| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2017/00154/и |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 157
| 2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 150/ШШ2017/00157 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би
Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай, Овоот гудамж, 7-5 тоотод оршин суух Еншөвү овогт Цэдэнбалын Болдбаатар /РД: ДЭ79102212/,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай, Овоот гудамж, 7-5 тоотод оршин суух Еншөвү овогт Цэдэнбалын Наранчимэг /РД: ДЭ77041524/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4 869 606,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07-р сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07-р сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Цэдэнбал овогт Болдбаатар нь тус банктай 2014 оны 12-р сарын 08-ны өдөр №2014/000284/0432 тоот цалингийн зээлийн гэрээ ба барьцааны гэрээ байгуулан 6 000 000 /зургаан сая/ төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, нийт 36 сарын хугацаатай зээлж авсан билээ. Зээлдэгч нь “Цалингийн зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн худалдаа хөгжлийн банкны 463000169 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан юм. Мөн түүний төрсөн эгч Цэдэнбал овогтой Наранчимэг нь уг зээлд өөрийн хөрөнгөөрөө батлан даалт гаргасан. Зээлдэгч Ц.Болдбаатар нь ажлаасаа гарсан ажилгүй байгаа гэх шалтгаанаар 2016 оны 04-р сараас эхлэн зээлийг хугацаандаа төлөөгүй өнөөдрийг хүртэл зээлийн хуваарь зөрчигдөж 463 хоног хугацаа хэтэрсэн нь банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн болно. Зээлдэгч Ц.Болдбаатар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2017 оны 07-р сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 3 853 213,20 төгрөг,үндсэн хүүгийн үлдэгдэл 976 659,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 34 233,38 төгрөг, хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 5 500,00 нийт 4 869 606, 22 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд №2014/000284/0432 тоот цалингийн зээлийн гэрээг цуцалж зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн нотариатын зардлын хамт нийт 4 869 606,22 төгрөгийг зээлдэгч Ц.Болдбаатар, батлан даагч Ц.Наранчимэг нараас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг сард 500 000 төгрөг төлж 10 сарын хугацаанд төлж барагдуулах тул хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
Зохигчид 2017 оны 08-р сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“...Нэг талаас нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Хөтөл тооцооны төв, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонжаргал нөгөө талаас хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранчимэг нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 4 869 606,22 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд эвлэрч байна. Энэ мөнгийг хариуцагч Ц.Наранчимэг нь 2017 оны 09-р сараас эхлэн сар бүр 500 000 төгрөгийг төлж 10 сарын хугацаанд буюу 2018 оны 06-р сард багтаан төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдав...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ц.Болдбаатар, Ц.Наранчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 869 606,22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранчимэг нь нэхэмжлэлийн анхны шаардлага болох 4 869 606,22 төгрөгийг 2017 оны 09-р сараас эхлэн сар бүр 500 000 төгрөгөөр 10 сарын хугацаанд буюу 2018 оны 06-р сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонжаргалтай харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 08-р сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигч талууд эвлэрсэн нь гуравдагч этгээд болон нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 863,70 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг тал хувиар бууруулж төрийн сангийн орлогоос 46 431,85 төгрөгийг, хариуцагч нараас 46 431,85 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 92 863,70 төгрөгийг нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Ц.Болдбаатар, Ц.Наранчимэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 869 606,22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 863,70 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 46 431,85 төгрөгийг, хариуцагч Ц.Болдбаатар, Ц.Наранчимэг нараас 46 431,85 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 92 863,70 төгрөгийг нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН