| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0041/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/47 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болор,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бт холбогдох эрүүгийн 2119000000212 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... нутаг дэвсгэрт байрлах “.....” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн талд насанд хүрээгүй хохирогч Э.Уд хүч хэрэглэн, Самсунг маркийн гар утсыг дээрэмдэж, 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг болох гэж байхад гэрээсээ гараад хуучин ...... худалдааны төв байсан байрны ойролцоо байдаг Н гэдэг өвөөгийн дүүгийн гэрт очих гэж байсан юм. Тухайн үед эмээ намайг “гараад такси бариад, гэртээ хүрээд ир хамт явна” гэж байсан. Би гэрийнхээ ойролцоо байдаг ..... дэлгүүрийн зүүн талаар гараад зам дагуу такси хүлээгээд зогсож байсан. Би такси хүлээгээд 5-10 минут орчим ганцаараа зогссон. Миний ойр орчимд хүн байгаагүй. Харин ертөнцийн зүгээр баруун талд төв замаас урагш дэлгүүр рүү салдаг замын ойролцоо нэг эрэгтэй хүн зогсож байсан. Намайг зогсож байхад алтан шаргал өнгөтэй Приус гэдэг машин “ах нь эргээдэхье, хаашаа явах юм” гээд буцаж эргэхээр хөдлөөд явсан. Уг машин нь миний явах зүгийн эсрэг чиглэлтэй явж байсан учир би машинд шууд суугаагүй уг машины эргэх хооронд миний баруун зүгт зогсож байсан ах над дээр ирээд, үг хэлэлгүй миний цамцны ханцуйнаас татаж, намайг чирч, дэлгүүрийн зүүн талын хашааны хаалгаар оруулж, уг дэлгүүрийн хашаатай буланд аваачиж “нэг үнсчихье” гээд миний уруул болон хацар хэсэг рүү үнсэх гээд дайраад байсан. Мөн надад хандаж “чамайг утастай чинь аваад явчихъя” гээд миний хүзүүн дээр дарж, газар доош харуулж унагаад, өөрөө миний дээр нуруу хэсэгт сууж гараараа миний амыг тагласан. Тухайн үед миний утсыг миний гараас булааж аваад, тэр ах хувцасныхаа халаас руу хийх шиг болсон, хаашаа хийснийг нь хараагүй. Тухайн үед нэг танихгүй эгч миний такси хүлээж зогсож байсан газраас гарч ирээд “цагдаа дуудлаа” гээд утсаа гаргаад ирсэн. Би тухайн үед уг эгчийг “туслаарай” гэж хашхирсан. Мөн миний амыг таглаж байсан хүний гарыг нь хазсан. Тэгтэл уг хүн миний дээрээс босоод намайг чирсэн хашааны хаалгаар гараад зүүн тийшээ гүйгээд явчихсан. Тухайн үед миний гар утас уг хүний халааснаас газар унасан. Би утсаа аваад эмээ Т рүү ярьж болсон явдлыг хэлсэн. Тухайн хүн цагаан өнгийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмд, улаан хүрэн өнгийн малгай, мөн доогуураа пүүзтэй байсан. Нүүрний хоёр талын хацар хэсэг нь шалбараад удаагүй бололтой зулгарч тав тогтсон, уруул нь хавдсан юм шиг зузаан, дух нь үрчлээстэй, том хамартай, том чихтэй, үсээ хоёр талаар нь дээш нь шууж засуулсан, шар муухай шүдтэй байсан. Би тухайн үед айсан, нүүр нь их халтар болсон байсан. Мөн уг хүнээс бага зэрэг архи үнэртэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12-13, 110-111 дүгээр хуудас/;
Гэрч К.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... 12 цагийн үед гаднаас Б орж ирээд манай гэрийн хаяаг манахаар болж, манай гэр рүү явахаар болсон. Ээжийн гэрээс гарч Бын гэрээр нь дайран, эхнэр Сыг авч Сайншанд сумын .... дугаар багт байрлах манай гэрт очсон. Б манай хаяаг манаж өгөөд, гэрийн дотор талыг янзалж өгсөн. тэгээд би Б ахад 0,75 литрийн Ерөөл архи авч өгөөд, манай нөхөр Б, С, Б бид 4 хувааж уугаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд Быг аваад явсан. Б доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмд, дээгүүрээ ногоон өнгийн бэлтгэлийн цамцтай байх шиг байсан, яг ч сайн анзаарч хараагүй. Б улаан өнгийн саравчтай малгай өмсдөг, эхнэрийнх нь ажлаас тавьж өгсөн малгай юм. Одоо тэр малгай хаана байгааг мэдэхгүй. Б өнөөдөр улаан өнгийн малгай өмсөөгүй. Б нь улаан өнгийн малгай өмсдөггүй гэж хэлээ гэж надад хэлсэн, ямар учраас хэлсэн эсэхийг мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр, он сарыг нь санахгүй байна, Дэнжийн дэлгүүр ороод такси барихаар хойшоо явж байсан. Дэнжийн дэлгүүрийн баруун хойд тал руу явж байхад Дэнжийн дэлгүүрийн зүүн хойд талд цагаан өнгийн шавран амбаарын хойд талд цагаан өмдтэй, улаан хүрэн малгайтай, 30 гаран насны залуу нэг жоохон охиныг уг амбаарын хойд талд авчирсан байсан. Уг охин барагцаагаар 10-12 насны охин байсан. Тухайн охин танихгүй хүнтэй байх шиг байсан, би хараад тухайн хүнд хандаж “цагдаад мэдэгдэнэ” гэж хэлсэн чинь гүйгээд явсан. Тэр охин айсан шинжтэй гар утсаар ярьж байсан. Би өөр юм асууж чадаагүй. Дэнжийн дэлгүүрийн хойд талаас такси бариад явсан. Охин айсан шинжтэй байсан, хажууд нь тухайн залуу зогссон байсан. Тухайн залуугийн царайг санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/;
Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... 12 цагийн үед Дэнжийн дэлгүүрийн хойд талын засмал замын урд талд нь зогсож байтал цайвар өнгийн куртиктэй, 10-11 насны охин такси барих гээд зогсож байсан. Би тухайн охины хажууд очоод “гар утсаа өгөөч, ярьж болох уу” гэж асуухад тэр охин надаас айгаад юм дуугараагүй. Тэгэхээр нь тухайн охины гараас нь татаад Дэнжийн дэлгүүрийн зүүн талын эзэнгүй байшингийн буланд аваачиж, гар утсыг нь аваад өөрийн өмсөж явсан цамцны халаасанд хийгээд, дараа нь охиныг хойноос нь тэвэрч аваад “яасан хөөрхөн охин юм бэ” гэж хэлээд айлгах зорилгоор “гар утастай чинь аваад явна шүү” гэж хэлээд байж байтал зүүн талаас нэг хүүхэн над руу чиглэж ирэхээр нь би шууд зугтаасан. Тухайн үед зугтаахдаа охины гар утсыг хаясан байсан. Би гар утсыг цааш авч яваагүй. Би тухайн өдөр улаан саравчтай малгай, цагаан өнгийн захтай цамц, саарал даавуун өмд, доогуураа Nike гэсэн бичигтэй хар, цагаан өнгийн пүүзтэй явж байсан. Би зугтааж байгаад айлын 00 руу улаан малгай, цагаан цамц хоёрыг хийгээд гэр рүүгээ явсан. Би согтуу байсан учраас тухайн айлын гэрийг мэдэхгүй байна. Гэртээ очоод өөрийн өмдийг сольж дээгүүрээ цамц өмссөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 44-45 дүгээр хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн ........ дугаартай “... Гар утас /самсунг галакси Жи6/ зах зээлийн дундаж үнэ 200,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/;
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...... дугаартай “... Э.Уын биед хүзүүний цус зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйлгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас/;
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 55-66, 115-120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... нутаг дэвсгэрт байрлах “.....” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн талд насанд хүрээгүй хохирогч Э.Уд хүч хэрэглэн, Самсунг маркийн гар утсыг дээрэмдэж, 200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний баруун зүгт зогсож байсан ах над дээр ирээд, үг хэлэлгүй миний цамцны ханцуйнаас татаж, намайг чирч, дэлгүүрийн зүүн талын хашааны хаалгаар оруулж, уг дэлгүүрийн хашаатай буланд аваачиж “нэг үнсчихье” гээд миний уруул болон хацар хэсэг рүү үнсэх гээд дайраад байсан. Мөн надад хандаж “чамайг утастай чинь аваад явчихъя” гээд миний хүзүүн дээр дарж, газар доош харуулж унагаад, өөрөө миний дээр нуруу хэсэгт сууж гараараа миний амыг тагласан. Тухайн үед миний утсыг миний гараас булааж аваад, тэр ах хувцасныхаа халаас руу хийх шиг болсон, хаашаа хийснийг нь хараагүй ...” гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 2-3), хохирогчийн биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 33-35), гэрч К.О, Э.М нарын мөрдөн шалгах ажиллаганд өгсөн мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтууд болон хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, насанд хүрээгүй хохирогч нь бусдын хүч хэрэглэсэн довтолгооны улмаас өөрийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод халдсан, хохирогч нь гэмт халдлагад хэрхэн өртсөн талаараа эргэлзээгүйгээр мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл, дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүч хэрэглэн довтлох, гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдсан үйлдлийн улмаас хохирол бодитойтойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь “...түлхэх, боох, өшиглөх ...” зэргээр хохирогчийн амь биед аюултай нөхцөл байдал бий болгох зэргээр ойлгоно.
Шүүгдэгч Л.Б нь насанд хүрээгүй хохирогч Э.Уын гар утсыг авахын тулд түүнийг газарт доош харуулж унагаж, нуруун дээр нь сууж, хохирогчийн гарт байсан утсыг хүч хэрэглэж авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар урьд 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил, 9 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоогоос “Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2-8 жилийн хорих ялтай, иймд 2 жилийн хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил, 4 сар, 28 хоногийн хорих оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Бт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаартай “Хорих ялыг өршөөн хэлтрүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” шүүгчийн захирамжаар хорих ялыг 3 жил, 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ХМШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн нийт 2 жил, 6 сар, 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.Бт Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж оногдуулсан 2 жил, 6 сар, 03 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил, 06 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 5 жил, 06 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгончулуун нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Баас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.Бт Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ХМШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жил, 6 сар, 03 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил, 06 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 5 жил, 06 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 40 хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН