Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0267

 

       Т.Ж-н нэхэмжлэлтэйн

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд Ё.А, түүний өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Ж-н нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дугаар захирамжийн Т.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын Т.Ж-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжийн Ё.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа'. Дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Т.Ж-д 140 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин Баянгол дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон тул маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/31 дүгээр захирамжийн Т.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжаар иргэн Ё.А-д Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монголын Үндэсний дээд сургуулийн урд талд 860 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулжээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 783 дугаар захирамжаар 1416 м.кв болгон эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн.

Т.Ж-д Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ё.А-н 1416 м.кв газрын хажууд газар эзэмших эрх олгосон атал Т.Ж-н 140 м.кв газрыг Ё.А-н эзэмшил газарт давхардуулан кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байсныг мэдээллийн сангаас устгаж шийдвэрлэсэн гэжээ.

Гуравдагч этгээд Ё.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг дарга Т.Ж-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь Газрын тухай хуулийн 21.2.3-т заасны дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн дэд бүтэц бүхий газар тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх газарт эзэмшүүлсэн.

Миний бие газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн бөгөөд миний хүсэлтийг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 783 дугаар захирамжаар шийдвэрлэн, эзэмшил газрыг 556 м.кв талбайгаар нэмэгдүүлэн 1416 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэхээр олгосон. Энэ үед уг газар ямар нэгэн байдлаар давхцаагүй, тухайн газарт хүсэлт гаргасан этгээд байхгүй байсан гэжээ.

Гуравдагч этгээд Ё.А шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Ү- 220504**** тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Т.Ж-н нэр дээр хийгдсэн Ү-2205047062 гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Ж нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар шийдвэрийг үндэслэн олгогдсон өөрийн эзэмшлийн 140 м.кв талбайтай, авто угаалгын барилгыг 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт өмчлөх эрхээ баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг үндэслэн тус байгууллага нь нотлох баримтуудыг хянан судалж үзсэний үндсэн дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220504**** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000223**** тоот гэрчилгээ олгосон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ж-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7. дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ё.А-н бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ж давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2002 оноос эхлэн Баянгол дүүргийн Засаг даргатай газар эзэмших эрхийн түр гэрээ байгуулан тус дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах газрыг авто угаалгын газрын зориулалтаар эзэмшиж ирсэн.

Уг газраа өөрийн эзэмшилдээ авахаар 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газар /хуучнаар газрын албанд/-д хүсэлт гаргасан. Гэтэл Ё.А нь газрынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр 2010 оны 10 дугаар сарын 14- ний өдөр хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, 2010 оны 11 дүгээр сарын 30 ний өдрийн 783 дугаар захирамжаар Ё.А-д 616 м.кв газрыг нэмж 1416 м.кв газар эзэмших эрхийг олгосон нь дараах байдлаар хууль бус байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т "...Бүртгэлд хүлээн авсан он, сар өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө" гэж заасны дагуу хүсэлт гаргасан дарааллын дагуу хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Үүнээс гадна өөрийнхөө ашиглаж буй газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан надад газар эзэмших эрхийг олгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Нийслэлийн засаг даргаас иргэн миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол болоод Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" гэж заасныг зөрчсөн шийдвэр гаргаж Ё.А-д 616 м.кв газрыг бүхэлд нь нэмэгдүүлж олгохдоо иргэн миний эзэмшиж буй газартаа давхцуулан олгосон нь хууль бус байна. Уг хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ талаар шүүхэд хандсан боловч миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 161 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэн Т.Ж “ өөрт нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Энигма төвийн /Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн/ урд 140 м.кв газрыг авто угаалгын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжийн Ё.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” -аар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...би 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн Засаг даргатай газар эзэмших эрхийн түр гэрээ байгуулан, газрын төлбөрийг тухай бүр төлж, авто угаалгын газрыг барьж ажиллуулж байгаад 2012 оны 10 дугаар сард дүүргийн Засаг даргын захирамжаар өөрийн эзэмшилдээ баталгаажуулан авсан байхад тус дүүргийн Засаг дарга Д.О А/31 дүгээр захирамжаараа тус дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэсэн үндэслэлээр надад 140 м.кв газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамжийг гаргах болсон гол шалтгаан нь миний эзэмшил газрын хажуу талд орших Ё.А-н хүсэл сонирхолд нийцүүлсэн” гэж маргасан.

1.Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар Ё.А-д Энигма төвийн урд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 860 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эзэмшил газрын кадастрын зургийг үйлдэн, газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 482 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж баталгаажуулсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүхэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна ”, мөн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар “2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон” гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Т.Ж-д эзэмшүүлсэн 140 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Т.Ж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Энигма төвийн урд талд 128 м.кв газрыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай Баянгол дүүргийн Засаг даргатай газар эзэмших эрхийн түр гэрээ байгуулан дугуй засварын зориулалтаар ашиглаж, улмаар уг газрыг 2004 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн ашиглахаар гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж байжээ.

Нэхэмжлэгч 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашиглаж байсан газраа өөрийн эзэмшилд авахаар Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлах боловч энэ нь тогтоогдоогүй, харин энэ өдөр Нийслэлийн газрын албанд хандаж “тухайн газрыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардахад чөлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэж өргөдөл гаргаснаас үзвэл нэхэмжлэгч Т.Ж нь уг газрыг эзэмших эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг нотолж байх ба нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмын дагуу гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “тус газрын төлбөрийг тухай бүр төлж, авто угаалгын газрыг барьж, ажиллуулж байсан” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч газрын төлбөр төлсөн нь тогтоогдоогүй болно.

Гуравдагч этгээд Ё.А-с гаргасан “...эзэмшиж байгаа 860 м.кв газар дээрээ 1331 м.кв газрыг нэмж эзэмших тухай” хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга түүний эзэмшиж байсан 860 м.кв газарт залгаа орших 556 м.кв газрыг нэмж, нийт 1416 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 783 дугаар захирамжаар Ё.А-д олгосон нэгж талбарын 1864131144**** дугаартай үйлчилгээний орон сууцны зориулалттай 1416 м.кв газар дээр Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/437 дугаар захирамжаар нэгж талбарын 186413114**** дугаартай авто угаалгын зориулалттай 140 м.кв газрыг Т.Ж-д давхардуулан бүртгэсэн зөрчлийг холбогдох албан тушаалтнууд хууль бусаар үйлдсэн болохыг илрүүлэн тогтоож, Т.Ж-н 1864131146**** дугаартай нэгж талбарын зургийг кадастрын сангаас устгасан байх ба маргаан бүхий газрын кадастрын зураглал нь хот байгуулалтын болон газрын кадастрын мэдээллийн санд Ё.А-н эзэмшилд бүртгэлтэй байгаа, иргэн Ё.А-д түүний эзэмшил 860 м.кв газрын залгаа 556 м.кв газрыг нэмж 1416 м.кв болгон өөрчилж эзэмшүүлснээс хойш газрын эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түүний эзэмшил газар Т.Ж-д Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн гэх 140 м.кв газартай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Харин гуравдагч этгээд Ё.А-н эзэмшил 1416 м.кв газрын хажууд байршуулан Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Т.Ж-д 140 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгогдсон байтал авто угаалгын газрын барилга барихдаа бусдын буюу гуравдагч этгээдийн эзэмшил газар дээр барьсан нь Ё.А-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж, Т.Ж-д газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, газрын байршлын кадастрын зураг, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрч С.Б, Л.О нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү Т.Ж-д Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар хууль зөрчиж олгогдсон 140 м.кв газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг дарга нь 2010 оны 11 дүгээр захирамжаар Ё.А-н газрын хэмжээг томсгож, 1416 м.кв болгохдоо миний эзэмшиж буй газартай давхцуулан олгосон...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

З.Гуравдагч этгээд Ё.А нь нэхэмжлэгч Т.Ж-д газар эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй байхад түүний нэр дээр Ү-220504**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ү-220504**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Т.Ж-н газар эзэмших эрх нь хүчингүй болсон байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар 118 м.кв талбайтай авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийж, Т.Ж уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбарыг хавсаргах”, 17 дугаар зүйлийн 17.1.8-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дугаар, хугацааг тэмдэглэж хувийн хэрэг нээнэ” гэж заажээ.

Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар Т.Ж-д олгогдсон Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр хороолол Энигма төвийн урд 16/1 тоот байршилтай, авто угаалгын зориулалттай 140 м.кв газар эзэмших эрх нь хүчингүй болсон байгааг нягталж шалгалгүй, тус газар дээр барьсан авто угаалгын газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Ё.А-н бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Т.Ж-н нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047062 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, түүнийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байгааг зөвтгөж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын “...гуравдагч этгээд Ё.А-н гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-220504**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хангасугай” гэснийг “...гуравдагч этгээд Ё.А-н гаргасан бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Ж-н нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220504**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ж-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ШҮҮГЧИД                                                    Д.БАТБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

                                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН