Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

 

2022            01            04                                                          2022/ШЦТ/03                                    

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Т.А /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т.А-д холбогдох эрүүгийн 2129000000141 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бага булагийн 6-626 тоот өөрийн гэртээ иргэн Ч.Г бие эрх чөлөөнд халдаж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, баруун дал, хөх, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 2, 3, 4-р шүдний доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А холбогдох эрүүгийн 2129000000141 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ:

Би ирчихээд маргааш нь Оюутолгой явах ажилтай байсан. Тэгээд архи ууж болохгүй гээд хэвтэж байсан. Тэгсэн намайг чи босоод ир танайд хүн ирсэн байгаа биз дээ гэж хэлэхээр нь би босоод суусан. Тэгэхэд чи наад зурагтаа унтраа зурагт хараад байх юм байхгүй  наашаа хараад суу гэсэн. Тэгээд би эхлээд үгэнд нь ороод сууж байсан чинь манай том охиныг дуудаж ирээд чи бас наанаа суу гээд тэгээд босож ирээд бөөлж байгаа юм шиг цамнаад байсан. Тэгээд өөрийгөө бөө байна гээд байсан. Тэгэхээр нь би бөө буулгах хэрэггүй би унтаж амармаар байна гэж хэлсэн. Тэгсэн чинь би чиний амьдралыг сайн ч болгож чадна, муу ч болгож чадна гээд байхаар нь би бөө шүтдэггүй манайхаас яв гэсэн чинь би танайхаас явахгүй гэж хэлсэн. Би хохирогчийг сандал дээр сууж байхад нь гараараа мангастаад түлхсэн,  гэрээс гараад буцаж орж ирэхээр нь араас нь өшиглөөд гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохиролд эхнэрийн ээмэгийг 1.500.000 төгрөгийн хамт өгсөн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 21-23 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.З өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №553 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 42, 47-48 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Т.А, Ч.Г нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бага булагийн 6-626 тоот өөрийн гэртээ иргэн Ч.Г бие эрх чөлөөнд халдаж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүү, баруун дал, хөх, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 2, 3, 4-р шүдний доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Г өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед Цагаан хаднаас найз З гэрт ирсэн. ...машиндаа байсан 2 шил архины нэгийг нь нөхөрт гаргаж өгсөн. ...21 цагийн үед эхний архи дуусахаар нь хоёр дахь архи задалж З, З нөхөр А бид 3 ууж байтал 23 цагийн үед байх би гарч бие засчихаад орж ирсэн чинь А намайг юугаар цохисныг мэдэхгүй уруулын доод хэсэг рүү цохисон. Би хэсэг зуур юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б. өгсөн “...2021 оны 10 сарын 06-ны орой би 19 цагийн үед байх З нөхөр А.н-д юм аваачиж өгөхөөр очиход З.н найз гээд нэг эмэгтэй ирчихсэн архи уугаад сууцгааж байсан. ...үүрээр З.г хамт байсан найзтайгаа манайд нэлээн согтуу З.н найзынх нь уруулын доор нь хөхөрчихсөн. З.н нөхөр нь намайг зодоод ийм болгочихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.З өгсөн: "...багийн найз Ч.Г 2021 оны 10 сарын 06-ны өдөр 18 цагийн үед манайд ганцаараа машинтайгаа ирээд ...нөхөрт нэг цэнхэр үсэгтэй архи сүүтэй өгсөн. Тэр архийг манай нөхөр задлаад бид гурав хувааж уусан. Тэр архийг дуусгасны дараа Г машин руугаа гараад дахиад нэг адилхан архи оруулж ирээд тэр архийг ууж эхэлсэн. Тэгсэн Г нэлээн согтоод бөө мөө болоод байх шиг байснаа ...чи босч ирээд урд суу гээд зандраад хажуудаа суулгаад засал хийнэ гээд эмгэн хүн шиг яриад хэл нь ойлгогдохгүй юм хэлээд бүжиглээд дахин дахин тэгээд байхаар нь ...манай нөхөр гэнэт уурлаад Г сандал дээр сууж байхад яг цохисон үгүйг нь мэдэхгүй хойшоогоо сандалтайгаа саваад уначихсан. Манай нөхөр бид хоёрыг хоёулаа зайл гээд хоёрыг хаалгаар түлхэж гаргасан... " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 553 дугаартай шинжээчийн “...1.Ч.Г биед тархи доргилт, эрүү, баруун дал, хөх, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 2, 3, 4-р шүдний доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.Ч.Г биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Ч.гбиед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.А яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд манай эхнэрийн багийн найз Ч.г гэх эмэгтэй ганцаараа цагаан хаднаас манайд ирсэн. ..надад нэг шил архи гаргаж өгсөн тэр архийг эхнэрийн найз Г эхнэр бид гурав хувааж ууж дуусаад би маргааш ажилтай гээд охиныхоо хажуугаар 21 цаг өнгөрөөд амрах гээд хэвтсэн. Ч.г дахиж гаднаас 1 шил архи оруулж ирэхээр нь тэрнээс нь би уугаагүй эхнэр тэр хоёр задлаад ууцгааж байтал Г.би хуяггүй буудаг бөө гэснээ бүжиглэж байгаа юм шиг байснаа намайг хажууд суу өмнө сөгд энэ тэр гээд ...есөн шидээр яриад амьдралыг чинь гайтай ч болгож чадна гэхээр нь гэнэт уур хүрээд чиний бөө байх хамаагүй хараана уу ерөөнө үү өөрөө мэд гээд сандал дээр сууж байхад нь гарынхаа алгаар түлхээд унагаасан. ...та хоёр хоёулаа цуг зайл гээд ...гэрээс гаргахдаа нуруу бөгс хэсэг рүү нь цохиод гаргасан байх хүчээр түлхээд хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Т.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ч.Г-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, баруун дал, хөх, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 2, 3, 4-р шүдний доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 553 дугаартай” дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/-ээр тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ч.Ч.гг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 9 дэх тал/

 

Хохирогч Ч.Ч.г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогчоос Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт ирүүлсэн “Ч.Ч.г миний бие нь найз Золцэцэгийн нөхөр Амартүвшинд зодуулсан. Бие сэтгэл санаа мөнгө цаг хугацаагаар хохирсон болно. Найз Золцэцэгийн гуйсан хүсэлтээр замын зардал, цаг хугацааны төлбөр болгож 1 грамм монетон ээмэг 1 ширхэг, 1.500.000 төгрөгийн хамтаар өгсөн болно. Иймд Амартүвшинд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Учир нь найзынхаа үр хүүхэд болон өөрийнх нь амьдралын бололцоог, би өөрөө Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд амьдардаг учир хуулийн байгууллагын дуудсан цаг хугацаанд очиж чадахгүй, зардал хоол байрны мөнгөгүйгээс шалтгаалж байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүхийн шатанд ирүүлсэн “Миний бие Чулуун-Арслан овогтой Ч.г нь найз Золцэцэгийн нөхөр Амартүвшинд 2021 онд зодуулсан. Амартүвшин нь миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй, цаашид гомдол нэхэхгүй болно. Иймд миний хүсэлтийг авч шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тус тус нотлогдож байна. /хавтаст хэргийн 56 дахь тал/       

 

Иймд шүүгдэгч Т.А хохирогч Ч.Ч-д гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бага булагийн 6-626 тоот өөрийн гэртээ иргэн Ч.гбие эрх чөлөөнд халдаж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүү, баруун дал, хөх, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 2, 3, 4-р шүдний доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, хохирогч Ч.Ч.г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Т.А нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Ань хохирогч Ч.Ч.гд гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН