Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/366

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Т.Г-ын өмгөөлөгч Г.Энхжавхлан,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-ын Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б овогт О-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110010660644 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд нь

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Х овогт Б-ын Л (РД:...);

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөө, ах нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 9-8 тоотод оршин суух хаягтай, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн, Б овогт О-ийн Б (РД:...),

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь:

-2020 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-н автобусны буудлын орчим хохирогч У.Б-ын эзэмшлийн Сони загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч О.М-той бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... хороолол ... дугаар байрны орцонд ... тоотод оршин суух А.М-г ар талаас нь боох, татаж унагаах байдлаар хүч хэрэглэн дээрэмдэж, 652,200 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч О.М-той бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 21-аас 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... төвийн орчим явж байсан хохирогч Т.Г-ын хүзүүнээс алтан гинжийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 28,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Л, О.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... маркет нэртэй нээлттэй ажиллаж байсан хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Б-гийн эзэмшлийн Ай фоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3,039,050 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч О.Б нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... төвийн зочид буудлын ... тоот өрөөнд О овогтой Б-той маргалдаж, улмаар толгойд нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хулгайн үйлдлээс бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Би Б-той архи тамхи авах гэж орсон. Би тамхиа картаа ашиглан авсан. Би Б-ийг утас авахыг хараагүй. Сүүлд мэдсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад мөнгө байхгүй байсан учир дэлгүүр лүү архи хулгайлах гэж орсон. Гар утас авахыг Б.Л хараагүй. Гар утас авсны дараа Б.Л бид 2 Теди орж зарах гэсэн боловч авах хүн олдоогүй тул би гар утсыг аваад Хархорин зах руу явсан. Тэгээд тэнд зарсан. Зарсан мөнгөнөөс 100,000 гаран мянган төгрөгөөр Ламжав бид 2 хоол унд авсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Т.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай найз Б хүрээд ир гээд дуудахаар нь очиход эхнэртэйгээ хамт байсан ба бид нийлж 2 литрийн виски хувааж уусан. Тэгээд би гэртээ харихаар тэндээс гарсан ба гараад нэлээн муудсан. Тэгээд хэнтэй ч юм гар утсаар ярих гээд байж байхад миний араас 1 юм татах шиг болсон бөгөөд би газар унасан, тэгээд босож ирээд харахад миний гинж алга болсон, нэг залуу цааш гүйж байгаа харагдсан. Би тухайн залуугийн араас хөөгөөд гүйцээгүй. Тэгээд дүү нараа утсаар дуудсан. Миний гинж өргөн алтан гинж байсан, би өмнө Солонгос улсаас авсан, 148 орчим гр, улсаас 28 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Одоо би хохирлоо авмаар байна.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 06 дугаар сарын 14-ний 20 цаг 30 минутын үед гар утсаа алдсанаа мэдсэн. Тухайн үед манай эгч кассны ард, би арын өрөөнд бараа янзлаад байж байсан юм. Тэгээд дэлгүүрийн камерыг шүүхэд ногоон куртиктэй залуу гар утас авч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд энэ залууг ганцаараа явж байгаа эсэхийг нягтлахаар ойр орчмын дэлгүүрүүдийн камерыг үзэхэд шар куртиктэй залуутай хамт явж байгаа нь бичигдсэн, энэ 2 залуу дэлгүүр болгоны хаалгыг татаад явж байгаа дүрс бичигдсэн байсан. Мөн энэ шар куртиктэй залуу нь манайхаас тамхи авсан байсан. Тэгэхээр энэ 2 залуу хоорондоо тохироод энэ гэмт хэргийг үйлдсэн байх. Би гар утсаа лизингээр авсан, одоо ч лизингээ төлсөөр байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар миний гар утсыг 3,039,050 төгрөгөөр үнэлсэн байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч Б.Л-ыг бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгч О.Б-ийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч нар “хохирлоо барагдуулж авмаар байна” гэж,

Хохирогч Т.Г-ын өмгөөлөгч Г.Энхжавхлан: “...Т.Г-ын эрх ашгийг хамгаалж оролцож байна, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах” саналтай” гэж,

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн нь “шүүгдэгч Б.Л-ын эрхийг хамгаалж оролцоно. Б.Л нь дээрмийн үйлдлүүд дээр бол маргаан байхгүй. Гэхдээ бүлэглэж үйлдсэн үйлдлийн хувьд хохирлыг төлөх хэмжээн дээр бол гол үүрэг гүйцэтгэсэн Мод холбогдох хэрэг тусгаарлагдсанаар энэ хохирлын асуудлыг яаж шийдэх вэ. Ер нь хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэх эсэх. Хулгайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Л нь оролцоогүй, шүүгдэгч О.Б нь зөрж гүйцэтгэсэн байдаг тул шүүгдэгч Б.Л-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Л.Амартогос нь “...шүүгдэгч О.Б нь өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрсэн тул хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

I. Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-н автобусны буудлын орчим хохирогч У.Б-ыг өөрийн эзэмшлийн Сони загварын гар утсыг оролдоод сууж байхад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шүүрэн авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...02:37:11 секундэд ТҮЦ-н хойд талд цэнхэр цамцтай эрэгтэй сууж байх ба урд зүгээс үл таних хар малгайтай цамцтай эрэгтэй сууж байсан эрэгтэйн гар утсыг аваад түлхээд зугтааж байгааг харуулсан.” (3 дахь хавтаст хэргийн 20-22 дахь тал),

2. Хохирогч У.Б-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гэх нэртэй пабад уулзаад 3-4 шил сэнгүр нэртэй пиво уучхаад 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед ... нэртэй пабаас гараад харих гээд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны-2-н автобусны буудлын хойд талын хашлага дээр гар утсаараа оролдоод сууж байхад үл таних эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад зугтаасан. Миний алдсан гар утас  сони брэндийн XPERIA XA-2  маркийн гар утас байсан. Утас булаасан хүн нь 170-175 см өндөртэй хар хувцастай хүн байсан ба миний биед халдаагүй шууд булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 29-31 дэх тал),

3. “Кости-эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Sony Хperia XA гар утас-450,000 төгрөг” гэх тайлан (3 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Л-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой Баянгол дүүргийн ... дугаар хороо Модны 2-ын автобусны буудал дээр үл таних эрэгтэй гар утсаа оролдоод сууж байхаар нь гар утсыг нь булаагаад зугтсан. Тэр утасны эзэн миний араас хөөсөн, гэхдээ би зугтаад тэр хүнээс холдож байгаад таксинд суугаад явсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас харвал, шүүгдэгч Б.Л нь хохирогчийн сатаарсан байдлыг далимдуулан түүн рүү довтолж хүч хэрэглэхгүйгээр гар утсыг нь шүүрэн авч зугтаасан нөхцөл байдал нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон төдийгүй камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тэрбээр хэрхэн хохирогчийн гар утсыг авсан нь тусгагдсан, түүний энэхүү хууль бус үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

II. Шүүгдэгч Б.Л нь яллагдагч О.М-той бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... хороо, Модны 2 орчмоос хохирогч А.М-г таксинд суухад араас нь таксинд суун даган явж улмаар хохирогчийг Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... хороолол ... дугаар байрны өмнө машинаас буугаад ... тоот руу орох гэж байхад ар талаас нь боон татаж унагаан хүч хэрэглэж цүнх, гар утас, чихэвч зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 652,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 15-17 дахь тал),

2. Хохирогч А.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 18-20 дахь тал),

3. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГД 17 хороо, ахуйн  үйлчилгээний төвөөс урагшаа модны 2 орох замын  орчимд байрлах Эрх цэцэгс нэртэй ломбард,  гар утасны худалдааны төвийн гадна талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...ХУД ... хороо ... хорооллын СӨХ-н хяналтын  камерт  бичигдсэн  сэжигтэй этгээд нь  хохирогч А.М-г БГД ... хороо, Модны 2-с эхлэн дагаж явсан болох нь  бичигдсэн ба тухайн этгээд нь хохирогчийг машинтай дагасан  нөхцөл  байдал дүрслэгдсэн.” (1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал),

4. 2021 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн ... хорооллын СӨХ болон ААН байгууллагын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...хохирогч А.М- нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг 34 минутад ... дугаар байрны гадаа мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээр хүргүүлэн бууж байгаа бичлэг олдсон ба хохирогчийг гэртээ орох үед үл таних 2  этгээд  араас нь  орж байгаа дүрс  бичлэг авагдсан.” (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),

5. Яллагдагч О.М-оос эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “... Ногоон өнгийн  хамгаалах кейстэй хар өнгийн Айпоне-7 гар утас 1ш, Эйр софт  брэндийн өрөөсөн чихэвч 1 ш, хар өнгийн  гар цүнх 1 ш зэргийг хураан авч, хохирогч А.М-д хүлээлгэн өгсөн” (1 дэх хавтаст хэргийн 26, 29 дэх тал),

6. Хохирогч А.М-гийн “...Би 2021  оны 05 дугаар сарын 20-ны 00 цаг  өнгөрч  байхад С-гийн гэрээс гараад  такси бариад  гэртээ ирээд  буцаж  найз Г-тай уулзах гээд гэртээ оролгүй  шууд модны  2  луу буцаад  явсан. Тэгээд модны 2 дээр  ирээд найз Г- руу залгаж асуухад би гэрээсээ  гараагүй байна, очиж чадахгүй байна гэж хэлсэн.  Би бухимдаад  хүлээж байгаад ирэхгүй болохоор  нь такси бариад 02 цаг 20  минут өнгөрч  байхад ...  дэх гэрийн гадаа  ирээд буугаад  гэртээ орох гэж байхад намайг нэг үл таних хүн араас хоолой боогоод  миний баруун гуя хэсэгт  өвдгөөрөө цохиж газар унагаасан, тэгээд цүнхтэй эд зүйлийг аваад зугтаасан. Намайг араас бооход би хэсэг  ухаан алдаад  сэргээд  араас гүйгээд  гарахад ямар нэгэн хүн  байхгүй байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Намайг дээрэмдэн  гэх этгээдийг  сайн харж амжаагүй,  ямар ч байсан саравчтай  малгайтай  бараан өнгийнх шиг байсан  цагаан өнгийн  масктай байсан. Тухайн үед миний согтолт гайгүй байсан. Би үнэлгээгээр  гарсан үнийн дүнгээр гар утас, хэтэвч, бөгж зэргийг буруутай этгээдээр төлүүлмээр байна. Би бөгжөө аваад цүнхний дотор талын  жижиг цахилгаантай  тасалгаанд хийсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал),

7. Гэрч Т.Э-ын “...Би Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хороололд ... тоотод оршин суудаг бөгөөд өнөөдөр буюу 02 цаг 45 минутын үед манай байрны 2 давхарт оршин суудаг зүс таних М гэх залуу нь манай хаалгыг цохиод ахаа би дээрэмдүүлчихлээ, та утсаа өгч байгаач гэж хэлээд миний утсыг авч цагдаад дуудлага өгсөн юм. ...М нь саравчтай малгайтай хар юүдэнтэй цамцтай хүн намайг боож унагаад миний гар цүнхийг аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал),

8. Гэрч М.Б-ын “...миний машинд суусан эрэгтэй нь жолоочийн хажууд суусан ба тухайн этгээд нь ай фон 7 маркийн гар утастай, эйр под чихэвчтэй, зүүн гартаа бугуйн цагтай байсан, бас нэг жижиг цүнхтэй байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал),

9. ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Цүнх-39,000 төгрөг, гар утас iphone 7 маркийн гар утас-375,000 төгрөг, картны гэр-7,200 төгрөг, чихэвч-91,000 төгрөг, бөгж-140,000 төгрөг, нийт-652,200 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал),

10. Шүүгдэгч Б.Л-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр найз М утсаар холбогдоод орой 18 цагийн үед Модны 2-ын ойролцоо уулзсан. ...Модны 2-т очоод дэлгүүрээс пиво аваад М-ын гэрт ороод ууж байгаад (хүний 2 шил пиво уусан) цагийг нь сайн санахгүй байна, гэрээс нь гараад Модны 2-н зам дагаад алхаад явж байсан чинь замын хажууд шар үстэй, хар өнгийн хувцастай 25-30 орчим насны эрэгтэй согтуу ганцаараа замын боржур дээр сууж байсан. Тэр эрэгтэй гартаа хар өнгийн гар утас барьчихсан байхаар нь бид хоёр хоорондоо ярилцаад булааж аваад зугтахаар шийдсэн. Тэгтэл тэр эрэгтэй такси бариад явахаар нь араас нь такси бариад дагаад Хан-Уул дүүргийн ... дүгээр хороонд байх ... хороолол руу орсон. Тэр залуу таксинаасаа буугаад орц руугаа орохоор нь би араас нь дагаж орсон. М араас дагаад алхаж байсан. Би гүйж ороод харсан чинь тэр эрэгтэй түлхүүрээр хаалгаа онгойлгох гээд зогсож байхаар нь (ойр орчимд хүн байгаагүй) араас нь мөрнөөс татаж газар унагааж, гараас цүнхийг нь аваад газар унасан байсан гар утсыг нь аваад гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас харахад, шүүгдэгч Б.Л, яллагдагч О.М-той /тусгаарласан/ гэмт санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэн хохирогч А.М-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хүртэл машинтай араас нь дагаж явсан төдийгүй хохирогчийг орц руугаа орохтой зэрэгцэн араас нь дагаж орсон байдал тухайн газруудын камерын бичлэгт бичигдэж үлдсэн байх бөгөөд гэмт этгээдүүд нь хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор араас боон унагааж хүч хэрэглэн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэн авснаар буюу довтолгоон эхэлснээр гэмт хэрэг төгссөн, энэхүү үйл явдал нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч нарын мэдүүлэг, яллагдагч О.М-оос хохирогчийн зарим эд зүйлийг биет байдлаар нь хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тэдгээрийн үйлдэл нь нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх гэмт этгээдүүдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

III. Шүүгдэгч Б.Л нь яллагдагч О.М-той бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... төвийн орчим зогсож байсан хохирогч Т.Г-ын хүзүүнээс алтан гинжийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 28,420,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 145-149 дэх тал),

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Т.Г-ын  хүзүү тойроод  бүдэг улайсан  өөр ил харагдах гэмтэл шархгүй” (1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал),

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...соната 6 маркийн  машинаас сэжиг бүхий этгээд бууж ...  төвийн автобусны  буудал дээр  байх хохирогч Т.Г-тай уулзаад буцаж  байгааг  харуулав. Соната-6 маркийн машин нь ... төвийн  арын зогсоолд  ирж зогсож, дотроос нь  сэжиг бүхий этгээд  нь дахин бууж, цайвар  өнгийн  цамц авч өмсөж  хохирогчийн  зүг автобусны  буудал руу явах замдаа амны хаалт зүүж, хохирогчийн араас очиж ар талаас хүзүү дэх гинжийг татаж аван  хойд зүгт  гүйж, хохирогч араас нь гүйх явцад сэжиг бүхий этгээд нь хар өнгийн приус 20 маркийн  машинд суун явж буй, араас нь сонато  ... машин даган явж байгаа нь бичигдсэн” (1 дэх хавтаст хэргийн 163-169 дэх тал),

4. Хохирогч Т.Г-ын “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ... төвийн автобусны буудал дээр хүзүүндээ байсан алтан гинжээ дээрэмдүүлсэн...3айсан стар төвийн автобусны буудал хавьцаа ирээд утсаар яриад зогсож байтал гэнэт хойноос нэг гар орж ирээд намайг татаад унагаасан. Миний алтан гинжийг авчих шиг болохоор нь араас нь харсан чинь саарал цамцтай өндөр залуу цаашаа Удирдлагын академийн зүг гүйчихсэн...би 2013 онд 23 сая төгрөгөөр БНСУ-аас худалдан авч байсан 150 грамм 999 сорьцтой алтан гинж байсан, үнэлгээний газраас 28 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183-186 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

5. Гэрч Д.Б-ийн “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз Г 20 цагийн үед манай гэрт ирж манай эхнэр У, Г бид 3 хоёр шил виски хувааж уугаад би тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Г-тай утсаар ярихад манай гэрээс тэр шөнө гарч яваад бусдад дээрэмдүүлсэн болохоо хэлсэн. Т.Г нь манайд ирэхдээ бүдүүн алтан гинжээ зүүчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал),

6. Гэрч Ч.О-ийн “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой 18 цагийн үед манай хүү М над руу яриад би очиж байна, уулзъя гэсэн. Тэгээд уулзахад М надад нэг богино тасарсан гинж үзүүлээд манай найзын ахынх байгаа юм, зарах гэсэн юм гэж хэлэхээр нь би Б руу залгаад Тэди төв дээр очиж уулзсан. Б нь Б гэх хүн рүү залгаад дуудсан,  Б нь ирээд нэг алт авдаг гэх хүн рүү залгаад 7-н буудал дээр нэг эмэгтэй хүнтэй уулзаад тэр эмэгтэй тасархайг дэнсэн дээр тавих шиг болоод 4,750,000 төгрөг болно гэхээр нь би “болно” гээд мөнгөө авах гэсэн чинь данс байхгүй болохоор нь Б-ын данс руу шилжүүлээд, бэлэн мөнгөний машинаас Б 4,750,000 төгрөгийг бэлнээр аваад Мод өгсөн. Тэгсэн тэрнээс 2 хоногийн дараа М ахиж залгаад ааваа уулзмаар байна гээд ирээд ахиад гинж зармаар байна гэсэн. Би Б руу залгаад уулзаад Урт цагаан дээр очиход нэг газар онгорхой байсан. Б бид 2 ороод М-ын өгсөн гинжийг үзүүлэхэд тэр залуу халааж үзсэн чинь түгжээ нь алт биш байна харлаад байна гэсэн. Би тэгээд түгжээг нь мултлаад авчихъя гэхэд үгүй гэсэн. Тэгээд 9,800,000 төгрөг болох уу гэхээр нь би “болно” гээд Б-ын данс руу мөнгөө шилжүүлж аваад гарсан.Мөнгө Мод өгсөн. Надад манай найзын ахын гинж гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219-220 дахь тал),

7. Гэрч Б.Б-ын “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр О нь хүү М-ын хамт ирээд нэг гинж зараадах гэхээр нь би ломбардад тавьчих гэхэд хямдхан авна гээд байсан. Тэр гинж нь тасарсан нэг нь богино, нэг нь урт байсан.   Тэгээд байж байхад Б гээд манай найз таараад би алт авдаг хүн мэдэх үү гэхэд мэднэ гээд утсаар яриад байсан. Удаагүй би дэлгүүрт байж байхад Б залгаад данс чинь хэд вэ гэсэн. Би дансаа хэлэхэд миний дансанд 3,000,000 төгрөгөөр нэг, 1,725,000 төгрөгөөр нэг, нийт 4,725,000 төгрөг орсон. Тэр мөнгийг нь Урт цагааны ХААН банкны бэлэн мөнгөний машинаас бүх мөнгийг нь аваад О-ийн хүү Мод өгсөн. Надад О нэг шил архины мөнгө өгсөн.

...тэрнээс хойш 2 хоногийн дараа 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр О хүү М-ын хамт намайг Тэди төвийн гадаа байхад ирээд үлдсэн нөгөө талыг нь зарна гээд бид 3 Урт цагааны үүдээр яваад алт авна гэсэн бичигтэй зар байхаар нь би залгаад ярихад нэг хүүхэн гарч ирж үзээд О бид хоёрыг дагуулаад 2 давхарт гараад нэг алт авна гэсэн газар ороход нэг эрэгтэй хүн байсан. Бид 2 нөгөө тасархай гинжээ үзүүлээд граммлаад харсан, халаахад алт нь улайгаад шарлаад алт мөн байна гэсэн. Харин түгжээ нь харлаад алт биш байна гэсэн. Би түгжээг нь авчих гэсэн чинь тэр хүмүүс тэр чигээр нь авсан. Тэр хүмүүс миний дансыг асуугаад шилжүүлчихье гээд би дансаа хэлээд миний данс руу 9,800,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь 1 дүгээр дэлгүүрийн урд талын ХААН банкны АТМ-аас бүх мөнгийг нь авч өгсөн. Би тэр мөнгөнөөс нь аваагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216-217 дахь тал),

8. Гэрч Б.О-ийн “...Б 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой над руу залгаад алтны ханш асуусан. 7.50 хэдээр авч байгаа вэ гэсэн, би 115-120 байгаа гэсэн чинь нэг тасархай өгөх гэсэн юм гэсэн. Тэгээд 7-н буудал дээр  хальт уулзаад би надад грамм байхгүй байна, ажил ороод граммлаад авъя гээд ажил дээр ирээд Бтай уулзаад тэр гинжийг нь харахад тасархай 7.50 сорьцтой эвдэрсэн, сунасан байдалтай металл гинж үзүүлсэн. Би шалгаад томруулж хараад 1 граммыг нь 120,000 төгрөгөөр тооцоод авсан. Тэгээд мөнгө өгөх болоод надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор данс байна уу гэхэд надад ХААН банкны данс өгөөд би тэр данс руу 3,000,000 төгрөгөөр нэг, 1,725,000 төгрөгөөр нэг, нийт 4,725,000 төгрөг шилжүүлсэн...үнийн дүнгээс бодохоор 39.3 грамм орчим байсан байна. Би тэр гинжийг материалд зарсан. Одоо байхгүй. ..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал),

9. Гэрч О.С-н “...2021 оны 05 дугаар сарын 24-ний орой би Урт цагаан дээр ажлаа тарах гээд байж байтал 2 үл таних ах орж ирээд ийм алтан гинжний тасархай хэдээр авах вэ гээд асуугаад ороод ирсэн. Тэгээд би одоо яг хэдэн грамм гинж хэдээр бодсоноо санахгүй байна, юу ч гэсэн 9,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бодлоор ойролцоогоор 68, 69 грамм орчим байсан байж магадгүй. Тэгээд ер нь бол би тэр хүнээс энэ хулгайн юм биш биз дээ, сүүлд нь асуудал үүсэхгүй биз дээ гэх мэтээр сайн лавлаж асуухад үгүй, манай дүүгийн юм байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлж байсан. Тэгээд надаас бэлэн мөнгө авна гэхээр нь би албаар дансаар шилжүүлж гүйлгээг хийж байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал),

10. С.Ө-ын гэрчээр өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн шинэ зам дээр сонгуулийн ажилд явж байхад нууцалсан дугаараас над руу дуудлага ирсэн. Тэгээд аваад ярьсан чинь Л, М нар байсан ба намайг Модны-2-н дунд зам дээр хүрээд ир гэж дуудахаар нь очиход тэр 2 надад чиний машинд бензинийг чинь хийгээд 20, 30 цаас өгчихье, ганц 2 пиво уугаад орой болтол явъя, чи жолооч хийгээд явчих гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн... ... автобусны буудал өнгөрөөд явж байтал М буцаж эргээд автобусны буудал дээр зогсчих гэж хэлсэн юм. Тэгээд би гэрлэн дохио өнгөрөөд буцаж эргээд нөгөө М-ын заасан автобусны буудал дээр зогссон. Тэгсэн Л өө таньдаг ах хүү байна гэж хэлээд машинаас буугаад нэг ахтай очиж тамхи татаад байсан ба М намайг цаашаагаа явъя, наадах чинь согтчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй М надад цаадах чинь цаашаа гүйгээд явчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь бид 2 араас нь яваад хайсан чинь олдоогүй. Тэгээд байж байтал удалгүй бид 2 руу Л залгаад номын сан дээр байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд М бид 2 очиж Л-ыг авсан чинь пиво ууя гээд Сансар явтал пиво олдоогүй, тэгээд буцаад Модны-2 дээр очоод М, Л нарыг буулгаад би цаашаа Дөлгөөн нуур руу шөнийн ээлжийн ажил руугаа явсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 227-229 дахь тал),

11. Гэрч Н.З-ы “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цаг өнгөрч байхад гэртээ унтаж амрах гээд байж байсан. Гэтэл манай ах Г над руу залгаад миний дүү ... энд хүрээд ирээ, ах нь энд юмаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад ... баруун талын зам дээр 30 минут орчмын дараа ирсэн чинь Г ах ганцаараа жоохон согтуу зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ахынх нь гинжийг нэг өндөр залуу хоолойноос шүүрээд зугтчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал),

12. “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...гинж-28,420,000 төгрөг” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хохирогч Т.Г нь найзынхаасаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч, гэртээ харихаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр, ... хажууд бусадтай утсаар ярин зогсож байхад нь шүүгдэгч Б.Л нь яллагдагч О.М, гэрч С.Ө нарын хамтаар соната-6 маркийн машинтай явж байгаад хохирогчийг харсан даруй “танил ах байна” хэмээн бууж тамхилах нэрийдлээр очиж харилцан ярилцаж зогссон байх ба улмаар хохирогчийн биеэ авч байгаа байдал, өмссөн зүүсэн бүгдийг нь харж судалсны дараагаар буцан яван цамцаа солих, маск зүүх зэргээр өөрийн нүүр царай, өмссөн хувцас зэргээ өөрчлөн дахин очиж хохирогчийн араас хүзүүн дэх алтан гинжийг тастан авч зугтаасан, яллагдагч О.М нь өөрөө гардаж хохирогчоос эд зүйлийг аваагүй боловч шүүгдэгч Б.Л-тай үйлдлээрээ нэгдэн гэрч С.Ө-аар машиныг жолоодуулан ийш тийш явахыг зааж зааварлах, шүүгдэгч Б.Л-т хохирогчтой уулзах бололцоогоор ханган түүнийг зугтаахад нь дагаж зугтаах, тосож авч уулзах, мөн Б.Л-ын хохирогчоос авсан алтан гинжийг бусдад зарж борлуулах, хууль бусаар олсон орлогоо хуваарилж авах зэргээр үйлдлээрээ дэмжлэг туслалцаа үзүүлж байсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Иймээс шүүгдэгч Б.Л, яллагдагч О.М нарыг үйлдлээрээ нэгдэж оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй ба тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Харин прокуророос С.Ө-т холбогдох хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. (1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал)

Учир нь, тухайн үйлдэлд С.Ө нь шүүгдэгч Б.Л, яллагдагч О.М нарыг гэмт хэрэг үйлдэж буйг мэдсэн, мөн идэвхтэй байдлаар тусламж дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

IV. Шүүгдэгч Б.Л, О.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М маркет нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Б-гийн эзэмшлийн Ай фоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,039,050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 82-85 дахь тал),

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...2021-06-14-ний өдөр ногоон өнгийн куртик  хар өнгийн  малгай,  хар өнгийн өмд өмссөн, нөгөөх нь улбар  шар өнгийн куртик хар өнгийн өмд, цагаан алаг  пүүз  өмссөн 20-25 орчим настай  эрэгтэй хүмүүс орж ирэн улмаар лангуун дээр  байгаа гар утсыг  ногоон өнгийн куртик,  хар өнгийн саравчтай малгай өмссөн эрэгтэй хүүхэд авч байгаа бичлэг авагдсан” (2 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал),

3. Хохирогч Ч.Б-гийн “...Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... маркет гэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тус өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн эзэмшлийн дэлгүүртээ ажиллаж байтал буюу 20 цагийн орчимд гаднаас ногоон өнгийн куртик, хар өнгийн малгай, хар өнгийн өмд өмссөн, нөгөөх нь шаргал өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, хар өнгийн маск зүүсэн 20-25 орчим настай 2 эрэгтэй хүн цуварч орж ирсэн. Тэгээд нэг эрэгтэй хүн нь худалдан авалт хийж байхад нөгөө нь лангууны доор байсан миний эзэмшлийн ай фон-11 про макс загварын гар утсыг хулгайлаад гарч явсан байсан. Тэдгээрийн үйлдлийг нягтлахаар ойр орчмын дэлгүүрүүдийн камерыг үзэхэд шар куртиктэй залуу, ногоон куртиктэй залуус хамт явж дэлгүүр болгоны хаалгыг татаад явж байгаа дүрс бичигдсэн байсан. Би гар утсаа лизингээр авсан, одоо ч лизингээ төлсөөр байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар миний гар утсыг 3,039,050 төгрөгөөр үнэлсэн байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна”..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 91-94 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...гар утас-3,039,050 төгрөг” гэх тайлан (2 дахь хавтаст хэргийн 116-117 дахь тал),

5. Шүүгдэгч О.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Л гэх найзтайгаа явж байгаад 120 мянгатын тэмээтэй хөшөөний тэр хавийн дэлгүүрээс хүний 2 лааз пиво авч уусан. Тэгээд Л бид хоёр хоорондоо ярилцаж байгаад би пиво уугаад халчихсан байсан болохоор дахиж архи уумаар санагдаад Л-т дэлгүүрээс архи хулгайлж ууя гэж хэлтэл Л зөвшөөрсөн. Л бид хоёр хамгийн наад талын байрны буланд байдаг хүнсний дэлгүүр лүү орсон. Одоо тухайн дэлгүүрийн нэрийг санахгүй байна. Би тухайн дэлгүүрт ороод архины тасгийг нь хайтал архины лангуу нь кассынхаа зүүн гар талд байсан. Тэгээд тэр лангуунаас нь архи авах гэтэл архины наад талд Ай Фоне 11 про макс (iphone 11 pro max) загварын, хар өнгийн гэртэй, хар өнгийн гар утас байхаар нь тэр утсыг дэлгүүрийн ажилтанд нь мэдэгдэлгүй хулгайлан авч өмсөж байсан куртикнийхээ халаасанд хийж тухайн дэлгүүрээс гарч явсан. Намайг тэр гар утсыг авах гэж байхад Л гаднаас орж ирж тамхи авах гээд касс дээр зогсож байсан ба намайг гар утас авч байхад Л харсан бөгөөд дэлгүүрээс гарч ирээд Л бид хоёр тухайн гар утсыг 650,000 төгрөгөөр зарж, гар утас зарсан мөнгөнийхөө 200,000 орчим төгрөгөөр буудалд орж Л-тай пиво уусан. Тэгээд үлдсэн мөнгийг нь би ганцаараа хэрэглээд дуусгачихсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогчийн мэдүүлэгт дурдагдсанаар тухайн өдөр шүүгдэгч О.Б, шүүгдэгч Б.Л нар нь дэлгүүр болгоны хаалгыг татаж, онгорхой дэлгүүр болгон руу орж явсан нь ойр орчмын камерт бичигдсэн байхыг харсан, мөн өөрийн дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд шүүгдэгч О.Б-ийг гар утас авч байхыг шүүгдэгч Б.Л нь хараад зогсож байсан, улмаар хамтдаа гараад явсан болох нь тод бичигдэж үлдсэн байсан талаараа мэдүүлсэн байна. Хохирогчийн тухайн дэлгүүрт болсон асуудлын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь тус камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байх буюу “...хохирогчийн ажилладаг дэлгүүр лүү шүүгдэгч нар нь цуварч орж ирэн архины лангуу руу эхлээд очицгоосон, дараа нь шүүгдэгч Б.Л нь худалдагч руу очин тамхи авч байх энэ үед шүүгдэгч О.Б нь хажууд нь очиж лангууны араар тавьсан гар утсыг нь авч, хамтдаа гарч явцгаасан” байдал бичигдэж үлдсэн талаар тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлсэн баримттай байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь өөрсдөө мэдүүлэхдээ “архи хулгайлах гэж орсон” буюу хулгайн гэмт хэрэг үйлдэхээр орсноо үгүйсгээгүй болно.

Хэдийгээр шүүгдэгч Б.Л нь “О.Б нь архи авах гэж, би тамхи авах” гэж орсон, би О.Б-ийг гар утас хулгайлсныг мэдэхгүй, би энэ хэрэгт оролцоо байхгүй” хэмээн мэдүүлсэн ч энэ нь хохирогчийн мэдүүлэг хийгээд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдсэн, мөн шүүгдэгч О.Б нь мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ “гар утас авч байхыг Б.Л нь хараад зогсож байсан, улмаар гар утсаа хамтдаа авч явж зарсан, зарсан мөнгөө хамтдаа үрэлцсэн” гэж мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн, шүүгдэгч О.Бийн энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүний энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Түүнчлэн хохирогч Ч.Б нь “би хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлттэй танилцсан даруйдаа гомдол гаргаж шалгуулсан, дахин үнэлүүлсэн асуудал байхгүй байх тул прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

Иймээс шүүгдэгч О.Б, шүүгдэгч Б.Л нарыг тухайн хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэмээн дүгнэсэн болно.

V. Шүүгдэгч О.Б нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... төвийн зочид буудлын ... тоот өрөөнд О овогтой Б-той архи уух явцдаа маргалдан  толгой руу нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч О.Б-ийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ...манай найз Е бид нар дэлгүүрээс сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво аваад хойшоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах уул руу гарч 2 том пивоо ууж байтал манай найз Э, 10-н жилийн найз Б руу утсаар залгахад Б доор Т төвийн буудал дээр байна хүрээд ир гэхээр нь бид 4 доошоо Тэгш төв явсан...Б-ийг би архиа тойруул гэж хэлснээс болоод бид 2 маргалдаад заамдалцаад авахад Б бид хоёрыг салгасан. Тэгээд би Б-тай хамт архи уугаад зочид буудлын өрөөнд буруу хараад сууж байтал миний араас хатуу юмаар толгой руу нэг удаа цохихоор нь эргээд хартал Б гартаа жижгэвтэр чулуу барьчихсан зогсож байсан. Тухайн үед миний толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 86 дахь тал),

2. Гэрч Б.Б-ийн “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байж байтал 16 цагийн орчим миний гар утас руу манай найз Б залгаад найз нь Т төвийн зочид буудалд архи уугаад байж байна, чи хүрээд ир гэхээр нь би яваад очиход миний мэдэхээс 2 Б, И, Е, бас танихгүй хэдэн хүмүүсийн хамтаар архи, пиво, уугаад сууж байсан...ингээд бид 3 үлдсэн архи, пивоо уугаад сууж байтал толгойгоо хагалуулдаг Б нөгөө Б-ийг чи надад пиво аягалж өг гэсэн чинь нөгөөх нь чи надад томорлоо гээд энэ 2 маргалдаад барьцалдаад авахаар нь би салгасан. Хохирогч Б бид 2 ширээний ард сууж байтал гаднаас Б гартаа жижгэвтэр чулуу барьж орж ирээд буруу хараад сууж байсан Б-ийн дагз руу нь нэг удаа цохиод авахаар нь би салгаад Б-ийн гарт байсан чулууг цонхоор гаргаад шидсэн. Тухайн үед хохирогч Б-ийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 90 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7189 дугаартай: “...О.Б-ийн биед зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал),

4. Шүүгдэгч О.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Т төвийн зочид буудалд байхдаа өөрийн найз Б-ийн толгойг хувийн жижиг асуудлаас болоод чулуугаар цохиж гэмтээсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 148 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Б нь бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан хохирогч О.Б-ийн толгой тус газар чулуугаар цохиж гэмтээсэн үйл явцыг хохирогч нь мэдүүлснээс гадна тухайн үед хамт байлцсан гэрч Б.Б-ийн мэдүүлсэн, улмаар чулуугаар цохиулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Эцэст нь дүгнэхэд, шүүгдэгч Б.Л нь дээрэмдэх гэмт хэргийг ганцаараа болон О.М-той бүлэглэж үйлдэхдээ үйлдлээрээ нэгдэн хохирогчид хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж үйлдсэн байна. Ингэхдээ шөнө оройн цагаар хөл хөдөлгөөн татарсан үед ганц нэгээрээ явж байгаа, согтуурсан, эсхүл гар утсаараа оролдон сатаарсан хүмүүсийг олзолж, эд зүйлийг нь гэнэдүүлэн шүүрэн авч зугтаах, машинтай болон машингүй араас нь дагаж яван гэр лүү орох явцад нь хүч хэрэглэж эд зүйлийг нь авах, хохирогчтой очиж уулзан судалсны дараа зүсээ хувирган дахин очиж харсан эд зүйлийг хууль бусаар авах зэрэг аргаар бусдын өмчлөх эрхэд халддаг болох нь хохирогч нарын мэдүүлгүүдээс гадна камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, мөн өөрсдийнх нь  мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Хулгайлах гэмт хэргийн тухайд, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Б.Л нар нь хулгай хийхээр ярилцаж тохиролцон, гэмт үйлдлээрээ нэгдэж, нэг нь худалдан авалт хийж буй дүр эсгэж худалдагчийг сатааруулж байх хооронд нөгөөх нь хохирогчийн эд зүйлийг хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм авч гарч байгаа үйлдлүүдийг хийснийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон.

Харин шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгчөөс гаргасан дараах санал дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна.

1.Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгчийн “...шүүгдэгч Б.Л нь шүүгдэгч О.Б-той архи хулгай хийхээр орсон ч шүүгдэгч О.Б нь гар утас хулгайлсан нь зөрж гүйцэтгэсэн шинжтэй тул шүүгдэгч Б.Л-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолтын агуулгаас үзвэл, тухайлбал,  тухайн гэмт этгээд нь бусад хамтран үйлдэгчтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр тохиролцчихоод дээрэмдэх, эсхүл хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах гэх мэтчилэн өөр гэмт хэрэг үйлдсэн байвал зөрж гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна. Түнээс хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл, объект өөрчлөгдсөн нь тухайн гэмт хэргийн шинжид өөрчлөлт орох, зөрж гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

Иймээс шүүгдэгч Б.Л-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

2.Дээрэмдэх гэмт хэрэгт гол оролцоотой О.М-од холбогдох хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй байна” гэх асуудлын тухайд:

Нийслэлийн прокурорын газраас О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1902001690109 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан улмаар хэргийг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх боловч “шүүхийн шатнаас оргон зайлсан” гэх үндэслэлээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байна.

Яллагдагч О.М нь дээрх хэрэгт холбогдон шалгагдсанаас гадна  Б.Л-тай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн, тэрбээр оргон зайлсан тул шүүгдэгч Б.Л-тай бүлэглэн үйлдсэн хэргээс яллагдагч О.М-од холбогдох 2110000001170 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 05 дугаартай прокурорын тусгаарлах тогтоолоор тусгаарласан байна. (3 дахь хавтаст хэргийн 201-203 дахь тал),

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “... хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл  хэд хэдэн  гэмт хэргийг  хамтран үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн  байцаалт явуулна”, 3 дахь хэсэгт “...хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан  шийдвэрлэхэд  саад болохгүй бол зарим яллагдагчид  холбогдох хэргийг  тусгаарлаж болно”, 8 дахь хэсэгт “... прокурор нь  яллагдагч гэмт  хэрэг үйлдсэн,  гэм буруутай болохыг   мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно”  гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Л-ын яллагдагч О.М-той бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тухайд, О.М-од холбогдох хэргийг тусгаарласнаар Б.Л-т холбогдох хэргийг тал бүрээс бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байх тул хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шүүгдэгч Б.Л-ын гэм буруутайг нотолсон нотлох баримтуудад тулгуурлан түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч нарын эд хөрөнгийг авахын тулд хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж довтолсон хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болгон хуульчилсан, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан ба тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нь бусад шинж, хор уршгийг багтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Л нь дээрэмдэх гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн удаа дараагийн үйлдлээр үйлдсэнийг нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна.

Мөн шүүгдэгч нар нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангид “бүлэглэж” гэсэн шинжийг тусгаагүй тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна. Учир нь, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр хамтран оролцохдоо гэмт санаа зорилго нэгтгэн, үйлдлээр нэгдэж оролцсон шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Л-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.Б-ийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг хооронд нь нэгтгэн улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 8 сар 12 хоногийг хасаж, үлдсэн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,

Шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,  уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, түүний цагдан хоригдсон 44 оногийг хасаж, үлдсэн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан: “...улсын яллагчийн 4 жилийн хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн: “...шүүгдэгч Б.Л нь үйлдсэн хэргийнхээ хувьд гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Үйлдэл нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байгаа тул улсын яллагчийн саналд дурдсанаар түүнд оногдуулах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Л.Амартогос: “...шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх хуулийн 7.1 дүгээр зүйлд хамрагдаж байгаа тул түүний гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны  өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”,

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн  ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан байна.

Ялтан гэдэг нь “шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон” ял эдэлж буй этгээдийг ойлгох тул шүүгдэгч Б.Л, О.Б нарын хувьд шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан боловч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул тэдгээрийг ялтан гэж дүгнэх боломжгүй, улмаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг зорих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

Иймээс шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солиогүй болно. Үндэслэл нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу  хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг  хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин  суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлагыг хангасан байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Л, О.Б нарын хэн аль нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, төлөх талаар санаа санаачилга гаргаж байгаагүй, нөхөн төлнө гэж буй ч тэдгээр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, хохирлыг яаж төлж барагдуулахаа бүрэн илэрхийлж чадахгүй байгаа тул тэдгээрийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй, үндэслэлгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан үндэслэл нь өсвөр насны хүнд хамааралтай байх бөгөөд энэхүү хэргийн шүүгдэгч нар нь насны хувьд 25, 27 настай хүмүүс байх тул тэдгээрт уг зохицуулалт хамаарахгүй байгаа тул шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ялаас хасуулах тухай” саналыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байгаа болохыг дурдав.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, үйлдлийн оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан:

-Шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, нэг хоногийн хорих ялаар тооцон /320/8=40/ 40 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тус тус оногдуулахаар шийдвэрлэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Л-ын ганцаараа үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-од 450,000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Б.Л, яллагдагч О.М нарын бүлэглэн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч А.М-д 652,200 төгрөгийн хохирол, хохирогч Т.Г-т 28,420,000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.Б нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-д 3,039,050 төгрөгийн хохирол, шүүгдэгч О.Б нь хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан байна.

Шүүгдэгч нар нь үйлдэл оролцооны хувьд аль алин нь идэвхтэй үйлдлээр адил оролцсон байх тул тэдгээрээс хохирогч нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Ингэхдээ яллагдагч О.М-од оногдох хувийг хасаж шийдвэрлэхээр тогтов.

Дээрх хохирогч нарт учирсан хохирлоос хохирогч А.М-д 505,000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн, одоо 147,200 төгрөгийн үйлдэгдэлтэйг шүүгдэгч Б.Л, О.М нарт хувь тэнцүүлэн хуваахад нэг хүнд 73,600 төгрөг оногдож байх тул Б.Л-аас 73,600 төгрөг гаргуулах, өөр хохирол барагдуулсан зүйлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Л-аас 16,253,125 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Б-од 450,000 төгрөг, хохирогч А.М-д 73,600 төгрөг, хохирогч Т.Г-т 14,210,000 төгрөг, У.Бд 1,519,525 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч О.Боос 1.519.525 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгож, хохирогч О.Б нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэхүү хэрэгт шүүгдэгч Б.Л нь 260 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч О.Б нь 44 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн тус бүрийн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (1 дэх хавтаст хэргийн 114, 120, 125 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 195-196, 229-230 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 43-45 дахь тал)                                                      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Харин шүүгдэгч Б.Л нь яллагдагч О.М-той бүлэглэн үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохирлыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн зардал хэмээн 18000 төгрөгийг ******* ХХК нэхэмжилсэн нэхэмжлэхийг хэрэгт хавсаргасан байх тул уг зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 9000 төгрөгийг шүүгдэгч Б.Л-аас гаргуулж, ******* ХХК-нд олгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Л-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт О-ийн Б-ийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон /320/8=40/ 40 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 7 (долоо) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ын цагдан хоригдсон 260 (хоёр зуун жар) хоногийг, шүүгдэгч О.Б-ийн цагдан хоригдсон 44 (дөчин дөрөв) хоногийг тэдгээрийн тус бүрийн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.                                                                  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-аас 16,253,125 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Б-од 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг, хохирогч А.М-д 73,600 (далан гурав мянга, зургаан зуу) төгрөг, хохирогч Т.Г-т 14,210,000 (арван дөрвөн сая, хоёр зуун арван мянга) төгрөг, У.Б-д 1,519,525 (нэг сая, таван зуун арван есөн мянга, таван зуун хорин тав) төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч О.Б-оос 1,519,525 (нэг сая, таван зуун арван есөн мянга, таван зуун хорин тав) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгож, хохирогч О.Б нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч  О.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 9000 (есөн мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Л-аас гаргуулж ******* ХХК-нд олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, О.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ