Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0715/з |
Дугаар | 22 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 22
М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансүх нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 741 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0738 дугаар магадлалтай, М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 741 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль (1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтуудыг баримтлан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан Мажигсүрэнгийн Сүхбаатарын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0738 дугаар магадлалаар: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 741 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Сүхбаатарын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангаж, “Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг, мөн М.Сүхбаатарын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан 2 сар 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх 1.997.322 /нэг сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад тус тус даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0738 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь:
1. Давж заалдах шатны шүүхээс "хариуцагчаас цагдаагийн ахлах ахлагч М.Сүхбаатарыг цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах хүсэлтээ өөрөө гаргасан гэсэн, тухайн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан боловч цугларсан баримтаас түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгох тухай хүсэлтээ сайн дураараа гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна. Тодруулбал М.Сүхбаатар эх Х.Мажигсүрэн өөрийн хүүг хувь тэнцүүлэн цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгөх талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргад 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, М.Сүхбаатарын өөрөө 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргаж байсан боловч тэдгээрийг үгүйсгэсэн буюу цэргийн байнгын тэтгэвэрт гаргах тухай өөрийн ээжийн хүсэлтийг түр хойшлуулах, өөрөө ажлаа хийх хүсэлтэй байгаа талаараа 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөдлөө мөн гаргаж байжээ. " гэж үзжээ.
Ээж Мажигсүрэн нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргад П.Батбаатарт хүү М.Сүхбаатарыг "хувь тэнцүүлэн тэтгэвэрт гаргаж өгнө үү", М.Сүхбаатарын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батбаатарт "биеийн байдал, ар гэрийн гачигдлын улмаас цаашид цагдаагийн байгууллагад эрүүл мэндийн хувьд боломжгүй байгаа тул хувь тэнцүүлэн цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү" гэсэн өргөдөл гаргасныг тус хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар зөвлөлийн хурлаар М.Сүхбаатарыг өөрийн биеэр байлцуулсан.
Тус хурлын тэмдэглэлд хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатараас: Таны гаргасан өргөдлийг уншиж танилцсан. Ээж чинь настай өөрөө бие муутай хүн байдаг. Гэтэл та бас өвдөөд ар гэрт чинь хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ та ажлаасаа хугцаанаас өмнө гарчихвал тэтгэвэр чинь хувь тэнцүүлээд багаар тогтоно. Тэгээд та өөрөө эм тариа ар гэр зардал ихтэй байна тэтгэвэрээ тогтоолгох хүртэл цаг хугацаа их шаардана тэр болтол та яаж амьдрах гэж байгаа хүн бэ? Биеэ сайн эмчлүүлж байгаад хугацаагаа гүйцээгээд гарвал уг нь таньд хэрэгтэй шүү дээ.
Цагдаагийн ахлах ахлагч М.Сүхбаатар: Ажлаа хийе гэж их хичээсэн гэвч биеийн байдал муудаад хэцүү байна. Ажлаа хийж байхад гэнэт өвдөж эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд ч хоолны дэглэм барьдаг болохоор ээж минь гэрээсээ хоол хийж авчирдаг. Настай, бие муутай хүнийг нааш цааш нь явуулаад байх хэцүү байна. Би өөрөө ээлжийн ажил хийдэг болохоор өдөрт дор хаяж 2 удаа ирэх болдог. Тиймээс хүндрэлтэй байна.
Цагдаагийн хурандаа П.Батбаатар: Таны амьдралыг бид хүнд хэцүү гэдгийг мэднэ. Гэхдээ та цэргийн байнгын тэтгэвэрт гарах тухайгаа сайтар бодсон биздээ. Та цэргийн байнгын тэтгэвэрт гарахаар цалин мөнгө нь багасна. Тэгээд бүр хувь тэнцүүлээд гарч байгаа болохоор эдийн засгийн хувьд хүнд болох байх. Энэ талаар сайн бодсон биздээ.
Цагдаагийн ахлах ахлагч М.Сүхбаатар “мэдэж байгаа, ээжтэйгээ ярьж шийдсэн" гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.
М.Сүхбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргад хандаж "цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү" гэж өөрийн гараар бичсэн өргөдөл, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газраас өөрийн ажилласан байдлын лавлагааг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Оюунцэцэгээс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тойрох хуудсаа авч, холбогдох албан тушаалтнуудаас тойрох хуудсаа зуруулж, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа бусад холбогдох материалаа бүрдүүлэн авч Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газарт "18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү" гэсэн өргөдлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана", Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу М.Сүхбаатар нь дээрх байгууллагуудад Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг хууль бус болох талаар гомдол гаргаагүй.
Дээрх баримтуудаас М.Сүхбаатарыг цэргийн алба хаасны тэтгэвэрийг хувь тэнцүүлэн тогтоолгох тухай хүсэлтээ сайн дураар гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд удирдах албан тушаалтны зүгээс ямар нэгэн дарамт шахалтад оруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагаас М.Сүхбаатарын хаан банкны 5084269402 дансанд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээнийг тэтгэмж болох 12,347,635 /арван хоёр сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг шилжүүлсэн байсан. Дээр дурдсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ үү.
2. Давж заалдах шатны шүүхээс "М.Сүхбаатар нь цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгох хүсэлттэй байгаа эсэх нь тодорхойгүй байхад хариуцагч албан тушаалтан энэ талаар тодруулалгүй Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26/2348 дугаар албан бичгийн дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаалд хамрагдаагүй алба хаагчдын тоонд оруулж, М.Сүхбаатарын хүсэлтүүдээс зөвхөн тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг нь үндэслэн түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоосон нь буруу байна", мөн ". . . Хууль зүйн сайд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар хуульд нийцсэн тушаалыг түүний харьяа нэгж Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга шууд биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлэлгүй татгалзсан байгаа нь хууль бус байна" гэж үзжээ.
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно" гэж заасны дагуу Хууль зүйн сайд цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгах эсэх шийдвэрлэх бүрэн эрхийг эдэлж байгаа бөгөөд уг эрхийнхээ хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаалыг "Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын саналыг тус тус үндэслэн цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, хавсралтад заасан нэр бүхий 174 офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунган ажиллуулах" гаргасан бөгөөд М. Сүхбаатарын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунган ажиллуулахаар шийдвэрлээгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн "Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга нь шууд биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлэлгүй татгалзсан байгаа нь хууль бус" гэж үзэж байгаагаар Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаал болон Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалуудыг хоёуланг нь биелүүлэх үүрэгтэй байхаар харагдаж байна.
Дээрх 2 тушаалыг цаг хугацааны хувьд авч үзвэл Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаал нь М.Сүхбаатарыг цагдаагийн алба хаагч байх хугацаанд гаргасан байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/99, А/79 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам "Байгууллагын даргын тушаал гаргах /код-136/-ын 136.4 дэх хэсгийн 136.4.2, 136.5.2-ын "б"-д заасан эрх хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалаар М.Сүхбаатарыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн телекамерын жижүүрийн цагдаагийн ажлаас цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгохоор 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн нь М.Сүхбаатартай цагдаагийн байгууллага хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон байна.
Өөрөөр хэлбэр М.Сүхбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 11 дүгэзр зүйлийн 11.1-д "Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ" гэж заасны дагуу төрийн албан хаагч гэж үзэх үндэслэлгүй болсон байсан.
Гэтэл Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаал нь Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль/1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13 дугаар зүйлийн 2, ирүүлсэн хүсэлтийг үндэслэн "Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3.-т заасан насны дээд хязгаарт хүрсэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн телекамерын цагдаа Мажигсүрэнгийн Сүхбаатарыг цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунган ажиллуулах" тушаал гаргасан байна.
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль/1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3 "..-офицерын албыг; -дунд офицер 45 нас хүртэл; -ахлах офицер 50 нас хүртэл; -дээд офицер 55 нас хүртэл тус тус хааж болно. Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно" гэж заасан М.Сүхбаатар нь 1 дүгээрт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг гарах хүртэл цагдаагийн ахлагч цолны албан тушаалд ажиллаж байсан. 2 дугаарт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаал гарч цагдаагийн байгууллагаас эрх зүйн харилцаа дуусгавар болсон байх тул дээрх хуулийн заалтыг барин цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах үндэслэлгүй байна.
Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаал нь Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу офицерын албыг хаах насны дээд хязгаарыг тогтоосон заалтыг баримталсан, мөн цэргийн дадлага сайтай эсэхийг тогтоогоогүй атлаа мөн зүйлийн 13.2-т заасныг баримтлан цэргийн алба хаах хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон хууль зүйн үндэслэлгүй тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад Давж заалдах шатны шүүхээс даалгах нь үндэслэлгүй байна.
М.Сүхбаатар нь 2015 онд албан үүргээ хангалтгүй биелүүлэн ажилласан тул цалингийн 10-20 хувиар 5 удаа тушаалаар хасуулж байсан. Мөн 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 55 хувь буюу хангалтгүй үнэлэгдсэн нь Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг маргааныг хуульд нийцүүлэн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 дугаар тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн телекамерын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Сүхбаатарыг “...цэргийн албан хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгохоор” үүрэгт ажлаас чөлөөлж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, цагдаагийн ахлах ахлагч цолыг хадгалуулахаар шийдвэрлэсэн, хариуцагчаас уг тушаалын үндэслэлээ “... ахлагчийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн, цаашид сунган ажиллуулах шийдвэр гараагүй, ... тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрөө гаргасан ...-ны дагуу тушаал гаргасан нь ... хууль зөрчөөгүй” гэж тайлбарласан, нэхэмжлэгч М.Сүхбаатараас “... өргөдөлөө өг гэж дарамталсан, сайн дураар хүсэлтээ гаргаагүй, ... тушаал илт хууль бус” гэж маргажээ.
Нэхэмжлэгч М.Сүхбаатар нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 45 нас хүрсэн, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад хандан “... эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй ... /байгаа тул/ хувь тэнцүүлэн тэтгэвэрт гаргаж өгнө үү” гэх, мөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргад хандаж, “... цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү” гэх, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү ар талын хэлтэст хандаж “... 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү” гэх өргөдлүүдийг тус тус бичгээр гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай (1992) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “ахлагчийн албыг /хаах насны дээд хязгаар/ 45 нас...” гэж, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэж тус тус заасан байх тул төрийн жинхэнэ албан хаагч М.Сүхбаатараас тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, “... тэтгэвэрт гарах” хүсэлтээ өөрөө гаргасан, “төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах” эсхүл цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтээ “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” эрх бүхий этгээдэд гаргаагүй тул маргаан бүхий захиргааны актаар түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчээс “... дарамталж өргөдөл бичүүлсэн” гэх боловч энэ нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, “хууль бусаар дарамталсан”, “хүчээр бичиг баримт үйлдүүлсэн” талаар М.Сүхбаатараас эрх бүхий этгээдэд гомдол гаргасан, шалгуулсан, ийм үйл баримт тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч М.Сүхбаатарын удаа дараагийн бичгээр гаргасан “тэтгэвэр тогтоолгох” хүсэлтүүдийг “өөрийн хүслээр бичээгүй” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь /үнэлээгүй/” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд, нэхэмжлэгчийн “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор заасан тул “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байжээ.
Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг “...илт хууль болохыг тогтоох үндэслэлгүй” гэж дүгнэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн “...ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон” хэсэгт өөрчлөлт оруулаагүй атлаа “ажилгүй байсан хугацааны цалин, олговор...-ыг нэхэмжлэгчид олгохыг /хариуцагчид/ даалгаж” шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Хууль зүйн (тухайн үеийн нэрээр) сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалаар “...цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ... М.Сүхбаатарыг цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунган ажиллуулах”-аар шийдвэрлэсэн, талууд уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй байхад анхан шатны шүүх уг тушаалын үндэслэлд дүгнэлт хийж, “.../тушаал/ хуульд нийцээгүй, ... хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу юм.
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай (1992) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “...насны дээд хязгаарт хүрсэн ... зарим ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг ... хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болох”-оор, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “/агентлаг нь/ хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”-аар тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч М.Сүхбаатарын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг “нэг жилээр сунган ажиллуулах”-аар шийдвэрлэсэн Хууль зүйн сайдын тушаалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн ерөнхий газар, түүний нэгж Улаанбаатар хотын Цагдаагийн газар биелүүлэх, хэрэгжилтийг нь хангах үүрэгтэй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн “Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хууль зүйн сайдын тушаал /буруу/, ... цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хүлээж авах боломжгүй, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй байна.
Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0738 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Сүхбаатарын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангаж, “Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг, мөн М.Сүхбаатарын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан 2 сар 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх 1.997.322 /нэг сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад тус тус даалгасугай” гэснийг “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай (1992) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13 дугаар зүйлийн 13.1.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг болох “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА