Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

  

 

 

 

 

 

2022 оны  01 дүгээ   04ний өдөр            Дугаар                  2022/ШЦТ/­­­­04                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Б  холбогдох 2129000000156 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 2 дугаар баг, Өгөөмөрийн 117 тоотод иргэн Б.Хыг зодож, улмаар Б.Х  биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, 3 шүд унасан, дээд уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Б.Х : “...би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...Дашням гэдэг найзыгаа дуудаад машинаа бариулаад гэрийн гадаа машинаа тавьчхаад такси дуудаад найз Бгийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 2 дугаар баг, Өгөөмөрийн 117 тоот гэрт нь очихдоо би нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч очоод бид гурав хувааж уусан. Тухайн үед Дашням ажил гарчихлаа, ажлаа амжуулчхаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр архи хувааж ууж байгаад би согтоод тасарчихсан, юм санахгүй байгаа юм... нэг мэдэхэд Б миний дээр гарчихсан намайг зодож байсан. Миний үүдэн талын гурван шүд унасан байсан. Н.Б  надад эмчилгээний зардал гэж 2,200,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10-р хуудаст/,

Гэрч О.Д : “би 2021 оны 11 сарын 16-ны өдөр ...Х над руу залгаад уулзъя би хүрээд очъё гээд манайд такси аваад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр уулзаад дэлгүүр орж 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад бид хоёр хувааж уучхаад орой 21 цагийн үед найз Бтэй уулзах гээд замаараа дэлгүүр ороод 0,75 литрийн Ерөөл архи нэгийг аваад Бгийн гэрт нь очоод бид гурав хувааж уугаад сууж байгаад... явчхаад архи аваад эргээд ирсэн чинь Б гэрийнхээ үүдэнд гар нь цус болчихсон сууж байхаар нь “чи яасан юм бэ” гэсэн чинь дуугарахгүй байхаар нь цаашаа өрөө рүү орсон чинь Х цаашаа харчихсан хэвтэж байхаар нь дуудаад нүүрэн дээрх цусыг нь жоохон арчиж өгчхөөд би Хыг дагуулаад гарах гэсэн чинь гэрийн үүдэнд Бтэй таарчхаад Б Х хоёр дахиад муудалцах гээд “байж бай учраа олоодохъё” гээд хэрэлдэх гээд байхаар нь ...Хыг дагуулаад явсан... бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 627 дугаартай “1. Б.Х  биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, 3 шүд унасан, дээд уруулын язарсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гурван шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.”  гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20-р хуудаст/,

Яллагдагч Н.Б гийн: “...би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 2-р баг, Өгөөмөрийн 117 тоотод ажилтай байх хугацаандаа түрээсээр байдаг гэртээ байж байгаад орой 18 цаг өнгөрч байх үед 0,2 литрийн Хараа нэртэй архи авч уучхаад унтах гээд хэвтэж байсан. Дашням, Х хоёр нэг шил 0,75 литрийн Хараа архи аваад ирсэн. Тэгээд бид гурав хувааж ууж дуусгаад дахиж нэг шил архи ууж байгаад би тасарчихсан сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд би Хтай орон дээр зодолдоод хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудаст/,

Шүүгдэгч Н.Б гийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 27, 30-33, 44-р хуудаст/,

Н.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 28-р хуудаст/,

Н.Б гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 35-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 2 дугаар  баг, Өгөөмөрийн 117 тоотод иргэн Б.Хыг зодож, улмаар Б.Х  биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, 3 шүд унасан, дээд уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б гийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х  эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Б  нь хохирогч Б.Х  биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, 3 шүд унасан, дээд уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Б.Х  биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 627 дугаартай “1. Б.Х  биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, 3 шүд унасан, дээд уруулын язарсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гурван шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20-р хуудас/ болон бусад баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бгээс хохирлын мөнгө 2,200,000 төгрөг авч 3 шүдээ янзлуулсан, одоо хохирол, гомдолгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Н.Б г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч хохирогч Б.Хт 2.200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь хохирол, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Н.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б  урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 28-р хуудас/,

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Б.Хт 2.200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь хохирол, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАТМӨНХ