Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 03

 

М.Мөнх-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 28 дугаар магадлалтай, 201518020004 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2011 онд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан Их-Отогт овогт Мягмартуяагийн Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх М.Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоног хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие бичиг үсэг огт мэдэхгүй. Анх мөрдөн байцаагч Батзаяад өгсөн тайлбарт миний ярьсан зүйлийг худлаа бичсэн байсныг нэг сарын дараа өмгөөлөгч надад уншиж өгөхөд мэдсэн. Би хилс хэрэгт гүтгүүлээд хорих ял авсандаа гомдож байна. Шүүх хууль буруу хэрэглэж надад хорих ял оноосон. ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтуудыг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан байхад шүүх хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчийн гэм буруутай үйлдэл бий эсэх, гэрч нарын мэдүүлгүүдийн уялдаа холбоо, холбогдогч тухайн хэрэгт ямар гэм буруутай оролцсон, нотлох баримтууд хууль зүйн дагуу авагдсан эсэхийг тал бүрээс нь нарийвчлан тогтоож байж эрүүгийн хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч гэх Отгонжав нь Мөнх-Эрдэнийг Эрхэмбаяртай юм яриад сууж байхад нь ирээд цохиж унагаадаг. Мөнх-Эрдэнэ босоод барьцалдаад автал хохирогч миний араас чулуугаар цохьчихлоо гээд хувцсыг нь тайлаад үзтэл хутгалагдсан, цус гарсан байсан. Энэ талаар гэрч Х.Эрхэмбаяр, хохирогч Т.Отгонжав, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нар тодорхой мэдүүлдэг. Гэмт хэргийг яг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох нь мөрдөн байцаагчийн үүрэг. Хохирогч анхнаасаа “Мөнх-Эрдэнийг биш” гэж тогтвортой мэдүүлээд байхад түүнийг хэрэг хийсэн, хохирогчийг хутгалсан хүн мөн, тайлбараа ингэж өгсөн байна гэж тулгаж мэдүүлэг авч байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Өмгөөлөгч би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөнх-Эрдэнийн хүсэлтийн дагуу хорих 461 дүгээр ангид очиж Ц.Ундрахсайхантай уулзахад хохирогчийг тэрээр хутгалсан, уг хутгаа Зүүнхараагийн өөрийн хашаандаа нуусан, хурууны хээ нь байгаа талаар хэлсэн. Ийм учир энэ хэргийг дахин шалгуулах шаардлагатай. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих зүйл нотлогдоогүй байдаг. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “Хавтаст хэрэгт Ундрахсайхан гэгч хүний талаар ямар ч мэдүүлэг байхгүй бөгөөд энэ хүний талаар хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам” гэх газарт иргэн Т.Отгонжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нуруун тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Отгонжав /хх-26, 140/, гэрч Г.Батдорж /хх-36/, Х.Эрхэмбаяр /хх-39/, Э.Ганхөлөг /хх-144/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 312, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-43, 63/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний ялтай байдлыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хуульд заасан ялаас доогуур буюу 3 жил 4 сар 5 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж “жирийн дэглэм”-д ял эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул “Ундрахсайхан гэгч хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах” талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН