Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 115/ШШ2020/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй, 4-р хороо Бага тойруу 17-110 тоот хаягтай, 5635802 регистрийн дугаартай, Ф Э Г И ХХК-ийн нэхэмжлэл /хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн №000042803 дугаар гэрчилгээд бичигдснээр/-ээр,

           Хариуцагч: ДГА-ийн ЗД-д холбогдуулан үүсгэсэн,

           Нэхэмжлэлийн шаардлага: ДГА-ийн З д-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С /ДГА-ийн ЗД-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга/, Н.О /Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн өмгөөлөгч С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф Э Г И ХХК нь ДГА-ийн Засаг даргын А/446 тоот захирамжаар 2012 онд зарлагдсан Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх 400 га газрын зүүн талд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт-д шалгаран, ДГА-ийн ЗД-ын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр шийдвэрээр нэгж талбарын 1950847802792 дугаар бүхий 3000000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Замын-Үүд сумын 1 дүгээр багт Үйлдвэрлэл-ийн зориулалтаар эзэмшихээр, газар ашиглах эрхийн 0341605 дугаартай гэрчилгээ авч, А/201203 дугаартай гэрээ байгуулсан юм.

          Ф ХХК-ийг Монгол Улсын Их Хурлын 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор баталсан Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах төсөл, Засгийн газрын 2012 оны 2016 дугаар тогтоолоор батлагдсан Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Азийн хөгжлийн банктай байгуулсан Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл-ийн хүрээнд ажиллаж байхад ДГА-ийн ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаартай захирамжаар тус компанийн ашиглаж байгаа газрын Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах А/201203 дугаартай гэрээ-ний эрх зүйн үндэс болох Газар ашиглах эрхийн 0341605 дугаартай гэрчилгээ-г хүчингүй болгож байв.

          Ф Э Г И ХХК-ийн нэхэмжлэлээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 дугаартай шийдвэрээр ДГА-ийн ЗД-ын дээрх захирмж-ийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байна.

        Дорноговь аймгийн Засаг дарга, ДГА-ийн ЗД-ын тамгын газар, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 дугаартай шийдвэрийн дагуу Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрхийг баталгаажуулах үйл ажиллагааг (Газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглуулах гэрээ тус бүрийг шинэчлэх, газрын төлбөрийн тооцоог хийж, төлбөрийг шинэчлэн тогтоох, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, үлдэгдэл төлбөрийг барагдуулах арга замыг сонгох зэрэг арга хэмжээг авах) явуулж, Ф Э Г И ХХК-ийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж биелүүлээгүй, зөвхөн нэг талын тооцоонд суурилсан газрын төлбөр-ийг төлүүлэх шаардлага тавьж ирсэн байна.

          Шүүхийн шийдвэр гарснаас хойш Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 тоот албан бичгээр 2015-2016 оны төлөгдөөгүй байгаа газрын төлбөр, түүнд ногдуулсан алданги, 2019 оны 2, 3 дугаар улирлын газрын төлбөрийг төлж барагдуулан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны дотор газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, шинэчлэн байгуулна уу, ДГА-ийн ЗД-ын тамгын газрын дарга Б.Ганзоригоос ... 2015 оны 3, 4 дүгээр улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй байх тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэх зэргээр тус тус бичиж ирүүлсэн бөгөөд Фамин энд гоби индасрти ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээж аваагүй байна.

          Бодит байдал дээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т Гэтэл нэхэмжлэгч нь 2014 оны газрын төлбөрт бүгд 4 улирлын хугацаанд буюу жилдээ нийт 24 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөс 30 000 000 төгрөг /гучин сая/-ийн төлөлт хийснээр тухайн жилд нэг улирлын хугацааны газрын төлбөрийг илүү төлсөн нь тогтоогдож байх тул илүү төлөгдсөн газрын төлбөр 6 000 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар улиралд төлөгдөх газрын төлбөрт шилжүүлэн тооцох нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөр төлөгч нь ... дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасанд нийцэж байх тул нэхэмжлэгчийг 2015 оны 03 дугаар улирлын газрын төлбөрийг урьдчилан төлсөнд тооцох үндэслэлтэй байна гэж тогтоосон байхад Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн г/42/2019 дугаартай нэхэмжлэлд Газрын төлбөр 2015 он 21 906 240 төгрөг, 2016 он 18 188 103 төгрөг, 2019 он 50 109 890 төгрөг гэх зэргээр зөрүүтэй төлбөрийн дүн-г шаардаж ирсэн байна.

            Мөн Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай Ф Э Г И ХХК нь 2015 оны 02 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй ... гэсэн бол аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/1765 дугаартай ... 2015 оны 3, 4 дүгээр улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй байх тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэсэн мэдэгдэл ирүүлсэн, түүнтэй холбоотой аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу-г өгөөгүйгээс гадна Ф Э Г И ХХК-д мэдэгдэл ирүүлэх, сонсох ажиллагаанд оролцох талаар хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 06-нд аймгийн Засаг даргад гаргасан боловч хариу-г өгөөгүй тул сонсох ажиллагаа-нд Ф Э Г И ХХК-ийг оролцуулахгүй байхаар шийдсэн гэж шууд ойлгосон.

            Мөн ДГА-ийн ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаартай захирамжаар Ф Э Г И ХХК-ийн Газар ашиглах эрх хүчингүй болж цуцлагдсанаас хойш Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 дугаартай шийдвэрийн дагуу Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрх-ийг сэргээсэн талаар Дорноговь аймгийн Засаг дарга захиргааны акт гаргаж мэдэгдээгүй, ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дугаартай захирамжинд Ф Э Г И ХХК-д хэдэн онд ямар үндэслэлээр хэдэн тоот дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгосон талаар заагаагүй болно.

               Иймд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай Ф Э Г И ХХК нь 2015 оны 02 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай, 5 дахь заалтаар энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2012 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай А/571 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Ф Э Г И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн Захиргааны акт-ыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мэдэгдэл-ийн хамт ирүүлснийг дараахь үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:

          ДГА-ийн ЗД Т.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай Ф Э Г И ХХК нь 2015 оны 02 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэсэн нь Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэж байна.

           Ф Э Г И ХХК-ийн ашиглаж байгаа газартай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах сонсох ажиллагааг явуулахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох Ф Э Г И ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүй, Ф Э Г И ХХК-иас сонсох ажиллагаа явуулахтай холбогдуулан мэдэгдэл авах, оролцох хүсэлтийг бичгээр гаргахад хариу өгөөгүй нь Ф Э Г И ХХК-иас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иймээс манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд мэдүүллээ. Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гарган Ф Э Г И ХХК-ийн эрх ашгийг дахин хөндөж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0012 дугаартай шийдвэрийг өнөөдөр хүртэл биелүүлээгүй байна.

       Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулаад, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага холбогдох арга хэмжээ авах ёстой боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан бүх шаардлагуудыг зөрчсөн. Сонсох ажиллагааг оролцогч талуудад мэдэгдэж, санал авах ёстой боловч сонсох ажиллагаа явагдах боломжит нөхцөлөөр хангаж өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сонсох ажиллагааг явуулсан гэж байгаа боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ДГА-ийн ЗД-ын захирамж гарсан учраас сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхгүй байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар мэдэгдэх ёсгүй. Хоёр болон түүнээс дээш оролцогчтой сонсох ажиллагааны мэдэгдлийг албан ёсоор гардуулж, тайлбарлаж өгөх ёстой. Гэтэл сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасны дагуу оролцогч талд гардуулж өгөөгүй тул сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна. Үүнтэй холбогдуулж оролцогч талаас хүсэлт, санал гаргах, шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжоор хангаагүй. Иймээс энд сонсох ажиллагааны талаар нэмж тайлбарлах хэрэгтэй байгаа юм.

          Дээрх шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж, Ф Э Г И ХХК нь Дорноговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагтай байнга харьцаж байсан. Дорноговь аймгийн Засаг даргаас газрын төлбөрөө төл л гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл төлбөрүүд нь хоорондоо зөрүүтэй, янз бүрээр тогтоосон төлбөр байдаг. Аль төлбөр нь ямар үндэслэлтэй, ямар эх сурвалжтай талаар судалгаа хийсэн зүйл байхгүй. Түүнээс гадна шүүхийн шийдвэрийг өөрсдөө биелүүлээгүй атлаа Ф Э Г И ХХК-иас зөвхөн газрын төлбөр нэхэмжилж буюу Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн заалтыг тус тус биелүүлээгүй гэснээр төлбөр төлөхийг шаарддаг. Гэтэл Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, энэ дагуу гарсан мэдэгдэлд гүйцэтгэх хуудас биелүүлэх хугацааг зааж өгсөн байна.

            2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудас буюу шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй учраас ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамж нь хууль бус захирамж учир хүчингүй болгох үндэслэлтэй. Газрын харилцааны шинэ нөхцөл бий болж байхад Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болж хураагдаж, дахин газар ашиглах гэрчилгээ олгогдоогүй байна. Уг гэрчилгээг үндэслэж газар ашиглах гэрээ байгуулах ёстой. Энэ ажиллагааны дараа газар ашиглалтын төлбөрийн асуудлыг аль нэг тал нь тавих ёстой.

             Яагаад гэвэл хуульд зааснаар шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад эхлээд төлбөрөө шаардаж дараа нь бусад асуудлаа шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэгэнт гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулагдаагүй байхад төлбөрийн тухай ямар тооцоо, үндэслэлийг баримталж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхэд цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад Ф Э Г И ХХК-ийн зүгээс ямар баримтуудыг гаргаж байсан болон түүнд Дорноговь аймгийн Засаг дарга түүний харьяа агентлагуудаас мөн ямар баримт өгч байсан талаар нотлох баримт хэлэлцэхэд асуудал тодорхой болно.

          ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж нь Ф Э Г И ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ эрх зүйн актыг гаргахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломж байхад дээрх шийдвэрийг гаргаж Ф Э Г И ХХК-ийн эрх ашиг сонирхолд халдсан гэж үзэж байна. Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байсантай холбогдуулж өмнө гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэтэл хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай баримт өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад байхгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж байна.

        Шүүхийн шийдвэр гарахаас өмнө захирамжийг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр эрх зүйн акт гаргах зорилгоор сонсох ажиллагаа явуулах ёстой гэтэл түүнийг явуулахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн байна. Албан ёсоор мэдэгдэх ёстой байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлж байгаагаар ДГА-ийн ЗД-ын тамгын газрын даргын 3/1765 албан бичигтэй 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлийг сонсох ажиллагааны мэдэгдэл гэж гуйвуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          Хариуцагч нь шүүхээс тогтоосон газрын төлбөрийн хэмжээнээс гадна хоёр гурван янзаар тооцож гаргасан газрын төлбөрийн хэмжээ нь хоорондоо зөрүүтэй байна. 2016 онд ДГА-ийн ЗД-ын захирамжаар Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байсан. Гэтэл одоо тэр үеийн болон түүнээс хойших үеийн хугацааг тооцож төлбөр нэхэмжилж байгаа асуудал нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй. Тийм учраас ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ф Э Г И ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй байх гэж шүүхээс хүсэж байна гэв.

             Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф Э Г И ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. Нөхцөл байдлын талаар:

        Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 тоот шийдвэрээр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/406 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

          Бидний зүгээс шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, шинэчлэн байгуулж, газрын төлбөрөө төлөх талаар дараах албан бичиг, мэдэгдлийг хүргүүлж байсан байна. Үүнд:

        2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 343 тоот албан бичиг,

       2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 539 тоот албан бичиг,

       2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 тоот албан бичгүүдээр Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар удаа дараа мэдэгдсэн байна.

         Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 131 тоот ...шүүхийн шийдвэрийг биелүүлэх, эс биелүүлбэл албадан биелүүлэх тухай мэдэгдлийг аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн.

         Аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1508 тоот албан бичгээр ... Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болоод 5 сар гаруйн хугацаа өнгөрч байхад Ф Э Г И ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, газрын төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна.

          Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан байна гэсэн хариуг хүргүүлсэн.

          Мөн Ф Э Г И ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19/10 тоот Гомдол гаргах тухай албан бичгийг ирүүлсэн ба 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1509 албан бичгээр ... Монгол улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж, заасан хугацаанд нь үүргээ биелүүлж ажиллах талаар хариуг хүргүүлсэн.

          Ф Э Г И ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/1765 тоот албан бичгээр ... Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 2015 оны 3, 4 дүгээр улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй байх тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье, Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрийг төлөх талаар танд удаа дараа мэдэгдэж байсан болно гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг 31 минутад Ф Э Г И ХХК-ийн захирал Б.Мөнхбат /99151161/-тай утсаар холбогдон газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн.

            Аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1871 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

        Хоёр: Газрын төлбөр төлсөн эсэх талаар:

          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 тоот шийдвэрийн 18 дугаар хуудсанд: Ф Э Г И ХХК нь 2015 оны 3, 4 дүгээр улирлын болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд буюу тухайн оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрүүдийг төлсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаагаар нэхэмжлэгч нь тухайн хугацааны газрын төлбөрүүдийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

           Иймд газрын төлбөр төлөлтийн талаар дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үндэслэн тооцоход нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийг 2012-2015 оныг хүртэлх хугацаанд нийт 61,750,685 төгрөгийг ашиглаж байсан газрын төлбөрт төлсөн, харин 2014 оны газрын төлбөрийн нэг улирлын хугацааны илүү төлөлтийг 2015 оны 03 дугаар улирлын газрын төлбөрт шилжүүлэн тооцсоноор, нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр улирлын газрын төлбөрт 6,000,000 төгрөг, 2016 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрт бүгд 18,000,000 нийт 24,000,000 сая төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.

          Нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны Газар ашиглуулах гэрээний өөрчлөлтийн дагуу тухайн хугацаануудад буюу 2015, 2016 онуудад төлөх газрын төлбөрийг мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн ... дансанд шилжүүлж байна гэж заасан хугацаанд төлөөгүй буруутай үйлдэл нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Газрын төлбөр төлөгч нь газар ... ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх-өөр заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь зүйлд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь нотлогдож байна гэж үзсэн.

            Ф Э Г И ХХК нь 2015 оны 04 дүгээр улирлын газрын төлбөрт 6,000,000 төгрөг, 2016 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрт бүгд 18,000,000 нийт 24,000,000 сая төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнээс хойшхи газрын төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.

         Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэсэн тайлбарыг хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн ба,

         Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сгийн гаргасан тайлбарт: Энэ процесс нэг жилийн өмнө шүүх хуралдааны танхимд болж байсан. 2019 оны шүүхийн шийдвэрээр ДГА-ийн ЗД-ын 2012 оны захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтай холбогдуулж хариуцагч захиргааны байгууллагаас давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрт гомдол гараагүй учраас хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор бид тодорхой хэмжээнд Ф Э Г И ХХК-ийг газар ашиглах гэрээг дүгнүүлж, газрын төлбөрөө төлж, эрх зүйн харилцаагаа үргэлжлүүлж явахыг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрч тодорхой хугацааг өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллахыг шаардаж холбогдох мэдэгдлүүдийг удаа дараа өгч байсан.

            ДГА-ийн ЗД-д тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нөхцөл байдал байхгүй. Энэ шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болоод 5 сар гаруй хугацаа өнгөрч байхад уг компани хуульд заасан үүргээ биелүүлээгүй байсан тул гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрөө төлнө үү гэсэн мэдэгдлүүдийг Дорноговь аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу өгч байсан.

           ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамж нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу гарсан үндэслэл бүхий захирамж юм. Нэхэмжлэгч нь газрын төлбөр төлсөн, төлөөгүй талаар өмнөх шүүхийн шийдвэр дээр тодорхой тусгаж өгсөн байгаа ба түүний 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон учраас бид захирамжиндаа үндэслэл болгосон.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ДГА-ийн ЗД-ын захирамжийг шүүхээс хүчингүй болгосон байхад газрын гэрчилгээг нөхөн олгох талаар саналыг тавьж байна. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/2019/ШШ0012 дугаар шийдвэрээр ДГА-ийн ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/406 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамжийг хүчингүй болгосноор ДГА-ийн ЗД-ын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжийн Ф Э Г И ХХК-тай холбогдох хэсэг сэргэсэн учир ДГА-ийн ЗД-ын зүгээс дахин захирамж гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй байна. 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дугаартай газар ашиглуулах тухай захирамж нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

            Бид төрийг төлөөлж тус шүүх хуралдааны танхимд хоёр дахь удаагаа энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь харамсалтай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсан ч гэсэн нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсын хуулийг үл хүндэтгэж, үл ойшоосон, мөн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгаад төрийн албан хаагч миний хувьд харамсалтай байна.

            2019 оны 05 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, гэвч газрын төлбөр зөрүүтэй байсан ч нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөөд Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон шүүхийн шийдвэрийн дагуу гэрээгээ дүгнүүлж, шинэчлэн байгуулаад явсан бол бид өнөөдөр цаг хугацаагаа гарздаад ингээд сууж байх шаардлагагүй байсан, гэтэл энэ харамсалтай үйл явдлын мөрөөр шүүх хуралдааныг хоёр дахь удаагаа хийж байгаа нь дараа дараагийн аж ахуйн нэгж байгууллагад сөрөг үр дагавар үзүүлэх сургамжтай явдал болж байна.

           Дорноговь аймаг нь өөрийгөө санхүүжүүлдэг хэдхэн аймгуудын нэг бөгөөд та бүхнээс оруулж байгаа газрын төлбөр нь тус аймгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр болон орж байдаг. Тийм учраас бид хуулийг нэг мөр хэрэглэж, Дорноговь аймгийг хөгжүүлж, хүмүүсийг нь цалин орлоготой байлгах үүднээс газрын төлбөрийг төлүүлэх гэж нэхэл хатуу явж байгаагийн зорилго нь үүнд байгаа юм. Бид хувийн эрх ашгийг биш төрийн эрх ашгийг эхлээд тавьж хуулийг хаана хаанаа нэг мөр хэрэгжүүлж ажиллацгаах ёстой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Дорноговь аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас тухайн компанитай холбогдуулж 50 гаруй албан бичиг хоорондоо солилцсон байна.

           Яагаад төрийн байгууллагыг хүндэтгээд шүүхийн шийдвэр гарснаас хойш аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай та бүхэн ирж уулзан хуулийг хэрэгжүүлэх талаар болон шүүхийн шийдвэр ингэж гарч бид яах вэ гэж арга зүйн зөвлөгөө авч өнөөдрийг хүртэл хоорондоо уулзаж ойлголцож болоогүй юм бэ. Эцсийн дүгнэлтээр төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг ойлгохыг хүсэхгүй байгаа дүр зураг харагдаж байна. Хуулийг бид хэрэгжүүлэх учраас шударга байх ёстой.

          Нэгэнт газрын төлбөр дээр маргаан үүсэж байгаагийн хувьд шүүхийн шийдвэрээр тогтоосон газрын төлбөрөө төлчихсөн байсан бол энэ асуудал яригдахгүй байх боломжтой байсан ба асуудлыг заавал шүүхээр шийдүүлэхгүйгээр хоорондоо уулзаж, ярилцаад шийдвэрлэх боломж байсан. Аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрт нөхцөл байдалд нь дүгнэлт хийж гаргасан. Захиргааны ерөнхий хууль хэрэгжсэнээр та бүхний тодорхой хэмжээнд эдлэх эрхийг хангаж өгсөн. Энэ дагуу та бүхний эрх ашиг хөндөгдөж байна уу гэдгийг бүх талаас нь харж, урьдчилсан байдлаар удаа дараа сануулж байсан. Иймд Монгол Улсын шүүх шударга үнэн зөв шийдвэр гаргаж хуулийн хүрээнд ажиллаж, нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үндэслэлтэй үнэлж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

            Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ф Э Г И ХХК нь газрын төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар манайх төлөх ёстой гэсэн асуудал ярьж байна. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/2019/ШШ0012 дугаар шийдвэрээр урьд оны газрын төлбөр төлөгдөөгүй болох нь нотлогдож гарч ирсэн бөгөөд тус шийдвэрээр ДГА-ийн ЗД-ын захирамжаар 2016 онд хүчингүй болгосон Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн. Иймээс анх 2012 онд Ф Э Г И ХХК-д газар олгож шийдвэрлэсэн ДГА-ийн ЗД-ын захирамж хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж түүнийг үндэслэн 2012 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон дээрх компанитай байгуулсан газар ашиглах гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж яваа.

           Нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа болон үнийн дүн зөрүүтэй ирж байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Дээр дурдсан 2012 оны ДГА-ийн ЗД-ын захирамжийг үндэслэн байгуулсан газар ашиглах гэрээний үндсэн дээр нийт 2015 онд 1 улиралд 6 сая төгрөг буюу нийт 24 сая төгрөг төлөхөөс 6 сая төгрөгийг төлөөд 18 сая төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй, 2016 оны газрын төлбөрийг Дорноговь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 онд хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамж гарах хүртэлх хугацаагаар тооцож, 2019 оны газрын төлбөрийг дээр дурдсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн, эдгээр газрын төлбөрүүдийг хэрхэн, яаж тооцсон талаар Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч талд дэлгэрэнгүй задаргаагаар тооцсон мэдэгдэл, төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүргүүлсэн.

            Нийт нэхэмжлэхийн дүнгээр Ф Э Г И ХХК нь 90, 204, 233 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд нэхэмжлэгчтэй 2012 онд байгуулсан газар ашиглуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д алданги тооцох зохицуулалт байгаагийн дагуу 2015, 2016 онуудын төлөгдөөгүй байгаа газрын төлбөрт ноогдох алдангийг оногдуулж тооцсон. 2019 оны шүүхийн шийдвэр гарч ДГА-ийн ЗД-ын нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны захирамж нь хүчингүй болсонтой холбогдуулж шинээр гэрээ байгуулж гэрчилгээ олгох байсан гэсэн асуудлыг тавьж байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тухайн шатны Засаг даргын шийдвэр нь газар эзэмшигчийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн шатны засаг дарга өөрөө хүчингүй болгох эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгоно гэж заасан. 2019 онд гарсан шүүхийн шийдвэр нь Засаг даргын 2016 оны захирамжийг хүчингүй болгосон болохоор 2012 оны нэхэмжлэгч талд газар ашиглуулахаар гарсан захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба өнөөдрийг хүртэл тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь хураагдаж бидэнд ирээгүй байхад дахин гэрчилгээг нөхөн олгох боломжгүй. Тухайлбал 2012 оны ДГА-ийн ЗД-ын газар ашиглуулах тухай захирамжийг үндэслэж газар эзэмших, ашиглах гэрээг шинээр байгуулах тохиолдолд гэрээг шинэчилж өгнө, түүнээс газар ашиглэх эрхийн гэрчилгээг шинээр олгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийг сэргээсэн эрх зүйн актыг хариуцагчаас дахиж гаргаагүй талаар маргаж нэхэмжлэлдээ дурдсан. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/2019/ШШ0012 дугаар шийдвэрийг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр буюу хамгийн сүүлд гардаж авсан өдрөөс тооцоход тухайн шийдвэрт ДГА-ийн ЗД-ын зүгээс гомдол гаргаагүй учраас хүчин төгөлдөр болсон.

           2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа гэсэн тусгай бүлэг бий, энэ бүлгийн 134 дугаар зүйлд захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг биелүүлэх тухай гэсэн зүйл орж ирсэн ба энэ зүйлийн 134.1-д захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй гэж заасан байна. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор 2016 оны Засаг даргын захирамж хүчингүй болж 2012 оны А/571 дүгээр захирамжаар Ф Э Г И ХХК-д олгосон газар эзэмших эрх нь сэргээгдсэн байна.

            Гэтэл төрийн байгууллагын зүгээс буюу Дорноговь аймаг дахь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын зүгээс нэхэмжлэгчид боломж олгосон бөгөөд өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарч 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байхад үүний дараа 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш газрын төлбөрийг гаргуулахаар боломж олгосон байхад нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төлбөрөө төлөх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлээгүй байна. Тус компанид төртэйгээ хамтран ажиллах боломж олгох үүднээс газрын төлбөрт өөрчлөлт оруулсан. Гэтэл газрын төлбөрийн нэхэмжлэх зөрүүтэй ирсэн гэж ярьж байна.

           Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр явуулсан албан бичигтээ 2016 оны 4 дүгээр улирал, 2017, 2018, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх газрын төлбөрийг бүхэлд нь тооцож нэхэмжилсэн байсан, гэхдээ тухайн компанид боломж олгох үүднээс газрын төлбөрт нь өөрчлөлт оруулаад хамтран ажиллаж, гэрээгээ дүгнүүлж, газрын гэрээг шинэчлэн байгуулаач гэсэн хүсэлтийг тавьсан. Гэвч тухайн албан бичгийг явуулсан ажилтан нь дөнгөж ажилд орж мэдлэг чадвар дутмаг, уг асуудлын талаар сайн мэдэхгүйгээс үл ойлгогдох бичиг явуулсан байсан. Түүнээс үндэслэж газрын төлбөрийн нэхэмжлэх зөрүүтэй ирсэн гэж яриад байна.

         Ер нь бол дээрх албан бичгээр буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тухайн компанид төлбөрөө төлж, гэрээгээ шинэчлэн байгуулж хамтран ажиллах шаардлагыг удаа дараа тавьсан. Гэтэл нэхэмжлэгчээс хамтран ажиллах талаар ямар нэг үйлдэл хийгээгүй, зөвхөн хариу албан бичиг явуулсан нь ойлгомжгүй байна. Ямар ч хуульч хүнд ойлгомжтой шүүхийн шийдвэр байхад ойлгож байгаа эсэх нь мэдэгдэхгүй үл ойлгогдох бичиг явуулж байсан.

          Дорноговь аймгийн Засаг даргаас болон Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх талаар ямар нэг эс үйлдэхүй гаргаагүй. Харин тухайн компанид боломж олгосон. Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага бүр татвар төлөх үүрэгтэй. Гэтэл тухайн компани нь төрийн байгууллагад татварыг төлөхгүй байх, хөнгөлөх, чөлөөлөх бусдаас давуу байдал үүсгэх ёстой байсан гэх шаардлага тавьж байна.

             Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасны дагуу үүргээ биелүүлж, газрын төлбөрөө төлж, гэрээгээ шинэчилж байгуулбал ямар ч асуудал байхгүй. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 6 сарын хугацаанд тухайн компани нь ирж уулзаагүй, утсаар холбогдоогүй. Төлбөрөө яаж төлөх вэ, хэсэгчилж төлөх үү, хувааж төлөх үү гэх мэтээр нэг ч удаа асуугаагүй. Харин ямар албан бичгүүд явуулаад байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.

       ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу гарсан бөгөөд холбогдох ямар нэг хууль тогтоомжийг зөрчөөгүй, мөн өмнөх шүүхийн шийдвэрийг зөрчсөн асуудал байхгүй юм. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 115/ШШ2019/0012 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийг 24 сая төгрөгийн газрын төлбөрийг төлнө гэж заасан боловч түүнийг Ф Э Г И ХХК-иас гаргуулж орон нутгийн төсөвт оруулахаар тогтоогоогүй. Иймээс газрын төлбөртэй холбогдуулж Дорноговь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдааны явцад хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж буй тайлбар зэргийг хуульд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, тэдгээрт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          1. Маргааны үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч Ф Э Г И ХХК нь ДГА-ийн ЗД-ын 2012 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай А/571 дүгээр захирамжийн дагуу Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх 400 га газрын зүүн талд байрлалтай, 300 га хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалттай ашиглахаар эзэмшиж байсныг тус Засаг даргын 2016 оны Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-аас Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан уг захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаснаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тухайн маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 дугаартай шийдвэр /хх-ийн 54-65-р хуудас/-ээр,

         Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ДГА-ийн ЗД-ын 2016 оны А/406 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-д ДГА-ийн ЗД-ын 2012 оны А/571 дүгээр захирамжийг үндэслэн анх олгосон 0341605 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ /хх-ийн 37, 108-р хуудас/ дэх тус газрыг 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар заасан хугацааны үлдэх хугацаагаар нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрх нь сэргэсэн ба энэхүү шийдвэрт тухайн үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаагүйгээр уг шүүхийн шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр /хх-ийн 136-р хуудас дахь шүүхийн шийдвэрийг гардуулсан тухай баримт/-өөс хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба,

         Гэтэл үүнээс 6 сарын дараа ДГА-ийн ЗД нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамж /хх-ийн 18, 36-р хуудас/-аараа дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу сэргэсэн нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээ-г дахин хүчингүй болгож шийдвэрлэснийг мөн нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан, түүний 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл /хх-ийн 8-12-р хуудас/-ийг тус шүүхэд гаргажээ.

         2. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлд холбогдуулан талуудын маргаж буй үндэслэлийн тухайд:

          Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч болох захиргааны байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу тус компанитай газар эзэмшүүлж, ашиглуулах тухай гэрээ байгуулж, зохих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр байтал түүнийг биелүүлэлгүй, төлөгдөөгүй гэх газрын төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаас зөрүүтэй дүнгээр тооцож, зөвхөн газрын төлбөр төлөхийг байнга шаардаж, улмаар түүнийг төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарласан шийдвэр бөгөөд, тухайн шийдвэрийг гаргахдаа тус компаниас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаанд оролцуулах талаар гаргаж байсан гомдлуудыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй атлаа захирамжинд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна гэсэн агуулгаар тодорхойлж,

         Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ, нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй болон түүнийг төлөөгүй байдал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, гэтэл тухайн төлбөрийг болон түүнээс хойшхи газрын төлбөрийг мөн одоог хүртэл төлөөгүй, энэ дагуу нэхэмжлэгчийг Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөрөө төлж барагдуулан, гэрээгээ шинэчилж байгуулах талаар удаа дараа албан бичиг, мэдэгдлийг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгчээс төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба тус шийдвэрийг гаргахтай холбогдуулан мэдэгдэх, сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж захирамжийг гаргасан нь хууь зүйн үндэслэлтэй гэсэн агуулгаар тус тус тодорхойлж байгаагаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн эзэмшиж байсан газрын төлбөрийн асуудалтай холбогдуулан маргаж байна.

         3. Нэхэмжлэлийн шаардлагын зүйл буюу талуудын маргааны үндэслэл болж буй хариуцагчийн гаргасан А/811 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг хянаж үзвэл:

             Хариуцагч ДГА-ийн ЗД нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь зүйлд заасныг тус тус үндэслэн, захирамжийн 1 дүгээр заалтаар нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийг 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзэж түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн захирамжийн 5 дугаар заалтаар ДГА-ийн ЗД-ын 2012 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай А/571 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Ф Э Г И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож тус тус шийдвэрлэжээ.

            Захирамжинд үндэслэл болгосон хуулиудын холбогдох заалтыг авч үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байдал нь газар эзэмшигч, ашиглагчийн хувьд түүний газар эзэмших,ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болж байх ба Газрын төлбөрийн тухай хууль (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай МУ-ын хуулиас өмнөх үеийн)-ийн /цаашид: тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиас өмнөх үеийн гэх/ 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилж төлж болно гэж зааснаар газрын төлбөрийг хэрэв газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг төлөх хэмжээ, хугацаа болон мөн урьдчилан төлж болох нөхцөл зэргийг тус хуулиар журамлаж өгсөн байна.

            Энэ дагуу тус захирамж дахь нэхэмжлэгчийг 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзсэн зөрчил нь дээрх хуулийн заалтуудад хэрхэн нийцэж байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хянаж үзвэл:

          Хариуцагч нь тухайн зөрчил болох нэхэмжлэгчээс 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө төлөөгүй гэж үзсэн хугацаа болон газрын төлбөрийн хэмжээг:

           1. 2015, 2016 онуудад буюу 2015 оны 2,3,4-р улиралын төлөгдөөгүй газрын төлбөр 18 000 00 төгрөг, алданги 3 906 240 төгрөгийн хамт бүгд 21 906 240 (хорин нэгэн сая есөн зуун зургаан мянга хоёр зуун дөч) төгрөг, 2016 оны 1,2,3-р улиралын төлөгдөөгүй газрын төлбөр 17 02 1739 төгрөг, алданги 1 166 364 төгрөгийн хамт бүгд 18 188 103 (арван найман сая нэг зуун наян найман мянга нэг зуун гурав) төгрөг,

           2. 2019 оны 2, 3-р улиралын төлөгдөөгүй газрын төлбөр бүгд 50 109 890 (тавин сая нэг зуун есөн мянга найман зуун ер) төгрөг гэж хоёр хуваан тогтоосон байгаа нь,

         Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (цаашид ГХБХБГазар гэх)-аас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 750 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №Г/42/2019 дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэх, тухайн онуудад ногдуулсан газрын төлбөр болон түүнд алданги тооцсон судалгаа /хх-ийн 73-76-р хуудас/ зэрэг баримтууд,

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 35-р хуудас/ болон мөн тус ажиллагааны явцад шүүхийн тодруулснаар аймгийн ГХБХБГазараас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 215 тоот албан бичиг /хх-ийн 89-р хуудас/ дэх 2015, 2016, 2019 онуудын газрын төлбөрийн хэмжээ, хугацаа, тэдгээрт алданги ногдуулсан үндэслэлийн талаархи тодруулга,

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Н.Оюунгэрэл/-өөс гаргаж буй 2012 оны ДГА-ийн ЗД-ын захирамжийг үндэслэн байгуулсан газар ашиглах гэрээний үндсэн дээр 2015 онд нэг улиралд 6 000 000 төгрөг буюу нийт 24 000 000 сая төгрөг төлөхөөс 6 000 000 төгрөгийг төлөөд 18 000 000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй, 2016 оны газрын төлбөрийг Дорноговь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 онд хүчингүй болгож шийзвэрлэсэн захирамж гарах хүртэлх хугацаагаар тооцож, 2019 оны газрын төлбөрийг дээр дурдсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн.... гэх тайлбар,

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дэх ... Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №Г/42/2019 дугаартай нэхэмжлэхэд газрын төлбөр 2015 он 21 906 240 төгрөг, 2016 он 18 188 103 төгрөг, 2019 он 50 109 890 төгрөг гэх зэргээр зөрүүтэй төлбөрийн дүн-г шаардаж ирсэн байна.../хх-ийн 10-р хуудас/ гэж дурдсан байдал зэргээр тогтоогдож байна.

           3.1 Захирамжинд заасан зөрчлийн 1 дэх хэсэг буюу нэхэмжлэгчээс шаардаж буй 2015, 2016 онуудын газрын төлбөрийн тухайд:

            Хариуцагч нь тухайн хугацаануудын газрын төлбөр (нэг улиралд 6 000 000 төгрөг)-ийг 2015 онд 2,3,4 дүгээр улиралынх буюу нийт 3 улиралын хугацаагаар алдангийн хамт тооцон бүгд 21 906 240 төгрөг, 2016 онд 1,2,3 дугаар улиралынх буюу нийт 3 улиралын хугацаагаар мөн алдангийн хамт тооцон бүгд 18 188 103 төгрөгөөр тус тус тооцож тус хоёр оны газрын төлбөрт алдангийн хамт нийт 40 094 343 төгрөг (дөчин сая ерэн дөрвөн мянга нэг зуун гурав)-ийг нэхэмжилсэн байх ба,

            Гэтэл Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0012 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэг дэх ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн талаар ... дүгнэсэн хэсэгт:

            ...Харин нэхэмжлэгч нь 2015 оны 3, 4 дүгээр улирлын болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд буюу тухайн оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрүүдийг төлсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаагаар нэхэмжлэгч нь тухайн хугацааны газрын төлбөрүүдийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

             Иймд газрын төлбөр төлөлтийн талаар дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үндэслэн тооцоход нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийг 2012-2015 оныг хүртэл хугацаанд нийт 61,750,685 төгрөг /жаран нэгэн сая долоон зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг ашиглаж байсан газрын төлбөрт төлсөн, харин 2014 оны газрын төлбөрийн нэг улирлын хугацааны илүү төлөлтийг 2015 оны 3 дугаар улирлын газрын төлбөрт шилжүүлэн тооцсоноор, нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр улирлын газрын төлбөрт 6,000,000 төгрөг /зургаан сая/-ийн, 2016 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрт бүгд 18,000,000 төгрөг /арван найман сая/, нийт 24,000,000 төгрөг /хорин дөрвөн сая/-ийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна ... гэж,

            ...Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны Газар ашиглуулах гэрээний өөрчлөлтийн дагуу тухайн хугацаануудад буюу 2015, 2016 онуудад төлөх газрын төлбөрийг, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн ... дансанд шилжүүлж байна гэж заасан хугацаанд төлөөгүй буруутай үйлдэл нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөр төлөгч нь газар ..., ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх ...-өөр заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь зүйлд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна... гэж /хх-ийн 62-р хуудасны ар хэсэг, 63-р хуудас/ тус тус дүгнэсэн байгаагаар,

          Нэхэмжлэгчээс одоо маргаж буй захиргааны акт болох хариуцагч ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дугаартай захирамжинд үндэслэл болгосон зөрчлийн нэг хэсэг болох Ф Э Г И ХХК нь 2015, 2016 онуудад хамаарах газрын төлбөрийг төлөөгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буруутай болох үйл баримт нь дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

          Гэтэл хариуцагчаас 2015, 2016 онуудын газрын төлбөрийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцүүлэлгүй өөрчилж, түүнд зааснаас илтэд зөрүүтэй байдлаар буюу тухайлбал:

           2015 оны газрын төлбөрт зөвхөн 4 дүгээр улирлын газрын төлбөрийн үлдэгдэл 6 000 000 төгрөг төлөгдөхөөр тогтоогдсон байхад мөн оны 2,3 дугаар улирлын газрын төлбөрийг, алдангийн хамт нэмж тооцон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээнээс 15 906 240 төгрөгөөр ихэсгэж,

         2016 оны газрын төлбөрийг 1,2,3 дугаар улиралд хамааруулж тооцсон нь шүүхийн шийдвэрт заасан тухайн улиралуудтай тохирч байгаа хэдий ч төлбөрийн хэмжээг тооцохдоо тус оны 1,2 дугаар улирлын газрын төлбөрт тус тус алданги нэмж тооцон бүгд 13 166 094 төгрөг, мөн 3 дугаар улирлын газрын төлбөрийг нэг улиралд төлөх хэмжээ болох 6 000 000 төгрөгнөөс бага буюу 5 021 739 төгрөгөөр тооцсон байгаа зэргээр нийт 18 187 833 төгрөг болж /хх-ийн 76, 89-р хуудас/ шүүхийн шийдвэрт тогтоосноос 187 833 төгрөгөөр илүү тооцож тус тус нэмэгдүүлсэн байх бөгөөд,

             Эдгээрээс үзэхэд хариуцагч нь өмнө гаргасан захиргааны акт /2016 оны А/406 дугаар захирамж/-ын нэг үндэслэл болгож байсан 2015, 2016 оны газрын төлбөрийн асуудлыг дараагийн шийдвэрт дахин үндэслэл болгосон,

            Түүнчлэн уг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж байх үед тус онуудын газрын төлбөрт алданги тооцож байгаагүй атлаа мөн өмнөх захиргааны акттай холбогдох маргаанд хамаарч эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон 2012 оны газар ашиглуулах гэрээний алданги тооцохтой холбогдох заалтыг үндэслэн дараагийн шийдвэр болох А/811 дүгээр захирамжинд 2015, 2016 онуудын газрын төлбөрийн үлдэгдлийг алданги тооцох замаар нэмэгдүүлж өөрчилсөн байгаа зэрэг нь үндэслэлгүй байна.

          Гэтэл тухайн үед дээрх газрын төлбөрт алданги тооцож байгаагүй болох нь мөн шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт тусгагдсан:

           ...Нэхэмжлэгчээс 2012 онд тухайн жилд ногдох газрын төлбөрт 3,550,685 төгрөг ногдуулсныг барагдуулсан, 2013 оны газрын төлбөрийг 2012 онд байгуулсан гэрээний дагуу 16,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2014 оноос газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй ба 2014 оны жилийн эцсийн байдлаар 6 сая төгрөгийн өр авлага үүсэж, 2015 онд 2 удаагийн төлөлт хийгдэж, хийгдээгүй хугацааны газрын төлбөрт 12,000,000 төгрөг, 2016 оны төлөгдөөгүй газрын төлбөр 18,000,000 болж, нийт 2014, 2015, 2016 онуудын газрын төлбөр 36 сая төгрөгийн үлдэгдэл үүссэн... гэх тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байсан тайлбар /хх-ийн 58-р хуудасны ар тал/ болон,

          Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: ...Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг газрын төлбөрт нийт 49,750,685 төгрөг /дөчин есөн сая долоон зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг төлж, 2012, 1013 онд төлбөрийн үлдэгдэлгүй, 2014 онд 6,000,000 төгрөг /зургаан сая/, 2015 онд 12,000,000 төгрөг /арван хоёр сая/, 2016 онд 18,000,000 төгрөг /арван найман сая/-ийн нийт 36,000,000 төгрөг /гучин зургаан сая/-ийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэх тооцоо /2-р хх-ийн 35,37-р хуудас/-г гаргаж, улмаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн тооцоон дахь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1,950,000 төгрөг /нэг сая есөн зуун тавин мянга/, мөн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6000,000 төгрөг /зургаан сая/ буюу бүгд 12,000,000 төгрөг /арван хоёр сая/-ийн газрын төлбөрүүд нь зохих дансанд ороогүй талаар тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргасан боловч тухайн баримт /2-р хх-ийн 71-76-р хуудас/-ууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан Бичмэл нотлох баримт-ын шаардлагыг хангаагүй тул шүүх тэдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно... гэж дүгнэсэн байдал /хх-ийн 63-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

            Иймд хариуцагчаас А/811 дүгээр захирамжийн нэг үндэслэл болгон маргаж буй нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн 2015, 2016 онуудын газрын төлбөрийн асуудалтай холбогдох маргааны үйл баримт нь дээр дурдснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоодсон байгаа тул уг үйл баримтыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан нотлох баримтыг үнэлэх зарчмын дагуу дахин нотлохгүй болно.

            3.2 Захирамжинд заасан зөрчлийн 2 дахь хэсэг буюу нэхэмжлэгчээс шаардаж буй 2019 оны газрын төлбөрийн тухайд:

          Хариуцагч нь А/811 дүгээр захирамж болох захиргааны актаар нэхэмжлэгчийг 2019 оны 2, 3-р улиралын газрын төлбөр болох 50 109 890 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй гэх үндэслэлийг уг шийдвэрийн нэг үндэслэл болгосон байгаа ба энэ нь мөн захирамжинд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь зүйл, Газрын төлбөрийн тухай хууль /тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиас өмнөх үеийн/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь зүйлд заасантай нийцэж буй эсэхийг хянаж үзвэл:

          Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... аж ахуйн нэгж, ... тай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үндэслэн,

        Газрын төлбөрийн тухай хууль /тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиас өмнөх үеийн/-ийн 3 дугаар зүйлд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж, ... газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу ... аж ахуйн нэгж, ... ын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна,

        Мөн хуулийн Газрын төлбөр ногдуулах тухайг зохицуулсан 9 дүгээр зүйлийн 1-д Газрын төлбөрийн асуудал хариуцсан байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу ... аж ахуйн нэгж, ... д ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ, мөн 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх ... гэж заасан хуулийн зохицуулалтуудаас үзвэл,

          Газрын төлбөр ногдуулах, түүнийг төлөх хугацаа, газрын төлбөр төлөгчөөс биелүүлэх үүрэг, уг төлбөрийн асуудлыг хариуцсан захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг нь холбогдох захиргааны байгууллагаас газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгжтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээ-ний дагуу зохицуулагдахаар байна.

         Гэтэл өмнө нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ДГА-ийн ЗД-ын 2016 оны А/406 дугаар захирамжийг дээр дурдсан шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-д ДГА-ийн ЗД-ын 2012 оны А/571 дүгээр захирамжийг үндэслэн анх олгосон Газар ашиглах эрхийн гэрчилгээ /хх-ийн 37, 108-р хуудас/-ний дагуух газар эзэмших эрх нь уг гэрчилгээнд заасан 15 жилийн хугацааны үлдэх хугацаагаар сэргэсэн ба,

            Тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд захиргааны байгууллагын зүгээс газар ашиглагч Ф Э Г И ХХК-тай дээрхи гэрчилгээнд заасан хугацааны үлдэх хугацаагаар газрыг эзэмшиж, ашиглах талаар гэрээ байгуулсан асуудал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж..., 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын даамал ... тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж..., 34.8-д Газар эзэмших эрхийн гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

           Гэтэл хариуцагч буюу холбогдох захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-тай газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй атлаа нэхэмжлэгчийг 2019 оны 2, 3 дугаар улиралын газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хууль /тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиас өмнөх үеийн/-ийн 9 дүгээр зүйлийн 2-т заасан хугацаанд төлөөгүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэгэнт захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах тухай гэрээг хуульд заасны дагуу байгуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчээс уг гэрээний дагуу биелүүлэх үүргийг шаардах боломжгүй юм.

           3.3 Иймд дээрх байдлуудаас үндэслэн дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох хариуцагч ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжийн гол үндэслэл болж буй нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийг 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзсэн зөрчилд хамаарч буй:

            2015, 2016 онуудын газрын төлбөрийн хувьд түүнийг нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд төлөөгүй буруутай болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон байхад уг асуудлыг дээрхи захирамжинд дахин үндэслэл болгож, улмаар газрын төлбөрийн үлдэгдэл хэмжээг алданги тооцох замаар өмнөх шүүхийн шийдвэрт нийцүүлэлгүй нэмэгдүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй,

            2019 оны газрын төлбөрийн хувьд захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулалгүйгээр нэхэмжлэгчээс газрын төлбөр шаардаж байгаа нь холбогдох хуульд нийцэхгүй байгаа зэрэг байдлуудаар хариуцагч ДГА-ийн ЗД-ын А/811 дүгээр захирамж нь хууль бус болох нь тогтоогдож байх ба,

           Энэ нь мөн Захиргааны ерөнхий хууль дахь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндсэн зарчим, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчим болон 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан ...шийдвэр нь үндэслэл бүхий зарчимд нийцэхгүй байх тул захиргааны байгууллагын хуульд нийцээгүй тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            4. А/811 дүгээр захирамжийг гаргахтай холбогдон мөн нэхэмжлэгч, хариуцагч нараас маргаж буй Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны тухайд:

         Тухайн шийдвэр гаргах ажиллагаанд холбогдох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

           Нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг өмнө нь Дорноговь аймгийн Засаг даргаас хүчингүй болгосонтой холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн дээр дурдсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр /хх-ийн 136-р хуудас/-өөс 14 хоногийн дараа аймгийн ГХБХБГазраас 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 343 дугаар албан бичиг /хх-ийн 69-р хуудас/-ээр:

      ... газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж байна.

         Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, тайлбар санал гаргах боломжийг олгохтой холбогдуулан газар ашиглалттай холбоотой тайлбар, гэрээний биелэлт болон бусад нотлох баримтыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор тус газарт ирүүлнэ үү.

          Хэрэв дээрх хугацаанд хүрэлцэн ирэх буюу газар ашиглалттай холбоотой тайлбар болон бусад нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд сонсгох ажиллагаанд оролцсонд тооцон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье гэсэн Сонсох ажиллагааны мэдэгдэл-ийг нэхэмжлэгчид анх хүргүүлсэн байгаагаас үзвэл:

         Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хууль дахь Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх асуудлыг зохицуулсан 22 дугаар зүйлийн 22.1-д Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, ... хүрээнд нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх захиргааны шийдвэр /А/811 дугаартай захирамж/ гаргах ажиллагааг өөрийн санаачилгаар шууд эхлүүлж,

        Улмаар энэ дагуу уг сонсох ажиллагааны мэдэгдлийг дээрх албан бичиг болон мөн аймгийн ГХБХБГазрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Нотлох баримт ирүүлэх тухай 539 тоот албан бичиг /хх-ийн 42-р хуудас/ зэргээр нэхэмжлэгчид хүргүүлснээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэж заасны дагуу мэдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

          Эдгээр мэдэгдлүүдийг хүлээн авснаар нэхэмжлэгчийн зүгээс өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авч хэрэгжүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шаардснаар аймгийн ГХБХБГазраас ирүүлсэн нотлох баримт болох нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүсэж тус газарт хүргүүлж байсан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 19/09 дугаартай албан бичиг /нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргаж өгснөөр тухайн албан бичиг нь 19/08 дугаартай байгаа болох, хх-ийн 142-р хуудас/,

           Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Ф Э Г И ХХК-ийн тус шүүхэд гаргаж байсан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх, албадан биелүүлэх захирамж гаргуулах хүсэлт гаргах тухай 19/09 дугаартай албан бичиг болон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудас олгох тухай 115/ШЗ2019/0065 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 115/ГХ2019/0008, 115/ГХ2019/0009 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхээс Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлж байсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 131 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримт /хх-ийн 143-148-р хуудас/-уудаар тогтоогдож байна.

           Гэтэл захиргааны байгууллага /аймгийн ГХБХБГазар/-ын зүгээс газрын төлбөрөө төлж барагдуулан, газар ашиглуулах гэрээг шинэчилж байгуулах тухай асуудлыг анх тусгасан мэдэгдлийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар гарсан дээрх шийдвэрийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 733, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 дугаартай албан бичгүүдээр нэхэмжлэгчид хүргүүлж,

        Ийнхүү мэдэгдэхдээ 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 733 дугаар албан бичиг, түүний хавсралт болох нэхэмжлэх /хх-ийн 71, 72-р хуудас/-ээр газрын төлбөрт 2014-2019 оны хагас жил хүртэл хугацааны нийт 156 000 000 төгрөг /нэг зуун тавин зургаан сая/-ийг 7 хоногийн дотор төлөхийг мэдэгдэж байсан боловч, үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 дугаар албан бичиг болон нэхэмжлэх /хх-ийн 73-79-р хуудас/-ээр өмнөх 733 дугаартай албан бичгээр тогтоосон газрын төлбөрийн хэмжээг 90 204 233 төгрөг /ерэн сая хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун гучин гурав/ болгон багасгаж, уг төлбөрийг 5 хоногийн дотор буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулснаар газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах,

           Хэрэв тухайн төлбөр /90 204 233 төгрөг/-ийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх болохыг тус тус мэдэгдсэн байх ба улмаар уг 790 дугаартай албан бичиг болон түүний хавсралт бүхий нэхэмжлэхээр тогтоосон дээрх төлбөр нь хариуцагчийн А/811 дүгээр захирамжийн үндэслэл болсон байна.

          Иймд дээрх 790 дугаартай албан бичиг бүхий мэдэгдэлд нэхэмжлэгчийн зүгээс аймгийн ГХБХБГазрын даргад хандан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 19/12 дугаартай албан бичиг /хх-ийн 77,78-р хуудас/-ээр гомдол гаргасан боловч аймгийн ГХБХБГазрын Газрын кадастр, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний /А.Анхилдөл/ 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нөхцөл байдлыг судалж тогтоосон тэмдэглэл /хх-ийн 45,46-р хуудас/-д тусгаснаар нэхэмжлэгчийг 2015-2016, 2019 оны газрын төлбөрийг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бий болсон гэж дүгнэн,

          Улмаар түүнд дүгнэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэх болсныг ДГА-ийн ЗД-ын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/1765 дугаартай албан бичиг /хх-ийн 48-р хуудас/-ээр болон 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Мэдэгдэл, Сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримт /хх-ийн 49, 50-р хуудас/-уудаар А/811 дүгээр захирамж гарахаас нэг хоногийн өмнө нэхэмжлэгчид тус тус мэдэгдсэн,

         Гэтэл дээр тогтоогдож байгаагаар хариуцагч буюу захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэгчид хүргүүлсэн аймгийн ГХБХГазрын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 343 дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл-ээр түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааг анх эхлүүлсэн атлаа шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж байгаагаар уг шийдвэрийг гаргах сонсох ажиллагааны мэдэгдлийг ДГА-ийн ЗД-ын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/1765 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснээр тухайн ажиллагааг эхлүүлсэн гэж байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.

           Эдгээр байдлуудаас дүгнэхэд хэдийгээр хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болох А/811 дугаартай захиргааны актыг гаргахын өмнө нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-д дээр дурдагдаж буй албан бичиг бүхий мэдэгдлүүдээр уг шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдэж байсан боловч,

           Тэдгээр мэдэгдлүүдэд газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн, мөн богино хугацаанд төлөхийг шаардаж, улмаар тухайн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах болохыг байнга мэдэгдэж байсан асуудал нь нэхэмжлэгч болох аж ахуйн нэгжид дарамт учруулсан шинжтэй захиргааны үйл ажиллагаа болж байснаар энэ нь нэхэмжлэгчид өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон газрын төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж олгоогүй нөхцөл байдалд хүргэсэн байна гэж үзэхээр байх тул,

             Хариуцагчаас тухайн захиргааны шийдвэрийг гаргахын өмнө дээрх байдлаар хэрэгжүүлсэн сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны агуулга, ач холбогдол, зорилгод нийцээгүйн улмаас тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасан захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагааны журам болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, ... г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан журам тус тус зөрчигджээ.

              5. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байх ба,

           Харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг өмнө нь хариуцагч ДГА-ийн ЗД-ын 2016 оны А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосон шийдвэрийг тус шүүхийн 2019 оны 115/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр хүчингүй болгосноор түүний тухайн газрыг эзэмшиж ашиглах эрх сэргэсэн байх хугацаанд хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-тай газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй болох нь нэгэнт тогтоогдож байгаа тул,

         Одоо нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг эзэмшиж ашиглах эрх нь дээрх захиргааны акт болох А/811 дүгээр захирамж хүчингүй болсноор түүнд өмнө нь газар эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн ДГА-ийн ЗД-ын 2012 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай А/571 дугаартай захирамжийн нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-д холбогдох хэсгээр буюу уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид анх олгосон 0341605 дугаартай Газар ашиглах эрхийн гэрчилгээ-д уг газрыг эзэмшихээр заасан 15 жилийн хугацааны үлдэх хугацаагаар /хх-ийн 60-р хуудас/ сэргэх үндэслэлтэй байна.

            Гэвч нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх ийнхүү сэргэж байгаа ч нэхэмжлэгч Ф Э Г И ХХК нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 2015, 2016 онуудын газрын төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй байгаа нь буруу байх ба харин хариуцагчаас уг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгож шийдвэрлэхдээ тухайн үндэслэлийг холбогдох хуульд заасантай нийцүүлээгүй,

              Мөн захиргааны шийдвэр гаргахын өмнөх сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хэрэгжүүлээгүй зэрэг байдлуудаар захиргааны байгууллагын шийдвэр нь хууль ёсны дагуу болж чадаагүй бөгөөд цаашид нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон газрын төлбөрийн үлдэгдлийг заавал шаардуулалгүй сайн дураар төлж барагдуулах, хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид газар эзэмшүүлж ашиглуулах үйл ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-24.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хууль (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай МУ-ын хуулиас өмнөх үеийн)-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф Э Г И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ДГА-ийн ЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хурааамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ЦЭНД