Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0376/Э |
Дугаар | 2022/ШЦТ/398 |
Огноо | 2022-03-30 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц б овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000377 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ц б овогт Д-ын Б (РД:...),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ өөрийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-ийг “Золголтын мөнгө хулгайлсан” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бэлэг эрхтэн тус газарт хутгалж бэлгийн их уруулд шарх, умдаг, гадна бэлэг эрхтэн орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал), хохирогч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), гэрч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2553 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүгдэгч Д.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт “хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар хугацаагүй сунгасан” (хавтаст хэргийн 51 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 52 дах тал), эд хөрөнгөгүй тухай хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ өөрийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ийг “Золголтын мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар бэлэг эрхтэн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
2. Хохирогч Б.Б-ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод манай нөхрийн дүү Д.Ш-гийн хашаанд нөхөр охины хамт амьдардаг юм. Манай нөхөр группт байдаг. 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн нөхрийн хамт 14 цагийн орчимд Их Монгол нэртэй архи 0,75 граммтайг хувааж уугаад дуусаж байхад нөхөр Б намайг миний халаасанд байсан мөнгө алга, чи авсан гээд уурлахаар нь би аваагүй гээд ширдэг завсар хийсэн 6000 төгрөгийг нь байгаа газрыг нь үзүүлсэн. Бид хоёр зүүн талын орон дээр сууж байсан чинь ширээн дээр байсан хутга аваад миний бэлэг эрхтний дээхэн талд хутгаараа 1 удаа зөөлхөн хатгасан. Тэгсэн чинь цус гараад 103 дуудаад үзүүлсэн чинь түргэний эмч цагдаа дуудсан байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
3. Гэрч Б.Б-ийн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүмүүс гэрт ирээд аав ээж хоёр архи уугаад хүмүүс гарсны дараа хоёулаа унтаж амарсан. Тэгээд нэг хашаанд манай эмээ тусдаа амьдардаг бөгөөд эмээгийнд хүмүүс ирэхээр нь гал тогоог барихаар аав ээжийг үлдээгээд орсон. Тэгээд эмээгийн гэрт байхад эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь гүйгээд гэртээ орж иртэл аав зүүн талын орон дээр сууж байсан бөгөөд газарт хажууд нь бор иштэй хутга байсан. Ээж Б гэрийн баруун хэсэгт зуухны хажууд өмдөө шувталчихсан хөл хавьцаа цус гарчихсан, орилж чарлаад байсан. Ээж Б их согтолттой байсан. Аав чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Аав ч би тэгчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2553 дугаартай:
“...Б.Б-н биед бэлгийн их уруулд шарх, умдаг, гадна бэлэг эрхтэн орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
5. Шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн: “...хүмүүс золгохоор ирээд явсны дараа би эхнэр Б.Б-ийн хамт дэлгүүрээс баяраар хэрэглэх гээд аваад хадгалсан гэрт байсан 3 шил архийг хувааж ууж дуусаад цагаан сарын чанасан мах идэх гээд аяганд хэрчиж байсан. Тэгээд би нэмж архи авах гээд миний халаасанд байсан 6,000 төгрөг байхгүй болохоор нь Б-ээс асуусан чинь Б над руу уурлаад би аваагүй гээд элдвээр хэлээд агсам тавиад байхаар нь би айлгах гээд мах хэрчиж байсан хутгаараа чамаас өөр хэн авдаг юм гээд чичсэн чинь биед нь таараад Б-ийн салтаа хавьд хутгаараа хатгачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Б- нар нь гэрлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 20 жил хамтран амьдарсан, дундаасаа 1 хүүхэдтэй, гурвуулаа хамт амьдардаг болох нь тэдгээрийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүгдэгч Д.Б нь өөрийн хамтран амьдрагчаа “мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар умдаг хэсэг рүү нь хутгалсан шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогч, шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, аль аль нь архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн зэвсэг хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед бэлгийн их уруулд шарх, умдаг, гадна бэлэг эрхтэн орчмын цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.
Иймээс шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “...шүүгдэгч Д.Б нь залуудаа осолд орж 2 хөлөө тайруулсан, группт байдаг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 79 хувиар хугацаагүй тогтоосон байдаг. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, зөвхөн группийн мөнгөөр амьдардаг тул түүнд торгох ял оногдуулах нь биелэгдэх боломжгүй, шүүгдэгчид дарамт болохоор байна. Мөн 2 хөлгүй учир нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал тухайн ажлыг биелүүлэх боломж хомс юм. Иймээс анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь замбараагүй архидалтаас үүдэлтэй, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, группт байдаг, уг мөнгөөр амьдрал ахуйгаа залгуулдаг нөхцөл байдал тогтоогдсон, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхээс татгалзсан, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, 2 хөлөө тайруулсан, 79 хувиар хөдөлмөр алдалтын хувь хэмжээг хугацаагүй тогтоосон баримттай, хүний асаргаанд байдаг зэргийг тус тус харгалзан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялын аль нэгийг оногдуулбал биелэгдэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц б овогт Д-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 (хоёр) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-од мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ