| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-27 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
2021 оны 12 сарын 27 өдөр Дугаар 2022/ШЦТ/01 сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Аюуш,
Шүүгдэгч:Ц.Ц ,
Шүүгдэгч: Э.Д ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц, Э.Д нарт холбогдох 2029000360064 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хоронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Т.П ШТС-42 салбарын нефть хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа нефть хангамжийн эрхлэгч, нярав Ц.Ц той бүлэглэн Т.П ХХК-иас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3,656,611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55,000,000 төгрөгийг завшиж, бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээ болох их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Т.П ШТС-42 салбарын нефть хангамжийн эрхлэгч, нярваар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, нефть хангамжийн операторчин Э.Д той бүлэглэн Т.П ХХК-иас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3,656,611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55,000,000 төгрөгийг завшиж, бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээ болох их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ: “Ханбогд суманд байрлаж байгаа 42 дахь салбар маань 3 төрлийн милээр явдаг. Мөнгөн милээр, зарсан литрээр, зарсан литрийнхээ саван дахь шатахууныг тусгай зориулалтын зүйлээр үзэж өнөөдөр зарсан литртэйгээ таарч байна уу? үгүй юу гэдгийг тусгай таблицаар бодож гаргадаг. Тэгэхээр бид нарын нэхэмжлээд байгаа дутагдсан түлшийг үнэн зөвөөр нь гаргаж ирсэн гэж үзэж байгаа. Өдөр тутмынхаа милээс милийн хооронд зарсан литр дээрээ харгалзах гарсан өдөр тутмынхаа орлогын мөнгийг тосныхоо мөнгөтэй нийлүүлээд банканд тушаах ёстой. Тэгээд энэ тушаах ёстой мөнгөнүүдээ тушаагаагүй их удсан тэгээд энэ дундаа бид нар юу болсон талаар шалгаж үзэхэд орлогын мөнгийг энэ хоёр хүн маань хүнд өндөр хүүтэй зээлээд хоёулаа хувааж авсан байдаг. Анх бид нар 2020 оны 01 сарын 17-ний өдөр ирээд анхны байцаалтаа цагдаа дээр өгөөд хүсэлт гаргаад өгөхөд энэ хоёр хүн тус бүр 3,000,000 төгрөг, 150,000 төгрөгийг хуваагаад авч байсан гэж өөрсдөө ярьсан. Тэгээд байгууллагын энэ их мөнгийг дутаасан нуун дарагдуулсан гэж Гг оролцуулах хүсэлт гаргаад байгаа. Жишээ нь салбар хариуцаж байгаа нягтлан Г энэ хэргийг мэдсээр байж нуун дарагдуулаагүй. Үгсэн хуйвалдаагүй бол байгууллагад ийм их хэмжээний хохирол учрах ёсгүй байлаа. Бага дээр нь таслан зогсоох байлаа. Үүнийг өнөөдөр юугаар баталж байна вэ гэвэл хоорондоо бичсэн чам байгаа. Ерөнхий нягтлан бодогч мэдвэл би балрах гээд байна мөнгөө хурдан тушаа гэдэг. Г нь энэ хоёрыг мөнгөө хурдан тушаагаарай гэхээр энэ хоёр зөрүүлээд тэр нягтлан руугаа хоолны мөнгө шилжүүлж байсан баримт хаан болон голомт банкны салбар дээр Содоо гэх нэрээр эсхүл гүйлгээний утга дээр 80,000, 50,000 төгрөг гээд гүйлгээний утга дээрээ өөрсдөө мөнгөө шилжүүлдэг. Энэ бол хүн сонсоход бага мөнгө боловч 80,000 төгрөг, 90,000 төгрөг, 40,000 төгрөгөөр өнөөдөр хоолонд ороорой утсандаа нэгж хийгээрэй, уучлаарай гээд хувийн зүйл хоорондоо ярьж байгаа юм шиг ийм харьцаанаас болоод өнөөдөр манай байгууллагад ийм их хэмжээний хохирол учраад байгаа. Жишээ нь хэрвээ Г энэ хүмүүсийг мэдсээр байж нуун дарагдуулаагүй бол 11 сард 34,000,000 төгрөг, 12 сард 8,000,000 төгрөг, 1 сарын 17-ний өдрийн байдлаар 15,000,000 төгрөг гээд нэг өдөр бөөн дутаагаагүй. Сар сард нь энэ мөнгийг дутаагаад явсан. 30,000 төгрөг, 40,000 төгрөг, 80,000 төгрөгөөр өнөөдөр энэ хүмүүс Г нягтлангийнхаа амыг нь хааж үгсэн хуйвалдаж ингэж яваагүй бол өнөөдөр 34,000,000 төгрөг юм уу эсхүл 8,000,000 төгрөгийг дараа сард нь дутаах нь үед бид нар арга хэмжээ авч болох байлаа. Өнөөдөр бүх зүйл цахимжсан. Тайланг ороод харахад өргүй авлагагүй Ханбогд суманд байрлаж байгаа ШТС-42 ямар ч өр авлагагүй болгоод нөгөө хүн нь тэг болгоод хаачихсан. Тэгээд өнөөдөр ингэж хуйвалдаж яваагүй бол өнөөдөр энэ их хохирол учрах ёсгүй байлаа. Энэ дээр бид нар мөрдөн байцаагчид хүртэл хэлсэн. Хариуцсан нягтланг нь оруулаад шалгаад өгөөчээ. Энэ хаан болон голомт банк дээр шилжүүлсэн мөнгөнийх нь гүйлгээний утга дээр нэр ШТС-ын дугаараар байгаа. Магадгүй энэ хүүхдүүд жоохон хүүхдүүд учраас өнөөдөр учраа мэдэхгүй эсхүл байгууллагын мөнгийг хүнд өгөнгүүтээ богинохон хугацаанд хэдэн төгрөг хүүлээд авчхаж болдог юм байна гээд эд нар бодоод явж байхад энэ хүмүүсийг хариуцсан нягтлан яагаад 34,000,000 төгрөг дутааж байх үед нь болиулаагүй юм бэ? яагаад чатаар харьцаад нягтлан мэдэх гээд байна. Хурдан хийгээчээ гээд яриад яваад байсан юм бэ? өнөөдөр хавтаст хэрэг дотор хувь чат нь байгаа. Би хавтаст хэрэгтээ танилцах үед Ггийн дансанд орж байгаа хаан болон голомт банкны дансны хуулгыг нь үзсэн. Өөрсдөө ч амаараа хэлж байсан. Гэхдээ хүний амаар хэлсэн зүйлийг өнөөдөр яриад яах вэ? уурлаад байх үед нь 80,000 төгрөг, 90,000 төгрөгөөр шилжүүлээд тэгээд тэр хүн нь нэг хэсэгтээ амаа хамхиад яваад байсан гэдгээ бид нар хоорондоо ярилцаж байсан. Бид нар давхар Г гэх нягтланг яагаад ингээд үгсэн хуйвалдсан. 80,000 төгрөг, 90,000 төгрөг ийн төлөө яагаад өнөөдөр байгууллагаа ийм их хэмжээний хохиролд учруулчхаад өнөөдөр юу ч болоогүй юм шиг би бараг нөлөөнд авсан гээд ийм зүйл яриад сууж байдаг юм бэ? энэ дээр манай байгууллагынхан маш их гомдолтой байгаа” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Т.П ШТС-42дугаартай газар шалгалт хийхэд нийт 58,656.611 төгрөг дутсан. Түүнээс 12,000,000 төгрөгийг Цэдэнсодном, Давгадорж нар төлсөн одоо 46,656,611 төгрөг үлдсэн учир хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “манай компани өдөр болгон орлогын мөнгөө банканд тушаадаг, тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн өдөр болгон тушаах ёстой орлогын мөнгө тухайн өдрөө биш хэд хоногийн дараа тушаагдаад яваад байсан. Тэгээд 2020 оны 01 сарын 17-н өдөр гэнэтийн шалгалт хийхэд тухайн мөнгө дутсан байсан. Тэгээд эрхлэгч Цэдэнсодном болон түгээгч нараас асуухад түгээгч Давгадорж эрхлэгч Цэдэнсодном нар нь байгууллагын мөнгийг хувьдаа завшин хүнд өндөр хүүтэй зээлүүлсэн тухайн мөнгөө олж авч чадахгүй нөгөө хүнээ олохгүй байгаа юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/,
Гэрч П.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “манай компани Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ШТС-42-н эрхлэгч Цэдэнсодном гэх хүн 2019 оны 11 дүгээр сарын 10-наас эхлээд банканд тушаах ёстой мөнгө тушаахгүй байсан. Тэгэхээр нь өөрөөс нь асуухад шинээр ажилд орсон түгээгч нар банканд орох ёстой бэлэн мөнгө дутаасан учир банканд тухайн мөнгийг нь тушаахгүй байгаа юм бүрдүүлж байгаад банканд тушаана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын дундуур 11 сарын тушаагаагүй байсан мөнгөө нөхөж хийсэн боловч 12 дугаар сарын мөнгө тушаагдаагүй. Тэгэхэд нь Ц чи банканд тушаах ёстой бэлэн мөнгөө дутуугаар нь хурдан тушаагаадах гэж хэлэхэд мөнгө тушаасан түгээгч зээл авч байгаа өнөөдөр бүтнэ тэгэхээр нь бүрэн болгоод энэ 7 хоногт багтаагаад тушаана гэж хэлсэн. Түүнээс хойш тушаахгүй байхаар нь дахиж нэхэхэд Улаанбаатар хотод ирчихсэн байна, эмнэлэгт байна, зодолдоод цагдаа дээр байна бэлэн мөнгө сейфэнд байгаа, очоод тушаана гэх мэтээр ярьдаг байсан. тэгээд болохгүй байхаар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр удирдах албан хаагч нарт мэдэгдээд гэнэтийн шалгалт хийхээр Улаанбаатар хотоос Ханбогд суманд байрлах Т.П ШТС-д ирэхэд шалгалтаар 58,656,611 төгрөг дутсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн мөнгийг яасан талаар Цэдэнсодномоос асуухад хүнд зээлдүүлчхээд алдчихсан тухайн хүнээ олохгүй байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,
Ц.Ц ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/,
Э.Д ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43-р хуудас/,
Т.П ШТС-42 салбарт гарсан төлбөрийн акт /1-р хх-ийн 15-16-р хуудас/,
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 123-127-р хуудас/,
“Т.П” ХХК-ийн захирлын тушаал, Э.Д , Ц.Ц нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн тайлан /1-р хх-ийн 113-122-р хуудас/,
Яллагдагч Ц.Ц ын мэдүүлэг /1-р хх-ийн 53-54-р хуудас/,
Яллагдагч Э.Д ийн мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/,
Ц.Ц ын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 58-60, -р хуудас/,
Ц.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 65-р хуудас/,
Ц.Ц ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 76, 89-96 -р хуудас/,
Э.Д ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 61-63-р хуудас/,
Э.Д ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64-р хуудас/,
Э.Д ийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 68-72, 78-88-р хуудаст/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Э.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хоронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Т.П ШТС-42 салбарын нефть хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа нефть хангамжийн эрхлэгч, нярав Ц.Ц той бүлэглэн Т.П ХХК-иас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3,656,611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55,000,000 төгрөгийг завшиж, бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээ болох их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Т.П ШТС-42 салбарын нефть хангамжийн эрхлэгч, нярваар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, нефть хангамжийн операторчин Э.Д той бүлэглэн Т.П ХХК-иас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3,656,611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55,000,000 төгрөгийг завшиж, бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээ болох их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц , Э.Д нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Б.Аюушийн: “2020 оны 01 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Т.П ШТС-42дугаартай газар шалгалт хийхэд нийт 58,656.611 төгрөг дутсан. Түүнээс 12,000,000 төгрөгийг Ц, Д нар төлсөн одоо 46,656,611 төгрөг үлдсэн учир хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30-р хуудас/,
Б.А гэрчээр өгсөн: “манай компани өдөр болгон орлогын мөнгөө банкинд тушаадаг, тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн өдөр болгон тушаах ёстой орлогын мөнгө тухайн өдрөө биш хэд хоногийн дараа тушаагдаад яваад байсан. Тэгээд 2020 оны 01 сарын 17-н өдөр гэнэтийн шалгалт хийхэд тухайн мөнгө дутсан байсан. Тэгээд эрхлэгч Цэдэнсодном болон түгээгч нараас асуухад түгээгч Д эрхлэгч Ц нар нь байгууллагын мөнгийг хувьдаа завшин хүнд өндөр хүүтэй зээлүүлсэн тухайн мөнгөө олж авч чадахгүй нөгөө хүнээ олохгүй байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/,
Гэрч П.Ггийн: “манай компани Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ШТС-42-н эрхлэгч Цэдэнсодном гэх хүн 2019 оны 11 дүгээр сарын 10-наас эхлээд банкинд тушаах ёстой мөнгө тушаахгүй байсан. Тэгэхээр нь өөрөөс нь асуухад шинээр ажилд орсон түгээгч нар банкинд орох ёстой бэлэн мөнгө дутаасан учир банкинд тухайн мөнгийг нь тушаахгүй байгаа юм бүрдүүлж байгаад банкинд тушаана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын дундуур 11 сарын тушаагаагүй байсан мөнгөө нөхөж хийсэн боловч 12 дугаар сарын мөнгө тушаагдаагүй. Тэгэхэд нь Ц чи банкинд тушаах ёстой бэлэн мөнгөө дутуугаар нь хурдан тушаагаадах гэж хэлэхэд мөнгө тушаасан түгээгч зээл авч байгаа өнөөдөр бүтнэ тэгэхээр нь бүрэн болгоод энэ 7 хоногт багтаагаад тушаана гэж хэлсэн. Түүнээс хойш тушаахгүй байхаар нь дахиж нэхэхэд Улаанбаатар хотод ирчихсэн байна, эмнэлэгт байна, зодолдоод цагдаа дээр байна бэлэн мөнгө сейфэнд байгаа, очоод тушаана гэх мэтээр ярьдаг байсан. тэгээд болохгүй байхаар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр удирдах албан хаагч нарт мэдэгдээд гэнэтийн шалгалт хийхээр Улаанбаатар хотоос Ханбогд суманд байрлах Т.П ШТС-д ирэхэд шалгалтаар 58,656,611 төгрөг дутсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн мөнгийг яасан талаар Ц-оос асуухад хүнд зээлдүүлчхээд алдчихсан тухайн хүнээ олохгүй байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,
“Т.П” ХХК-ийн ШТС-42 салбарт гарсан төлбөрийн акт /1-р хх-ийн 15-16-р хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/47 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 123-127-р хуудас/, Шүүгдэгч Ц.Ц , шүүгдэгч Э.Д нарын “Ы” ХХК-д гаргасан тайлбарууд /1хх-ийн 19-20-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 44-47-р хуудас/, яллагдагч Ц.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 53-54-р хуудас/, яллагдагч Э.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/, “Т.П” ХХК-ийн захирлын тушаал, Э.Д , Ц.Ц нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн тайлан /1-р хх-ийн 113-122-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр тухайн эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц , Э.Д нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Т.П” ХХК-ийн ШТС-42 салбарын нефть хангамжийн эрхлэгч нярав, нефть хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа “Т.П” ХХК-ийн нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахгүйгээр хувьдаа завшиж нийт 58,656,611 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох гэмт үйлдэл байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж зааснаар шүүгдэгч Ц.Ц , Э.Д нарын учруулсан хохирол 50.000.000 төгрөгөөс дээш байх тул их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Ц.Ц ыг “Т.П” ХХК-ийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/2019/0460 дугаар тушаалаар нефть хангамжийн эрхлэгч няраваар, шүүгдэгч Э.Д ийг “Т.П” ХХК-ийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/2019/0487 дугаар тушаалаар ШТС-42-д нефть хангамжийн операторчноор тус тус томилжээ. /1хх-ийн 113, 116-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Ц ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Ц , Э.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас “Т.П” ХХК-д нийт 58,656,611 /тавин найман сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ц , Э.Д нар нь 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц , Э.Д нараас 46,656,611 /дөчин зургаан сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т.П” ХХК-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь хохирогчид 12,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Ц , Э.Д нараас 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “... эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Ц , Э.Д нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 64-65-р хуудас/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Д ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ц.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тус тус санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан бүлэглэж хөрөнгө завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Д ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Д ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Д ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Д ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц , Э.Д нараас 46,656,611 /дөчин зургаан сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т.П” ХХК-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц , Э.Д нараас 6,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогчид 12,000,000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц , Э.Д нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ