Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0061/Э |
Дугаар | 2022/ШЦТ/54 |
Огноо | 2022-03-10 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/54
2022 оны 03 сарын 10 өдөр 2022/ШЦТ/54 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0061/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат /0375/
Шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Ч-т холбогдох 2239000420064 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын дугаар баг Цаг уурын 1-04 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Т.Б-тай маргалдаж улмаар зуухны тагаар түүний толгойн тус газарт нэг удаа цохиж дух ясанд цөмөрсөн хугарал, тархи дарагдал, толгой дух хэсэгт няцарч урагдсан шарх, баруун дух болон зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 хуу/
Хохирогч Т.Б-ын өгсөн:...Би Хэнтий аймгийн Галшар суманд оршин суудаг. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Галшар сумаас Хэнтий аймагт ойр зуурын ажил амжуулах санаатай ирсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 08-09 цагийн үед би сумын танил ах болох Ч-ынд өөрийн найз болох Мягмартуяатай хамт очсон. Ч ахын гэр нь Хэнтий аймаг Хэрлэн сум –р баг Цаг уурын 1-4 тоотод байдаг. Гэхдээ ихэвчлэн хөдөө амьдардаг байсан. Тэдний хашаанд манай найз болох Түмэнжаргал нь гэр барьж амьдардаг байсан. Тэгээд Түмэнжаргал найзындаа очсон юм. Түмэнжаргалын гэрт нь ороход Түмэнжаргал болон Ч ах , эхнэр нь Галхүү нялх хүүхэдтэйгээ байж байсан. Удалгүй хоол цай идээд бид нар нийлж нийслэл гэдэг нэртэй том пиво 4-5 ширхэгийг ууцгаагаад би Ч ахтай маргалдаад үг зөрөөд байснаа санаж байна. Тэгээд оройхон хэдэн цаг болсныг санахгүй байна. Ч ах бид 2 маргалдаад байж байтал Түмэнжаргал “ та 2 жоохон хүүхэд байхад битгий гэрт маргалдаж муудалцаад бай” гэж хэлээд Ч ах бид 2-г гэрээсээ гаргасан удалгүй бид 2 ярилцаад хойд талынх нь байшингийн үүд хэсэгт байж байтал дахин маргалдаад би арагшаа тэдний зуухны хажуугаар юманд тээглэж унатал Ч ах миний толгой руу зуухны тагийг аваад 1 удаа цохисон. Тэгээд би босоод бид 2 цуг Түмэнжаргалын гэр рүү ортол Ч ахын эхнэр эмнэлэг дуудаад удалгүй эмнэлэг ирж намайг аваад явсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ эмчилгээний зардлаа гаргуулах байх гэж бодож байна..гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Н.Галхүүгийн өгсөн: ...Ер нь бол тухайн өдөр манай нөхөр Ч нь Буянбаттай хамт Түмэнжаргалын гэрт нь архи уугаад маргалдаад байхаар нь Түмэнжаргал жоохон хүүхэд байхад та 2 гэрээс гарч учраа олцгоо гэсэн. Тэгээд Ч Б 2 гараад нэг их удаагүй байж байтал Б толгойгоо бариад гэрт орж ирсэн. Тэгээд Түмэнжаргал нь цагдаа эмнэлэг дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/
Гэрч Ц.Түмэнжаргалын өгсөн: ... ах Ч найз Б 2 манай гэрт маргалдаад үг хаялцаад байхаар нь манай гэрт Ч ахын эхнэр нь нялх хүүхэдтэй байсан болохоор тэр 2-г гэрээс гарж учраа олцгоо гээд гаргасан. Тэгэхэд манайд Ч ахын эхнэр Галхүү нь хүүхэдтэйгээ мөн миний бие болон Мийгаа нар үлдсэн. Удалгүй Ч ах орж ирээд араас нь Б толгойгоо баруун гараараа дараад орж ирсэн. Тэгэхээр нь бид нар сандралдаад би түргэн дуудаж удалгүй 5 минутын дараа ирээд Буянбатыг аваад явах гэхээр нь би хамт эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/
Гэрч Л.Алтансувдын өгсөн: ...Ч нь миний төрсөн дүү байгаа юм. Айлын 7 дахь хүүхэд. Миний дүү Хэнтий аймгийн Галшар сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөж Налайх дүүрэг хүү цэргийн алба 1 жил хаахаар яваад жилийн дараа нэр төртэй албаа хаагаад ирж байсан. Тэгээд ерөнхийдөө Хэнтий аймгийн Галшар суманд эхнэр хүүхдийн хамтаар мал маллаж өдийг хүртэл амьдарч байна. Зан байдлын хувьд тогтуун элдэв зан ааш гаргаад байдаггүй. Айлын бага болохоор эрх хүүхэд байсан...Баяр ёслолын үеэр уулгүй яах вэ. Гэхдээ байнга бол ууж идээд эхнэр хүүхдээ зовоож хэрэг төвөгт холбогдож байгаагүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн № 81 дугаартай дүгнэлт:
1.Т.Б-ын биед дух ясанд цөмөрсөн хугарал, тархи дарагдал, толгой дух хэсэгт няцарч урагдсан шарх, баруун дух болон зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 43-44 хуу/
Ч-ын яллагдагчаар өгсөн: ... Тэгээд гэрээс гараад хүйтэн байсан учир Түмэнжаргалын хойно байдаг манай байшинд ороод ярилцаад байж байтал Б бид 2 ноцолдоод зууралдаад байж байтал Б зуухны хажуугаар юманд тээглэж унасан. Тэгэхээр нь би хажууд байсан зуухны тагийг шүүрч аваад Буянбатын толгой руу 1 удаа ирмэг хэсгээр нь цохисон. Тэгээд Б босоод Түмэнжаргалын гэр лүү ороход толгойноос нь цус гарч байсан. Тэгээд Түмэнжаргал эмнэлэг дуудаж удалгүй эмнэлэгт цагдаа ирсэн...Би Буянбатын биед учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Гомдол саналгүй гэсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/
Ч-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/
Л.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуу/
Хохирогч Т.Б-ын гаргасан “Миний бие хагалгаанд орж бие зүгээр болсон тул Ч ахад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 72 хуу/
Т.Б-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 46-56 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 84-85 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Чинбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Ч нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын дугаар баг Цаг уурын 1-04 тоотод байрлах гэртээ хохирогч Т.Б-тай маргалдаж зуухны төмөр тагаар түүний толгойд нэг удаа цохиж дух ясанд цөмөрсөн хугарал, тархи дарагдал, толгой дух хэсэгт няцарч урагдсан шарх, баруун дух болон зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Ч нь хохирогч Т.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.Б , гэрч Н.Галхүү, Ц.Түмэнжаргал, Л.Алтансувд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Л.Ч нь хохирогч Т.Б ыг зуухны төмөр тагаар цохисны улмаас учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Аймгийн Прокурорын газраас Ч-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 96 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 97 хуу/ гарган 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Л.Ч хүлээн зөвшөөрч /хх-ийн 103-104 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Л.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Т.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд ” Миний бие хагалгаанд орж бие зүгээр болсон тул Ч ахад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 72 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-ыг 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000/ арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ