Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         Нарийн бичгийн дарга Б.Болор, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн 2219000000019 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         М.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчимд Сайншанд сумын 7 дугаар баг, ..... тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Быг ялимгүй зүйлээр шалтаглан хутгаар толгой тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой ажлаас бууж ирээд гэртээ найз Э.Бы хамт архи ууж байгаад муудалцаж, толгойн тус газар нь хутгалсан. Гэм буруугаа ойлгож байна ... ” гэв.

          Хохирогч Б.Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би дэлгүүрийн гадаа зүс таних Сандагаа гэх хүнтэй нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад, ганцаараа гадуур явж байгаад орой 20 цагийн орчим санаж байна, танил Э /Н гэж дууддаг/-ын 133 дугаар байрны 8 тоотод байх гэрт нь очсон. Н гэртээ ганцаараа амьдардаг. Намайг гэрт нь очиход Н архи уучихсан сууж байсан ба бид хоёр хамт гарч нэг шил архи уучихаад би гэр рүүгээ явах гэтэл өөрийн гар утсаа Нгийн гэрт нь үлдээчихсэн байсан. Тэгээд гар утсаа авъя гээд хамт гэрт нь орсон. Ороод би гар утсаа аваад утас цэнэггүй болчихсон байхаар нь утсаа жоохон цэнэглэе гээд сууж байтал Н хөргөгчөөсөө хутга аваад, над руу эхлээд чичлээд байсан. Би Эыг тоглож байгаа байлгүй дээ гэж бодож байтал хутгаараа миний толгойн зүүн хэсэг рүү зүсчихсэн. Тэгэхээр нь би гарч яваад тухайн байранд амьдардаг Должинсүрэн гэх айлын цонхыг тогшиж, Н намайг хутгалчихсан, цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гэж тусламж хүссэн ... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

          Гэрч Б.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 23 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь босоод цонхоор хартал зүс таних Э.Б гэх хүн манай цонхон доор зогсож байсан. Юу болсон талаар асуухад “Цагдаа дуудаад өгөөч, Н намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Цонхоор харахад Э.Бы нүүр нь цус болсон харагдсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

          Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт Э.Б нь өнжсөн, тухайн өдөр нар жаргасан хойно Э.Б архи аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би дэлгүүр орж, нэг архи авч өгөөд, манай гэрт Э.Б бид 2 тэр архийг хувааж уусан. 22 цаг өнгөрч байхад архиа ууж дуусаад, бид 2 нэлээн юм ярьж суусан. Юм яриад сууж байтал Э.Б “би өөрийн гэсэн байртай, өөрийн гэсэн унаатай, эхнэр, хүүхэдтэй, чамд байгаа зүйл байна уу, чамд юу ч байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд ширээн дээр байсан ногоон иштэй, жижиг хутгыг аваад толгойны зүүн хэсэгт нь хутгаар зүссэн. Э.Б юм дуугарахгүй гэрээс гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 35 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/033 дугаартай “... Э.Бы биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх, хамрын хянга, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/, 

          Хохирогч Э.Бы Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 36-38, 53-90 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчимд Сайншанд сумын 7 дугаар баг, ..... тоотод байрлах өөрийн гэртээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Быг ялимгүй зүйлээр шалтаглан хутгаар толгой тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч М.Эын үйлдлийн улмаас хохирогч Э.Бы эрүүл мэндэд толгойн хуйханд зүсэгдсэн шарх, хамрын хянга, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/033 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч М.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх, хамрын хянга, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч М.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Э.Б нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 97 дугаар талд авагдсан байна.

          Иймд шүүгдэгч М.Эрднээжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч М.Эд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай, ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай, ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.АДЪЯАСҮРЭН