Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0070

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0070

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Б о, а ж я Т н б д

Нэхэмжлэлийн шаардлага: “Б о, а ж я Т н б д  ын 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай 2 тушаал, 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаал, 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц буюу ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, өмгөөлөгч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Б.Н миний бие Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/96 тоот тушаалаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдсантай холбогдуулан байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд шилжин ажиллахаар болсон Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б-60 тоот тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон.

Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/32 тоот тушаал болон 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 тоот тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.

Миний бие төрийн албанд тасралтгүй 25 жил ажилласан, мөн төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/05 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай” Б/05 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б.Нг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/176 дугаар тушаалууд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.

Дээрх тушаалуудыг гаргахдаа хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэсэн ба хууль бус тушаал гаргаж, тэр тушаал нь шүүхэд хүчингүй болсны улмаас миний бие хохирох ёсгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;”, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу надаас саналыг минь асууж, намайг ангилал, зэрэглэл, шатлал бууруулахгүйгээр тохирох албан тушаалд нь томилох ёстой байсан.

Дээр дурдсанчлан намайг ажлаас чөлөөлөхдөө маш олон төрлийн тушаалыг /зарим тушаалууд нь нэг он, сар, өдөр, дугаартай байсан/ үйлдсэн. Тодруулбал эхний 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар шууд ажлаас чөлөөлсөн, дараагийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар мөн шууд ажлаас чөлөөлсөн, дахин өөр нэг Б/05 дугаар тушаалаар намайг ажлаас минь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд уг тушаалаар ямар нэгэн албан тушаалд томилоогүй.

Би энэ тушаалуудын аль нь эцсийн байдлаар хүчинтэй эсэхийг ойлгохгүй, мэдэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж зааснаас үзэхэд намайг хэрвээ сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд тодорхой төрлийн албан тушаалд томилох ёстой байсан ба ингэж томилохдоо миний ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулах ёсгүй байсан.

Үүний дараагаар яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Б/17 тушаалаар шууд ажлаас минь чөлөөлж өмнөх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Гэтэл 3 өөр төрлөөр үйлдсэн аль Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байна.

Мөн өдрөө бас хариуцагчийн зүгээс Б/176 тушаалыг үйлдэж, намайг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байна.

Мөн уг заалтын тайлбарт “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж тайлбарласнаас үзэхэд намайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлэх хууль зүйн боломж бүрдээгүй байхад шилжүүлсэн байна.

Дээрх Төрийн нарийн бичгийн даргын гаргасан хууль бус тушаалуудыг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд Б.Н миний бие хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн хариуцагчид хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 242 тоот албан бичигтээ “... Б.Н нь төрийн захиргааны байгууллагад 25 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүний ажиллах, нөхцөл нийгмийн баталгааг хангаж, өөр ажил албан тушаалд томилох боломжийг судлан шийдвэрлэнэ үү” гэснээс үзэхэд Төрийн нарийн бичгийн дарга одоог хүртэл энэ үүргээ биелүүлээгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж зааснаас үзэхэд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн намайг дээрх баталгаагаар хангах ёстой.

Хариуцагч Төрийн нарийн бичгийн даргын хууль бус шийдвэрийн улмаас би хохирох ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж буй намайг ажлаас чөлөөлсөн нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь илтэд зөрчиж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны үйл ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан. Захиргааны үйл ажиллагааны зарчмууд тушаалыг гаргахад огт баримтлагдаагүй буюу хангагдаагүй байгаа. Зорилгодоо нийцэх зарчим огт хангагдаагүй. Хариуцагчийн гаргасан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай гэж гарсан. Шилжүүлэн ажиллуулах гэдгийг авч үзэхэд заалтаар зохицуулагдаж байгаа. Шилжүүлэн ажиллуулж байгаа бол хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн заалтыг баримталсан барьсан байх ёстой. Тус заалтын тухайд албан хаагчтай тохиролцон шилжүүлэх тухай заасан байдаг. Албан хаагчтай шилжүүлэн ажиллуулах тухай буюу тохиролцсон зүйл байхгүй. Хариуцагч болохоор сэлгэн ажиллуулах хуулийн зохицуулалтыг барьж байгаа. Тус тушаал нь сэлгэн ажиллуулах журмыг баримтлаагүй. Ямар ч өөрийнх нь зөвшөөрөл байхгүй. Удирдлагын харилцаж тохиролцсон зүйл байхгүй. Энэ талаар гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маш тодорхой гэж харж байна. Ямар ч хуулийн шаардлага хангагдаагүй учир хуульд үндэслэлгүй тушаал гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шаардлага огт хангагдаагүй. Сэлгэж байгаа бол тодорхой сэлгэж ажиллуулах ёстой. Ямар ч урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Бодит нөхцөл хангагдсан хуулийн шаардлага хангагдаагүй. Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан зохицуулалт мөн адил хангагдаагүй. Сэлгэж байгаа бол тодорхой хугацаа шаардсан байх ёстой. Иймд тус тушаал хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 48, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар тогтоогдож байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Нгийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт тус яамны хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батсайхан миний бие дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрээр Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд О.Г*******ыг эгүүлэн томилогдох болсон тул Б.Нг Цэнгэг усны төв, байгаль хамгаалах төвд сэлгэн ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцсон. Б.Н нь эгчийн бие муу байна, би эргэж ирээд ажлаа хүлээлцэнэ гэсэн. “Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай” Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаал гарсан. Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 16 ны өдөр ирж, ажлаа хүлээлцсэн.

Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Ц*******тай уулзаж, “Чөлөөлөгдөх тушаал гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдмөөр байна.” гэсний дагуу П.Ц******* дарга надад: хамтарч ажиллаж байсны хувьд цалингийн лизингтэй, ажилгүйдлийн тэтгэмж авахад хугацаа нь хэтэрсэн байх тул ажлаас чөлөөлөх тушаал гаргаад өгчих гэсний дагуу "Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг гаргасан.Энэ тушаалаар Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай” Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Гэтэл Б.Н нь тушаалаа аваад гарын үсэг зураагүй. Энэ тушаалаар Б.Н нь ажилгүйдлийн тэтгэмж авсан.

Б.Н нь “Цэнгэг ус, байгаль хамгаалах төв рүү сэлгэн ажиллах тушаалыг хүчинтэй хэвээр нь үлдээж, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах мэргэжилтнээр томилж өгөөч, та бүхэн шийдэх хүртэл би хүлээж байя” гэсэн. Үүний дагуу “Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай” 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/176 дугаар тушаал гаргаж, Б/17 тушаалыг хүчингүй болгосон.

Эдгээр тушаалуудыг гаргахад Б.Нгийн хүсэлтээр, түүнд нийцүүлж удаа дараа өөрчилж гаргасан. Удирдлагууд “Баг болж хамтарч ажиллаж байсны хувьд түүний байдлыг хүлээн авч, тушаалуудыг түүний хүссэнээр гаргаж өг гэсний дагуу миний бие боловсруулж гаргасан. Б.Н нь Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга нартай удаа дараа уулзаж, эгч нас барсан, цалингийн зээлтэй, ажилгүйдлийн тэтгэмж авмаар байна гм уйлж, загнаж, гүтгэж олон янзаар аашилж байсан ч яамны зүгээс аль болох түүнд нийцүүлж хохиролгүй байлгах талаас нь шийдвэрүүдийг гаргасан нь үнэн болно.

...Тухайн албан тушаалд шүүхийн маргаантай байгаа гэдгийг тухайн  үед мэдсээр байж санхүүгийн хэлтсийн албан тушаалд жинхэлсэн асуудал нь анхнаасаа хууль бус байсан. Тухайн албан тушаалаас чөлөөлөхийг мэдэж байж жинхлүүлсэн нь энэ асуудлыг бий болгосон. Иймд өмнө нь ажиллаж байсан албан тушаалд томилогдох боломжгүй болсон. Чөлөөлөх тушаал гарсантай холбоотой нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч тухайн үед эгчийн бие муу, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөж байна гэдэг байдлаар ирж уулзаж байгаагүй. 16-ны өдөр ажил хүлээлцсэний дараа хүний нөөцөд хэлэхдээ намайг төрийн захиргааны албан тушаалд томилно гэж найдаж гэдэг байдлаар хэлээд түүнээс хойш ахиж ирж уулзаагүй. Үүний дараа ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөж 3,000,000 гаруй төгрөг авч цэнгэг усны нөөцөд байгаль хамгаалах төвийн албан тушаалд ажиллах сонирхолгүй гэдэг нь тухайн үед мэдэгдэж байсан. Ажиллахгүй гэж үзээд ажил хайгч иргэнд бүртгүүлж тэтгэмж авсан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Яагаад гэвэл н.Г*******а нь шүүхийн шийдвэрээр ажиллаж байгаа тул энэ албан тушаал томилогдох боломжгүй юм. Томилогдох боломжгүй байхад томилогдож нөөцөд бүртгүүлэх шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Н******* “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай 2 тушаал, 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаал, 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц буюу ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалаар тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нг албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн байна.

            Хариуцагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/116 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2/14908 дугаар мэдэгдлийг биелүүлж, өмнө нь тус яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан О.Г*******ыг ажилд эгүүлэн томилохтой холбогдуулан Б.Нг Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн бөгөөд Б.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

            Харин уг тушаалын Б.Нг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн  хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 242 дугаар албан бичигт “...Б.Н нь төрийн захиргааны байгууллагад 25 жил тасралтгүй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч”  болохыг тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “... ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтныг бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж нарийвчлан зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж заасан зохицуулалтын дагуу төрийн албан хаагчийг шилжүүлэх үүргийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээсэн  байна.

            Тодруулбал, Б.Нгаас үл хамаарах шалтгаанаар өмнө нь ажиллаж байсан албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон боловч хариуцагчаас уг албан тушаалд ажиллаж байсан Б.Нг өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилох асуудлыг түүнтэй тохиролцолгүйгээр ТЗ-10 ангилал зэрэглэлд ажиллаж байсан Б.Нг ТҮ-7 буюу Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сул орон тоо болох Хүний нөөц, захирлын туслах, дотоод ажил хариуцсан ажилтны ажлын байранд шилжүүлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэсэг буюу Б.Нг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албан тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын Б.Нг өөр ажил албан тушаалд шилжүүлсэн  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд шилжүүлсэн хэсгийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дүгээр тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох хүртэл 03 сар, 01 хоногийн цалинг, Б.Нгийн авсан ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүгээр тооцон, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай 2 тушаалыг 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар хүчингүй болгосон, Б/17 дугаар тушаалыг Б/17б тушаалаар хүчингүй болгосон бөгөөд ийнхүү хүчингүй болсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцохдоо харилцан хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагаасаа татгалзаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

            Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнэвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын Б.Нг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албан тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Б.Нгийн ажилгүй байсан 03 сар, 01 хоногийн цалинг, түүний авсан ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүгээр тооцон хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай 2 тушаал, 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17, 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц буюу ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын Б.Нг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Б.Нгийн ажилгүй байсан 03 сар, 01 хоногийн цалинг, түүний авсан ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүгээр тооцон хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН