Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0264

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Гомдол гаргагч: “Ж” ХХК. 

     Хариуцагч: СБДНДХ-ийн улсын байцаагч Ч.Э.

    Гомдлын шаардлага: “СБДНДХ улсын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078812 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, С.Г, хариуцагч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Гомдол гаргагч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: “СБДНДХ-ийн байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078812 дугаартай шийтгэлийн хуудас илт хууль бус болохыг тогтоолгох,

    СБДНДХ-ын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078812 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ж” ХХК-д оногдуулсан 54,343,942 төгрөгийн торгуулийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

     Нийгмийн даатгалын байцаагч Э нь тус компанийг 2017 оны 11 сар 2018, 2019 оны нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийн 36,062,628 төгрөгийн өр үүссэн гэж тооцож, шимтгэлийн дүнгээс 50 хувийн алдангид 18,031,314 төгрөг тооцож, 250,000 төгрөгийн торгууль ногдуулж нийтдээ 54,343,942 төгрөгийн бэлнээр төлөхөөр шийтгэлийн хуудас үйлдэж албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн захиргааны Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

      Холбогдогч “Ж” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүй гэдэгтэй маргаагүй.

       Харин Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу “хуулийн этгээд нь хуулийг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан байдаг. Бид санхүүгийн боломжтой байх бүх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн. Харин 2018, 2019 оноос санхүүгийн хүндрэл учирч нийгмийн даатгалын шимтгэл төлөх байтугай ажилчдынхаа цалинг тавихад төвөгтэй болж, алдагдалтай ажилласан учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй байсан.

        Тус компанид сүүлийн 2 жилд ямар ч орлого орж ирээгүйг манай дансны гүйлгээг битүүмжилсэн нийгмийн даатгалын байцаагч Э ч өөрөө мэдэж байгаа. Гэвч бид нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа шударгаар гаргаж ирсэн, ямар  нэгэн орлого нуун дарагдуулах, шимтгэлийг бууруулах зэрэг хууль бус үйлдэл  хийгээгүй. Иймд нийгмийн даатгалын байцаагч хуулийг биелүүлэх боломжтой байсан эсэх эрх  зүйн үйл баримтыг тогтоолгүй зөрчил гэж үзэж хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудас үйлдсэнийг зөвшөөрөхгүй байна.

       Цалин хөлсөө бүрэн хэмжээгээр төлөхөд хүндрэл үүсч байгаа,  нийгмийн даатгалын шимтгэлийн төлж чадахгүй байгаа компинад нийгмийн даатгалын байгууллага нь энэ их хэмжээний алданги оногдуулж байгаа нь манай санхүүгийн байдлыг улам бүр дордуулж даатгуулагчийн шимтгэлийг төлөх үүргээ биелүүлэхэд улам их төвөгтэй байдал үүсгэж байна.

      Нөгөөтэйгүүр  энэ үйлдлийг зөрчилд тооцох боломжтой гэж эрх бүхий албан тушаалтан үзсэн ч байлаа Зөрчлийн тухай хуулийн 10.17-ийн 3-д зааснаар энэ нь таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зөрчил юм. Мөн хуулийн 1.5-ын 1.1-т ийм торгуультай зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл байцаагч нь зөвхөн шийтгэлийн хуудас бичихээс өмнөх 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх шийтгэлийг оногдуулах эрхтэй гэсэн утгатай байна.

        Иймд Ж ХХК нь Нийгмийн даатгалын хуулийг 16.1 заалтыг биелүүлэх боломжтой байсан эсэх эрх зүйн үйл баримтыг тогтоож, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078812 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т зааснаар “утга, агуулгын илэрхий алдаатай " гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

      Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Шийтгэлийн хуудсын үндсэн агуулга нь Ж ХХК-иас 2017, 2018, 2019 онуудад төлөөгүй нийгмийн даатгалыг төлүүлж, 50 хувийн алданги тооцож, 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн торгуул ногдуулсан байгаа. Компанийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн дүн болох 36 062 628 /гучин зургаан сая жаран хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийн мөнгөн дүнг төлөх эсэх дээр маргахгүй байгаа. Харин алданги болон 250 000 төгрөгийн шийтгэл оногдуулсанд гомдож байгаа. Шийтгэлийн хуудсаар зөрчил гэж үзэж байгааг хуульд заасны дагуу 2 үндэслэлээр зөвшөөрөхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно. гэж заасан. Монгол үгийн тайлбар тольд боломжтой гэдэг нь нөхцөл байдал нь тал бүрээр бүрдсэн байхыг ойлгоно. Тэгэхээр хуулийн үгийг үндсэн утгаар нь тайлбарлавал хэрэв энэ компани тодорхой орлоготой байгаад боломжтой байсан боловч төлөөгүй бол зөрчил болно, харин боломжгүй байсан болохыг тухайн байцаагч мэдэж байсан бөгөөд захиралтай удаа дараа уулзаж байсан. Бид боломжгүй байсан болохоо нотолж шүүхэд 2017, 2018, 2019 онуудын татварын тайланг гаргаж өгсөн. Татварын тайланг үзвэл 3 жил дараалан алдагдалтай ажилласан. 2017 онд -85541852 төгрөг, 2018 онд -125802520 төгрөг, 2019 онд -121257377 төгрөгийн алдагдалтай ажилласан.

        Анх Уул уурхайн үйлдвэрлэл явуулахаар байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гадаадаас хөрөнгө оруулагч олж ирэх гэж 3 жил явсан, Монгол улсын эдийн засгийн хямралтай холбоотойгоор 3 жил дараалан алдагдалтай ажилласны улмаас татварыг төлөх боломжгүй байсан. Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэснийг боломжгүй байсан гэдгээр тайлбарлаж байна. Захиргааны байгууллагад хуулиар боломжтой, боломжгүй болохыг судалж үзэх хязгаарлалт тогтоосон бөгөөд хариуцагчийг боломжгүй байсан гэдэг хязгаарлалтыг зөрчиж акт гаргасан гэж үзэж байна. 2 дахь үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэж заасан байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны хувьд тодорхой хязгаарлалтууд тогтоосон байгаа. Торгох нэгжээс хамаараад хэтэрсэн хугацааны алданги тооцох ёсгүй байсан бөгөөд хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж шийтгэл ногдуулсан гэсэн үндэслэл байна.

       Хариуцагч Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгал төлөх үүрэгтэй гэж байна. Төлөх үүрэг болон төлөх дүн дээр огт маргаагүй. Зөрчлийн тухай хуулийн субъект мөн үү, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах нь зүйтэй эсэх дээр маргаж байгаа. Хуульд боломжтой байсан боловч түүнийг биелүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж байгаа. Боломжгүй байсан учраас Зөрчлийн тухай хуулиар авч хэлэлцэх асуудал биш байсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас бичих үндэслэл байхгүй.

      Түүнчлэн Хөөн хэлэлцэх хугацааны талаар, Тодорхой хугацааны хувьд буюу 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн дүн болох 36 562 635 төгрөг дээр огт маргахгүй байгаа, харин алданги тооцож, шийтгэл ногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан хуулийн хязгаарыг зөрчиж байна. Тухайн 6 сарын хугацаанд алданги тооцохоор 8 709 129 төгрөг болж байгаа, үүнийг 50 хувиар тооцохоор 4 354 000 мянган төгрөг болж байна. Тэгэхээр хуулийн хязгаарлалтын хүрээнд алданги ногдуулаагүй учраас захиргааны акт нь илт хууль бус болно” гэв.

      Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Ж” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №20/03 тоот албан бичгээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг доор дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж, дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Үүнд:

      1. Монгол хэлний дүрмийн тайлбар тольд утга ба агуулгын алдааг уг бичвэрийн найруулга зүйтэй холбоотой гэж тодорхойлсон байна. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж үзэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө санхүүгийн боломжгүй улмаас төлж чадаагүй учраас Шийтгэлийн хуудас бичсэнд гомдоод байгаа болохоос биш Шийтгэлийн хуудасны утга агуулгын найруулга зүйн алдаанаас болж гомдоогүй нь харагдаж байна. Иймд миний бичсэн No078812 тоот шийтгэлийн хуудас нь Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан маягтын дагуу, монгол улс даяар нэг мөр хэрэгжиж байгаа, Зөрчлийн тухай хуулийн үйлдсэн зөрчил болон зөрчсөн хуулийн заалтуудыг дурдсан, ойлгомжтой тодорхой хэлбэрээр бичигдсэн, утга агуулгын хувьд гажуудсан юмгүй байгаа тул утга агуулгын алдаатай гэж дүгнэгдэх үндэслэлгүй байна.

      2. “Ж” ХХК-н нэхэмжлэлд өөрсдийнх нь хүлээн зөвшөөрснөөр 2017 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хуулинд заасан хугацаанд төлөлгүй /36062630,91 /гучин зургаан сая жаран хоёр мянга зургаан зуун гучин төгрөг 91 мөнгө/ төгрөгийг хуримтлуулан сар бүр нэмэгдүүлж, ажиллаж буй ажиллагсдынхаа тэтгэвэр тэтгэмж авах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа байгууллага юм.

        Тухайн байгууллага нь 2017 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй гэдэгтэйгээ маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэлээс харагдаж байна. Нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу хугацаандаа төлөөгүй шимтгэлд алданги, торгууль тооцно гэдэгтэй маргаагүй хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.  Мөн тухайн байгууллагын алдагдалтай ажиллаж байгаа даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх хуулиар олгосон үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

    Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр манай байгууллагын зүгээс тухайн байгууллагатай уулзалт хийх, харилцах дансны зарлагын гүйлгээг хаах зэргээр шат дараалсан арга хэмжээ авахдаа уян хатан хандаж, өр төлөх хугацааг сар бүр 4 жилийн турш хойшлуулж байсан боловч уг байгууллага нь амлалтандаа хүрэхгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.17.1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.

       Шийтгэлийг оногдуулахдаа доорхи  хуулиудыг баримталсан. Үүнд:

       Монгол улсын Нийгмийн даатгалын тухай   хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “... тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд шилжүүлнэ”,

       Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т "хугацаандаа төлөөгүй шимтгэлийн дүнд хоногийн 0,3 хувийн алданги оногдуулна.  Уг алдангийн хэмжээ төлөх шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

     Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах" адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж, ... хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.1 дэх хэсэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсгийн заалтууд нэг утгыг илэрхийлэн давхцаж байгаа учраас Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ” гэснийг баримтлан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т зааснаар “... энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, ... аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасныг тус тус үндэслэн 2 сая төгрөгийн торгуулийг 250000 төгрөг болгон бууруулан торгож шийдвэрлэсэн.

       Миний бие Монгол улсын Нийгмийн даатгалын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудын холбогдох заалтуудыг баримтлан No 0078812 тоот шийтгэлийн хуудсыг прокурорын хяналтын дор бичиж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, хуульд заасны дагуу ажилласан болно.

         Иймд дээрхи үндэслэлүүдээр “Ж” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэжээ.

      Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч байгууллага өөрийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээс өөр нэхэмжлэлээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд зохимжгүй санагдаж байна. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх тогтоож өгөх байх гэж бодож байна. Утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэлд таарсан нэхэмжлэлийн шаардлага огт ярьсангүй. Энэ хэргийг хэрэг гэж үзэхэд хэцүү тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэхдээ тайлбарласан 2 үндэслэл дээр нь тодорхой тайлбар өгье. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан хэм хэмжээг баримталж явагдсан. Үйлдэгдсэн зөрчлийг прокурор хянаад, зөрчлийн хэрэг мөн гэж тогтоосон буюу процессын дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Энэ байгууллагыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргах хугацааг нь дуустал хүлээж, Захиргааны хэргийн шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас гаргуулсан. Гомдол гаргасантай холбоотойгоор гүйцэтгэх ажиллагаа түр зогссон байгаа. Зөрчил гэж үзэж байгаа үндэслэлүүдээ нотлох баримтуудаа хувийн хэрэгт өгсөн. Ж ХХК нь 2017-2019 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй болох нь тухайн байгууллагын гаргасан нийгмийн даатгалын тайлан, нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэгдсэн өглөг, авлагын тайлан, цалингийн бүртгэл, дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтаар нотлогдож байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан 1 дүгээр үндэслэлд дурдсан боломжтой гэдэг үгийг хуулийг хэрэгжүүлэхэд яаж авч үздэг талаар тайлбарлая, Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг ажиллагсдадаа цалин хөлс олгоод, цалин хөлснөөс нь суутгасан тухайн сард нь багтаан шилжүүлнэ гэсэн нэг л заалттай. Цалин хөлснөөс ямар суутгал хийгддэг болохыг Монгол улсын иргэн бүр мэдэж байгаа. Хувь хүнээс 11.5 хувь, ажил олгогчоос 12.5 хувийг хариуцаад нийт 24 хувийг тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэ хүнд 100 000 төгрөгийн цалин өглөө гэж үзчэхээд 11 500 төгрөгийг хувь хүнээс авч тооцоолж байгаа, энэ байгууллага бүрэн хариуцаагүй, бүгдийг нь төлөөгүй. Гэтэл тэр хүнээс суутгаж авсан мөнгөө нийгмийн даатгалын төлөх ёстой санд 3 жилийн хугацаанд төлөөгүй. Энэ талаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд шимтгэл, алдангийн хамт нөхөн төлүүлээд хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан Хуульд тодорхой заасан учир прокурор хэрэг үүсгэж, нотлоод процессын дагуу ажиллагаа явагдсан . Хууль заавал биелэгдэх шинж чанартай бөгөөд боломжтой, боломжгүй байсан гээд биелүүлэхгүй байх үндэслэл байхгүй. Гомдол гаргагч татварын алдагдалтай тайлан гаргасан гэж байна. Тэгвэл хүмүүст цалин олгохгүй байх, хэрэв үйл ажиллагаа явуулаагүй бол хүмүүсийг ажиллуулах шаардлагагүй байсан.

         Нийгмийн даатгалын тухай хуулиар тухайн сард тайлан өгөхгүй байх эрхтэй. Тэр тохиолдолд элдэв нотлох баримт, шалгалтгүйгээр тайланг түдгэлзүүлэх эрхийг хуулиар зөвшөөрсөн. Байгууллага сайн дураараа тайлагнадаг бөгөөд нийгмийн даатгалын байгууллага заавал тайландаа тэдэн төгрөг тусга гэж шаарддаггүй. Гэтэл уг эрхийг эдлэхгүйгээр энэ хүнд сар бүр ийм ийм цалин олгосон талаараа тайлагнасан. Иймд 1 дүгээр асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд зөрчил үйлдсэн хугацааг Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Ж ХХК нь 2017 оноос хойш тасралтгүйгээр зөрчлийг үйлдсэн тул үргэлжилсэн зөрчил гэж үзэж зөрчлийн хэрэг үүсгэж хэргийг нээсэн Иймд Ж ХХК-ийн нэхэмжлэл нь хуульд нийцээгүй болно. Тиймээс Миний бие Монгол улсын нийтээр дагаж мөрдөх хуулийг баримталж үйл ажиллагааг явуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

       Гомдол гаргагч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Д СБДНДХ-ийн улсын байцаагч Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078812 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага гаргажээ.

   Шүүх дараахь үндэслэлээр “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын гаргасан гомдлын шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

      Гомдол гаргагч Нийгмийн даатгалын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;” гэсэн үндэслэлээр тодорхойлсон бөгөөд харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”  гэж зааснаар илт хууль бус гэж тайлбарлаж байна.

Харин гомдол гаргагч “Ж” ХХК 2017-2019 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж хариуцлага оногдуулсан улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.

      Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.”, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ:”, энэ хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.”, мөн хэсгийн 4-д “энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн......аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;” , Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж ....хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус зохицуулжээ.

      Гомдол гаргагч “Ж” ХХК нь 2017-2019 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хуулийн хугацаанд төлөөгүй болох нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооны НД07, НД08 тайлангууд, мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтнуудын цалингийн бүртгэл, авлагын дэлгэрэнгүй тайлан, ажилтнуудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

      Ийнхүү тус компани нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага оногдуулсан улсын байцаагчийн 0078812 дугаар шийтгэлийн хуудас  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, энэ хэсгийн 1.1-д “”зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол:”  гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв.

       Түүнчлэн хариуцагч эрх бүхий этгээд “Ж” ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д заасан хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр бус тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 250000 (хоёр зуун тавин мянган) төгрөгөөр торгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, компанийн санхүүгийн байдалд тохирсон хууль хэрэглээний хувьд буруутгахааргүй байна.

      Харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан тус компанид хариуцлага оногдуулсан шийтгэлийн хуудас утга агуулгын илэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус байх ямар нэг шинжийг агуулаагүй байх тул энэ үндэслэлээр гомдлын шаардлагыг хангах боломжгүй.

      Өөрөөр хэлбэл “Ж” ХХК-ийн гаргасан зөрчил тогтоогдсон, эрх бүхий улсын байцаагч холбогдох нотлох баримтын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу торгууль оногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, алдангийг тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн...хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна." энэ зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрт шийтгэл оногдуулна.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэсэн зарчмуудтай нийцсэн байна.

      Харин гомдол гаргагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох өөр нэг үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

     Учир нь гомдол гаргагч компанийн энэхүү зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалттай холбож үзвэл энэ хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйтэй холбоотой зөрчил байх бөгөөд энэ нь хуулийн этгээдийн хувьд 2000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 6 сар өнгөрсөн бол шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэх тайлбар тайлбарыг хүлээн авах боломжгүй.

       Түүнчлэн “Ж” ХХК 2017-2019 онуудад ажилтан ажиллуулж цалин олгон, нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнасан  атлаа компанийн санхүүгийн боломжгүй байдлыг судлан шалгалгүйгээр хариуцлага оногдуулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

      Иймд “Ж” ХХК-ийн Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчил нь тогтоогдсон, энэхүү зөрчилд оногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байх тул тус компани болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

      1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 10.17 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан  СБДНДХ-ийн улсын байцаагч Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078812 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох “Ж” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР