 1.4-т заасан нь зээлдэгч талын ашиг сонирхолд нийцэхээргүй болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний хувьд иргэд хоорондын мөнгө, эд хөрөнгө зээлэх гэрээнээс ялгаатай бөгөөд мөнгө зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх, нөгөө талд хэрэглэгчийн эрх хангагдвал зохих бизнесийн гэрээний шинжтэй байна.

Энэ агуулгаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг гэрээ байгуулж байгаа талууд өөрсдөө тодорхойлох боломжтой ч стандарт нөхцөлийг гэрээний дагуу санал болгохдоо хэрэглэгчийн эрхийг хангах, бусад зохицуулалтад нийцүүлэх журамтай байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.3, 1.4-т заасан хуримтлагдсан хүүнээс дахин хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэг болон 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр нөхцөл гэж үзэх боломжгүй байна.

Энэ дагуу хүүгээс хүүг нэмэгдүүлэн тооцсоныг Хч тооцох нь зүйтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагаар тооцсон хүүгийн хэмжээнээс нэхэмжлэгч Х банк Хч тооцон 8 750 068 төгрөгийн хэмжээнд /хүүнд 3 750 068 төгрөг гэж тооцон/ эвлэрч тохиролцох боломжтой талаар тайлбарлаж байна.

Иймд хүүг гэрээний хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн тооцож байгааг буруутгах боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр хуримтлагдсан хүү тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Харин хуримтлагдсан хүүнд дахин хүү тооцож байгааг хуульд нийцэхгүй гэж үзэн Хч тооцох үндэслэлтэй ч ийнхүү Хч тооцсоноос илүүтэйгээр нэхэмжлэгч хүүгийн хэмжээнээс Хч тооцон эвлэрэх боломжтой гэсэн үнийн дүн нь хариуцагч талд илүү ашигтай байх тул нэхэмжлэгчийн хүүнээс Хч тооцон эвлэрэх боломжтой гэсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8 750 068 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эаас 8 750 068 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 006 163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Эаас 154 951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН