Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/02331

 

2017 оны 07 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2017/02331 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг хороо,... хороолол, 14251/, Сөүлийн гудамж, ... дүгээр барилгын 6 давхарт байрлах Б ББ, 2 дугСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,.... хороо, ... хороолол, ..... байр 10 тоотод оршин суух, 60 настай, Т овогт Д О /*************/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35 676 516,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.О нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №********** тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн * хороо, * хороолол, * байрны * тоотын 92 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 25 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч Д.Оийн хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээл төлөх хуваарьт өдрийг өөрчилсөн.

Мөн түүнчлэн Д.Отай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Д.Оээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 16 900 000 төгрөг, зээлийн хүүнд 13 041 516,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 535 000 төгрөг, түүнчлэн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №********** тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3 200 000 төгрөг буюу нийт 35 676 516,67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О дүүргийн шүүхэд ирүүлсэн Б ББСБ ХХК-ийн надад холбогдуулж гаргасан 35 676 516,67 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээний маргаан бүхий иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.О миний нөхөр ЦЕГ-т ээлжийн бага дарга хийж байгаад 1994 онд зуурдаар нас барж би 8-18 насны 5 өнчин хүүхэдтэй өрх толгойлж хоцорсон. Тэгээд хоёр дахь охин Алтаннавч төрийн байгууллагад ажилладаг, 2000 оноос нөхөр Гантулгатай амьдарч 4 хүүхэдтэй болсон боловч одоог хүртэл орох орон гэргүй байгаа учир би өөрийн 2 өрөө байраа БИД ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, охин хүргэн хоёртоо хашаа байшин барина гэхээр нь эх хүний сэтгэлээр 25 000 000 төгрөгийн зээл авч өгсөн боловч охин хүргэн хоёр маань тал мөнгөө хүнд залилуулж эрүүгийн шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлж байгаа. Би энэ хугацаанд зөвхөн хүүнд нь 15 239 400 төгрөг, үндсэн зээлээс 8 100 000 төгрөг нийт 23 339 400 төгрөг төлсөн. Миний гэрээ 2016 оны 02 дугаар сарын 19-нд дууссан боловч би тэр өдөр өөрт байгаа 800 000 төгрөгийг тушаагаад зээлийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 19-нд дахин хийхийг хүссэн. Тэгэхэд гэрээ хийгээгүй мөн 2016 оны 03 дугаар сарын 19-нд дахин гэрээ хийхийг хүссэн боловч хийгээгүйгээр барахгүй ажил дээр ирж мөн гэр оронд минь ирж үр хүүхдийн минь дэргэд дарамталж байсан учир би ажлынхаа хүн амьтнаас ичиж 2016 оны 08 дугаар сараас ажлаасаа гарсан.

2016 оны 10 дугаар сарын 17-нд миний том охин Англи улсад төрж би хүүхдийг нь харж өгөх гэж яваад 2017 оны 04 дүгээр сарын 03-нд ирсэн. Ирэхэд намайг БИД ХХК шүүхэд өгсөн нэхэмжлэлээ аваад ирж уулз гэсэн.

Одоо миний амьдрал маш хүнд байна. Миний 4 дэх хүү гэр бүл хоёр хүүхэдтэй 34 настай. Гэтэл өнчин тархины хавдар болоод группд орсон. 2017 оны 02 дугаар сард хагалгаанд орсон боловч хавдрынх нь талыг аваад тал нь үлдсэн тул өрөөсөн нүд нь юм харахгүй, хүүхэн хараа нь томорсон учир яаралтай гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай. Би ах, дүү хамаатан садан найз нөхөд хүүгийнхээ ажиллаж байсан компаниас тусламж гуйж Япон улс руу эмчилгээнд явуулсан боловч зардал нь хүрэлцэхгүй маш хүнд байдалд яахаа мэдэхгүй байна. Иймд би 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс хойш ямар ч гэрээ хийгээгүй гарын үсэг зурсан зүйлгүй учир үндсэн мөнгө болох 16 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүү болох 18 776 516,67 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний энэ хоёр өрөө байранд 4 айлын 5 том хүн, 8 хүүхэд нийт 13 хүн амьдарч байна. Албан ёсны бүртгэлтэй.

БИД ХХК нь анх зээл авахад нэг хүний нэр дээр байрныхаа гэрчилгээг болго тэгвэл зээл олгогдоно гэсний үндсэн дээр би байрныхаа гэрчилгээг нэг хүний нэр дээр болгосон. Би сар болгон тус компанид 800 000-950 000 төгрөг төлдөг байсан. Би хүүгээ эмчилгээнд явахад нь 2017 оныг дуустал тэтгэврийн зээл авсан болно гэжээ.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 35 676 516,67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.От холбогдуулан гаргаж, хариуцагч Д.О нь зээлийн үндсэн төлбөр 16 900 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №********** тоот Зээлийн гэрээ байгуулагдан 25 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар /х.х-ийн 3, 4 дэх талд/ тогтоогдож байна.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

Нэхэмжлэгч тус гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 16 900 000 төгрөг, зээлийн хүүнд 13 041 516,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 535 000 төгрөг, барьцааны гэрээнд заасны дагуу өмгөөлөгчийн зардалд 3 200 000 төгрөг, нийт 35 676 516,67 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн зардал буюу 3 200 000 төгрөгийг шаардлагаас татгалзаж байх бөгөөд энэ нь тус хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Зээлийн гэрээний үндсэн төлбөрт шаардсан 16 900 000 төгрөгийн шаардлагын хувьд,

Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 16 900 000 төгрөгийг шаардсантай хариуцагч тал маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар үндсэн зээлийг төлөх үүргийн хувьд маргахгүй гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулжээ. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт, Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.

  1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүний төлбөрт 13 041 516,67 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар, 30 хоногт буюу 1 сард 4,5 хувийн хүү тооцохоор талууд тохиролцсон байна. Гэрээний тус үүргийн дагуу болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан, ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн төлбөрт хүү тооцон шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчээс шаардаж буй хүүний төлбөрийн тооцооллын талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлон няцаагаагүй байна.

Хүүгийн тооцооллын хувьд шүүхэд нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байх боловч 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл тооцоолон тухайн хугацааны хүүг урьдчилан шаардсан болох нь тооцооллын баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 9 дэх талд/

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар гаргахгүйгээр эрх нь урьдчилан тооцоолсон хэмжээгээр зөрчигдөнө гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагад оруулж тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалтын тодорхой аргуудаар зөрчигдсөн эрхийг сэргээх бөгөөд энэ зөрчигдсөн бодит үйл баримт, нотолгоонд үндэслэх ёстой. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зөрчигдөж байгаа эрхийг тодорхойлох тул энэ хугацааг хүртэл урьдчилан тооцсон хүүгийн хэмжээгээр эрх нь зөрчигдсөн гэж үзэхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан тооцооллоор дурдсан хугацаанд урьдчилан тооцсон хүүний төлбөр болох 1 698 450 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг гэрээний хугацаа дууссан тул хүүг тооцохгүй гэж тайлбарлах боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт, Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасны дагуу хүүг гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үргэлжлүүлэн тооцож байгааг буруутгах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүний төлбөрт шаардсан 13 041 516,67 төгрөгөөс 1 698 450 төгрөгийг хасч тооцон үлдэх 11 343 066,6 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

  1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний хариуцлага оногдуулахаар нэмэгдүүлсэн хүү тооцон 2 535 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Зээлийн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч талд оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч тал нэмэгдүүлсэн хүүнд 2 535 000 төгрөг шаардсаныг хариуцагч тал баримтаар няцаагаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ нь, нэг талаас зээлдэгчид зээл олгох үйлчилгээ үзүүлэх үүрэг, нөгөө талаас зээлийн үйлчилгээ авах хэрэглэгчийн эрхийн харилцаа бүхий бизнесийн гэрээ байна. Ийм гэрээний нэг тал болох аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй тал нь гэрээ байгуулахаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрх, гэрээнээс татгалзах эрх, гэрээгээр тохиролцох эрх, гэрээг өөрчлөх эрх, гэрээг дуусгавар болгох эрх хэрэгжүүлэхдээ иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмаас гадна хэрэглэгчийн эрхийг хангах зарчмыг үнэлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт, Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэж зохицуулжээ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу Банк бус санхүүгийн байгууллага нь хууль болон гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг гэрээний үүргийн зөрчил гарч гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн боловч тухайн хугацаанаас хойш шүүхэд хандах хугацаа болоогүй гэж гэрээг цуцлахгүй үргэлжлүүлсэнд гомдолтой гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр гэрээг цуцлах эрх хэрэгжүүлэх нь тухайн тохиолдолд зээлдүүлэгч талд үүссэн боломж, эрх мөн боловч тухайн эрхээ хэрэгжүүлэхгүй байснаас зээлдэгч талд хүлээлгэх хариуцлагын хэмжээ нэмэгдэнэ гэдгийг мэдсэн мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан байна.

Энэ нөхцөл байдал нь зээлдэгчид нэмэгдүүлсэн хүү тооцон оногдуулж буй хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэв. Иймд гэрээний дагуу хэрэглэгчид хариуцлага тооцон, нэмэгдүүлсэн хүүг шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүний төлбөрт шаардсан 2 535 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн зардал 3 200 000 төгрөг, урьдчилан тооцсон хүү 1 698 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 535 000 төгрөг, нийт 7 433 450 төгрөгийг хасч тооцон 28 243 066,6 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Зохигчид хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №********** дугаар бүхий барьцааны гэрээ байгуулж, гэрчилгээний 000328773 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-********** дугаар бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13а байр, 10 тоотод байрлах 92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд тус барьцааны зүйл нь хариуцагч Д.Оийн өмчлөлд бүртгэлтэй байна. /х.х-ийн 5, 6 дахь талд/

Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Гэрээний үүргийн дагуу барьцаалуулагчаас барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлага гаргасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасан зохицуулалт, шаардах эрхэд хамаарч байна.

Иймд барьцааны гэрээний дагуу гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт орсон хугацаанаас хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах. зохицуулалтыг шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул шүүхийн шийдвэрт энэ зохицуулалттай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх тодорхой арга, журмыг тусгайлан заагаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оээс 28 243 066 төгрөгийг гаргуулан Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 433 450 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг гэрчилгээний 000328773 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-********** дугаар бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13а байр, 10 тоотод байрлах 92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 339,59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Оээс 299 165 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.АМАРЖАРГАЛАН