Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/364

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Б-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000272 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа  ... дэлгүүрт гоо сайхны худалдаа эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт Б-ийн Д (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... тоотод хохирогч О.О-ийн хамар нүүр, гар луу цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн О.О-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дахь тал), хохирогч О.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал), гэрч Б.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1632 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүгдэгч Б.Д-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41, 44 дэх тал), шүүгдэгч Б.Д-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод хохирогч О.О-тэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан түүний хамар, нүүр лүү цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч О.О-ийн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр найз болох Ц, П, Д нарын хамт ... байрны ... тоотод байрлах  гэртээ 2,5 литрийн пиво 5-г уусан. Тэгээд бид нар  юм ярьж сууж байтал найз Б-ийн дүү Б орж ирсэн чинь  Д  танай эгчийн хоёр хүүхэд сайн уу  гэж асуухаар би голоор нь ороод “манай найзын хүүхэд чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд Д миний  хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь  миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэхэд  миний хацар  хэсэг рүү дахиж гараараа нэг удаа цохисон. Тэгээд П салгасан. Одоо би хамраа янзлуулмаар байна. Одоохондоо эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй  болохоор хэдэн төгрөг болох талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал),

2. Гэрч Б.Ц-ийн: “...Д нь Баас эгчийнх нь хүүхэд сайн уу гэж асуухад О, Д-д хандан миний найзын хүүхэд чамд  ямар хамаатай  юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Д нь О-ийн  хамар  хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэр үед нь П, Б бид 3 салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1632 дугаартай:

“О.О-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн  мурийлт,  хамрын нуруу,  зүүн нүдний  зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн  няцрал, зүүн шуунд  зулгаралт, баруун шуу,  баруун шилбэнд  цус хуралт  тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

4. Шүүгдэгч Б.Д-ий: “...Цийн найз залуу болох Б орж ирсэн. Би Б-аас Ч эгчийнх нь хоёр хүүхэд  том болчихсон уу  гэж  асуусан чинь Б надад том болсон гэж хэлсэн. Тэгсэн О  манай найзын хүүхэд  чамд ямар хамаатай юм гэхээр нь  бид маргалдсан. Тэгээд  миний уур хүрээд нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба бид хорондоо зодолдсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Д, хохирогч О.О нар нийлж архи ууж согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч нь хохирогч О.О-ийн нүүр, хамар хэсэг рүү цохиж гэмтээж буй тухайн үйлдлийг хууль бус болохыг өөрөө ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн шинжтэй, түүний үйлдэл нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Д-ий бусдыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч О.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь 120,000 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгсөн, уг зардлыг шүүгдэгч Б.Д нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч О.О нь эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д-өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “саналгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Д-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгч Б.Д-ий хувийн байдал /шүүгдэгч нь ар гэрээ тэжээн тэтгэдэг, бага насны хүүхэдтэй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.    

Шүүгдэгч Б.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д  оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-өөс 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч О.От олгож, хохирогч О.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ