Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт М-ын О-т холбогдох 2108020290414 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо ...-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хэсэг ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дүгээр орцны .... түр оршин суух, урьд

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 395 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 407 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан, Б овогт М-ын О (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь  2021 оны 08 дугаар сарын 21-ний 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “Э” худалдааны төвд байрлах хаан банкны ... дугаартай АТМ дээр үйлчлүүлэхдээ өмнөх үйлчлүүлэгч Ж.О-ийн өөрийн данс руугаа орлого болгож хийсэн мөнгө алдаа гарсны улмаас буцаж АТМ-с гарч ирснийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), хохирогч Ж.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), хаан банкны АТМ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-15 дахь тал), шүүгдэгч М.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), М.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 51-55, 61, 63-64, 70-76 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “Э” худалдааны төвд байрлах хаан банкны ... дугаартай АТМ дээр үйлчлүүлж байхдаа өмнөх үйлчлүүлэгч Ж.О-ийн өөрийн данс руугаа орлого болгож хийсэн мөнгө алдаа гарсны улмаас буцаж АТМ-с гарч ирснийг харж, бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны  улмаас бусдад 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ж.О-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)

2. Хохирогч Ж.О-ийн: “... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед 4 өдрийн орлогын мөнгө болох 1,020,000 төгрөгийг Э худалдааны төвийн баруун хаалганы хаан банкны АТМ-д өөрийн 56......522 тоот данс руу орлого хийгээд буцаад орлогын мессеж ирэхгүй болохоор нь хаан банкны ажилтан руу ярьтал банкны ажилтан 19 цаг 27 минутад над руу хариу хэлэхдээ мессеж ирээгүй ч гэсэн таны данс руу орсон байх магадлалтай хариу хэлье гэсэн. Тэгээд төд удалгүй эргэж холбогдоод таны АТМ-д хийсэн орлого ороогүй, харин дараагийн үйлчлүүлэгч авчихсан байна, тэр үйлчлүүлэгч рүү бид нар холбогдоход “би аваагүй” гэж хариулсан. Тиймээс хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүл гэж хэлсэн юм. Тухайн үед би орлогоо хийчихлээ гэж бодоод картаа аваад гартал орлого оролгүй, дараа нь дутуу хийснээ мэдсэн. Надад одоо 1,020,000 төгрөгийн хохирол учраад байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...шүүгдэгч М.О нь АТМ-с гарч ирсэн хохирогчийн мөнгийг авч байгаа нь дүрслэгдсэн” (хавтаст хэргийн 11-15 дахь тал),

4. Шүүгдэгч М.О-ийн: “...тухайн үед миний урд настай хүн гүйлгээ хийх гээд нэлээн удаан зогсож байгаад гараад явсан юм. Тэгээд би тэр ахын дараа АТМ дээр очоод үйлчлүүлэх гэтэл АТМ нь орлого хийдэг хэсэг нь онгорхой, дотор нь мөнгө байхаар нь би уг мөнгийг өөртөө авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.О нь хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэх үедээ өмнөх үйлчлүүлэгч болох Ж.О-ийн мөнгийг цааш таталгүй алдаа гарч буцаан гаргаж ирсэн байхыг харж улмаар уг мөнгийг хохирогчид өгөх эсхүл цагдаагийн байгууллагад хандаж эзнийг олж өгөх боломжтой, бусдын эзэмшлийн мөнгө гэдгийг мэдсээр байж шунахай сэдлийн улмаас өөртөө авч завшсан үйлдлийн улмаас хохирогч Ж.Од бага хэмжээнээс дээш буюу 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирлын тухайд: Шүүгдэгч М.О нь хохирогч Ж.О-д хохирлын 1,020,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь тэдгээрийн гаргасан хүсэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэг нь М.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ М.О-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан, гэмшсэн байдал, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын О-ийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ