| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0042/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/45 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болор,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пд холбогдох эрүүгийн 2219000000068 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Жтай авто машинтай явахдаа хажуу талаас шахлаа гэж хоорондоо маргалдан, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хохирогч Н.Жын нүүрэн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн гомдол саналыг барагдуулсан ... ” гэв.
Хохирогч Н.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17-18 цагийн орчим Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ийн ачилт буулгалтын талбайд өөрийн .... ӨМҮ улсын дугаартай, HOWO маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байтал үл таних 06-32 УАР улсын дугаартай, North benz маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн хажуу талаас шахаад ороод ирэхээр нь сигналдаад, ар талд нь үлдсэн. Тэгээд чигээрээ явж байтал очертоо очиж зогссоны дараа нөгөө машины жолооч руу очоод “чи яагаад шахаад байгаа юм, машин тэрэг хамах гэж байгаа юм шиг яаж яваад байгаа юм бэ” гээд хэрэлдээд хоорондоо маргалдсан. Тэгтэл тэр залуугийн хажуу талаас бас үл таних хүн намайг цохих гэж байгаад түлхсэн чинь хажуу талаас надтай маргалдаж байсан залуу миний нүүр рүү цохисон ... Миний дээд уруулны баруун хэсэг нь сэтэрсэн бөгөөд 1 оёдол тавиулсан, дээд шүдний дотор буйл бага зэрэг язарсан ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 11 дүгээр хуудас/,
Гэрч Д.Эрдэнэхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хүү П руу үл таних залуу очоод хашхираад бууж очоод заамдсан байдалтай байж байхаар нь би очоод болиулах санаатай манай хүүтэй маргалдаж байсан залууг түлхсэн. Тэгээд буцаад машин руугаа очоод алхаар машиныхаа ачааны түгжээг мулталж байтал хүмүүс маргалдах чимээ сонсоод яваад очтол манай хүү нөгөө залуутай маргалдсан бололтой нөгөө залуугийнх нь уруулаас цус гарсан байсан ... тэр үед нөгөө залуу намайг “хөгшин талхи минь, та бол цаашаа, чамайг газар савчихна шүү, хөгшин хонины насгүй юм байж” гэх мэтээр хэлээд намайг цохих гээд байхаар нь би зугтаад байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Пн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17-18 цагийн орчим Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ийн ачилт буулгалтын талбайд өөрийн 06-32 УАР улсын дугаартай, North benz маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаад өмнөө явсан .... ӨМҮ улсын дугаартай, HOWO маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үед зэрэгцээд хаазаа нэмээд зам голлоод байхаар нь гүйцээд түрүүлсэн. Тэгээд чигээрээ явж байгаад очертоо очиж зогссоны дараа нөгөө машины жолооч над руу ирээд хэрүүл, маргаан үүсгээд хоёр биенийхээ хувцаснаас заамдаад байж байтал хажуу талаас манай аав Эрдэнэхуяг ирээд, нөгөө залууг “хүүе болиоч” гэж хэлээд салгаад нөгөө залууг түлхтэл манай аавыг нөгөө машины жолооч залуу “хөгшин талхи минь, та бол цаашаа, чамайг газар савчихна шүү, хөгшин хонины насгүй юм байж” гэж хэлэхээр нь би тэр залуугийн баруун талаас нь гараараа 1 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 24 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/0118 дугаартай “... Н.Жын биед дээд уруулын шарх, дээд уруулын дотор салстын зулгаралт, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан дээд уруулын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын дотор салстын зулгаралт, буйлны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Э.П нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Жтай авто машинтай явахдаа хажуу талаас шахлаа гэж хоорондоо маргалдан, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Пн үйлдлийн улмаас хохирогч Н.Жын эрүүл мэндэд дээд уруулын шарх, дээд уруулын дотор салстын зулгаралт, буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/0118 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Э.П нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед цээж, зүүн мөр, баруун даланд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.П нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Н.Ж нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Жт хохирол 1,050,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Э.Пд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Пд торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.П нь хохирогч Н.Жт хохирол 1,050,000 төгрөг төлсөнийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН