| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00341/И |
| Дугаар | 102/ШШ2017/00830 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/00830
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00830 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5Б байр, 24 тоотод оршин суух, Бэсүд овогт Даваагийн Уугантуяа /РД:цв83072602/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-3 дугаар гудамж, 114 тоотод оршин суух, Сартуул овогт Нарангэрэлийн Ганбаяр /РД:хб84010619/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, аялалын зардал 1,600,000 төгрөгийг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Уугантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг /0020/, хариуцагч Н.Ганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Уугантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Уугантуяа нь 2001 оноос Н.Ганбаяртай гэр бүл болон хамтран амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд бид хоёр охинтой болсон бөгөөд том охин Г.Азжаргал 2003 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн, одоо 13 настай, Г.Аз-Учрал 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, одоо 7 настай. Хоёр хүүхэд маань хоёулаа сургуульд суралцаж байна. Нөхөр бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан бөгөөд залуугаасаа гэр бүл болж бие биенээ сайн таньж чадалгүй хүүхэдтэй болж улмаар миний аав ээжийн гэрт хамтран амьдрах болсон. Биднийг хамт амьдрах болсноос хойш нөхөр маань үе үе архи ууж, намайг зодож, жирэмсэн байх үед ч надад гар хүрч байсан, зарим үед аавд минь гар хүрдэг болсон. Би эмэгтэй хүнийхээ хувьд тухай бүрт нь тэвчээртэй хандаж, аав ээжийгээ бодон хэрүүл хийхгүй намжаахыг боддог байлаа. Сүүлдээ бүр ойрхон давтамжтай архи уудаг болж үргэлж гэр бүлийн дарамтан доор байнга хэрүүлтэй байдаг болсон. Мөн надтай гэр бүл болсоноос хойш үргэлж өөр эмэгтэй хүмүүстэй холбоо харилцаа тогтоон, гэрээс сайн дураараа явж салж байгаа нэрийн дор 7 хоногоос 2 сарын хугацаанд алга болж, энэ хугацаандаа өөр эмэгтэй хүнтэй явалдаж байсан. Эргээд уучлалт гуйн эвлэрэхийг хүсч, энэ байдал гэрлэлтийн хугацаанд хэдэн удаа давтагдсаныг хэлж мэдэхгүй байна. Сүүлдээ өөр эмэгтэйтэй харьцсан мессежийг нь том охин маань олж унштал “ээждээ битгий хэлээрэй” гэх зэргээр охиноо хүртэл дарамталсан. Тэр ч байтугай өмнө нь явалддаг байсан хүүхэн нь над руу хүртэл ярьж бидний амьдралд оролцдог байлаа. Би энэ бүх үйдлийг нь тэвчин тэссээр өнөөдрийг хүрсэн боловч одоо хүртэл энэ байдал нь засрахгүй, одоо хүртэл өөр хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаа холбоо тогтоосон, архи ууж ирээд хэрүүл хийн хэл амаар доромжлох нь хэрээс хэтэрлээ. Бид хоёр сүүлийн 3 жилийн турш огт дотно харилцаа байхгүй, нүүр нүүрээ харалцан хүн шиг ярилцаж ч чадахаа больсон. Одоо бид хоёр талд тустаа амьдарч байна.Тиймээс цаашид миний бие энэ хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй болоод байгаа учраас гэр бүлээ цуцлуулан, хоёр охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, дундаасаа гэр бүл болсноос хойш цалингийн зээлээр машин худалдаж авсан, одоо зээл сүүлийн жилдээ орсон байна. Мөн хамтдаа Дубай руу аялсан аяллын зардлын үлдэгдэл 1,600,000 төгрөгийн өртэй байна. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгө болох машинаас надад болон хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах, Дубай аяллын үлдэгдэл өр 1,600,000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Уугантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай асуудлаараа эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд одоо зөвхөн шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн харилцааны цаана үр хүүхдүүдийн асуудал үргэлжилж байгаа тул энэ дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Хүүхдүүдийг хооронд нь байнга уулзуулж байх хэрэгтэй. Хүүхдийн асуудал эмзэг байдаг. Гэрээгээр эдгээр бүхий л асуудлаа тохирч байгаа тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Н.Ганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан эхнэр Д.Уугантуяа нь гэр бүлээ цуцлуулах, хоёр охиноо өөрийн асрамжинд авах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох машинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, Дубай явсан аялалын үлдэгдэл өрийг төлүүлэх шаардлагуудыг гаргажээ. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэр бүлээ цуцлуулах тухай хүсэлт гаргажээ. Бид анх 1995 онд танилцаж, 2001 оноос хойш хадам эцэг, эхийндээ хамтран амьдарч байгаа юм. Манай эхнэр айлын ганц охин тул хадам аав ээж хоёр маань “Энэ бол та хоёрын гэр орон. Эндээ амьдар” гэсэн тул тусдаа гаралгүй хадам аав, ээжийнхээ гэрт эхнэртэйгээ хамтран амьдарсаар ирсэн. Миний хувьд нэхэмжлэлд дурдсанаар 10 жилийн буюу бүрэн дунд боловсролтой нь үнэн. 2001 онд миний бие ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуульд автын инженер мэргэжлээр элсэн орсон юм. 2002 онд зуны амралтаараа “зүгээр байхаар ажил хийе” гэж шийдээд “Эдэлвайс” зочид буудалд хаалгачаар ажилд орсон. Тус ажилд ороход манай хадам аав их тусалсан. Ингээд 2002 оны 08 дугаар сард эхнэр Д.Уугантуяа маань бие давхар болсон билээ.Тухайн үед хадам ээжийн маань эрүүл мэндийн байдал сайнгүй, хадам аав маань ганцаараа ажил хийж, орлого олж байсан тул би их сургуулиасаа нэг жилийн чөлөө авч, “Эдэлвайс” зочид буудалдаа үргэлжлүүлэн ажилласан ба одоог хүртэл ажилласаар байгаа болно. Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хадам аав болон эхнэртээ гар хүрэх нь битгий хэл эхнэрээ бие давхар хөл хүнд байх үед нь халамж анхаарал тавьж, ажлаа сайн хийж эхнэрээ тэжээн тэтгэх гэж ихэд хичээж байсан билээ. Эхнэр охин хоёроо тэжээн тэтгэхийн тулд би их сургуулиасаа авсан жилийн чөлөөгөө дахин сунгаж, ажлаа үргэлжлүүлэн хийж, 2003 онд эхнэрээ Улаанбаатар дээд сургуулийн багш, орчуулагчийн ангид оруулсан. Сургалтын төлбөрийг нь би төлсөн болно. Эхнэр маань 2007 онд сургуулиа төгсөж, төгссөн сургуульдаа багшийн туслахын ажлыг 1 жил орчим хугацаанд хийсэн. Эхнэр маань 2008 онд “магистрт сурах хэрэгтэй байна” гээд Улаанбаатар дээд сургуульд суралцсан. Мөн л бүх зардал төлбөрийг нь хадам аавын хамт би ажил хийж олж төлсөн билээ. 2009 онд эхнэр маань дахин хөл хүнд болж бид 2 хөөрхөн охинтой болсон. Миний хувьд мөн адил сонгосон мэргэжлээрээ суралцах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх хүсэл сонирхолтой байсан ч эхнэр маань “Хүүхэд харах хүн байхгүй. Намайг сургуулиа төгсөх хүртэл чи ажлаа хийж бай л даа” гэсэн тул эхнэрийнхээ үгэнд орж ажлаа хийсээр байсан, байгаа болно. Ингээд 2010 онд эхнэр маань магистрын зэрэгтэй болж, олон ажил сольж, тогтвор сууршилтай ажиллаж чадахгүй явсаар 2011 онд “Докторын зэрэг хамгаалахаар суралцах хэрэгтэй байна. Одоо энийг л төгсчихвөл хайр нь цалин сайтай ажил хийгээд чамдаа туслаад сайхан амьдарна” гэж хэлэхээр нь эхнэртээ итгээд БНСУ руу сургуульд явуулсан. Энэ хугацаанд би ганцаараа ажил хийж хадам аав, хүүхдүүдээ тэжээн тэтгэж ирсэн. Эхнэр маань жилд 2 удаа эх орондоо 1 сарын хугацаагаар ирээд явдаг байсан. Эхнэрийн ирэх очих онгоцны зардлыг хадам аавын тэтгэвэр дээр би цалингаасаа мөнгө нэмээд хариуцаж байсан. Хол байх болон хамт байх үедээ мэдээж үл ойлголцох, муудалцах үе цөөнгүй байсан. Эхнэр маань их ширүүн ааштай, хартай эмэгтэй. Надтай маргалдах бүртээ намайг “Чи миний гэрээс зайл” гэж байнга хөөдөг, орилж хашгирч, ямарваа нэг эд зүйлс авч над руу шиддэг, намайг өшиглөдөг, цохидог, мааждаг байсан. Энэ үед би хадам аавынхаа хэлснээр эхнэртээ итгээд тайвшрахыг нь хүлээж тэвчээртэй хандаж “Битгий тэгж бай” гэж гуйж, эхнэртээ өшиглүүлж, цохиулж, маажуулж, хөөгдөж байсан. Эхнэртээ хөөгдсөн үедээ би өөрийн эцэг эхдээ энэ тухай хэлэхээс их ичиж санаа зовж өөрийн машин болон эрэгтэй найз нарынхаа гэрт очиж хонох үе цөөнгүй байсан. Өөрөө хөөж явуулчихаад намайг маш их хардаж, өөр эмэгтэй хүмүүстэй холбоо харилцаа тогтоосон гэж гүтгэсээр ирсэн. Миний хувьд эхнэрээсээ өөр эмэгтэйтэй дотно харилцаа байтугай аливаа хайр дурлалын харилцаа үүсгэсэн асуудал огт байхгүй. Эхнэр болон хоёр охиндоо маш их хайртай билээ. Ийм их хайртай байж архи ууж ирээд хэрүүл өдөж хэл амаар доромжлох үйлдэл гаргах хүн би биш ээ. Харин эхнэр маань сүүлийн үед мөнгө их олж, орлого нь миний олдогоос их болох тусам уур уцаар ихтэй болж намайг огт тоохгүй, надтай ярилцаж ойлголцохын оронд “Миний хэлснээр амьдарвал амьдар. Чадахгүй бол зайлаарай. Чамд ямар очих газар байх биш. Цалин багатай чам шиг юм хэрэггүй” гэх мэтээр улам бүр дээрэлхэж, доромжлох болсон. Бүр цаашлаад уурлахаараа хоёр охиноо зайлаарай гэж хөөдөг болсон. Улмаар энэ байдал даамжирч 2015 оны 11 дүгээр сард том охиноо гэрээсээ хөөж гаргаад над руу залгаад “Охиныг чинь хөөгөөд гаргачихсан шүү” гэж залгаж байсан. Эхнэртээ “Энэ чинь арай хэтэрхий юм” гэхэд “Сүртэй юм” гэж хэлдэг. Манай эхнэр дээр хэлсэнчлэн их ширүүн ааш араншинтай учир манайд огт зочин гийчин ирдэггүй. Манай аав, ээжийг гэрт очиход хүртэл гэртээ оруулдаггүй. Баяр ёслолын үеэр гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх гэхээр “Та 3 яв. Би амарч байна.” гэж хэлээд огт явдаггүй. Гэсэн хэрнээ найзууд нь залгахаар шууд гараад явчихдаг. Гэртээ байгаа үедээ надад болон хоёр охиндоо хоол цай хийж өгдөггүй. Би амарч байгаа үедээ гэртээ 2 хүүхдээ хараад, хоол унд хийж өнждөг. Гадуур гарах бол охидуудаа хамт дагуулаад гардаг. Эхнэрээсээ “хоол хийгээд өг” гээд гуйхаар “Хүлээж бай эсхүл өөрсдөө хийгээд ид” гээд гэрт бөөн хэрүүл болдог. Би арга бараад хоёр охиноо дагуулаад гадуур хооллодог. “Сална” гээд гэрээсээ хөөж явуулчихаад миний хамаг эд зүйл, бичиг баримт, хувцас хунарыг маань гаргаад хаячихсан байсан. Энэ тухай бага охиноосоо сонсоод эхнэрээсээ асуусан чинь хүүхдүүдийнхээ толгой түрүү рүү нь “хов зөөлөө чи, аавдаа зодсон гэж хэлээрэй” гээд зодсон байсан. Охиноо уйлаад над руу ярихаар хувцасыг нь цүнхэнд хийгээд, хичээл номыг нь цүнхэнд нь хийж үүрүүлээд гэрээсээ хөөж гаргасан байсан. Эхнэрийг маань хормой султай, өөр эртэй нөхцдөг талаар олон хүмүүсээс элдэв зүйлийг сонссон ч гэлээ миний бие нүдээр хараагүй тул хардахын оронд тэр бүхнийг үл ойшоож эхнэртээ итгэж, аль болох иймэрхүү асуудлаар хэрүүл маргаан хийхгүй тэвчиж ирсэн. Эд хөрөнгийн хувьд би эхнэрийгээ Бүгд Найрамдах Солонгос улсад докторт суралцаж байх үед нь нийт 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai маркийн Sonata III” машиныг банкны зээлээр авч, зээлээ өөрийн цалингаараа төлж дуусгасан. Эхнэр маань “том машин унамаар байна” гэсэн тул зээлээр авсан жижиг машинаа худалдаад дахин цалингийн зээл авч “Тоуоtа” маркийн “Наrriег” машин авч, нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ жийп машины зээлийн төлбөрийг би цалингаасаа төлж байгаа. Нийт 8,000,000 төгрөгийн зээлнээс одоогийн байдлаар 4,000,000 төгрөг төлөх дутуу үлдсэн. Нэхэмжлэлд дурдсан Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу хамт явсан аялалын зардлын үлдэгдэл болох нийт 1,600,000 төгрөгийн өрийг төлүүлэх шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй. Анх 10 жилээсээ хайрлаж, дурлаж, итгэж найдаж ирсэн эмэгтэй маань эрс өөрчлөгдөж, элдэв ааш араншин гаргаж, үр хүүхдүүдээ хахир хатуу хандаж, халамж, анхаарал хангалттай тавихгүй эх хүн, эхнэр хүний үүргээ биелүүлэхгүй, амьдралынхаа төлөө зүтгэсээр байгаа эр нөхрөө үл хүндэтгэж цаашлаад хамт амьдрахгүй байхаар нэхэмжлэл гаргаж хоёр охиноо салгаж, хөрөнгө мөнгө үндэслэлгүй нэхэмжилж байгаад нь маш их гайхаж, гомдож байна. Иймд өөрийн асрамжиндаа бага охин болох Аз-Учралыг авч, өөрийн эд хөрөнгө болох дөрвөн улирлын хувцас, эд зүйл, бичиг баримт зэргийн төлбөр болох нийт 1,500,000 төгрөгийг гаргуулах, 2015 онд худалдаж авсан УБҮ 50-09 улсын дугаартай “Тоуоtа Нагrieг” маркийн жийп автомашинаа өөрийн өмчлөлд авахыг хүсэж байна. Гэрлэлт цуцлуулах асуудал дээр татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Н.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эд хөрөнгө болон бусад асуудал дээрээ эвлэрлийн гэрээ байгуулсан, одоо зөвхөн гэрлэлтийг цуцалж өгнө үү. Нэгэнт эхнэр маань сална гээд сэтгэл санаа нь эргэсэн байгаа учир эвлэрэх хугацаа авах шаардлага байхгүй, гэрлэлтээ л цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2016 оны 11 дүгээр сараас хойш талууд тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд ч гэсэн бага охин нь Н.Ганбаяртай хамт амьдарч байгаа бөгөөд цаашдаа ч хамт амьдарна гэж хэлсэн. Мөн гэр бүлийн харилцаа амин шинжийг агуулдаг. Тиймээс цаашдын эцэг, эхийн үүргийн харилцаа хэвээр үргэлжилж байдаг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснийг дэмжиж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Уугантуяа нь шүүхэд хариуцагч Н.Ганбаярт холбогдуулан гэр бүл цуцлуулах, хоёр охиноо өөрийн асрамжинд авах, дундын өмчлөлийн хөрөнгө болох машинаас өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах, Дубай аялалын өрийг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Талууд нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн гаргасан хариу тайлбарын хүрээнд дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Уугантуяагийн нэхэмжилсэн дундын өмчлөлийн хөрөнгө болох 50-09 УБҮ улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж уг машиныг хариуцагч Н.Ганбаярт үлдээж, түүний нэр дээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Уугантуяа нь Дубай аяллын өр 1,600,000 төгрөгийн өр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөн хариуцагч Н.Ганбаяр нь хариу тайлбарт дурдсан өөрийн эд хөрөнгө болох 4-н улирлын хувцас, эд зүйл, бичиг баримт зэргийн төлбөр болох 1,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Том охин болох Г.Азжаргалыг түүний төрсөн эх болох нэхэмжлэгч Уугантуяагийн асрамжинд, бага охин Г.Аз-Учралыг түүний төрсөн эцэг болох хариуцагч Н.Ганбаярын асрамжинд үлдээж 7 хоногийн 3-н өдөр нь эцэг болон эхтэй нь уулзуулж байх. Мөн цагаан сар, хүүхдүүдийн төрсөн өдрөөр уулзах цаг гаргаж байх. Том охин Г.Азжаргалын Хаан банкин дахь дансны 5031814214 дугаарт хадгаламжийн хамтран эзэмшигчээр байгаа Н.Ганбаяр нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус дансны хамтран эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Д.Уугантуяагийн нэр дээр шилжүүлэх, бага охин Г.Аз-Учралын Хас банкин дахь дансны 5001430018 дугаарт хадгаламжийн хамтран эзэмшигчээр байгаа Д.Уугантуяа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус дансны хамтран эзэмшигчийн нэрийг Н.Ганбаярын нэр дээр шилжүүлэх, талууд хүүхдүүдийн тэтгэлгийг аль аль талдаа олгохгүй байх, талууд нь дундын өмчлөлийн болон хуваарьт хөрөнгийн талаар дахин шүүхээр маргаан гаргахгүй байх. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хууль болон бусад хуульд заасан нийтлэг үндэслэл, журмын дагуу биелүүлэх бөгөөд аливаа байдлаар зөрчихгүй гэдгээ баталж байна. Талууд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Уугантуяа нь хариуцагч Н.Ганбаярт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, аялалын зардал 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 50-09 УБҮ улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашинаас өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Уугантуяа нь “хариуцагчаас аялалын зардал 1,600,000 төгрөг гаргуулах тухай” шаардлагаасаа татгалзсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Гэрлэгчид “бид гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн ба хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар харилцан тохирсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Тодруулбал, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 50-09 УБҮ улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг хариуцагч Н.Ганбаярын нэр дээр шилжүүлэх, охин Г.Азжаргалыг эх Д.Уугантуяагийн, охин Г.Аз-Учралыг эцэг Н.Ганбаярын асрамжид тус тус үлдээх, охин Г.Азжаргалын “ХААН” банкин дахь 5031814214 тоот дансны хамтран эзэмшигч болох Н.Ганбаяр уг дансны хамтран эзэмшигчийн нэрийг Д.Уугантуяагийн нэр дээр шилжүүлэх, охин Г.Аз-Учралын “ХАС” банкин дахь 5001430018 тоот дансны хамтран эзэмшигч Д.Уугантуяа нь уг дансны хамтран эзэмшигчийн нэрийг Н.Ганбаярын нэр дээр шилжүүлэх, талууд хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байх, хуваарьт болон дундын өмчлөлийн талаар шүүхэд ахин маргаан гаргахгүй байхаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээг байгуулснаа шүүхэд ирүүлжээ.
Д.Уугантуяа болон хариуцагч Н.Ганбаяр нар 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2003 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэж №0003881-222 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин Г.Азжаргал, 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Г.Аз-Учрал нар төрсөн болох нь хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байна /хх4-6 хуудас/.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гэрлэлт цуцлах тухай асуудалд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам үйлчилж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зайлшгүй хийгдэхээр, хэрэв тухайн ажиллагаа амжилтгүй болвол гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг шүүх иргэний хэрэг үүсгэн ердийн журмаар шийдвэрлэхийг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд заасан.
Гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч “...өргөдөл гаргагч Д.Уугантуяа нь эвлэрэх хүсэлгүй” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх бөгөөд талууд хоорондын таарамжгүй харьцаанаас болж цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг шүүхээс дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ /хх 7 хуудас/.
Талууд хүүхдийн асрамж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар дээр дурдсан байдлаар харилцан тохирсныг баталгаажуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасантай харшлахгүй.
Харин талууд хүүхдийн тэтгэлгийг аль аль талдаа олгохгүй байхаар тохирсон боловч хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг тогтоох нь хүүхдүүдийн эрх ашигт болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ. Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул гэрчлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохирсон явдал тэднийг хуулийн дагуу тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхгүй.
Түүнчлэн, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг болон эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан нь тэдний хуулиар хүлээсэн эрх, үүрэгт нөлөөлөхгүйг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уугантуяа нь “хариуцагчаас аялалын зардал 1,600,000 төгрөг гаргуулах тухай” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Бэсүд овогт Даваагийн Уугантуяа, Сартуул овогт Нарангэрэлийн Ганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Г.Азжаргалыг эх Д.Уугантуяагийн, охин Г.Аз-Учралыг эцэг Н.Ганбаярын асрамжид тус тус үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Н.Ганбаяраас гаргуулж 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.Азжаргалд, эх Д.Уугантуяагаас гаргуулж 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Аз-Учрал нарт тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчид 50-09 УБҮ улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркийн автомашиныг хариуцагч Н.Ганбаярын нэр дээр нэхэмжлэгч шилжүүлэх, охин Г.Азжаргалын “ХААН” банкин дахь 5031814214 тоот дансны хамтран эзэмшигч болох Н.Ганбаяр уг дансны хамтран эзэмшигчийн нэрийг Д.Уугантуяагийн нэр дээр шилжүүлэх, охин Г.Аз-Учралын “ХАС” банкин дахь 5001430018 тоот дансны хамтран эзэмшигч Д.Уугантуяа нь уг дансны хамтран эзэмшигчийн нэрийг Н.Ганбаярын нэр дээр шилжүүлэхээр тус тус харилцан тохирсныг баталсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ