Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Э.Д-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Еркебулан,

            шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Д-д холбогдох 1809000000386 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч овгийн Э.Д, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Тахилтын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар: .................../,

 

Э.Д нь Б.Э-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” караоке баарны гадна зогсоолд байрлуулсан 19-80 ХЭҮ улсын дугаартай “Сузуки свифт” загварын автомашины цонхыг хагалж “Ленова” загварын зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 150,000 төгрөг, 18 ам.доллар, 60 юань, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлан авч хохирогч Б.Баясгаланд 2,590,408 төгрөгийн, “Делл М-4010” загварын зөөврийн компьютер, компьютерийн цүнх, гар утас, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Батболдод 665,000 төгрөгийн, цүнх, түрүүвч, 170,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахлын машин, нормаль баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгийн цаас, флаш, Жи-Мобайлын гар утасны сим карт, зургийн аппарат, Соёмбо архи, хиам, талх, картнаас 710,000 төгрөг зэргийг хулгайлан авч хохирогч Л.Эрдэнэбатад 1,281,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Д-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дын цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүрэгт хулгайн хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа 2017 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймагт дахин хулгайн хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүгэгдэн шалгагдаж байгаа тухайгаа мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд тухай бүр нь үнэн зөвөөр “амаар болон бичгээр” уламжилж, нэгтгэж өгөхийг удаа дараа хүсч байсан боловч уг хүсэлтийг минь харгалзан үзэлгүйгээр 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм бурууг хэлэлцэж, гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Уг ялыг 445 дугаар нээлттэй хорих байгууллагад биеэр эдэлж байхад өмнөх 2015 оны 12 дугаар сарын хулайн хэрэгт дахин дуудагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангид дуудагдан ирж шалгагдаж улмаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, өмнөх биеэр эдэлж байсан ял дээр минь нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж байгаа нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт, нэг шийтгэх тогтоолоор шийтгэнэ” гэснийг зөрчсөн. Хоёр хэргийг тус тусад нь шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул надад холбогдох уг 2 хулгайн хэргийг нэмж нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү.

Би 2 хулгайн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж, сайн дураар хохирогч нартай эвлэрсэн тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Миний цагдан хоригдсон хоногийг шийтгэх тогтоолд 88 хоног гэж буруу бичсэн байна. Би 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймагт цагдан хоригдож, ял эдэлсэн энэ хоногийг оруулж тооцоогүй байна...” гэв.

 

Шүүгдэгч Э.Д-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэцэгмаа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг дээд шатны прокурор 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор хүчингүй болгож сэргээсэн байдаг. Харин хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчинтэй байх хугацаанд буюу өмнөх тогтоолыг дээд шатны прокурор хүчингүй болгохоос 7 хоногийн өмнө /2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дугаар тогтоол/ Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. Мөн энэ хугацаанд Э.Д нь 2 хүний хамт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Оногдуулсан хорих ялыг эдэлж байх хугацаанд өмнөх хэргийг сэргээж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хорих ангиас нь цагдан хорих 461 дүгээр хорих байгууллагад шилжүүлэн хорьсон. Гэтэл түүнтэй хамт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн М.Алтантулга гэгчийг өмнөх үйлдсэн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1463 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. “... гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан байна... хуулийн зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн, эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна... Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран яллагдагч М.Алтантулгын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй...” гэж үзсэн байна.

Үүнтэй яг ижил тохиолдол гарсан байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэсэн байна. Адил шатны 2 шүүх, ижил тохиолдлыг шийдвэрлэхдээ хуулийг өөр өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн байх тул үүнийг нэг мөр болгож шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь прокурор Э.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Үүнийг хяналтын прокурор Ц.Амгаланбаатар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу 7 хоногийн өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь процессын хууль зөрчсөн гэжээ. Прокурор Цэцэгмаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 11 дүгээр тогтоолдоо “Э.Д нь Б.Э-тэй бүлэглэсэн байдал нь тогтоогдохгүй байна. Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг Дээд шатны прокурор 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 8 дугаар тогтоолоор “хяналтын прокурорын шийдвэр нь хууль бус байна. Б.Э нь Э.Д-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон” гэж үзээд прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн. Ц.Амгаланбаатар прокурор 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зөвтгөн шийдвэрлэж 146 дугаар тогтоолоор өмнөх яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял сонсгосон учир прокуророос процессын хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Мөн өмгөөлөгч энэ хэрэгт ямар ч хамааралгүй, анхан шатны шүүхээр огт хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг давж заалдах гомдлынхоо үндэслэл болгожээ. Өөр шүүхийн шийдвэрийг гомдолдоо дурдсан нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого юм. Учир нь М.Алтантулга гэх хүн Э.Д-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй. М.Алтантулга нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр буюу 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. М.Алтантулга нь Сэлэнгэ аймагт орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж ял шийтгүүлсэн учир тухайн хоёр үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи үйлдэлд хамаарна. Гэтэл Б.Э-тэй бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байхад болон 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи асуудал яригдаж байгаа. Тийм учраас анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Э.Д нь Б.Э-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” караоке баарны гадна зогсоолд байрлуулсан 19-80 ХЭҮ улсын дугаартай “Сузуки свифт” загварын автомашины цонхыг хагалж, “Ленова” загварын зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 150.000 төгрөг, 18 ам.доллар, 60 юань, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлан авч хохирогч Б.Баясгаланд 2,590,408 төгрөгийн, “Делл М-4010” загварын зөөврийн компьютер, компьютерийн цүнх, гар утас, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Батболдод 665,000 төгрөгийн, цүнх, түрүүвч, 170,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахлын машин, нормаль баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгийн цаас, флаш диск, Жи-Мобайлын гар утасны сим карт, зургийн аппарат, “Соёмбо” архи, хиам, талх, картнаас 710,000 төгрөг зэргийг хулгайлан авч хохирогч Л.Эрдэнэбатад 1,281,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Автомашинд байсан эд зүйлээ хулгайд алдсан талаар хохирогч Б.Баясгалан /1-р хх 78/, Д.Батболд /1-р хх 87-88/, Л.Эрдэнэбат /1-р хх 91-92/ нарын мэдүүлэг, “... Э.Д нь өөрийн иргэний үнэмлэхээр Ленова загварын зөөврийн компьютерийг барьцаанд тавьж зээл авсан” талаар гэрч О.Эрдэнэсайханын мэдүүлэг /1-р хх 64/, сэжигтэн Б.Э /1-р хх 107-108/, Э.Д /1-р хх 115-116/ нарын мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 14/, Э.Даас хулгайд алдагдсан Ленова, Делл загварын зөөврийн компьютерүүд, нормаль баригч, флаш диск зэргийг хураан авч, хохирогч Д.Батболд, Б.Баясгалан, Л.Эрдэнэбат нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх 44, 47, 48, 52, 53, 54/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 58-59/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 84-85, 89, 95-96, 104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, Э.Д-ыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хүндрүүлэн тогтоосон гэсэн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль буцаан хэрэглэх зарчмын агуулга, үзэл санаанд нийцсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний дараах алдаа гаргасан байна. Үүнд:

1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлээр хулгайлах гэмт хэргийг тодорхойлон хуульчлахдаа энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг халсан нь Э.Д-ын хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үндэслэл болж байх тул хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу энэ шинжээр гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй юм. Гэвч түүний үйлдсэн гэмт хэрэг нь автомашин буюу агуулах саванд хууль бус аргаар нэвтэрч үйлдсэн шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад анхан шатны шүүх “бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсоноор шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн.

2. Прокурор, Шүүх хууль буцаан хэрэглэх зарчмыг хэрэгжүүлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Э.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэн тогтоосон шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар тодорхойлогдох байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримталж хуулийг буруу хэрэглэжээ.

Сүүлд батлагдсан Эрүүгийн хууль гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байвал хууль буцаан хэрэглэх зарчим хэрэгжихээс бус ийм үндэслэл бүрдээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу эрүүгийн хэргийг шийдвэрлэхээр байна.  

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Шүүх, Э.Д-ын хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ хэрэглэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийн зохицуулалтыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалттай харьцуулан үзвэл дор дурьдсан онцлог, ялгаатай шинжүүд байна.

Тухайлбал: Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдвэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах зохицуулалтын дагуу, өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг багтаах, бүгдийг, эсхүл заримыг нэмж нэгтгэх гэсэн гурван хэлбэрээр биечлэн эдлэх ялыг тогтоож байсан бол энэ журмыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтаар шинэчлэн тогтоож, ялыг багтаах, ялын заримыг нэмэх хэлбэрийг халж, зөвхөн ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох, эсхүл өөр өөр төрлийн ялуудыг тусад нь эдлүүлэхээр хуульчилжээ.

Э.Д-ын үйлдсэн “2017 оны 10 дугаар сард орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар,  “2015 онд агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар тус тус шийдвэрлэсэн тохиолдолд ялуудыг нэмж нэгтгэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэйг дараах байдлаар тайлбарлая.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зүйл, хэсгээс үзэхэд 2002 оны Эрүүгийн хууль болон, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээнүүд хоорондоо зарчим, агуулгын хувьд ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд хууль буцаан хэрэглэх зохицуулалтын дагуу хэм хэмжээний өрсөлдөөнийг харгалзан яллагдагч, шүүгдэгчид илүү ашигтай нөхцөлийг үүсгэсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бүрдэнэ.

Харин хоёр хуулийн тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээнүүд хоорондоо зөрчилтэй нөхцөлд хууль буцаан хэрэглэх зарчим хөндөгдөхгүй тул сүүлд батлагдсан хууль болох шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр өмнөх хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийн зохицуулалтыг халж, ял нэгтгэх журмыг шинэчлэн тогтоосон гэж ойлговол зохино.      

Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаанууд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд болохгүй учир давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-ыг “агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой байна.

Шүүгдэгч Э.Д-д шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ. Тэрээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх боловч заавал шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгон хэргүүдийг нэгтгэхгүйгээр хоёр удаагийн хулгайлах гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан ялуудыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд нэмж нэгтгэх замаар биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой байх тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Д нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс нийт 173 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх “88 хоног” гэж буруу тооцсон учир давж заалдах шатны шүүхээс залруулж тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Э.Д-ыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т...” гэж,  тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэснийг “... 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 88 хоногийг ...” гэснийг “... 173 хоногийг ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН