| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/02849/И |
| Дугаар | 101/ШШ2017/02548 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/02548
2017 оны 08 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2017/02548 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * байр, * тоотод оршин суух, 40 настай, эрэгтэй, С овогт Ө Ө /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * гудамж, * тоотод оршин суух, 52 настай, эмэгтэй, Б овогт Л Г /********/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний бие иргэн Л.Гд 1 000 000 төгрөг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10%-ийн хүүтэй харилцан тохиролцож зээлүүлсэн болно. Би Баянзүрх дүүргийн * хороонд байрлах Ч кафе түрээсэлж ажиллуулдаг. Иргэн Л.Г нь Баянзүрх дүүргийн захад ногоо болон жимсний наймаа эрхэлдэг. Манай кафе Баянзүрх захын яг хажууд нь оршдог тул тус захынхан ихэнх нь манайхаар үйлчлүүлдэг. Тухайн үед ажил дээр орж ирээд ногооны эргэлтийн мөнгө багадаад байна, эгчдээ мөнгө зээлдүүлээч гэж гуйхаар нь тус болоод ямар ч барьцаагүйгээр өгсөн чинь өгөлгүй одоо 2 жилийн нүүрийг үзэж байна. Энэ мөнгийг яаж авсан, яаж хэзээ эргүүлэн төлөх тухай утсан дээрээ бичиж баримтжуулсан. Иймээс Л.Ггаас миний зээлүүлсэн өөрийнх нь хэлсэн 1 сарын хүүтэй нь гаргуулж өгнө үү. Нийт 1 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Г 2003 оноос хойш эхлэн Ө.Өаас 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, хувийн бизнестээ зориулж хэрэглэж байсан. 2016 оны 12 сар хүртэл тасралтгүй мөнгө авч, хүүг хангалттай өгдөг байсан.
Нэхэмжлэл гаргасан 1 000 000 төгрөгийг 2015 онд биш 2014 онд авсан. 1 000 000 төгрөгийн хүүг сар болгон 100 000 төгрөгийг Ө.Өт өгдөг байсан. Ө.Ө, эхнэр Оюунгэрэл хоёр нь мөнгө хүүлэхдээ ямар ч үндэслэл, бичиг баримт байхгүй, мөнгийг авна гэсэн хэмжээгээр нь өгчихөөд хүүг нь маш сайн авна. Санасан хирээр хүүгээ хангалттай авчихаад сүүлд үндсэн мөнгөөрөө нэхэмжлэл гаргаж шүүхэд өгнө. Эхнэр Оюунгэрэл нь мөнгө авахдаа янз бүрийн ааш авир гаргадаг. Би 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч сар болгон 100 000 төгрөгийг Ө.Ө өгдөг байсан. Сүүлийн хэдэн сар л хүүг зогсоосон Сар болгон 100 000 төгрөгийг Ө.Өт хүү болгон өгч нийт 2 000 000 хагас мөнгийг өгсөн. Би 10 гаруй жил Ө.Өаас хүүтэй мөнгө зээлж хүүг нь маш сайн өгч, сайн найзууд, сайн түнш нь байлаа. Мөнгөнөөс болж эхнэр Оюунгэрэл нь олон удаа хэрүүл маргаан хийж удаа дараа зодож, мөнгөөр дарамталдаг, дүүг хүртэл удаа дараа зодсон, олон жил авсан хүүгээ одоо хүртэл зогсоогоогүй мөнгөө авч байгаа. Дүү Түмэн-Өлзийд 2 000 000 төгрөг өөрийн нэрэн дээр авч өгөөд 2 000 000 төгрөгийн хүү 3 200 000 төгрөгийг хүү болгон өгсөн боловч үндсэн 2 000 000 төгрөгөө авахаар нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн. Энэ шүүхийн шийдвэрийн мөнгийг би төлж байгаа. Дүү Түмэн-Өлзий бид хоёр 10 хувийн хүүтэй мөнгөний өрөнд орсон.
Мөнгө маш сайн авдаг мөртлөө ажлын местэн дээр ирж зодох, дарамтлах зэрэг авиргүй зан гарган дарамталсан.
Иймд Ө.Өын 1 000 000 төгрөгийг 2 000 000 хагас болтол хүүг нь төлсөн тул үндсэн 1 000 000 төгрөгийг боломжоороо төлнө. Надад төлөх боломж байхгүй. Би энэ 1 000 000 төгрөгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Ө нь хариуцагч Л.Гд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 1 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийг гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.
Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 1 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Хугацааны хувьд 2014 онд болон 2015 онд байдлаар зохигчид зөрүүтэй тайлбарлаж байх боловч тус гэрээний дагуу 1 000 000 төгрөг зээлдүүлсэн, зээлж авсан гэдэгтэй маргаагүй байна.
Дурдсан агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хэрэгжсэн байна. Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд хэлбэрийн хувьд гол нөхцөлийг талууд тохиролцон тогтоож амаар байгуулсан гэж үзнэ.
Зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөг зээлж авсан, хүүнд сар бүр 100 000 төгрөг төлсөн болон нийтдээ 2 000 000 гаруй төгрөг төлсөн гэж хариуцагч тал тайлбарлах боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргаагүй байна.
Зээлдүүлэгч гэрээний дагуу 1 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар зээлдэгч тал баримтаар нотлоогүй, тус төлбөрийг хэзээ хэрхэн буцааж төлсөн нь тогтоогдохгүй байх тул гэрээний үүргээ зээлдэгч тал биелүүлсэн гэж үзэх боломжгүй.
Иймд гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 18* зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд, зээлийн төлбөрийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.
Дурдсан үндэслэлээр зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 1 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй боловч тус төлбөрт хүү тооцон шаардах эрхээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар алдсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүүнд холбогдох шаардлага буюу 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Зээлдэгч тал 2 000 000 гаруй төгрөгийг буцаан шилжүүлснээ нотлоогүй боловч хүүнд 200 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэдгийг зээлдүүлэгч тал хүлээн зөвшөөрч тайлбарлаж байх тул ийнхүү буцаан шилжүүлсэн 200 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт товлосон бөгөөд зохигчид шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурж баримтжуулсан байна. Хариуцагч тус баримтанд шүүх хуралдаанд оролцохгүй талаар тэмдэглэн үлдээсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 11* зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ггаас 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Өт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 5* зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Л.Ггаас 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Өт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН