| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00414/И |
| Дугаар | 102/ШШ2017/00929 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00929
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/00929 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 65/5 тоотод оршин байх, “Мандах булаг” ХХК /РД:2662507/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ДЦС 4-ийн чанх урд өөрийн байранд оршин байх, “Винс Конкрейт” ХХК /РД:5783518/-д холбогдох,
гэрээний үүрэгт 65,156,864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Борхул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам /0684/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Винс конкрейт” ХХК-тай “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” №А/97 тоот гэрээг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 89 удаагийн ачилтаар 38,888,000 төгрөгний дайрга нийлүүлсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 15 удаагийн ачилтаар 2,784,000 төгрөгийн дайрга, нийт 41,672,000 төгрөгний дайрга нийлүүлсэн. Гэтэл “Винс конкрейт” ХХК нь “Бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний 4.1-д “Худалдан авагч барааны төлбөрнйг бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш тухай бүр худалдан авагчийн нэхэмжлэхийг үндэслэн сар бүрийн 5-ны дотор шилжүүлнэ. Шаардлагатай бол талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэнэ.” гэсэн заалтаа зөрчиж өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Бидний зүгээс цаг тухай бүр нэхэмжлэхээ явуулж, төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй. “Бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний 4.1-д заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Винс конкрейт” ХХК-тай тооцоо нийлж манай компанид 38,820,000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан баримт байгаа. Иймд тус гэрээний 5.4-д “Худалдан авагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүулээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийи дүнгийн 0.3 хувиар төлнө” гэсний дагуу тооцоход 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 06-ны хооронд нийлүүлсэн бүтээгдэхүүний нийт төлбөр 38,888,000 төгрөгийн, 0.3 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцоход нэг өдрийн 116,664 төгрөг, хэтэрсэн хугацаа 168 хоног 116,664 төгрөг 19,599,552 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 2,784,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног 106 хоног 8,352 төгрөг 885,312 төгрөг нийт алданги 20,484 төгрөг байна. Мөн нийлүүлсэн бүтээгдэхүүний үндсэн төлбөр 41,672,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд “Винс конкрейт” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үндсэн төлбөр 41,672,000 төгрөг, гэрээнд заасны дагуу тооцсон алданги 20,484,864 төгрөг, нийт 62,156,864 төгрөг, өмгөөөгчөөс хууль зүйн туслалцаа авсны төлбөр 3,000,000 төгрөг бүгд 65,156,864 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Борхул, өмгөөлөгч А.Сандагдулам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул бидний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагын 65,156,864 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасч 55,156,864 төгрөгийг “Винс конкрейт” ХХК 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандах булаг” ХХК нь хариуцагч “Винс Конкрейт” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 65,156,864 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч “Мандах булаг” ХХК нь 65,156,864 төгрөгийн шаардлагын 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 56,156,864 төгрөгийг хариуцагч “Винс Конкрейт” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Мандах булаг” ХХК нь 65,156,864 төгрөгийн шаардлагын 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 56,156,864 төгрөгийг хариуцагч “Винс Конкрейт” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 438,734 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ