Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0046/Э |
Дугаар | 2022/ШЦТ/50 |
Огноо | 2022-03-25 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болор,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамба овогт Цэрмаагийн Гд холбогдох эрүүгийн 2119000000226 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, .... тоот хашаанаас Г.Лын эзэмшлийн цагаан өнгийн Санни маркийн, улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн үед гэрт нь очиход Лын нөхөр гэртээ ганцаараа байсан. Би ус авдаг картыг нь өгчихөөд нэг газар руу явчихаад ирье гэж хэлээд мотоциклыг нь унаад, явж байгаа шүү гэж хэлчихээд явсан. Тэгэхэд араас залгаад би цагдаа дуудсан ба мотоцикл авчирч өг гэхээр нь би өгөөгүй, цаашаа мотоциклыг нь аваад Айраг сум руу явсан. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод цагдаад баригдсан ...” гэв.
Хохирогч Г.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, .... тоотод байх хашаанаасаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 22 цаг өнгөрч байхад Sanny маркийн, цагаан өнгийн, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй мотоциклио хулгайд алдсан. Тухайн үед би эзгүй байсан, нөхөр Батбямба хөгжлийн бэрхшээлтэй, 90 хувийн группт байдаг. Нөхөр гэртээ байж байсан чинь гаднаас урьд өдөр нь манайд Маяа гэх эмэгтэйтэй хамт ирж байсан залуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай гэрт ганцаараа орж ирчихээд явахдаа гадаа байсан мотоциклийг хулгайлж унаад явсан байна. Манай нөхөр Батбямба хашаанаас унаад гарахыг нь харсан байсан. Маяатай хамт явж байсан залуу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манайд ирэхдээ өөрийгөө Төгсөө гэж танилцуулж байсан. Маяа руу залгаж асуухад жинхэнэ нэрийг нь Г гэж хэлж байсан. Бугуйндаа цаг зүүсэн, ялаар шийтгэгдсэн гэж тухайн үед ярьж байсан. Уг мотоцикрийг 2019 оны 05 дугаар сард Батсүхийн ломбарднаас 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би мотоциклио худалдаж авснаас хойш их зүйл худалдан авч засаж янзалсан. Би мотоциклио 800,000 төгрөгөөр үнэлж байна ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед хамт нутагладаг айлдаа өвс шуудайлаад явж байтал цагаан өнгийн мотоциклтой танихгүй залуу ирсэн. Тэгээд бид нараас Төмөрсүх гэх айлыг сураглахад би “чи буруу зүгт явж байна, чиний сураад байгаа айл чинь өөр зүгт байгаа” гэхэд Нүдэн бор гэх залууг сурагласан. Тэгэхээр нь би “тэр залуу чинь Чойрт байдаг залуу ш дээ” гэхэд яваад өгсөн. Тэгээд 16 цагийн үед буцаж ирээд ... тэр залуу “Манай эхнэр төрөх гэж байгаа юм, миний унаж яваа мотоциклийг 250,000 төгрөгөөр барьцаанд авах хүн байгаа болов уу” гээд асуугаад байсан. Тэгээд манай гэрт нилээн суусан. Тэгэхээр нь би өрөвдөөд “чиний эхнэр төрөх гэж байгаа юм бол ах нь байгаа 150,000 төгрөгөө өгье, харин чи мотоциклио хэзээ ирж авах вэ” гэхэд “ах аа, би 7 хоногийн дараа ирээд мотоциклио буцааж авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрөвдөөд байсан болохоор 150,000 төгрөгийг Г гэх хүний дансанд хийж өгсөн. Тэгээд би “чамайг Амар гэдэг гэсэн, яагаад өөр нэртэй байгаа юм” гэхэд “ах аа, энэ миний найз охины данс юмаа” гэсэн ... 20 орчим насны өндөр, шар залуу байсан. Шар ноосон малгайтай, хар куртик өмссөн байсан. Зузаан ажлын өмдөө тайлаад цүнхэндээ хийсэн. Ямар өмдтэй байсан талаар санахгүй байна ... Би мөнгөө буцааж аваагүй, 150,000 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 62 дугаар хуудас/,
Гэрч С.Батбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай эхнэр Л 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гадагшаа гарсан хойгуур нь урьд өмнө манайд найз нь гээд залуу 22 цаг өнгөрөөгөөд ирээд надад утасны карт өгчихөөд гараад явсан. Би гэртээ байж байхад мотоциклийг түрж гаргаж, хашааны гадна гаргаж, мотоциклийг асаагаад явж байгаа нь сонсогдсон. Би өөрөө хөл муутай учир гарч чадаагүй. Би тэр залууг зүс мэднэ ... Тэр залуу мотоциклийг авч явах талаар хэлээгүй, гэнэт л мотоциклийн дуу хашааны гадна дуугараад хөдлөөд явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав гудамж буюу Улаан хошууны ард байрлах Лхамаа гэж дууддаг айлд ганцаараа очсон. Намайг очиход Лхамаагийн нөхөр гэртээ ганцаараа байсан. Тэгэхээр нь хэсэг юм ярьж байгаад гэрээс нь гарсан ба үүдэнд нь цагаан өнгийн мотоцикл байж байсан. Тэрийг нь хөлөөрөө дарж асаагаад унаж яваад арын Депо байранд байдаг гаргүй Цэнгэлийн гэрт очиж, гаранд байсан хяналтын гаваа тайлах гэж оролдсон боловч бүтээгүй. Тэгээд цаашаа явж Номин худалдааны төвийн зүүн талд байдаг мужаан Болдоогийн гэрт 00 цагийн үед очсон. Тэр үед цагдаагаас Ууганбаяр гэх хүн залгаад “Унаж явсан мотоциклио аваад ирээ” гэхэд нь би “За за, яваад очъё” гэж худлаа хэлээд шууд хойшоо ар Шанд руу давхиж гаргүй Цэнгэлийн гэрт очоод гаран дахь гавныхаа түгжээг хөшиж байгаад эвдэлж салгасан ... Би Лын гэрт очихоос өмнө найз Батбаяртайгаа 0,5 литрийн Хараа архи уусан байсан ... маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад Бор-Өндөр рүү гарч, 15 цаг өнгөрч байхад очсон. Бор-Өндөр сумын наадмын талбайн урд танихгүй айлд очиж танилцаж “мотоциклио барьцаанд тавьж, мөнгө олох хэрэгтэй байна” гэхэд айлын эзэн гэрээсээ урагш 2-3 км зайтай хуурай дүүдээ барьцаанд тавьж, 150,000 төгрөгийг миний Хаан банк дахь 5990446052 тоот дансанд хийсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 40-42 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №238 дугаартай “... цагаан өнгийн, Sanny маркийн мотоциклийг мөрдөгчийн явуулсан гэрэл зурагнаас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дундажаар 500,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 63, 65-70, 74-107 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, .... тоот хашаанаас Г.Лын эзэмшлийн цагаан өнгийн Санни маркийн, улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.Лхагвадуламын зөвшөөрөлгүй, хохирогчийн гэрийн гаднаас мотоциклийг жолоодож хашаанаас гарахдаа түүний нөхөр хөгжлийн бэрхшээлтэй, 90 хувийн группт байдаг С.Батбямбыг саад болох, эсэргүүцэх боломжгүй байдлыг далимдуулан, нууцаар цагаан өнгийн Санни маркийн, улсын дугааргүй мотоциклийг өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч Г.Лын эзэмшлийн цагаан өнгийн Санни маркийн, улсын дугааргүй мотоциклийг 500,000 төгрөгөөр үнэлсэн болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №238 дугаартай хохирлын үнэлгээгээр тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ц.Гг нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 сарын 7-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар 343 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 жил, 5 сар, 12 хоногийн хорих ялыг 5 жил, 5 сар, 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 7 жил 1 сарын хорих оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Г нь “... хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч тэрээр өмнө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, уг ялаа бүрэн биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, мөн ар гэрийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г 6 жил хорих ялаар шийтгүүлж мөн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 5 сар, 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэргийн 92-111 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдсон байна.
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 сарын 25-ний өдрийн 01/259 тоот албан бичгээр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа Цэрмаагийн Г нь 5 жил, 5 сар, 12 хоногийн ялаас 4 сар, 12 хоногийн ялыг эдэлж, 5 жил, 1 сарын үлдэгдэл ялтай байгаа талаар ялын тооцоо хийж ирүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 1 сарын ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 5 жил, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 7 жил, 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ггийн цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “мотоциклийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас авчрахад гарах зардал 193,280 төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч хохирлын талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайн өдрөө уг мотоциклийг хохирогч Г.Лд хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Гээс хохирол 150,000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ц.Г төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ггаас 150,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Гт олгож, хохирогч Г.Лхагвадуламын нэхэмжилсэн 193,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 2 жил хорих ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Гд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 1 сарын хорих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 5 жил, 1 сар сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил, 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 7 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ггийн цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ггаас 150,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Гт олгож, хохирогч Г.Лхагвадуламын нэхэмжилсэн 193,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН