Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2022/0007/Э |
Дугаар | 2022/ШЦТ/07 |
Огноо | 2022-01-06 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/07 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Иргэний нэхэмжлэгч: Ж.Л,
Шүүгдэгч: О.Ж нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ж холбогдох эрүүгийн 2129000300140 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Жнь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ханбогд сумын Ж.Т 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 105 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Лексус эйч эс 250 эйч” маркийн 2*-7* У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 13.1, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Г жолоодож явсан 40-79 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 23-** У** улсын дугаартай Нордбенз маркийн, М.Н жолоодож явсан 09-** ** улсын дугаар бүхий чиргүүлтэй, 09-** У** улсын дугаартай Шанши маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хажуудаа зорчин явсан Ц.Мбиед хүзүүний 5, 6 дугаар нугаламын хугарал, мултрал, зүүн алганд шарх гэмтэл бүхий” хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ж холбогдох эрүүгийн 2129000300140 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ж Мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би 90 ороод хүнтэй уулзах гээд явсан. Гарахдаа М ахыг аваад ханиндаа гарсан. Тэгээд гарахдаа 1 том пиво аваад замдаа уусан. Тэгээд зарим зүйлийг санахгүй байгаа. Нэг мэдсэн аваарт орсон байсан. Би ажилд орохоороо иргэний нэхэмжлэгч Ж.Лгийн хохирлыг төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Л гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Би машиныхаа үнэлгээг 20 гаруй сая төгрөгөөр тооцоолоод байгаа. Гэхдээ одоо миний машин бүрэн 100 хувь болж чадаагүй байгаа. Тэгээд энэ хүн архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодож явснаас болж ийм зүйл үүссэн. Ер нь бол энэ хүнтэй өнөөдөр л уулзаж байна. Өмнө нь ямар хүн байдаг юм гэсэн чинь өвчтэй байгаа гэсээр байгаад өнөөдөр энэ хүнтэй анх удаа нүүр тулж уулзаж байгаа. Надад нэг ч төгрөгийн хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Машинд хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Автомашинд хийсэн үнэлгээгээр автомашинд учирсан хохиролд 9.013.000 төгрөг, автомашинд техникийн оношлогоо хийлгэсэн 33.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 420.000 төгрөг, эвдэрсэн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөсөн зардалд 3.380.000 төгрөг, машинд засвар хийсэн зардалд 800.000 төгрөг, нийт 13.646.000 төгрөгийг шүүгдэгч О.Ж нэхэмжилж байна гэв.
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 22-39 дэх тал/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Л гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ө.И өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Т.Т.Ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98-102 дахь тал/,
-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1282 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” хавтаст хэргийн 108-110 дахь тал/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” хавтаст хэргийн 113-116 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-126 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 127-147 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ж.Л гийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 165-168 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ж холбогдох эрүүгийн 2129000300140 дугаартай хэргийг хянан хэлэлцэхэд:
Шүүгдэгч О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ханбогд сумын Ж.Т 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 105 дахь километрт “Лексус эйч эс 250 эйч” маркийн 2*-7* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 13.1-т “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Г жолоодож явсан 40-79 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 23-** *** улсын дугаартай Нордбенз маркийн, М.Н жолоодож явсан 09-** ** улсын дугаар бүхий чиргүүлтэй, 09-** У** улсын дугаартай Шанши маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хажуудаа зорчин явсан Ц.М биед ”зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгээр их бага төвгөр дайрч бяцарсан зөрөө ихтэй олон тооны ясны сэлтэрхийт хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн талын сүүжний тогооны зөрөө багатай ацетабул ар дээд хэсгээр сэлтэрсэн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний диафизийн дээд 3/1-н зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 22-39 дэх тал/,
-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М“...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал манай төрсөн эгч Долгорын хүргэн Жаргалсайхан манайд орж ирээд хамт 90-н гуанз руу явж хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь би зөвшөөрөөд манайхаас гарсан. Тэгээд нэг мэдсэн осолд орчихсон гадаа хэвтэж байсан. Миний бие тааруу байгаа тул өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г өгсөн “...Шөнийн 00 цагийн үед нүүрс тээврийн замын 105 дахь километр өнгөрөөд өгсөж гарч ирээд явж байтал урдаас эсрэг урсгалд явсан шаланзыг нэг жижиг тэрэг нэлээн хурдтай гүйцэж түрүүлж гарч ирээд даялаад шарваж байгаа юм шиг миний машины кабин хэсэгтэй зөрөөд өнгөрөхөөр нь толиндоо хартал нэг юм манс гээд явчихсан Тэгээд нэг юм битүү дуу пүг гээд гарахаар нь тоормосоо гишгэтэл тоормос ажиллахгүй байсан Тэгээд цааш нэлээн яваад хий нь дуусаад өнхөрч байгаад өөрөө зогссон. Машинаас буугаад юу болов оо гээд хартал чиргүүлийн хойд талын тэнхлэг байхгүй шланкууд нь унжсан байдалтай байхаар нь хойш хартал нилээн зайтай машины гэрэлд зам дээр тэнхлэг салж унасан, осол болсон байдалтай жижиг машинаас утаа гарч харагдахаар нь хойшоо гүйж очтол нэг хүн урдаас ‘Хурдлаарай, гүйгээрэй" гэж байсан шланзны жолооч байсан байх, жижиг тэрэг ертөнцийн зүгээр замын зүүн талд хөндлөн шидэгдсэн байдалтай нэг шланк жолооч талаасаа мөргүүлсэн шланзны толгой нь замаас баруун тийш гарч хаачилсан байдалтай замын голын цагаан зураасан дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан, шланкны жолооч гараад ирчихсэн байсан...зЗамын голд хэвтэж байсан эрэгтэйгээс архи үнэртэж байсан гэж тэнд байсан жолооч нар хэлэхээр нь би настай хүнээс нь "Хаашаа явж байгаа юм бэ. та хоёр архи уусан юм уу" гэхэд нэг пиво уусан гэж байсан.’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд М.Н өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 12-13-ны шилжих шөнийн 00 цагийн үед нүүрс тээврийн замын 105-106 дахь км-ийн багцаанд баруун гар тал руугаа бага зэрэг дугуйрсан замд явж байсан, миний урд 30 гаран метрийн зайтай нэг нүүрстэй шланз явж байсан. Тэгтэл гэнэт нэг жижиг тэрэг эсрэг урсгалаас замын хөвөөн дээрээс дугуйрч их хурдтай гарч ирээд миний урд явж байсан машины чиргүүлийн арын дугуйг зөв талаараа буюу жолоочийн эсрэг талаараа мөргөөд тэр эрчээрээ хөндөлсөөд жолооч талаараа ороод ирэхээр нь би баруун дарахтай зэрэгцээд уг жижиг тэрэг миний машины зөв талын урд булангаас маш хүчтэй мөргөсөн. Тэгээд миний машин жолоодлогогүй болоод замын баруун гар тал руу гарч чиргүүлийн хойд хэсэг зам дээр зогссон. Бууж ирээд харахад намайг мөргөсөн суудлын автомашин засмал замын зүүн талд баруун тийш харж зогссон замын гол хэсэгт эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байхаар нь очиж уг хүнийг дээш нь харуулахад ухаан алдсан амнаас нь цус гарсан байдалтай байсан Тэгээд урд машин руу харахад жолооч нь ирж байгаа харагдсан. Тэгээд би хурдлаарай гэж орилсон тэгтэл суудлын машин дотроос хүн хашгирч байхаар нь машин руу гүйж очоод ард талын хаалгыг нь онгойлгоход нэг настайвтар хүн байсан. Зүүн нүдний орчмоос нь цус гарсан байсан ‘Та зүгээр үү" гэхэд “юу боловоо” гэж байсан. Тэгээд тэр хүнийг машинаас гаргаж хойд хаалганы харалдаа орхичихоод буцаад ухаангүй хүн дээрээ очиход зүрх нь цохилж, амьсгалж байсан. Тэгээд урд талын машины жолоочийг түргэн дууд говийн зам руу мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэр залуу дуудлага өгч байсан тэгээд би машинаасаа ослын тэмдгүүд гаргаж ачаатай тал дээр байрлуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Т.Т.Ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хөгсөн “...Уг тээврийн хэрэгсэл нь “Т.Т.Ш” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр урдаас нь суудлын тээврийн хэрэгсэл мөргөж хойд тэнхлэгийн 2 дугуй нь буудаж, тэнхлэг салсан. Уг 23-** *** улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд гэмтлийн хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Уг 23-** *** улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
-2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1191 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1282 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” хавтаст хэргийн 108-110 дахь тал/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” хавтаст хэргийн 113-116 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Ж өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би эхнэрийг ажилдаа явах автобусанд нь 20 цагт суулгаж өгчихөөд Нийслэл билүү Боргио билүү хүрэн савтай 2 литрийн пиво 1 ширхэгийг худалдаж аваад гэртээ ганц нэг татаад дээрээс нь ууж байгаад ...ууж байсан пивоо ард нь хийгээд бид хоёр 21 цагийн үед Ханбогд сумаас гарсан. Замдаа зогсолгүй явсаар 90 дэх километр руу нэлээн дөхөж явсан чинь миний явж байсан урсгалд 2 шланз ар араасаа явж байсан. Нэг шланзыг нь гүйцэж түрүүлээд тэр 2 шланзын голд ороод урдах шланзыг гүйцэж түрүүлэх гэтэл урдаас нэг машины гэрэл харагдаж байхаар нь энийг өнгөрөөд гүйцэж түрүүлнэ гэж бодож байсан тэгээд тэр машиныг өнгөрөөд гүйцэж түрүүлнэ гэж бодож байсан тэгээд тэр машиныг өнгөрөөгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл урдаас шланзны гэрэл халз ороод ирсэн тэгээд баруун гар талруугаа дарсан тэгээд тас гээд мөргөлдсөн тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ...би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-126 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна үзлээ.
Харин шүүгдэгч О.Ж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.М“...би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би нойрмог байсан учир О.Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг сайн мэдэхгүй байна” гэх, гэрч Н.Г өгсөн “...тэр замын голд хэвтэж байсан эрэгтэй хүнээс архи үнэртэж байна гэж тэнд байсан жолооч нар хэлэхээр нь тэр настай хүнээс хаашаа явж байсныг нь асуухад хойно нэг айлд очих гээд явж байсан гэсэн та хоёр яасан юм бэ архи дарс уусан юмуу гэсэн чинь яг хэнийг гэж хэлээгүй нэг пиво уусан гэж байсан...” гэх мэдүүлгүүд зөрүүтэй байхад гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан гэж зөвхөн “архи үнэртэж байсан” гэх гэрчийн “үнэрлэх мэдрэмж”-дээ үндэслэсэн мэдүүлэгт тулгуурлан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг илтэд нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд согтуурсан, мансуурсан болохыг мэдүүлгээс гадна объектив байдлаар, тухайлбал цус, шээснээс дээж авч шинжилгээ хийх, драйгер багаж үлээлгэх зэргээр согтуурал, мансуурлын хэмжээг давхар нотлоогүй, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар шүүгдэгч О.Ж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэх үедээ “согтуурсан” гэж хүндрүүлэн үзэхэд эргэлзээ үүссэн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон болно.
Мөн шүүгдэгч О.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би эхнэрийг ажилдаа явах автобусанд нь 20 цагт суулгаж өгчихөөд Нийслэл билүү Боргио билүү хүрэн савтай 2 литрийн пиво 1 ширхэгийг худалдаж аваад гэртээ ганц нэг татаад дээрээс нь ууж байгаад ...ууж байсан пивоо ард нь хийгээд бид хоёр 21 цагийн үед Ханбогд сумаас гарсан...” гэж мэдүүлж байгаа боловч түүний гаргасан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан тул шүүгдэгчийг яллах үндэслэл гэж шүүх үзээгүй болно.
Иймд шүүгдэгч О.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2129000300140 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татах тухай” тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай яллах дүгнэлтэд: “Ц.М биед хүзүүний 5, 6 дугаар нугаламын хугарал, мултрал, зүүн алганд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн” гэж, шүүгдэгч О.Ж биед учирсан гэмтэл хохирлыг хохирогч Ц.М биед учирсан гэмтэл, хохирол мэтээр андууран бичсэн байгааг дурдах нь зүйтэй ба шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотолж, хохирогч Ц.Мбиед учирсан хохирлыг зөвтгөж, шийдвэртээ тусгасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Ц.М биед “зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгээр их бага төвгөр дайрч бяцарсан зөрөө ихтэй олон тооны ясны сэлтэрхийт хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн талын сүүжний тогооны зөрөө багатай ацетабул ар дээд хэсгээр сэлтэрсэн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний диафизийн дээд 3/1-н зөрүүтэй хугарал” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 86-87 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Ц.Мыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 48 дахь тал/
Хохирогч Ц.М нь шүүгдэгч О.Ж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогч Ц.Ммөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “Цэдэн-Иш овогтой М миний бие хүргэн Жаргалсайхантай зам тээврийн осолд орсон. Жаргалсайханаас нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 173 дахь тал/
Иймд хохирогч Ц.М нь шүүгдэгч О.Ж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох ялтан О.Ж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Иргэний нэхэмжлэгч И_Ө учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Шүүгдэгч О.Ж зам тээврийн осол гарах үед унаж явсан “Лексус эйч эс 250 эйч” маркийн 2*-7* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн И.Ө болох нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч И.Өн өгсөн “...уг 2*-7* УНГ улсын дугаартай Лексус-250 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сард “Дарь финанс” ББСБ-ын зээлээр худалдаж авсан ба одоо уг “Дарь финанс” ББСБ-ын зээлийг төлж барагдуулж дууссан ба миний өөрийн эзэмшил өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг болон “Дарь финанс” ББСБ-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/256 дугаартай “иргэн И_Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2*-7* УНГ улсын дугаартай Lexus HS250H маркийн автомашины зээлийн үлдэгдэлгүй болох нь үнэн болно” гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 61-63 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор И.Өсөх-Ирээдүйг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 59 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч И.Ө “Лексус эйч эс 250 эйч” маркийн 2*-7* УНГ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэлд нийт 21.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 113-115 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч И.Ө нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад 2*-7* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд иргэний нэхэмжлэгч И.Ө нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Иргэний нэхэмжлэгч “Т.Т.Ш” ХХК-д учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Зам тээврийн осол болох үед шүүгдэгч О.Ж унаж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирол учирсан Н.Г жолоодож явсан 40-79 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь “Т.Т.Ш” ХХК-ийн эзэмшил, өмч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч Э.Хөгсөн “...уг тээврийн хэрэгсэл нь “Т.Т.Ш” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42, 67-68 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Т.Т.Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тухайн хуулийн этгээд нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 64 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч “Т.Т.Ш” ХХК нь тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтлийн хохирлын үнэлгээ хийлгэхгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...уг 23-** *** улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Уг 23-** *** улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг болон “Т.Т.Ш” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21/49 дугаартай “Тус компанийн эзэмшлийн 23-** *** улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгсэл нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Гашуун сухайт авто замын 105 дахь километрт 2*-7* УНГ улсын дугаартай Lexus маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осолд компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй болно” гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 67-68, 70 дахь тал/
Иймд иргэний нэхэмжлэгч “Т.Т.Ш” ХХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Иргэний нэхэмжлэгч Ж.Лд учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Зам тээврийн осол болох үед шүүгдэгч О.Жунаж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирол учирсан М.Н жолоодож явсан 09-** *** улсын дугаар бүхий чиргүүлтэй, 09-36 УНЯ улсын дугаартай Шанши маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ж.Лгийн эзэмшил, өмч болох нь “Ж.Ю.МХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “тус компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг 09-36 УНЯ улсын дугаартай Шакман маркийн автомашины эзэмшигч нь ДВ68111011 регистрийн дугаартай Ж.Л мөн...” гэх албан бичиг болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Лгийн гаргасан “...09-** *** улсын дугаар бүхий чиргүүлтэй, 09-36 УНЯ улсын дугаартай Шанши маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмч бөгөөд тухайн машиныг би ХААН банкны зээлээр худалдан авсан ба нүүрс тээвэрт явуулахын тулд “Ж.Ю.МХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан ба осол гарснаас хойш “Б.Н” ХХК, “М.Б.Т” ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлж нүүрс тээвэрт явуулж байна...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүхээс “тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй ба тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй учраас “...Шанши маркийн 09-36 УНЯ улсын дугаартай, 09-** *** улсын дугаар бүхий чиргүүлтэй, тээврийн хэрэгслийг иргэн Ж.Лгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзэж” шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэгчийг сольж, иргэн Ж.Лг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно. /хавтаст хэргийн 56-58 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.Лгийн “Шанши” маркийн 09-** *** улсын дугаар бүхий чиргүүлтэй, 09-36 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 9.013.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1282 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байхаас гадна иргэний нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Автомашинд хийсэн үнэлгээгээр автомашинд учирсан хохиролд 9.013.000 төгрөг, автомашинд техникийн оношлогоо хийлгэсэн 33.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 420.000 төгрөг, эвдэрсэн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөсөн зардалд 3.380.000 төгрөг, машинд засвар хийсэн зардалд 800.000 төгрөг, нийт 13.646.000 төгрөгийг шүүгдэгч О.Ж нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүгдэгчээс нэхэмжилсэн. /хавтаст хэргийн 108-110 дахь тал/
Шүүх иргэний нэхэмжлэгч Ж.Лгийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нийт 13.646.000 төгрөгийг “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1282 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан” болон хавтаст хэрэгт авагдсан гүйлгээ хийсэн мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгаар нотлогдож байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж гэм хорын хохиролд нийт 13.646.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Лд олгохоор шийдвэрлэлээ. /хавтаст хэргийн 108-110, 165-168 дах тал/
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч О.Жнь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ханбогд сумын Ж.Т 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 105 дахь километрт “Лексус эйч эс 250 эйч” маркийн 2*-7* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 13.1-т “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Г жолоодож явсан 40-79 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 23-** *** улсын дугаартай Нордбенз маркийн, М.Н жолоодож явсан 09-** *** улсын дугаар бүхий чиргүүлтэй, 09-36 УНЯ улсын дугаартай Шанши маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хажуудаа зорчин явсан Ц.Мбиед ”зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгээр их бага төвгөр дайрч бяцарсан зөрөө ихтэй олон тооны ясны сэлтэрхийт хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн талын сүүжний тогооны зөрөө багатай ацетабул ар дээд хэсгээр сэлтэрсэн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний диафизийн дээд 3/1-н зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч О.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналын хүрээнд, харин тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Ж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг буюу эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт үйлдлийнх нь улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэж обьектив байдлаар тайлбарлагдаг хууль зүйн ойлголт юм.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаар бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч О.Ж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтад хамаарч байгаа хэдий ч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн зүгээс “иргэний нэхэмжлэгч Ж.Лд учирсан 13.646.000 төгрөгийн хохирлыг ажилд орохоороо төлнө” гэсэн тайлбарыг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь шүүгдэгчийн “ажилд орохоороо хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин төлбөрийн чадвартай болохоо нотолж хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр гаргасан санал нь бодитойгоор биелэгдэх боломжтой, төлөх эх сурвалжаа тодорхойлсон, мөн хэзээ, хаана, ямар ажилд орж эх үүсвэртэй болохоо тодорхойлсон тохиолдолд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч О.Ж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй болно. Хэрэв шүүгдэгч шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж байх хугацаанд өршөөлд хамаарах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан дээрх хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах эрх нь нээлттэй бөгөөд шүүхийн энэхүү дүгнэлт түүний эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, О.Ж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч О.Жг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Ж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Хохирогч Ц.М, иргэний нэхэмжлэгч И.Ө, иргэний нэхэмжлэгч “Т.Т.Ш” ХХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж гэм хорын хохиролд нийт 13.646.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Л /РД:ДВ68111011/-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох ялтан О.Ж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН