Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/MA2016/0367

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч В.Давааням, хариуцагч П.*******-******* нарыг оролцуулж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.*******ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Бэхбатын ******* миний бие Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасны дагуу сонгогчдын гарын үсэг зуруулсан баримтаа, мөн хуулийн 157.3.1-157.3.6-д заасан баримтуудын хамт хуульд заасан хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд өгсөн. Сонгуулийн хороо бүртгэхдээ материал чинь шаардлага хангаж байна гээд авсан. Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор намайг Сонгуулийн тухай хуулийн 158.1.4-т заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Сонгуулийн тухай хуулийн 158.1.4 дэх заалтад хамааралтай хүн нь Гантөмөрийн Ганчимэг гэдэг 1999 онд төрсөн сонгуулийн эрх бүхий иргэн биш байжээ. Гэхдээ намайг дэмжиж 238 сонгогч гарын үсэг зурж итгэл үзүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо хүрч байвал уг зөрчлийг бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй гэсэн заалт байна. Уг заалтыг нарийвчлан үзвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй хамааралтай боловч сонгуулийн хуульд өөр зохицуулалт байхгүй тул хуулийн доорхи заалтыг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Бэхбатын ******* намайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.******* нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, баримт бичгийг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагт хүлээн авсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад зааснаар бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагт 06 дугаар хуралдааныг 100 хувийн ирцтэй зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, бие даагчаас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Б.******* нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 239 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс 1 иргэн нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй /Г.Ганчимэг ЖМ99011509/ этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан /сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ нөхцөл байдал үүссэн гэж үзэн хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан. Б.******* нь нэхэмжлэлдээ Сонгуулийн хороо нь баримт бичиг хүлээж авахдаа шаардлага хангаж байна гэсэн хариулт өгсөн, нийт 238 иргэний гарын үсэг зуруулж итгэл үзүүлсэн байтал бүртгэхээс татгалзсан, Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтад заасан зохицуулалтыг орон нутгийн хурлын сонгуульд адилтган үзээгүй талаар дурдсан. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь заалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг гүйцэд эсэхийг нягтлан шалгахаар зааснаас бус нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг хүлээн авахдаа нягтлан шалгах хуулийн зохицуулалт байхгүй байх тул аймгийн Сонгуулийн хороо Б.*******ийн хүлээлгэн өгсөн баримт бичгийг хүлээн авахдаа шаардлага хангаж байгаа эсэх талаар ямар ч хариулт өгөөгүй болно. Б.******* хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх хэсэгт заасан сонгогчдын гарын үсгийг хангалттай хэмжээнд зуруулсан боловч 1 сонгогч нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй Г.Ганчимэг гэх этгээд байсан тул нийт хүчинтэй дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хуулийн үндэслэл үүссэн. Мөн нэхэмжлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлйин 129.3 дахь заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн холбогдох асуудлыг зохицуулахаар хуульчилсан бөгөөд дээрх заалтыг Орон нутгийн хурлын сонгуульд адилтган үзэх хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.1, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4.д-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.*******ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх маргаан бүхий асуудалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын “..энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэснийг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг баримталсан. Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4 дэх заалтыг барьж тайлбар хийх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороонд шууд хамаарах заалт болно. Мөн Б.******* нь дэмжсэн нийт 239 сонгогчоос сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй 1 иргэнийг хасахад 238 сонгогч үлдэж байхад аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг хэтэрхий хязгаарласан гэж тайлбарласан. Гэтэл Б.******* нь сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д заасан шууд татгалзах үндэслэл бүхий зөрчлийг гаргасан байтал анхан шатны шүүх дээрх 2 зөрчлийг ижил мэтээр тайлбарлан хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан. Аймгийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн тайлбар хийсэн. Дээр тайлбарласнаар Б.******* нь хэдийгээр 239 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн холбогдох зарим заалтын шаардлагыг хангаж байгаа боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон Сонгуулийн ерөнхий хорооны өгсөн зөвлөмжид зааснаар сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч сонгогчдын тоо хэд байхаас үл хамааран нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Гэтэл шүүхийн энэ шийдвэр нь холбогдох хууль, дүрэм, журам, зөвлөмжийн хүрээнд ажилласан аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүдийг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.2, 11.11 дүгээр заалтад заасан торгууль болон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үр дагаварыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

Нэхэмжлэгч Б.******* нь “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Б.******* Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх хэсэгт заасан сонгогчдын гарын үсгийг хангалттай хэмжээнд зуруулсан боловч 1 сонгогч нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй этгээд байсан тул нийт хүчинтэй дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болно” гэж маргаж байна.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшигч Б.******* нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, хуульд заасан хугацаанд холбогдох баримтаа тус аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн үйл баримтууд  тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Нэр дэвшигч Б.******* нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.1-д “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан маягтын дагуу гарын үсэг зуруулсан 239 сонгогчдын нэг /Г.Ганчимэг ЖМ99011509/-нь насанд хүрээгүй буюу сонгуулийн эрхгүй этгээд байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах” гэж заасан үндэслэлд хамаарч байх боловч хариуцагч нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахдаа арилгуулах боломжтой уг зөрчлийг засах боломж олгоогүй нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасан 201-ээс доошгүй сонгогчоор гарын үсэг зуруулсан байх шаардлага хангагдсан байхад ялимгүй зөрчлөөр маргаан бүхий актыг гаргасан нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй....”, Арванесдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих” гэж заасантай тус тус нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын их хурлын сонгуулийн талаар зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4-т заасан тусгай шаардлагыг хангасан гэж, хариуцагч нь хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан алдаа нь санаатай үйлдэлд хамаарахгүй тул Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж тус тус дүгнэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ  

ШҮҮГЧ                                          Э.ЛХАГВАСҮРЭН  

ШҮҮГЧ                                          О.НОМУУЛИН