Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/374

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000280 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 63 настай, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо,  ... дүгээр гудамжны ... тоотод төрсөн ах Г.Т-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй  болохыг мэдсээр байж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн байна.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ер нь бол манай ах архи уухаараа олон сар өдрөөр уудаг, тэр нь надад их дарамттай байдаг. Би тэр үед тэвчих ёстой байсан байх. Энэ явдал 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон. Ах орж ирчхээд утсаа алга болгочихлоо, ийм юм алга, тийм ч юм алга болгочихлоо гээд байхаар нь би эхнэртээ наад асуудлаа хэл гэсэн. Тэгээд би ахад картаа өгч явуулсан ба ах ирэхдээ 0,75 гр архи авчрахаар нь хувааж уусан. Тэгээд ах намайг нэг удаа нүд орчим гар савчаад өнгөрөхөөр нь миний уур хүрээд зодсон. Ер нь архинаас болж ийм хэрүүл маргаан Б-ог. Би тухайн үед өөрийнхөө үйлдлийг мэдэж байсан. Би ахыгаа өмнө зодож байсан асуудал байгаа. Би ахыгаа зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Б: “...би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд, шүүгдэгч Г.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот өөрийн гэртээ төрсөн ах Г.Т-г биеэ хянан, авч явах, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг харсаар, мэдсээр байж өөдөөс нь гараа савчлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь нотлогдсон байна.

Тодруулбал, уг үйл баримт нь:

1. Хохирогч Г.Т-гийн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр ээжийнхээ гэрээс ирээд миний нүүр ам хавдсан байгааг хараад дүү Б-оос асуусан чинь намайг зодсон гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би хадмын гэрт гэрийнх нь шалыг янзалж байгаа хүнийг харж байхдаа ганцаараа 1 шил архи уусан. Тэгээд би гэртээ яаж ирсэн, дүү Б-той юу ярьсан, яагаад намайг зодсон талаар мэдэхгүй, санахгүй байгаа юм. Эхнэрээс асуухад 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр лүүгээ явлаа гээд согтуу гараад явсан гэж хэлсэн. Би 01 дүгээр сарын 04-ний өдөр дүү Б-ын гэрт сэрсэн. Тэгээд нүүр ам хавдсан, цээжээр амьсгалж болохгүй хөндүүртэй байсан болохоор дүү Б намайг зодсон байна гэж бодоод Б-той юм яриагүй. Тэгээд 01 дүгээр сарын 09-нд цагдаад эхнэр мэдэгдсэн. Би төрсөн дүүгээ гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. Өмнө нь бас намайг зодож, хутгалж байсан. Эмчилгээнд 100,000 төгрөг өгсөн. Намайг удаа дараа зодож байгаад гомдолтой байна. Эмнэлэгт тархи толгой, цээжний зураг авхуулсан 288,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Гэрч П.О-ийн: “...2017 онд намайг Турк улсад байхад манай нөхрийг төрсөн дүү болох Гүндсамбуу овогтой Б- нь биед нь халдан зодож, 10 удаа хутгалсан байсан. Тухайн үед манай хүүхдүүд эмнэлгээр явж эмчлүүлэн Г.Б гомдол гаргалгүй өнгөрсөн. Тэгээд дараа нь ахиж 2021 оны 06 дугаар сарын орчимд Г.Б нь дахин архи уусан үедээ миний нөхрийн толгой руу 0,75л архины шилээр цохиж хагалсан байсан. Тухайн үед би гадуур ажилтай явж байгаад ирсэн ба манай нөхрийн толгойд архины шил зөндөө их зоогдсон байсан.Тухайн үед мөн бид нар ах дүү учраас цагдаад дуудлага гомдол гаргаагүй. Гэтэл би өнөөдөр гэртээ иртэл манай нөхрийн нүүр хавдаад хөхөрсөн, мөн толгой нь хагарсан байсан. Тэгэхлээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1752 дугаартай шинжилгээ: “...Г.Т-гийн биед өвчүү ясны их биеийн доод хэсгийн шахагдсан зөрсөн далд хугарал, зүүн 4 дүгээр хавирганы зөрүүгүй далд хугарал, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, эрүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний дэлбэн, баруун шуу, зүүн ташаа, хоёр гуя, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дарааллыг тогтоох боломжгүй, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” (хавтаст хэргийн 10 дахь тал),

4. Шүүгдэгч Г.Б-ын: “...ах архи олоод ирлээ гээд 1 шил 750гр хараа архи, 1 том савтай Боргио нэртэй пивотой ирсэн. Тэр архийг би ахтай хамт хоёулаа хувааж уусан. Ах архи ууж байхдаа надад дээл, гар утсаа алга болгочихлоо гэж дахин дахин яриад бас өөр таблетаа алга болсон талаар яриад байхаар нь би та наад асуудлаа эхнэртэйгээ ярь, битгий надад хэлээд бай гээд уурлаад ор луу түлхсэн чинь ах миний баруун нүд рүү гараа савж байхдаа баруун нүдийг оночихсон юм. Тэгэхээр нь би уурандаа хогийн жижиг шүүхээр нүүр болон толгой руу нь хэд хэдэн удаа цохиод авсан, яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Уур хүрсэн байсан болохоор санахгүй байна. Өөр цохиж зодоогүй, өмнө нь ахтай бас л ойлголцоогүй архи уусан байхдаа би ахыг 3 удаа хутгалж байсан, тэр үедээ цагдаагаар шалгагдаагүй. Манай ах олон сар өдрөөр архи уудаг нь надад маш их дарамттай байдаг. Би тухайн үед тэвчих ёстой байсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Б, хохирогч Г.Т нар нь төрсөн ах дүү хүмүүс байх бөгөөд гэмт хэрэг гарсан тухайн өдөр хохирогч Г.Т архи уусан байдалтайгаар төрсөн дүү Г.Б-ынд очсон байх ба ингэхдээ хохирогч Г.Т нь хадмынхаа хашаанаас хэрхэн гарснаа, мөн шүүгдэгч Г.Б-ынд хэрхэн ирсэн, хамт архи уусан асуудал, түүнтэй маргалдсан, мөн зодуулж гэмтэл авсан талаараа санахгүй, мэдэхгүй байгаа нь түүний мэдүүлгээс харагдах бөгөөд биеэ авч явах чадварын хувьд ч гэсэн сул байсан нь шүүгдэгчийн түлхэх явцад тэнцвэрээ олохгүй унасан байдал, босож ирэлгүй шүүгдэгчид зодуулаад хэвтээд байсан байдлаар илэрч байна. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн /яаж зодуулснаа санахгүй гэсэн учир/ мэдүүлгээр тогтогдоогүй ч гэрч П.О-ийн “нөхрийг нь хэн зодсон, өмнө ямар асуудал гаргаж байсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нь өөрийнх нь хэргээ хүлээж мэдүүлсэн “уур хүрсэн байсан учир хэчнээн удаа цохиж зодсоноо санахгүй байна, тухайн үед би өөрийгөө хянах чадвартай байсан, би биеэ барих ёстой байсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон, эдгээрийн мэдүүлгүүд харилцан агуулгын хувьд зөрүүгүй авагдсан, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч байгаа нь тусгагдсан зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх ажээ.

Иймээс шүүгдэгч Г.Б нь өөрийн ах Г.Т-г архи ууснаас үүдэн өөрийгөө авч явах чадвар сул, өөрийнх нь эсрэг эсэргүүцэл үзүүлэх, биеэ хамгаалах оролдлого хийх чадваргүй байсныг харсан, үүнийг мэдсээр байж хохирогч Г.Т-г зодож гэмтээн хүндэвтэр гэмтэл учруулсан энэхүү үйлдлийг прокуророос “хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэхээр байна. Иймээс прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Учир нь, Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Шүүгдэгч Г.Б нь бусад этгээд рүү чиглүүлэн хийж буй хүч хэрэглэсэн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг алдагдуулсан, зөрчсөн үйлдэл бөгөөд тэрбээр өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан атлаа хохирогчийг архи ууж согтуурсны улмаас биеэ хянах авч явах чадваргүй, өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг мэдсээр байж бие махбод руу хогийн шүүрээр удаа дараагийн үйлдлээр цохиж халдаж буй нь гэм буруугийн санаатай үйлдлийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас үүсгэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б-ын хүний эрүүл мэндэд халдаж хүндэвтэр гэмтэл учруулж буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,  

Шүүгдэгч “...Би 2011 онд осолд орж байсан, баруун хөлөндөө төмөртэй, зүрх өвддөг, байнгын эмээр байдаг хүн. Өөр хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Б-ын үйлдэлд Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Б нь өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч тэрбээр хохирогч Г.Т-г өмнө зодож байсан, хутгалж байсан, толгойг хагалж байсан талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн, уг үйлдлүүдийг ах дүү хүмүүс гэдэг утгаар цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэлгүй дарагдуулсаар ирсэн, шүүгдэгч Г.Б нь өмнөх байдалдаа дүгнэлт хийлгүй дахин зодсоноос Г.Т-д гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч Г.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээргүй байгаа болно. 

Хэдийгээр прокуророос шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр үл ялих зүйлээр шалтаглан өөрийн төрсөн ах Г.Т-г зоддог, гэмтэл учруулдаг үйлдэл нь анх удаагийнх бус, давтагдсан шинжтэй, мөн хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал /шүүгдэгч нь өөрөө өндөр настай хүн байх боловч өөрөөс ахимаг насны хүнийг үл хүндэлдэг нь өөрийн өндөр настай ахыгаа удаа дараа зодсон байдлаар илэрсэн, биеэ зөв зохистой авч явах зан араншин төлөвшөөгүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Бод 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хэдийгээр шүүгдэгч Г.Б нь “би 2011 онд осолд орж байсан, баруун хөлөндөө төмөртэй, зүрх өвддөг, байнгын эмээр байдаг хүн” гэж мэдүүлж байгаа ч баримтаар нотлогдож тогтоогдоогүй, энэ нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь 288,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Б нь 100,000 төгрөг төлснийг хохирогч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Боос үлдэгдэл 188,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн тухайн эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-од 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос 188,000 (нэг зуун наян найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Т-д олгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлыг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ