Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

 

2022 оны   01 сарын 10 өдөр                              Дугаар       2022/ШЦТ/09                                        

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ш.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох 1912007480040 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Б  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Б  “хамтран банз, мод худалдан борлуулж ашиг орлогоо хувааж авна” гэж хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж худалдан борлуулсан банз, модны орлогын мөнгө болох 1,500,000 төгрөгийг 2019 оны 07 сард иргэн С.Эоос, 2,000,000 төгрөгийг Ц.Бс 2019 оны 04 сард авч, Ц.Б д нийт 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б  мэдүүлэхдээ: “Ц.Б  бид хоёр Архангай аймагт хоёулаа гэрийн маань улсууд нас барсан их олон жил багын найзууд байсан. Тэгээд Ц.Б  намайг Өмнөговь явж би урьдын тэр асуудалд оролцоход модны аж ахуй нэгжид модны асуудлаар баривчилгаа авч байсан. Гарал үүслийн хүчингүй хугацаатай гэдгээр. Тэгээд намайг олон жил хийсэн чи өөрөө сайн мэдэх болохоор Өмнөговь руу намайг дагуулаад яваач гэж өөрөө хүсэлт гаргаад бид хоёр хамт явсан. Цогтцэцийд ирсэн цагаасаа Ц.Б  өөрийн банди, манай банди, дахиад суусан нөхрийнхөө банди гээд 3 банди авчирч бид нар Цогтцэций дээр Од буудалд 7 хоноод банз зарахад Ц.Б  өөрийнхөө хүүхэд, дагавар хүүхэд хоёроо хоёр хоног Од буудалд зогсоочхоод манай бандийг бүтэн 7 хоног бид нар банз зараад буцахад 200,000 төгрөг манай хүүхдэд өгөөд, өөрийн хоёр хүүхдэдээ хоёр хонуулаад тус бүр 400,000 төгрөг өгөөд буцаасан. Би Ц.Б аас 5 насаар ах. Би шувтан хаврын хавсарганд банз модыг нь зараад хамгийн сүүлд дугуй засварын Ц.Б, Э хоёрт өгсөн банз бол манай аймагт зүгээр хүн түлдэг, хагалсан хэмхэрсэн банз шилэгдээд өгсөн. Бид нар урт шаланзтай чиргүүлтэй машинтай ирсэн. Тэгээд тэрийг буцаагаад машин маань буулгаад бид хоёр Архангай руу авч явах аргагүй. Дээрээс нь бид хоёр хүн танихгүй учир Цогтцэцийд орхиод явах аргагүй. Тэгээд гадуур гүйж явж байж хүн амьтантай уулзаад Ц.Б гэдэг хүнд 2,000,000 төгрөгийн банзыг дан хугархай, хэмхэрхий тийм банз яваандаа заръя гээд очоод бандитайгаа бүх үлдсэн банзнуудыг Э Ц.Б хоёрт хувааж өгсөн. Ц.Батмөнхийн мөнгийг би 04 сард авсан. 03 сард бид нар ирж 3 удаа Цогтцэций рүү би өөрийн зардал мөнгөөр ирсэн. Зарсан тооцоонд Ц.Б  сүүлд авсан тооцоог оруулаагүй байсан. Манай банди Их Засаг төгссөн эрх зүйч мэргэжилтэй, ажил аймагт байхгүй болохоор иймэрхүү аргаар мөнгө ол гээд дагуулаад ирсэн надад уурлаад би 7 хоног шороон шуурганд зогсчхоод 200,000 төгрөг өглөө гэж уурлаад байсан энэ байдлаас болоод би хүүхдэдээ 500,000 төгрөг нэмж өгсөн. Дээрээс нь би Архангайд үнээр үнэлэгдэхээргүй банзыг Ц.Б, Э хоёрт өгсөн учраас үлдсэн хугархайг нь мөнгө болгоод өгч байхад надад ингэж хандсан. Тэгээд бид нар Цогтцэцийд ирээд буудал 1 хоногийн 60,000 төгрөг, хоол унд гээд бүх зардлыг надаас хасахаар энэ хүн надад дахиж мөнгө өгөхгүй юм байна гээд Архангайд надад тулж түших хүнгүй би 3 хүүхдээ хаяад аймагт ирсэн намайг огтхон ч бодоогүй учраас би тэр мөнгийг нь өгөөгүй. Сүүлдээ за яахав би буруу зүйл хийсэн юм байна. Хүний мөнгийг аваагүй учраас гээд Ц.Б д 2,200,000 төгрөгийг өгсөн. Тэгээд грүшк хийсэн хүүхэд Ц.Б  бид нар найзууд учраас чиний байдал хэцүү байна. Чи түрээсийн байр түрээслээд найз нь хүүхдийн туслахаар Турк руу явуулаад ажил хий бид хоёр хоёулаа найзууд юм чинь дараа нь өгөөрэй гээд манай хүүхдэд өөрөө мөнгө зээлүүлээд, өөрөө мөнгө төгрөг гаргаж өгөөд Турк руу явуулаад одоо манай хүүхэд очоод 2 жил корона гарахын өмнө Турк руу явсан. Манай хүүхэд одоо болтол ирж чадахгүй, зардалгүй Туркдээ байгаа. Би тэрний хагас өнчин 3 хүүхдийг хараад Ц.Б аас дэмий юм боллоо гээд одоо болтол намайг эргэж тойроод явж байдаг. Ийм байдлаас болоод би мөнгийг нь өгөөгүй. За яах вэ гээд буруу зөрүү зүйл гараад цагдаа сэргийлэх гээд яг 2,200,000 төгрөгийг коронагийн эхлэл үед аргалж өгсөн. Сүүлийн үед надад олдох мөнгө ч алга. Шал дэмий юм хийж өөрийгөө ч хүүхдээ ч зовоогоод ийм асуудалд орсондоо би гэмшиж байна гэв. Миний зүгээс ийм л тайлбартай байна. Би үнэхээр зарагдахгүй үлдсэн, шилэгдээд үлдсэн хугархай банзнуудыг Цогтцэций дээр Батбаяр гэдэг айлын хашаанаас би портероор нэг удаагийн 80,000 төгрөгөөр зөвхөн тэр хашаанаас гэхэд би 5 удаа зөөсөн. 1,900,000 төгрөгийн тэр хугарсан банзыг. Би өөрөө зөөж хураагаад Од буудлын хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэр хүмүүс бол нэг удаа ч гадаа гараагүй, жижиг тэрэгтэйгээ ирсэн. Би жижиг тэргийг нь бариад банз мод янзалчхаад сүүлд нь ийм байдалд орсондоо гэмшиж байна. Гэхдээ яалтчгүй миний багын найз нөхөд. Сүүлд нь гомдолгүй, саналгүй гэдгээ тодорхой гаргаж өгсөн. Одоо өөрөө надад хувиараа туслаад л явж байна. Яаж байна гээд л ийм л байдалтай байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Б ын: “Би иргэн Ш.Б тэй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр банз, шургааг ачаад нийт 9,364,370 төгрөгийг гаргаж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Бийн хамт борлуулсан. Үүнээс 2,045,630 төгрөгийн ашиг гаргаад бид хоёр хоорондоо ашгаас 60 хувийг би аваад Батмөнхөд 40 хувийг нь өгнө гээд эхний явалтаар 818,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дараагийн явалтад Архангай аймгийн Жаргалант сумаас банз, палк, прүүс зэрэг нийт 8,765,000 төгрөгийн эд зүйл авч явсан. Надаас нийт 15,693,860 төгрөг гарсан. Үүний ашиг нь 1,777,140 төгрөг Ш.Б өд 711.000 төгрөг өгсөн. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг С.Эод 2,000,000 төгрөгийн банк, дугуй засвар ажиллуулдаг Ц.Бд 2,000,000 төгрөгийн банз зээлээр үлдээгээд би Архангай аймагтаа ирээд байж байхад Ш.Б  нь банз зээлж үлдээсэн С.Эоос 1,500,000 төгрөг, Ц.Батмөнхөөс 2,000,000 төгрөг авчхаад надад аваагүй гээд худлаа ярьж залилж байгаа юм. уг хүмүүстэй би өөрөө холбоо барьж мэдсэн. Энэ талаар мэдсэнээс хойш Ш.Б өөс 2,200,000 төгрөг авсан одоо үлдсэн 1,300,000 төгрөгийг Ш.Б өөс гаргуулмаар байна.”, Ш.Б  нь намайг гомдол, саналгүй гээд бичээд өгчих хохирлыг чинь барагдуулаад өгье гээд одоог хүртэл өгөөгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудаст/,

Гэрч С.Эын: “Би 1.960.000 төгрөгийн банз авч байсан юм. Би төлбөрөө 2019 оны 07 дугаар сарын 08, 09-ны өдрүүдийн аль нэгэнд нь Батмөнх гээд эмэгтэйд 50,000 төгрөгийг бэлнээр өгөөд 1,450,000 мянган төгрөгийг би эхнэрийн хаан банкны данснаас Ш.Б  гэх хүний дансаар хийлгэсэн” .” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудаст/,

Гэрч Ц.Бийн: “Би нийт 2,000,000 төгрөгийн банк аваад мөнгийг нь төлсөн юм”, “би Батмөнх гэх эмэгтэйд бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн юм”, “би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр гэртээ мөнгийг нь бэлнээр өгсөн” .” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудаст/,

Яллагдагч Ш.Б ийн: “...банз зарж дуусаад тооцоо хийх болоход ашиг гэж надад 711,000 төгрөг өгсөн. Манай хүү 7 хоног туслах хийхэд 200,000 төгрөг өгсөн. Энэ байдлаас болоод Б надад ахиад мөнгө өгөхгүй гэсэн болохоор нь би Батмөнхөд банз зарсан 2,000,000төгрөгийг өгөөгүй. Банз зарж байх явцдаа Э гэх залууд 160 ширхэг банз, 20 ширхэг шургааг модыг 1,960,000 төгрөгөөр зээлээр өгсөн. Тэгээд мөнгө өгөхгүй байсан чинь Б намайг 7 сард явж авч ир гэхээр нь би ирж 1,450,000 төгрөгийг аваад Бд авсан гэж хэлсэн үлдэгдэл 500,000 төгрөгийг Б өөрөө Эоос авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудаст/,

Ш.Б ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 62-65, 69, 71-84, 86, 89, 113-р хуудас/,

Ш.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70-р хуудас/,

Ш.Б ийн арван хурууны дардас /хх-н 85-р хуудаст/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ш.Б  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Б  “хамтран банз, мод худалдан борлуулж ашиг орлогоо хувааж авна” гэж хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж худалдан борлуулсан банк, модны орлогын мөнгө болох 1,500,000 төгрөгийг 2019 оны 07 сард иргэн С.Эоос, 2,000,000 төгрөгийг Ц.Батмөнхөөс 2019 оны 04 сард авч, Ц.Б д нийт 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ш.Б ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

Хохирогч Ц.Б ын: “Би иргэн Ш.Б тэй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр банз, шургааг ачаад нийт 9,364,370 төгрөгийг гаргаж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Батмөнхийн хамт борлуулсан. Үүнээс 2,045,630 төгрөгийн ашиг гаргаад бид хоёр хоорондоо ашгаас 60 хувийг би аваад Батмөнхөд 40 хувийг нь өгнө гээд эхний явалтаар 818,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дараагийн явалтад Архангай аймгийн Жаргалант сумаас банз, палк, прүүс зэрэг нийт 8,765,000 төгрөгийн эд зүйл авч явсан. Надаас нийт 15,693,860 төгрөг гарсан. Үүний ашиг нь 1,777,140 төгрөг Ш.Б өд 711.000 төгрөг өгсөн. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг С.Эод 2,000,000 төгрөгийн банк, дугуй засвар ажиллуулдаг Ц.Батмөнхөд 2,000,000 төгрөгийн банз зээлээр үлдээгээд би Архангай аймагтаа ирээд байж байхад Ш.Б  нь банз зээлж үлдээсэн С.Эоос 1,500,000 төгрөг, Ц.Батмөнхөөс 2,000,000 төгрөг авчхаад надад аваагүй гээд худлаа ярьж залилж байгаа юм. уг хүмүүстэй би өөрөө холбоо барьж мэдсэн. Энэ талаар мэдсэнээс хойш Ш.Б өөс 2,200,000 төгрөг авсан одоо үлдсэн 1,300,000 төгрөгийг Ш.Б өөс гаргуулмаар байна.”, Ш.Б  нь намайг гомдол, саналгүй гээд бичээд өгчих хохирлыг чинь барагдуулаад өгье гээд одоог хүртэл өгөөгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудаст/,

Гэрч С.Э ын: “Би 1.960.000 төгрөгийн банз авч байсан юм. Би төлбөрөө 2019 оны 07 дугаар сарын 08, 09-ны өдрүүдийн аль нэгэнд нь Батмөнх гээд эмэгтэйд 50,000 төгрөгийг бэлнээр өгөөд 1,450,000 мянган төгрөгийг би эхнэрийн хаан банкны данснаас Ш.Б  гэх хүний дансаар хийлгэсэн” .” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудаст/,

Гэрч Ц.Бийн: “Би нийт 2,000,000 төгрөгийн банк аваад мөнгийг нь төлсөн юм”, “би Б гэх эмэгтэйд бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн юм”, “би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр гэртээ мөнгийг нь бэлнээр өгсөн” .” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудаст/,

Яллагдагч Ш.Б ийн: “...банз зарж дуусаад тооцоо хийх болоход ашиг гэж надад 711,000 төгрөг өгсөн. Манай хүү 7 хоног туслах хийхэд 200,000 төгрөг өгсөн. Энэ байдлаас болоод Б надад ахиад мөнгө өгөхгүй гэсэн болохоор нь би Бд банз зарсан 2,000,000төгрөгийг өгөөгүй. Банз зарж байх явцдаа Э гэх залууд 160 ширхэг банз, 20 ширхэг шургааг модыг 1,960,000 төгрөгөөр зээлээр өгсөн. Тэгээд мөнгө өгөхгүй байсан чинь Б намайг 7 сард явж авч ир гэхээр нь би ирж 1,450,000 төгрөгийг аваад Бд авсан гэж хэлсэн үлдэгдэл 500,000 төгрөгийг Б өөрөө Эоос авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Б  “хамтран банз, мод худалдан борлуулж ашиг орлогоо хувааж авна” гэж хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж худалдан борлуулсан банз, модны орлогын мөнгө болох 1,500,000 төгрөгийг 2019 оны 07 сард иргэн С.Эоос, 2,000,000 төгрөгийг Ц.Бс 2019 оны 04 сард авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Б ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б д учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ш.Б  нь гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Б ийг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Хохирогч Ц.Б  нь 2,200,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Ш.Б өөс 2,200,000 төгрөгийг авсан. Одоо 1,300,000 төгрөгийг харилцан тохиролцож авахаар боллоо.” гэх хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 106 дугаар хуудас/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б өөс 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б д олгох нь зүйтэй.

Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Ш.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгч Ш.Б  нь Б.Эрхэмболор хагас өнчин, Б.Хабул, Б.Есүй нарын асран халамжлагч үнэн болох нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 127 дугаар хуудас/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн, шүүгдэгч Ш.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б өд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 1,300,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүх шүүгдэгч Ш.Б ийг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан боловч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч заавал оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш.Бийг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б өөс 1,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 1,300,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ