| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00568/И |
| Дугаар | 102/ШШ2017/00869 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/00869
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 5, “Голомт банк” ХХК-ийн төв байранд оршин байх, “Голомт” банк /РД:2075377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, тээвэрчид гудамж, 61 дүгээр байр, 8 тоотод оршин байх, “Силкрөүд ложистикс” ХХК /РД:5501636/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, тээвэрчид гудамж, 61 дүгээр байр, 8 тоотод оршин суух, Урианхай овогт Бадамдоржийн Сарантуяа /РД:чж59120903/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 68,971,010.22 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, төмөр замын 61 дүгээр байр, 8 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд “Силкрөүд ложистикс” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Силкрөүд ложистикс” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ3405101328 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, сарын 0,5 хувийн нөөцлөн баталгаажуулсны шимтгэлтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ3405101328 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ3405101328 тоот ипотекийн гэрээгээр иргэн Б.Сарантуяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205048886 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 61 дүгээр байрны, 8 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болно. ЗГ3405101328 тоот зээлийн гэрээний гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дууссан боловч “Силкрөүд ложистикс” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 16,805,256.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,926,575.34 төгрөг нөөцлөн баталгаажуулсны шимтгэлд 239,178.08 төгрөг нийт 68,971,010.22 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Голомт банк нь “Силкрөүд ложистикс” ХХК-иас ЗГ3405101328 тоот зээлийн үүрэгт нийт 68,971,010.22 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөронгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. “Силкрөүд ложистикс” ХХК-иас Голомт банктай байгуулсан ЗГ3405101328 тоот зээлийн гэрээний төлбөрт 68,971,010.22 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгож өгнө үү. ЗГ3405101328 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ3405101328 тоот Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох иргэн Б.Сарантуяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205048886 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 61 дүгээр байрны, 8 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцнаас хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд “Силкрөүд ложистикс” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг дурдаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Силкрөүд ложистикс” ХХК, Б.Сарантуяа нар нэхэмжлэлийн шаардлага болох нийт 68,971,010.22 төгрөгийг 2017 оны 6 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Голомт банкинд бүрэн төлж барагдуулна. Тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Б.Сарантуяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205048886 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 61 дүгээр байрны, 8 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд “Силкрөүд ложистикс” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй хэмээх шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тохиролцов гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Силкрөүд ложистикс” ХХК болон Б.Сарантуяа нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 68,971,010.22 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, төмөр замын 61 дүгээр байр, 8 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд “Силкрөүд ложистикс” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Голомт” банк нь барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд “Силкрөүд ложистикс” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 68,971,010.22 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, төмөр замын 61 дүгээр байр, 8 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрч, талууд төлбөрийг төлөх хугацаан дээрээ эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Тодруулбал, хариуцагч “Силкрөүд ложистикс” ХХК, Б.Сарантуяа нар нэхэмжлэлийн шаардлага болох 68,971,010.22 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор “Голомт” банкинд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Б.Сарантуяагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205048886 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 61 дүгээр байрны 8 тоот, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирчээ.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч “Силкрөүд ложистикс” ХХК, Б.Сарантуяа нар нэхэмжлэлийн шаардлага болох 68,971,010.22 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Голомт” банкинд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Б.Сарантуяагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205048886 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 61 дүгээр байрны 8 тоот, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,805.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 251,402.5 төгрөгийг улсын орлогоос, 251,402.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |