Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар  2022/ШЦТ/­­­­11    

 

 

2022             01            11                                                        2022/ШЦТ/­­­­11                                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: Ө.Г аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: П.П ,

Шүүгдэгч: М.В нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.В  холбогдох эрүүгийн 2129002470142 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.В нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт, нүүрс тээвэрлэлтийн авто замын 28 дахь км-т 50-54 УБА улсын дугаартай Хово Синотрак маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн улмаас 64-89 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, иргэн П.П н эрүүл мэндэд “биед зүүн 9,10,11-р хавирганы суганы арын шугамаар зөрөөгүй хугарал, сээрний Th 12-р нугаламын зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дииахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.В  холбогдох эрүүгийн 2129002470142 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.В мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг гаргахгүй. Миний буруугаас болж зам тээврийн осол гарсан. Хохирлын хувьд ах нь ажил төрөл жигдрээд ирэхээр бага багаар төлнө гэж ууг нь ярьсан. Тэгээд тэгж ярьснаас хойш ажилд явсангүй, уурхайнууд нь зогсчихсон чинь компаниуд нь зогсонги байдалтай байна. Иймээс би П.П нэхэмжилж байгаа 600.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд хэсэгчлэн төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П  гаргасан тайлбартаа:

Өмнө нь би нэг удаа шинжилгээ хийлгэсэн. Тэгэхэд эмч дараа нь давтан шинжилгээ хийлгэх ёстой шүү гэж хэлж байсан. Одоо миний тархи толгой хатгуулаад байгаа, шинжилгээ хийлгэе гэхээр мөнгөгүй болчихоод байгаа юм. Сүүлд гаргасан мөнгөн дүн бол анх шинжилгээ хийлгэж байхад гарч байсан мөнгөн дүнгээр тооцоолоод толгойны зураг авахуулахад 150.000 төгрөг, хүзүүний зураг авахуулахад 150.000 төгрөг, сээрний зураг авахуулахад 150.000 төгрөг, эмчилгээ болон эмийн зардалд 350.000 төгрөг, Эрдэнэтээс У.Б руу, Улаанбаатараас Эрдэнэт руу явах тээврийн зардалд 100.000 төгрөг, хохирлоос дутуу төлөгдсөн байсан 600.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эмчилгээ, эм тариа, тээврийн зардал бол хэрэгт нотлох баримтыг нь өгөөгүй учир 900.000 төгрөг авахаасаа татгалзаж, харин шүүгдэгчээс 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч 600.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд хувааж төлье гэж тайлбарлаж байгаа тул түүнийг нь зөвшөөрч байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол гарсан гэх хэргийн схем зураглал /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Э.Ө.Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35, 38 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Оөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №606 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

-Компьютерт томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 54-5* дахь тал/,

 

-“А.Ш” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №152, 163 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 62-63, 68-70 дахь тал/,

 

Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ц.Ц сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхдэлгэрийн гаргасан “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 77-72 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд М.Вгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,  

 

-Шүүгдэгч М.Вгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэхийн хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 86, 95, 96, 97, 98, 100-104 дахь тал/,

 

-Хохирогч П.П н гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 106 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.В болон хохирогч  П.П н гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 116-117 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч М.В нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Ө.Г аймгийн Ц.Ц сумын нутаг дэвсгэрт, нүүрс тээвэрлэлтийн авто замын 28 дахь км-т 50-54 УБА улсын дугаартай “Хово Синотрак” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн улмаас 64-89 БУЛ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, иргэн П.П н биед “зүүн 9,10,11-р хавирганы суганы арын шугамаар зөрөөгүй хугарал, сээрний Th 12-р нугаламын зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Вгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол гарсан гэх хэргийн схем зураглал /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.П н өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Ө.Г аймаг, Ц.Ц сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 28 дахь км-т өөрийн эзэмшлийн 64-89 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын урд талд байгаа кемпрүү эргэх гэж зүүн тийш эргэх дохиогоо өгчихөөд эргэх үйлдэл хийж эсрэг талын урсгал руу орж гарцаар гарах гэж байхад миний зүүн талаас Хово маркийн машин мөргөж тээврийн хэрэгслийг замын урд талын шороо руу түлхэж гаргасан. Тэр машин чигээрээ цаашаа яваад надаас 10 гаруй метрын зайд очоод зогссон. Би тэгээд машинаас гарах гэхэд машины зөв талын хаалга онгойхгүй байсан. Тэгээд кемп дээр байсан хүмүүс ирж намайг машины кабинаас татаж гаргасан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан удаагүй сумын эмч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Миний зүүн талаар их өвдөж босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.Э  өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын Уурхайгаас явдаг нүүрс тээврийн 28 дахь км-т байдаг замын урд талд байдаг кемпийн гадаа нь машиндаа засвар хийгээд байж байхад манай кемпийн гагнуурчин залуу Пэрэнлэй өөрийн Портер маркийн машинаа унаад замын цаад талд байдаг хүнсний дэлгүүрээс ойр зуурын тамхи, ундаа авах гээд ганцаараа явсан. Тэгээд нээх удаагүй байх засмал зам дээр том машины сигнал дуугарахаар нь би зам руу харсан чинь том ачааны цистерн маркийн машин портер машины жолооч талын кабины ар булан руу мөргөөд хамж аваад чигээрээ цааш нь авч яваад бараг 10 гаруй метрийн цаана нь Портер нь үлдээд тэр том машин цаашаа нэлээн явж байгаад замын урд талд зогссон. Би тэгээд гүйгээд очсон чинь машин нь Пэрэнлэйн машин байсан. Пэрэнлэй машины кабиндаа гарч чадахгүй манарсан байдалтай байхаар нь би очоод хаалгыг татсан чинь онгойхгүй байхаар нь би Пэрэнлэйг кабины цонхоор өргөж гаргаад газарт хэвтүүлсэн тэгээд яаралтай сумын эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Оөгсөн “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Кемпийн хойд талд байдаг нүүрс тээврийн зам дээр Пэрэнлэйг засмал замын гарцаар буух гэж байхад хажуугаас нь машин ирж мөргөсөн талаар мэдсэн. Тэгээд би урагшаа ажилтан Батсайхантай утсаар ярьж Пэрэнлэйн биеийг асуухад Ц.Ц сумын эмнэлэг рүү аваад явчихсан бие нь гайгүй гэхдээ явж чадахгүй байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн “...Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. М.В өөрийнхөө зардлаар машины хохирол эвдрэлийг бүрэн засаж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 606 дугаартай шинжээчийн “1.П Пэрэнлэйгийн биед зүүн 9, 10, 11-р хавирганы суганы арын шугамаар зөрөөгүй хугарал, сээрний Тh 12 нугаламын зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хуйх, зүүн өвдөгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Гурван хавирганы хугарал, сээрний нугалмын сэртэнгийн хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 7.Гэмтэл нь зам тээврийн ослоос үүссэн байж болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  50-51 дэх тал/,

 

-“А.Ш” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №152, 163 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 62-63, 68-70 дахь тал/,

 

-Ө.Г аймаг дахь цагдаагийн газрын Ц.Ц сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхдэлгэрийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 06 дугаартай мөрдөгчийн “1. 50-54 УБА улсын дугаартай Howo sinotrok маркийн автомашины жолооч Маамхүү овогтой Ванчинсүрэн нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн залтыг зөрчсөн. 2. 50-54 УБА улсын дугаартай Howo sinotrok маркийн автомашины тоормосны гарсан мөрийг хурд хэмжих томъёонд оруулж үзэхэд 62 км цагийн хурдтай явсан гэж үзэхээр байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, байгалийн хүчин зүйл зэрэг бусад нөхцөл байдлаас болж гарсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна. 4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” гэх лавлагаа /хавтаст хэргийн 77-72 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.В нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймээс шүүгдэгч М.В г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

1.Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П д учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч П.П н биед “зүүн 9, 10, 11-р хавирганы суганы арын шугамаар зөрөөгүй хугарал, сээрний Тh 12 нугаламын зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал” бүхий  хүндэвтэр хохирол учирсан болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 606 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, мөн түүний эзэмшлийн 64-89 БУЛ улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 3.807.500 төгрөгийн хохирол учирсан болох нь “А.Ш” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 50-51, 61-63 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор П.П г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 29, 33 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П  нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байсан боловч эмчилгээ, эм тариа, тээврийн зардал бол хэрэгт нотлох баримтыг нь өгөөгүй учир 900.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, харин шүүгдэгчээс 600.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П н гэм хорын хохиролд нэхэмжилсэн 600.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд хувааж төлье” гэсэн тайлбар гаргахад хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П  зөвшөөрсөн болно.

 

Иймд шүүхээс “хохирогч гэм хорын хохиролд нийт 1.500.000 төгрөгийн шаардлага гаргаснаас 900.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 600.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгчээс гэм хорын хохиролд 600.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд хувааж төлье гэсэн тайлбар гаргасныг хохирогч зөвшөөрч, талууд гэм хорын хохирлын хэмжээ болон төлөх хугацаа дээрээ харилцан тохиролцсон болох”-ыг дурдах зүйтэй гэж үзлээ.

 

2.Иргэний нэхэмжлэгч “Э.Ө.Т” ХХК-д учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Шүүгдэгч М.Вгийн зам тээврийн осол гарах үед унаж явсан “Howo sinotruk” маркийн 50-54 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Э.Ө.Т” ХХК болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 100 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Элч өртөө” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр, хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Мөнхбаатарын тогтоосон байсан ба шүүхээс “Э.Ө.Т” ХХК /РД:58475*7/-ийг иргэний нэхэмжлэгчээр, хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Мөнхбаатарыг тогтоож зөвтгөж шүүгчийн захирамж гаргасан болно.

 

Иргэний нэхэмжлэгч “Э.Ө.Т” ХХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Э.Ө.Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбаатарын өгсөн “...М.В нь манай компанийн эзэмшлийн 50-54 УБА улсын дугаартай Хово /шатахууны машин/-ыг жолооддог байсан. Энэ машин манай компанийн эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ванчинсүрэн өөрийнхөө зардлаар машины хохирол эвдрэлийг бүрэн засаж барагдуулсан...” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтас хэргийн 27-28 дахь тал/

 

Иймд иргэний нэхэмжлэгч “Э.Ө.Т” ХХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч М.В нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Ө.Г аймгийн Ц.Ц сумын нутаг дэвсгэрт, нүүрс тээвэрлэлтийн авто замын 28 дахь км-т 50-54 УБА улсын дугаартай “Хово Синотрак” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн улмаас 64-89 БУЛ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, иргэн П.П н биед “зүүн 9,10,11-р хавирганы суганы арын шугамаар зөрөөгүй хугарал, сээрний Th 12-р нугаламын зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч М.В нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч М.В  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.В нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.В  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч М.В нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Вг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В  оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний нэхэмжлэгч “Э.Ө.Т” ХХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэм хорын хохиролд 600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П д олгохоор, шүүгдэгч М.В нь 600.000 төгрөгийн гэм хорын хохирлыг 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд хэсэгчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч П.П д төлөхөө илэрхийлж, талууд хохирол төлөх хугацаа дээр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.В нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.В  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө.Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН