Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч О.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-н П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208007980476 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-н П (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод хамтран амьдрагч С.Н-ийг найзынхаа төрсөн өдөрт явлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч С.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2836 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал), шүүгдэгч О.П-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 57 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 60-63 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 64-65 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), шүүгдэгч О.П яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Н-ийг “найзынхаа төрсөн өдөрт явлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

Хохирогч С.Н-ийн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад гэрээс гараад найз О-гийн төрсөн өдөрт очиж байж байгаад шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоот гэртээ иртэл нөхөр маань архи уучихсан байсан. Нөхөр бид хоёр хашаан дотроо ороод хэсэг юм ярьсан. Тэгэхдээ би нөхрийгөө яагаад архи уучихсан юм бэ, надтай барьцаад байгаа юм уу, би нэг л удаа гарч байна ш дээ гэж хэлсэн чинь нөхөр маань чи О-гийн төрсөн өдөрт явлаа гээд уурлаад сүүлдээ бид хоёр хэрүүл маргаан болоод нөхөр П маань миний баруун талын нүд рүү нэг удаа цохичихсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2836 дугаартай: “...С.Н-ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Шүүгдэгч О.П-ын яллагдагчаар өгсөн: “...бид хоёр хэрүүл маргаан болж байгаад би уурласандаа нүүрэн тус газар нь нэг удаа цохичихсон. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч О.П, хохирогч С.Н нар нь лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тогтоогдсон, шүүгдэгч О.П нь өөрийн хамтран амьдрагчаа “найзынхаа төрсөн өдөрт явлаа” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэг рүү нь гараараа цохисон шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч О.П-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалням нь О.П-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) О.П-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч О.П-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.П нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-н П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ